Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/00421

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********  сумын *** дугаар багт оршин суух, ********  дугаар регистртэй, ********  овогт А**ш-ийн   О***г ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********  сумын ****** дугаар багт байрлах, ********  сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2025/00323/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О***г  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Хөвсгөл аймгийн ********  сумын Хүүхдийн цэцэрлэгийн бага бүлгийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн алдаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй болно.

Гэтэл 2024 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн ********  сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байхад миний хариуцсан бүлгийн хүүхдийн аав Ч****г гэх хүний хүсэлтээр сумын хамтарсан баг камер шүүж, намайг хүүхэдтэй ширүүн харьцсан байж болзошгүй гэх үндэслэлээр ********  сумын харилцан харилцаа зарим үед зөөлөн хүүхдийг хайрлах хандлагатай, зарим үед ширүүн хурц хөдөлгөөн ажиглагдсан гэсэн илтгэх хуудас ирүүлсэн.

Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нь 2024 оны 4  дүгээр сарын 16-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай Б/12 тоот тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалд хүүхдийн эрхэнд хэд хэдэн удаа биед нь хүрч ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан байдаг бөгөөд би үүнийг зөвшөөрөхгүй хүүхэд зодоогүй, бага насны хүүхэд өөрөө бие даан хоол цайгаа идэж, ууж, хувцаслаж чадахгүй тул хүүхдэд тусалж, биед нь хүрэхгүй бол болдоггүй талаар тайлбарласан бөгөөд тэгээд ч намайг зөрчил гаргасныг тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр арга хэмжээ авлаа гэж гомдлоо эрхлэгчид гаргасан.

Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч тэгвэл цалин хасах арга хэмжээ авна гэж, мөн эцэг, эхчүүдийн  зүгээс хүүхдүүд маань шинэ багш нартаа дасаж өгөхгүй байна, хуучин багш нартаа ээнэгшиж дассан тул эргэн ангиа аваач гэсэн хүсэлт ч гаргаснаар ажилдаа эргэн орсон боловч цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/35 тоот тушаалаар цалингийн 20 хувиар 3 сараар хасах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ үед би за яахав бас болгоомжтой л байх хэрэгтэй юм байна, бусдад эвгүй харагдсан байна гэж өөртөө бурууг аваад л өнгөрсөн.

Гэтэл сая 2025 он гарсны дараа цэцэрлэгийн эрхлэгч надад хандан чамайг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газраас чамайг ажлаас чөлөөл, Н***й гэх иргэний гомдол ирсэн гэж байна гэж хэлээд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай Б/07 тоот тушаал гарган намайг ажлаас чөлөөлсөнд би нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг /3 удаа/ давхардуулан ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл давхардуулан ногдуулахгүй гэсэн заалтыг мөн л зөрчсөн тул хууль бус гэж үзэж гомдол гаргаж байна.

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс намайг зөрчил гаргасан гэж үзсэн 4 дүгээр сараас хойш даруй 9 сар өнгөрсний дараа намайг ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулж байгаа 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай Б/07 тоот  тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчиж байна.

Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга, Аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн зэрэг ажилтнууд цахимаар хуралдан намайг ажлаас хал, чөлөөл, Н***й гэх хүн 4-5 удаа гомдол гаргасан гэж сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлснээс үүдэн миний бие хямарч жирэмсэн байхдаа 3 сар 14 хоногтой жир 2 ихэр ураг минь зулбаж, бие бялдар, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна.

Би Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасны дагуу манай суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороо байхгүй тул Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах  гурван талт хороонд хандан маргаанаа шийдвэрлүүлэхэд 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрээ ирж гардаж ав гэснээр би өмгөөлөгч рүү ярьж өмгөөлөгч маань 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр очиж гардан авсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7 сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй гэж, 154.11 энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилсан шийдвэрлэсэн тэмдэглэлийг, эсхүл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч аль нэг тал ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно гэж тус тус заасны дагуу дээрх хугацаа өнгөрсөн тул хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг тамга, тэмдэг, албан бланк ашиглаагүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэж хүлээн авсангүй. Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооноос албан ёсоор өгсөн шийдвэр нь хэвлэмэл хуудсан дээр хэвлээгүй, тамга дараагүй байгаа нь нэхэмжлэгчийн буруу биш юм.

Иймд нэг зөрчилд гурван удаа сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно ногдуулж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь хууль бус байх тул намайг Хөвсгөл аймгийн ********  сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О***г  нь хариуцагч ********  сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.О***г   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Би ********  сумын Хөгжил цэцэрлэгт холбогдуулан “ Ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. (хавтаст хэргийн 28 дугаар тал)

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.О***г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********  сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       А.ДӨЛГӨӨН