| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0030/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Б.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батцэнгэлийн Бд холбогдох эрүүгийн 170922770308 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, групт байдаг (хөдөлмөрийн чадвар 100% алдсан гэх) ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 28 дугаар гудамжны 424Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЕЙ90052231 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Шадав овогт Батцэнгэлийн Б.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр хороололд 2017 оны 11 дүгээр сарын 26-нд хохирогч В.Төгөлдөрийг төөрөгдөлд оруулж “Айфоне-7 плас” загварыг гар утсыг залилан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би “Үнэгүй.мн” сайтаас “ “Айпоне-7 плас” маркийн гар утас зарна” гэсэн зарын дагуу тэр залуугаас “гар утсыг чинь авья” гээд цуг АТМ орохоор болсон. Тэгээд АТМ-ны гадна хохирогчийг орхиж явсан. Би цусны өвчтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эхнэр хүүхэдтэй болохоор мөнгөний хэрэг болоод энэ хэргийг үйлдсэн юм. Мөш их гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Төгөлдөрийн /хх-ийн 14-15/ мэдүүлэг, Б.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16-17, 19/ мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 9-10/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/, Б.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-24/, хохирогч В.Төгөлдөрийн хүсэлт /хх-ийн 29/ зэрэг болно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг, 11 дүгээр хорооллын ХААН банкны орчим В.Төгөлдөрт ““Айфоне-7 плас” гар утсыг нь худалдаж авна, мөнгийг нь АТМ-с авч өгье” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан түүний “Айфоне-7 плас” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авсан болох нь:
хохирогч В.Төгөлдөрийн /хх-ийн 14-15/: “... Би “Үнэгүй.мн” сайт дээр өөрийн гар утсаа зарах талаар зар тавьсан юм. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн үед миний “Айфоне-7 плас” маркийн гар утсыг нэг залуу “үзье” гээд манай гэрийн гадна ирсэн. Тэгээд би утсаа үзүүлтэл авахаар болоод 11 дүгээр хорооллын “ХААН” банкны үүдэнд зогсоод би машинд утсаа үлдээгээд АТМ рүү хамт алхахад тэр залуу буцаж машиндаа суугаад зугтаасан. Би машиных нь бариулаас зүүгдээд чирэгдэж явсаар байгаад 100 айлын автобусны буудал дээр намайг машинтай хавсарч мөргөөд тэгээд цаашаа сансар тал руу явсан…” гэх мэдүүлгээр,
Б.Бы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 19/: “…Би “Үнэгүй.мн” сайтаас “ “Айпоне-7 плас” маркийн гар утас зарна” гэсэн зарын дагуу тэр залуугаас “гар утсыг чинь авья” гээд АТМ орохоор болсон. Тэгээд АТМ-ны гадна хохирогчийг буулгаад зугтаачихсан. Би цусны өвчтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эхнэр хүүхэдтэй болохоор мөнгөний хэрэг болоод л тэр утсыг авах болсон…” гэх мэдүүлгээр, эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 9-10/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.
Хохирогч шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Бы “гар утсыг худалдаж авна, мөнгийг нь АТМ-с аваад өгье” гэсэн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг үнэллгээний комисс тогтоосон, шүүгдэгч хохирогчийн эд хөрөнгийг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Бы “гар утас худалдаж авна, мөнгийг нь АТМ-с аваад өгье …” хэмээн худал амлан, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдүүлэн бусдын бага хэмжээний эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан шунахай сэдэлтэй, санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Б.Бы хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч В.Төгөлдөрт “Айфоне-7 плас” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд тэрээр “гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр прокурор шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр санал гаргасан боловч шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж групт орсон нь хэргийн 23-24 дүгээр талд авагдсан байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй.
Шүүх Б.Бы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шадав овогт Батцэнгэлийн Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ