Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00938

 

Т.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00654 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Оын хариуцагч О.Сд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7 207 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч О.Стай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 165 тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Бид гэрээг бичгээр байгуулахдаа нотариатын зөвлөж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2 сарын хүү 1 000 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 5 000 000 төгрөг дээр нэмж, улмаар 6 000 000 төгрөг зээлүүлсэн гэж гэрээнд тусгасан. Уг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 165 дугаартай барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Хариуцагч О.С нь зээлийн 2 сарын гэрээний хугацаанд 5 000 000 төгрөгийн 10 хувийн хүүгийн төлбөр болох 500 000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр болон 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлөх, мөн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн үндсэн төлбөр 5 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч О.С нь нийт 1 695 000 төгрөг шилжүүлснээс хүүгийн төлбөрт 1 000 000 төгрөгийг суутгасан тул хүүгийн төлбөрийг нэхэмжлээгүй болно.  Иймд зээлийн гэрээний үүрэгт 4 805 000 төгрөг, алданги 2 402 500 төгрөг, нийт 7 207 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Оын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Миний бие Т.Ооос 6 000 000 төгрөгийн зээл аваагүй. Зээлийн гэрээгээр 2 сарын хугацаатай хүүгүй 6 000 000 төгрөг зээлүүлэхээр тохиролцсон. Харин нэхэмжлэгчээс 1 000 000 төгрөг дутаа шилжүүлсэн. Миний бие өнөөдрийг хүртэл нийт  3 470 000 төгрөгийн нэхэмжлэгчид шилжүүлсэн. Одоо 1 530 000 төгрөг төлөх ёстой. Т.О нь их хэмжээний алданги нэхэмжилжээ. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөгийг шилжүүлсэн данс нь нэхэмжлэгчийн данс биш байх тул 500 000 төгрөгийг хасч нийт нэхэмжлэгчид 2 970 000 төгрөгийг төлсөн болно гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч О.Сгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2 030 000 төгрөг, алданги 1 015 000 төгрөг, нийт 3 045 000 төгрөгийг Т.Оод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 162 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Сгаас улсын тэмдэгтийн хураамжид 63 670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Оод олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Талууд 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаанд 10 хувийн хүүтэйгээр буюу сарын 500 000 төгрөгийн хүүтэйгээр зээлж, зээлүүлэхээр харилцан тохиролцож, улмаар уг тохиролцоогоо 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бичгээр байгуулахдаа үндсэн зээл дээр хүүг нэмж 6 000 000 төгрөг гэж тусгасан. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг бүрэн дүгнэлгүйгээр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй этгээдийг хамгаалж, хохирсон зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсангүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид “хүүтэй зээлсэн тухай” үйл баримтыг анхан шатны шүүхэд нэхэмжлэгч миний бие өөрийн утсанд үзлэг хийлгүүлэх замаар нотолсон. Энэхүү талуудын хоорондоо бичсэн захиагаар хариуцагч уг мөнгийг хүүтэй зээлсэн болох нь харагдана. Анхан шатны шүүхээс 2 970 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч О.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 805 000 төгрөг, алданги 2 402 500 төгрөг, нийт 7 207 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 2 030 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд  2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөгийг, хүүгүй, 2 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, тус өдрөө нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 11 дүгээр тал/

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч О.С нь зээлийн гэрээний үүрэгт 2 970 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь талуудын Хаан банк дахь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх тул 2 030 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж үзнэ. /хэргийн 17-22, 32-38 дугаар тал/ Дээрх зээлийн гэрээнд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид  1 015 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

        Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу дээрх зээлийн гэрээнд талууд хүү тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдсан гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 162 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/00654 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 910 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДАВААДОРЖ

 

                                                 ШҮҮГЧИД                       Д.НЯМБАЗАР

 

                                                                                         С.ЭНХТӨР