Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/88

 

 

 

 

 

 

 

 

 

2023            11            29                                                   2023/ДШМ/88      

 

                

 

Б.”“““““““““, Г.”“““““““““ нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

 

               Прокурор Л.Наранхүү,

               Хохирогч М.”“““““““““ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

               Яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр,

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1089 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор М.Одгэрэлийн эсэргүүцлээр яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нарт холбогдох эрүүгийн 2334000000337 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

................................................

 

Б.”“““““““““, Г.”“““““““““ нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “““““““““““” нэртэй амралтын газарт амарч байхдаа иргэн М.”“““““““““тай маргалдаж, улмаар нүүр буюу шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.”“““““““““, Г.”“““““““““ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: ... Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...Хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлтэд дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж байна. Тийм учраас прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой” гэснийг хүлээн авах боломжгүй.

Учир нь хэрэгт авагдсан 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 479 тоот шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 –д заасан” хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох “ талаар тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт юм.

Харин өнөөдрийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт нь “ Сэтгэцэд учирсан хор уршиг “ буюу гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг тогтоолгох зорилгоор шинжээч гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах тул шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнээд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцахад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Хэрэгт хууль, журамд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

Хохирогч М.”“““““““““ын "...Баруун эрүү маань хугарсан, хоол идэж чадахгүй амаа том ангайлгаж чадахгүй хатгаж өвдөж байна. Би үзүүлсэн. Шүүх эмнэлгээр явж үзүүлсэн. Би гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 16, 17 хуудас),

Гэрч 3.Нямбаярын: “...”“““““““““тай Б.Амарбаягалан, Ууганаа гэх хүмүүс маргалдаад байхаар нь явах гээд машинд суулгасан. ...Машинд сууж байсан М.”“““““““““ыг Б.”“““““““““, Б.Ууганбаяр нь машинаас татаж буулгаад. Тэгээд Б.”“““““““““ нь М.”“““““““““ыг цохисон. Тэгээд хориод Б.”“““““““““г салгаад холдуулсан цаанаас Г.”“““““““““ гүйж ирээд М.”“““““““““ыг цохиж аваад дахиад Г.”“““““““““ыг салгаад хойш нь түлхэж унагаасан. Тэнд нэлээн зодоон болсон..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 21, 22 хуудас).

Гэрч Д.Амарболдын: “...Нямка ахыг машинаас Ууганаа татаж буулгаад заамдалцаж авцгаасан. Тухайн үед нэлээн хэдэн хүмүүс хоорондоо бөөгнөрөөд нэлээн удаа хугацаагаар хоорондоо ноцолдож заамдалцаж байгаад байж байтал цаанаас Амараа гэх ах М.”“““““““““ ахын нүүрэн хэсэг рүү гараараа цохиж дахиад дараа нь Амараа гэх ах цохисон..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 25, 26 хуудас),

Гэрч Б.Ууганбаярын: "...М.”“““““““““ намайг чихний дээд хэсэг рүү нэг юмаар цохьсон. Тэгээд жаахан язарсан байсан. Хавдаад цус гарсан байсан.... М.”“““““““““ орилж хашгираад байсан. Тухайн үед нь М.”“““““““““ыг манай ажлын хүмүүс хориод чи яаж байгаан гэцгээж байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 хуудас),

Яллагдагч Б.”“““““““““гийн: "...Би М.”“““““““““ын нүүрний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохьсон надад өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. М.”“““““““““ нь намайг боож хэл амаар доромжилсон өөрөөр цохьсон зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 56 хуудас),

Яллагдагч Г.”“““““““““ын: "... Намайг М.”“““““““““ нүүрний хамар хэсэгт нэг удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохьсон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний харснаар Б.Ууганбаяр нь М.”“““““““““ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин М.”“““““““““ эхэлж Б.Ууганбаярыг нэг удаа хамар хэсэгт нь цохисон..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 63 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтаас дүгнэхэд хохирогч М.”“““““““““ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрч Б.Ууганбаярыг цохьсон үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гарах шалтгаан болсон буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн болохыг шүүх анхаарч үзээгүй.

Мөн шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй байхад юунд үндэслэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шинжээч томилуулахаар хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилснаас үзэхэд шүүх зайлшгүй шинжээч томилох шаардлагатай гэж үзэж байгаа бол шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн эрх нь хуулиар зохицуулагдсан буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг тусгай мэдлэгийн хүрээнд гаргах шинжилгээ бөгөөд шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргуулж болохоор зохицуулсан байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/Ш3/1089 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгон прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.”“““““““““ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд /цахимаар/ гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийг бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байдаг. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас бие сэтгэлийн зовуурь шаналлыг амссан байдаг. Түүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь буруу. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэл зөв эсэхэд эргэлзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор М.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан “хохирогч М.”“““““““““ын сэтгэцийн дүгнэлтийг гаргуулж, түүнд учирсан хохирол, хор уршгийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцийн эмгэгтэй болсон эсэхийг тогтоолгох зорилгоор “шинжээч гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах тул энэ ажиллагааг шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй” дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

4. Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлд заасны дагуу шүүх шинжилгээний байгууллага нь сэтгэцийн шинжилгээ хийн, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.

Гэхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой мөн хуулийн болон Иргэний хуулийн 230, 497, 511 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх боломжтой болсон байна.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэдэггүй.

 

5. Үүнээс үзвэл яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэх 2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “““““““““““” нэртэй амралтын газарт амарч байхдаа иргэн М.”“““““““““тай маргалдаж, улмаар нүүр буюу шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Өөрөөр хэлбэл уг гэмт хэрэг нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийн зохицуулалт мөрдөгдөж эхлээгүй байжээ.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэх эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа нь шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш байх тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Мөн хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/1089 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Одгэрэлийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.”“““““““““, Г.”“““““““““ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 З.ТҮВШИНТӨГС

 

 

                                           ШҮҮГЧИД                                                М.МӨНХДАВАА

           

                                                                                                           

                                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ