Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00518

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00518

Хөвсгөл аймаг

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

320/2025/00552/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.З холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Г.З нь манай байгууллагаас гэрээгээр бараа зээлээр авч байсан. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 6,320,910 төгрөгний барааг 1 сарын хугацаатай зээлээр авсан. Үүнээс хагаслаж хийж байгаад одоо 3,270,000 үлдэгдэл тооцоог хийхгүй ярихаар хийнээ нөхрийн ажил эхэлсэн удахгүй тооцоогоо хийнэ гэж хойшлуулж явсаар өдий хүрсэн. Үүнээс хойш Г.З холбоо барихад тооцоо хийх боломжгүй мөнгө байхгүй гэдэг болсон. Манайх Г.З ыг өдөрт 100,000-150,000 хийгээд дуусгачихаа гэсэн боломж өгсөн. Тэгсэн хэсэг хугацаанд тэгж хасаж байгаад сүүлдээ мөнгө хийхээ больсон, утас руу нь залгахад утсаа авахгүй, мессеж, чат бичээд хариу өгөхгүй.

Иймд Б ХХК-ийн барааны нийт мөнгө болох 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөгийг Г.З аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Г.З 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр: Миний бие Г овогтой З нь Б ХХК-аас 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөгийн бараа авснаа хүлээн зөвшөөрч байна.

Энэхүү төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хариу тайлбарыг,

Хариуцагч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр: Манай байгууллагын хариуцагч Г.З нь барааны төлбөр болох 3,270,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн учир Б ХХК энэ хугацааг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.З д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Г.З нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,270,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул зохигчийг эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул хариуцагч Г.З аас 33,635 төгрөгийг, улсын орлогоос 33,635 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.З д холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,270,000 (гурван сая хоёр зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.З аас 33,635 (гучин гурван мянга зургаан зуун гучин тав) төгрөгийг, улсын орлогоос 33,635 (гучин гурван мянга зургаан зуун гучин тав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА