Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Т.Солонго;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

шүүгдэгч: Б.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Болдын Тад холбогдох эрүүгийн 1709006470309 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.                      

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:       

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесын удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 5 дугаар байрны 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У390061819 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Соду овогт Болдын Т.

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны оройн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны 263 тоот айлын үүдэнд Б.Баяртай таксины мөнгө илүү гарсан гэх шалтгаанаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйх, хэвлий, зүүн шуунд зулгаралт, цээж, хэвлий, баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруу дээр маргахгүй гэв.         

 

Мөрдөн байцаалтын шатанд СиДи-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, хохирогч Б.Баяр /хх-ийн 13-15/, гэрч Ё.Соёлням /хх-ийн 16-17/, Ш.Баяраа /хх-ийн 18/, Б.Алтансувд /хх-ийн 19-20/, А.Ариунсүрэн /хх-ийн 23-24/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10225 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Б.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Б.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-39/, хохирогч Б.Баярын гомдол саналгүй болсон тухай хүсэлт /хх-ийн 40/ зэрэг болно.         

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны оройн 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар байрны 263 тоотын гадаа Б.Баяртай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:                                                                                             

           

хохирогч Б.Баярын /хх-ийн 13-15/: “... Би өөрийн эзэмшлийн 4640 УБО дугаартай “Тоёото Приус-20” маркийн машинтай гадуур халтуур хийх зорилгоор “Төв номын сан”-ийн үүдний авто зогсоолын орчим зогсож байтал үл таних 25 орчим настай, махлагдуу биетэй намхан нуруутай залуу ганцаараа хүрч ирээд “таксинд явах уу” гэхээр нь “тиймээ” гэхэд тэр залуу миний машины ард талын суудал руу орж суугаад “11 дүгээр хороолол явна” гэсэн. Би яваад 11 дүгээр хорооллын “Номин” их дэлгүүр дээр ирээд “хаана буух вэ?” гэж асуухад “7 дугаар байр руу эргэж орно, би таксины мөнгөгүй явж байна, гэрт ороод хүлээлгэний мөнгөн дээр чинь нэмээд километрийн мөнгийг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед машины кабинд архи үнэртээд эхлэхээр нь би тэр залууг согтуу байна даа гэж бодсон. Тэгтэл нөгөө залуу гэнэт агсраад “муу сайн таксины жолооч, та нар юу юм бэ, дандаа илүү мөнгө авдаг, чи муу хөгшин төгцөг зодчихно шүү” гэх зэргээр ярьж эхэлсэн. Би тухайн байрны 8 дугаар орцны үүдэнд зогсоход тэр залуу “ороод мөнгөө авчих” гэхээр нь би түүний араас дагаад орц руу орох үед намайг “утсан дээр бичлэг хийж яах гэж байгаа юм бэ” гэж надаас асуухаар нь би түүнд “ямар нэгэн асуудал үүсвэл цагдаагийн байгууллагад нотлох баримт болно” гэж хэлсэн. Тэгтэл “наад утсаа боль” гэх зэргээр хэлж, намайг элдэвээр доромжилж байгаад орц руугаа ороод 3 давхарт гарч 263 тоот гэрийнхээ хаалгыг тогшоод жаахан удахад тэр залуу гэнэт эргэж хараад миний гарыг мушгиж гар утасыг минь булаагаад авчихаар нь би өөрийн гар утсаа гялс түүнээс шүүрч аваад халаасандаа хийсэн. Гэтэл гэнэт учир зүггүй миний гар гэдэс рүү хаа хамаагүй олон удаа цохиод эхэлсэн. Би аль болох чадлаараа өөрийгөө хамгаалсан. Тэгээд гэрийнх нь хаалга онгойж 25 орчим насны залуу эмэгтэй гарч ирэхээр нь би түүнд хандаж “энэ хүнээ ав намайг зодоод байна, би таксины жолооч байна” гэхэд тэр залуу эргээд гэртээ орохдоо “энэ хүнд 2500 төгрөг өг” гэж хэлсэн. Тэр эмэгтэй надад 2500 төгрөг өгөх хооронд хүртэл намайг зодоод л байсан. Тэр залуу миний 2 гарын булчин хэсэгт болон гэдэс, хавирганы зүүн, баруун тал, хүзүүний ар, нурууны далны хэсэгт нилээд хэдэн удаа гараараа цохисон. Мөн хамгийн сүүлд миний нүүрний зүүн шанааны хэсэгт гараараа нэг удаа их хүчтэй цохих үед би газарт унасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ё.Соёлнямын /хх-ийн 16/: “... Тухайн өдөр би гэртээ байж байтал манай хажуугийн хаалганы гадна буюу коридорт маргаан болоод байх шиг байхаар нь хаалганы дурангаар харахад туранхай биетэй өндөрдүү нуруутай 40 гаран насны эрэгтэй хүнийг махлагдуу биетэй дундаж нуруутай 30 гаран насны халамцуу эрэгтэй коридорын хана мөргүүлээд унагах шиг болсон. Энэ үед 263 тоотын эмэгтэй гарч ирээд “хүүе боль” гэж байх шиг байсан. Дараа нь туранхай биетэй өндөр нуруутай зодуулаад байх шиг байсан хүн нь нэг цагдаатай хамт ирчихсэн хаалгыг нь цохиод байсан ба 263 тоот хаалгаа тайлж өгөөгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Алтансувдын /хх-ийн 19-20/: “... Би гэртээ байж байтал 18 цагийн үед манай хаалгыг тогшихоор нь онгойлгоход манай төрсөн эгч Алтанзулын хүү Т гэх залуу согтуу байсан бөгөөд хажуудаа 1 танихгүй 40 гаран насны халзан толгойтой, шар царайтай хүнтэй хамт зогсож байсан. Надаас Т таксины мөнгө асуусан. Тухайн үед Т тэр таксины жолооч гэх хүнтэй “яахаараа 2 километр хүрэхгүй газар 5000 гардаг юм бэ” гээд маргалдаад зогсож байсан. Тэгээд надаас 5000 төгрөг асуусан. Тухайн үед надад байгаа нь л 2500 байсан учраас би байгаа мөнгөө таксины жолоочид хэлэхэд тэр хүн “за байгаагаа л өгчих, би явлаа” гээд надаас 2500 төгрөг аваад шатаар уруудаад явсан. Энэ үед Т тэр хүний араас шатаар буугаад явчихсан бөгөөд 5 орчим минутын дараа буцаж орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Тын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн /: “... “Төв номын сан”-ийн автобусны буудал хүртэл алхаж яваад номын сангийн тэндээс улсын дугаарыг нь санахгүй байна, саарал өнгийн “Тоёота Приус 20” маркийн машиныг гар өргөж  зогсоогоод суухад өндөр нуруутай, дунд зэргийн махлаг биетэй, 40 орчим настай, ханцуйгүй майк өмссөн эрэгтэй жолооч надаас “хаашаа явах вэ” гэж асуухад нь би “11 дүгээр хороололын 7 дугаар байрны зүгт явна” гэж хэлээд зам заагаад явсан. Тэгээд тухайн үед би мөнгөгүй байсан учраас 7 дугаар байранд эгч Алтансувдын гэрт очоод мөнгө асуух санаатай байсан. Байрны гадаа ирээд тэр таксины жолоочийг “цуг орж мөнгө авья” гэж хэлээд эгч Алтансувдын хаалганы гадна очсон. Би тэдний гэрийн хаалгыг цохиход Алтансувд эгч хаалга онгойлгосон. Тэгээд би Алтансувд эгчээс “мөнгө авья” гэхэд манай эгч “хэдэн төгрөг вэ” гэж асуухад нь миний араас таксины жолооч “5.000 төгрөг гарна” гэж хэлсэн. Би таксины жолоочид хандаж “яагаад 5.000 төгрөг гардаг юм бэ, ийм ойр газар тийм мөнгө гарахгүй шүү дээ” гэж хэлэхэд тэр хүн “мөнгөө өг” гэж гүрийгээд байсан. Сүүлдээ тэр хүнтэй маргалдаж би тэр хүний хувцасны энгэр хавиас бие биенээ заамдалцаад коридорын хана руу түлхэлцэхэд би толгойгоороо хана мөргөсөн. Тэр хүнийг ч гэсэн буцаагаад хана мөргүүлсэн. Тэгээд бид хоёр ойролцоогоор 2 орчим минут зууралдаж байх үед манай эгч Алтансувд гарч ирээд тэр таксины жолоочид 5.000 төгрөг өгөхөд нь тэр хүн намайг тавиад цааш шатны уруу буух үедээ надруу хандаж “хоёулаа дараа уулзана” гэж хэлэхээр нь би “яагаад ингэж байгаа юм, хоёулаа эрчүүд, нэг их сүртэй зүйл болоогүй, нүүр ам руу чинь гараараа цохисон зүйл байхгүй” гэхэд тэр хүн шатны уруу гүйгээд буучихаар нь би түүний араас дагаж гараад “та яагаад гар утсаараа бичлэг хийгээд байгаа юм бэ, би ганцаараа гэмт хэрэг хийсэн хүн шиг болгох гээд байгаа юм уу, гар утсаа өгөө яагаад байгаа юм бэ” гээд түүний гар утсыг нь булааж авах гэж оролдсон. Тэр үед гадаа байсан хүмүүс “настай хүнийг яагаад байгаа юм бэ” гээд байх шиг байхаар нь би “яагаачгүй, та нарт хамаагүй” гэж тэр хүмүүст хэлээд тэр таксины жолоочийг явуулсан. Би тухайн үедээ сүртэй зүйл болоогүй гэж бодоод цагдаа сэргийлэхэд хандана гэж бодоогүй юм...” гэх мэдүүлгээр,

 

Б.Тын буруутай үйлдлийн улмаас Б.Баярын биед “тархи доргилт, дагзны хуйх , хэвлий, зүүн шуунд зулгаралт, цээж хэвлий, баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалганд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10225 тоот дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Б.Тын  “илүү мөнгө авах гэлээ” хэмээн Б.Баярыг буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Түвшингбатын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

 

Хохирогч Б.Баяр “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.       

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Б.Тын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Соду овогт Болдын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.      

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай

 

5. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй                   

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ