Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0302

 

 

 

 

   2025         04           30                                     128/ШШ2025/0302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, шүүгч Д.Эрдэнэчимэг, Х.Нямдэлгэр нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э******* /РД: *******/,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э******* /ҮД:/,

Хариуцагч: Хот байгуулалт хотын стандартын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Хот байгуулалт, хотын стандартын газарт гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг даалгуулах”

Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай компани анх 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Цагдаагийн академийн тоот, нэгж талбарт орших газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд газрыг шилжүүлэн авснаас хойш хуулиар болон гэрээгээр хүлээсэн газар эзэмшигчийн үүргийг чандлан биелүүлж ирсэн.

2.2. Уг газрын эдийн засгийн хувьд ашигт чанарыг гарган хэрэглэж, үр өгөөж хүртэх зорилгоор уг газарт Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор"-ын зориулалттай барилга барихаар шийдвэрлэсэн бөгөөд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтдээ холбогдох баримтыг бүрдүүлэн 2023 онд Хот байгуулалт, Хотын стандартын газарт гаргасан.

2.3. Гэтэл 2024 оны 01 дүгээр сард Хот байгуулалт, Хотын стандартын газраас утсаар холбогдож Амгалан дулааны станц, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компани Улаанбаатар салбар, Хаан банкнаас хүсэлттэй холбогдуулан тодруулга авч ирэхийг шаардсан. Нийслэлийн эрүүл мэндийн газар нь манайд хамааралгүй гэсэн хариуг, бусад байгууллагууд нь тухайн газарт барилга барихад татгалзах зүйлгүй гэсэн хариуг тус тус өгсөн.

2.4. Эдгээр хариуг хавсарган 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хот байгуулалт, Хотын стандартын газарт хүргүүлсэн. Гэтэл тус газарт барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахаас татгалзах нөхцөл бүрдээгүй байхад манай компанийн хүсэлтийг шийдвэрлэхгүй өдийг хүрч байгаа нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

2.5. Хот байгуулалт, Хотын стандартын газрын хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дох хэсэг хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 16 дугаар зүйлийн 12 дох хэсэг төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг хуульд үндэслэх, 4.2.2 дох хэсэг шуурхай, тасралтгүй байх, 4.2.8 дах хэсэг хууль ёсны итгэлийг хамгаалах гэж тус тус заасанд нийцэхгүй байна.

2.6. Иймд Хот байгуулалт, Хотын стандартын газрын хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академийн тоот хаягт орших газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан байдаг. Шилжүүлэн авсан цагаас хойш бид хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ газар эзэмшигчийн үүргээ чандлан биелүүлж ирсэн.

2.8. Уг газрынхаа эдийн засгийн хувьд ашигт чанарыг гарган хэрэглэж, үр өгөөж хүртэх зорилгоор өөрийн компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор агуулахын барилгыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг 2023 онд Хот байгуулалт хөгжлийн газарт гаргасан. Мөн 2024 оны 01 дүгээр сард Хот байгуулалт хөгжлийн газраас утсаар холбогдоод манай хөршүүд болох Амгалан дулааны станц, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Хаан банкны хүсэлттэй холбогдуулан тодруулга авч ирэхийг шаардсан.

2.9. Үүнтэй холбоотой хариунуудыг аваад 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцсан ажилтан Н гэх хүний мэйл хаяг руу явуулсан боловч ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй учраас манайх дахин 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүсэлтийг, хариу албан бичгүүдийн хамт хавсаргаад Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор хариуцагчаас ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаагүй.

2.10. Иймээс манай байгууллагын зүгээс Хот байгуулалт, хотын стандартын газар хүсэлт шийдвэрлэхгүй байх эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. “А******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Яармаг, Хангарди Нэг цэгийн үйлчилгээгээр ирүүлсэн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академийн тоот нэгж талбарын дугаар бүхий 22790 мкв Худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар олгосон газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох тухай хүсэлтийг судалж үзэхэд тус байршил нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг"-т олон нийтийн ажил хэргийн бүсэд хамаарсан.

3.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан "Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хороолол" хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэрийн бүсэд хамаарагдаж, төлөвлөлтийн холбоо, цэвэр усны шугамын хамгаалалтын зурвасаар тусгагдсан, мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зам тээврийн бүсийн төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг заасан бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" 14.1.1 дэх заалтад "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэсний дагуу дээд шатны захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад болон Нийслэлийн Ерөнхий Архитекторт хандаж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй байна.

3.4. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 1.3 дахь хэсэгт "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэсэн заалтыг биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан болно.

            Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1. Нэхэмжлэгч нь “Э*******” ХХК-аас 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр(1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал), Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн академийн дугаарт байрлах газар болон тус газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/83 тоот захирамжийг үндэслэн дээрх хаягт орших 22790 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж ******* дугаар бүхий аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ(1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)-г нэхэмжлэгч компанид олгосон.

1.2. 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр “А*******” ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж “...Баянзүрх дүүрэг, 10-р хороо, цагдаагийн академийн тоот, нэгж талбарт орших газарт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлт(1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал), мөн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “...2024 оны 01 сард 4 байгууллагаас тодруулга авахыг шаардсаны дагуу Амгалан дулааны станц, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбар болон Хаан банк руу албан бичиг хүргүүлж бичгээр ирсэн хариуг *******@gmail.com и-мэйл хаягаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Ингээд манай компанийн хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хурлаар оруулахаар болсон гэсэн боловч өнөөдрийг хүртэл хурлын тов гараагүй, дарга байхгүй гэсэн шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлээгүй, ...хүсэлтийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт(1 дүгээр хавтаст хэргийн 13 дахь тал)-ийг тус тус гаргасан.

1.3. Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 177 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хотын хөгжлийн газарт “...архитектур төлөвлөлтийн даалгавар олгож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр “...тус байршил нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийн газар зохион байгуулалтын олон нийтийн ажил хэргийн бүс, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөний үйлдвэрийн бүсэд хамрагдаж, төлөвлөлтийн холбооны шугам, цэвэр усны шугамын хамгаалалтын зурвасаар тусгагдсан, 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөнд зам тээврийн бүсийн, төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгаан шугамын хамгаалалтын, ...Амгалан дулааны станцын хамгаалалтын зурваст тус тус орсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

1.4. Хариуцагч нь нэхэмжлэгч “А*******” ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан, шийдсэн эсэх баримтыг шүүхэд ирүүлээгүй ба үүнийг тодруулахад хүсэлтийг хүлээн авсан, шийдсэн эсэхтэй маргахгүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан.

1.5. Мөн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/317 дугаар (1 дүгээр хавтаст хэргийн 208 дахь талд)-ээр “...“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэг шүүхэд хэлэлцэгдэж байгаа тул захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд уг асуудлаар ирүүлсэн хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

1.6. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2025 оны 02 дугаар сарын            14-ний өдрийн 01/581 дугаар албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 193 дахь тал)-ээр “... Өнөөдрийн байдлаар “А*******” ХХК-ийн хашааны баруун талаар /ПК1+30-ПК3+50/ угсралтын ажил хийгдэж байгаа ба үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын бүсэд трассын дагуу тус байгууллагын хашаа 1 - 3 метр өртөөд байна. Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний усны барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний журмын 4.6 дахь заалтад хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадна ирмэгээс гадагш 10 метр, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын гадна ирмэгээс 5 метр зайд байхаар тогтоосон” гэх хариуг тус шүүхэд ирүүлсэн(1 дүгээр хавтаст хэргийн 194-201 дэх тал).

1.7. Үүнийг холбогдох байгууллагаас тодруулахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2/655 дугаар албан бичгээр “... нэгж талбарын дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй үерийн хамгаалалтын бүстэй 2800 м.кв талбайгаар давхцалтай байна. Мөн Нийслэлийн 10, 14, 15, 16, 17, 18 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний үйлдвэр, хамгаалалтын бүс, зөвшилцсөн зураг төсөл давхаргын авто зам, гүүр, гүүрэн гарц, зогсоолын бүстэй тус тус давхцаж байна” (1 дүгээр хавтаст хэргийн 229-240 дэх тал) гэх албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмших бүхий газрын баруун талд байрлах хэсгийн хашаагаар үерийн далангийн хамгаалалтын бүстэй 2800 м.кв хэмжээтэйгээр давхцалтай болох нь тогтоогдсон.

1.8. Шүүхээс дахин тодруулж, нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй агуулахын барилгууд дээр дурдсан хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг тодруулахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1078 дугаар албан бичгээр “... дугаартай газарт баригдах гэж байгаа барилгуудын солбицлын утгыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд үерийн далангийн хамгаалалтын бүстэй давхцалгүй байна” гэх (2 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь тал) албан бичиг, шүүхийн үзлэгээр нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй агуулахын барилгууд нь үерийн далангийн хамгаалалтын бүстэй давхцалгүй болох нь тогтоогдсон.

1.9. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/1340 дугаартай албан бичгээр “... дугаартай газарт баригдах гэж байгаа барилгуудын солбицлын утгыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нийслэлийн 10, 14, 15, 16, 17, 18 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хамгаалалтын бүстэй 420 м.кв талбайгаар давхцалтай байна” (2 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх талд) гэх албан бичгээр нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй агуулахын барилгуудын нэг нь давхцалтай болох нь тогтоогдсон боловч энэ нь архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй байх, түүнээс татгалзах үндэслэлд хамааралгүй үйл баримт болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

1.10. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Амгалан дулааны цахилгаан станц ТӨХК-уудаас тус аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн шугам тоноглол, дэд станцын хамгаалалтын зурвас, үйл ажиллагаа, барилга байгууламжуудад нэхэмжлэгчийн төлөвлөж буй агуулахын барилга нь саад учруулахгүйг  тодорхойлж өгсөн нь тогтоогдсон.

1.11. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академи тоот хаягт байрлах “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор”-ын зориулалтаар эзэмшдэг, гадаад худалдаа, төмөр хашаа, хайс, хаалганы үйлдвэрлэл, худалдаа, хүнсний агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, эзэмшил газраа хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу бодит байдал дээр ашиглаж байгаа нь шүүхээс хийсэн үзлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хоёр. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

2.1. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т ”Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 32.1.7-т “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах”, 32.1.8-т “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн “Гурав. Инженер хайгуулын судалгааны ажил” гэсэн хэсгийн 3.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна”, 3.3–д “Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна”,  “барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг дүгнэсэн”, “барилга байгууламжийн хэмжээ, өндөр, давхрын тооны”, “тухайн барилга байгууламжийн зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээний”, “хүрээлэн байгаа орчин, тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэмжээ, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын”, “инженерийн хангамжийн сүлжээнд холбогдох боломж, техникийн нөхцөлийн”, “нарны тусгал, ээвэрлэлтийн шаардлагыг хангуулах, нүүр тал буюу фасадны зонхилох өнгө, дээвэр, тагтны хашлага, хаалт, материалын”, “инженерийн хангамжийн шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх” талаар тус тус тусгасныг тус дүрмийн 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална”, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заажээ.

2.2. Дээрх зохицуулалтаас үзвэл захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулах, хариуцагчаас дээр дурдсан тодорхой асуудлыг тусгасан архитектор төлөвлөлтийн даалгавар боловсруулж, түүнийг батлахаар байна.

2.3. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академи тоот хаягт байрлах “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор”-ын зориулалтаар эзэмшдэг, гадаад худалдаа, төмөр хашаа, хайс, хаалганы үйлдвэрлэл, худалдаа, хүнсний агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, эзэмшил газраа хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу бодит байдал дээр ашиглаж байгаа нь шүүхээс хийсэн үзлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба үүнээс үзэхэд газар эзэмших эрх нь хууль ёсны байгаа этгээд өөрийн газраа зориулалтын дагуу ашиглах үүднээс хариуцагчаас Архитектур төлөвлөлтийн даалгавар авах эрхтэй, хариуцагчаас хуулийн дагуу шийдвэрлэж тус даалгаврыг олгох нь хуулиар баталсан журамд заасан үүрэг байхад энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна.

2.4. Тодруулбал, нэхэмжлэгчээс өөрийн хууль ёсны эзэмшил бүхий газартаа гэрээнд заасан зориулалт, үндсэн үйл ажиллагааныхаа дагуу шинээр агуулахын барилга төлөвлөж, мэргэжлийн байгууллагаар загвар зураг хийлгэн холбогдох баримтын хамт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан хүсэлтийг нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр татгалзсан, уг татгалзалд дурдсан асуудлыг нь шийдвэрлэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Амгалан дулааны цахилгаан станц ТӨХК-уудаас нэхэмжлэгчид хандсан “тус аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн шугам тоноглол, дэд станцын хамгаалалтын зурвас, үйл ажиллагаа, барилга байгууламжуудад” нэхэмжлэгчийн төлөвлөж буй агуулахын барилга нь саад учруулахгүйг  тодорхойлж өгсөн баримтууд”-ыг хавсарган хүргүүлж 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дугаар хүсэлтийг дахин гаргасан байх ба уг хүсэлтийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг гаргасан гэж үзэхээр байна.

2.5. Учир нь хариуцагчаас өмнө нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгчид олгохоос татгалзаж байсан үндэслэлүүд нь бодит байдалд бий болоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6 – 1.11-д заасан үйл баримтуудаар тогтоогдсон, мөн хүсэлтийг шийдвэрлэх хугацаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойг 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор *******ж сунгаж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч уг хугацаа өнгөрсөн байна.

2.6. Нэгтгэн дүгнэхэд хариуцагчаас ийнхүү нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн гэж маргаагүй учир уг үйл баримтыг шүүхээс дахин тодруулах шаардлагагүй гэж үзсэн ба дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргаж зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хот байгуулалт, хотын стандартын газарт гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хотын стандартын газарт гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгчид олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн   47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХ-ӨЛЗИЙ

                                                  ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭЧИМЭГ  

                                      ШҮҮГЧ                                     Х.НЯМДЭЛГЭР