| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0047/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Номин;
улсын яллагч: Ц.Амгаланбаатар;
шүүгдэгч: Т.Б (өөрийгөө өмгөөлөж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халх овогт Түнжингийн Бад холбогдох эрүүгийн 1709022520401 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монпорт” ХХК-д тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-277В тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УМ90050899 регистерийн дугаартай, Халх овогт Түнжингийн Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудлын орчим З.Пүрэвсүрэнг түлхэж унаган нүүр рүү нэг удаа өшиглөж биед нь 2 шүдний сулрал, уруул буйлд шарх, зөөлөн эдийн няцрал, Д.Батхааны нүүр рүү нь мөргөж гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирлыг хоёр хүний биед учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батхаан /хх-ийн 11-12/, хохирогч З.Пүрэвсүрэн /хх-ийн 19-20/, гэрч Э.Билгүүн /хх-ийн 25-26/, М.Сарнай /хх-ийн 27-28/, Э.Оюунтүлхүүр /хх-ийн 29-30/ нарын мэдүүлэг, Т.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 2-3/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14665, 14667 тоот дүгнэлтүүд /хх-ийн 38, 43/, шинээр хохирол төлсөн баримт 2 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудлын орчим “хараалын үг хэллээ” хэмээн З.Пүрэвсүрэн, Д.Батхаан нарыг буруутган тэдэнтэй маргалдан, улмаар З.Пүрэвсүрэн, Д.Батхаан нарыг зодож, тэдний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Батхааны /хх-ийн 11-12/: “... Саарал өнгийн “Приүс-20” маркийн автомашинтай хэсэг хүмүүс хүрч ирээд Пүрэвсүрэн ахтай нэг жижиг биетэй ах нь маргалдсан. Гэтэл цаанаас өндөр урт ногоон өнгийн куртиктэй ах ирээд Пүрэвсүрэн ахыг түлхсэн. Газарт унахаар нь нүүр рүү нь өшиглөсөн. Намайг болиулах үед ногоон куртиктэй өндөр ах миний нүүр рүү нэг удаа мөргөөд, нэг удаа гараараа цохисон. Тэгээд тэр хүмүүс машиндаа суугаад явсан. Миний хамраас цус гарч шууд гэмтлийн эмнэлэгт Пүүжээ ахын хамт очсон ...” гэх мэдүүлгээр,
хохирогч З.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 19-20/: “... Нөгөө машинаас зүс таних нэрийг нь мэдэхгүй залуу гарч ирээд “юу байна Пүүжээ мангар бацаан минь, машин тэргээ холдуулаач” гэх мэт зүйл ярьж над руу ассан. Тэгэхээр нь би “чи хэзээ ийм болчихсон юм” гээд маргах янзтай зогсож байтал машинаас нь өөр нэг залуу гарч ирээд л шууд намайг түлхэж унагаад нүүр рүү өшиглөсөн. Намайг босоод нүүрээ дараад машиныхаа хойгуур явах хооронд манай танил дүү Батхааныг цохисон байсан …” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Билгүүний /хх-ийн 25-26/: “... Налуу гудамжинд “Соната-6” маркийн машин хий эргээд зогсчихсон байсан. Нэг эрэгтэй нь зүс таних Пүүжээ байсан. Би машинаас буугаад Пүүжээтэй мэнд мэдтэл хажууд нь байсан туранхай өндөр залуу хараалын үг хэлээд маргаан үүссэн. Б машинаас буугаад иртэл өндөр туранхай залуу арагш түлхэхэд машиныхаа борооны хаялгыг хагалчихсан. Тэгээд тэр өндөр залуугийн нүүр рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгтэл Пүүжээ, Бын нүүр толгой руу 2 удаа цохисон. Б зөрүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл унаад өгсөн …” гэх мэдүүлгээр,
Т.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 2-3/: “... Саарал өнгийн “Соната-6” маркийн автомашин хий эргээд зогсож байхад Билгүүн “таньдаг бацаан байна машиныг нь түрээд өгчихье” гээд буусан чинь сааран өнгийн куртиктэй баньд “хаанахын лаларууд вэ” гээд томроод байхаар нь би араас нь буусан чинь тэр баньди намайг машин руу түлхэхэд би хойшлохдоо машины хаалганы салхивчийг мөргөөд хагалчихсан. Би уурандаа нөгөө залууг нэг удаа мөргөхөд хамраас нь цус гоожоод байсан. Намайг зогсож байхад хажуугаас бараан өнгийн хувцастай залуу ирээд миний баруун хацар, зүүн шанаа руу 2 удаа цохьчихоод хувцасаа тайлж онгирч байгаад өөрөө халтираад уначихаар нь очоод нүүр рүү нь нэг удаа өшиглөхөд намайг машинд сууж явсан хүмүүс салгаад явцгаасан...” гэх мэдүүлгээр,
Т.Бын буруутай үйлдлийн улмаас З.Пүрэвсүрэнгийн биед “2 шүдний сулрал, уруул, буйлд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл, Д.Батхааны биед “зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тус тус тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14665, 14667 тоот дүгнэлтүүд /хх-ийн 38, 43/, гэрч М.Сарнай /хх-ийн 27-28/, Э.Оюунтүлхүүр /хх-ийн 29-30/ нарын мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч нартай хэрэлдэж маргалдсаны улмаас тэднийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч, хохирогч нар хоорондоо зодолдож байсныг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хоёр хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
“Өөдөөс хараалын үг хэллээ” хэмээн З.Пүрэвсүрэн, Д.Батхаан нарыг буруутган, тэдэнтэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар З.Пүрэвсүрэн, Д.Батхаан нарыг зодож тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.Бын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Т.Бын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Т.Б гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч З.Пүрэвсүрэнд 900.000 төгрөг, хохирогч Д.Батхаанд 200.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд хохирогч нарын хэн аль нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг тэдэнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Т.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халх овогт Түнжингийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Пүрэвсүрэн, Д.Батхаан нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ