Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00940

 

2021.06.07                                      МАГАДЛАЛ

Ч.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/01057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.А ын хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ү-2202027100 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 58 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 37 500 000 төгрөгөөр худалдан борлуулах хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарсан байх тул 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Миний бие төлбөр авагч Г.Мөнх-Эрдэнэд шүүхийн шийдвэрийн дагуу дээрх төлбөрийг төлөхгүй гэж элдэв шалтаг тоочоогүй. Бидний зүгээс амьдрах байр, орох оронгоо авч үлдэхийн тулд бусдаас авах авлагаа авч өгөх гэсэн боловч дэлхий нийтийн хэмжээнд дэгдээд байгаа цар тахлаас үүдэн бизнес нь таг зогссон байх тул өдий хүртэл төлбөрийг төлж чадахгүйд хүрч байна. 2020 оны 06 сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор миний 75 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж,            37 500 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар болсонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2888 дугаартай шийдвэрээр Ч.А аас 29 855 731 төгрөгийг гаргуулж Г.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2201017100 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 131/3 дугаар байрны 58 тоот 1 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан. Иргэний хуулийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авч, талуудын харилцан тохиролцсон үнэ болох 75 000 000 төгрөгийн 70 хувь болох 52 500 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэлсэн үнэлгээний 50 хувиар тооцон 37 500 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр орсон боловч худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Ч.А  нь тус газарт хүсэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар 62.1, 62.2-т зааснаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Иймд гомдол гаргах хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.А ын хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2202027100 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 58 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.А  миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ч.А ын нэхэмжлэлтэй НШШГГ т холбогдох хэргийг 2021 оны 04 дугаар сарын 09-ний өдөр хянан шийдвэрлэсэн 01057 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2888 дугаар захирамжаар Ч.А аас 29 855 731 төгрөгийг гаргуулж, Г.Мөнх-Эрдэнэ-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн эрхийн Ү-2201017100 дугаарын бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 131/3 дугаар байрны 58 тоотод хаягт байрлах 41.57 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2 дах албадан дуудлага худалдааг явуулах тогтоолоор миний 75 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж орон сууцыг 37 500 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2 дах албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

        Нэхэмжлэгч Ч.А  нь хариуцагч НШШГГ т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02888 дугаартай захирамжаар хариуцагч Ч.А  нь нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэд 29 662 500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202027100 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 58 тоот хаягт байрлах 41.57 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 22,23 дугаар тал/

        Төлбөр төлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/01289 дугаар захирамж гарч, мөн өдөр 110 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна. Үүний улмаас барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 143/01 тогтоолоор битүүмжилж, мөн сарын 31-ний өдрийн 20250192/03 тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 7-10, 21-25 дугаар тал/

        Талуудаас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад төлбөр төлөгч тал Ү-2202027100 дугаар бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЭТӨЧ 131/3 дугаар байрны 58 тоот хаягт байрлах, 41.57 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 75 000 000 төгрөгөөр үнэлэх саналыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасныг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрсөн байна. /хэргийн 34,38 дугаар тал / Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

        Улмаар, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/25 дугаар тогтоолоор зарлаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын тогтоосон үнэ 75 000 000 төгрөгийн 70 хувь болох 52 500 000 төгрөгөөр тогтоон, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан боловч дээрх орон сууц худалдан борлогдоогүй байна. /хэргийн 45-56 дугаар тал/

Иймд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/20 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын тогтоосон үнийн 50 хувь буюу 37 500 000 төгрөгөөр дээрх орон сууцны үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна. /хэргийн 61-68 дугаар тал/ Иймд орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргад хандан хоёр дах албан дуудлага худалдаа явуулах тухай 7/20 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, төлбөр төлөх 30 хоногийн хугацаа олгох хүсэлт гаргажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 4/778 дугаар мэдэгдэх хуудсаар хоёр дах албан дуудлага худалдаа явуулах тухай 7/20 дугаар тогтоол нь хуульд нийцсэн байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн байна. /хэргийн 57,58 дугаар тал/

        Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэх

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                 ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                                                                                                  С.ЭНХТӨР