Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2025/00098

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нэхэмжлэгч Ж.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн

Нарийн бичгийн даргаар П.Ган-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар …багт оршин суугч Ц г овогт Ж Эын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Би 1969 онд …., 1981 онд сургуулиас гарч эцэг, эхийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад мал маллах болсон. Миний эцэг Х.Ж нь суурийн ахлагчаар явж байгаад сумын төвд ажил хийх болж би О.Да, Н.Ж зэрэг хүмүүсийн суурьт малчнаар ажиллаж, 1989-1990 онд Н.Жын хамт туувар тууж байсан. Би 1984 оны 9 дүгээр сард 15 нас хүрч тэр үеийн хууль, дүрмийн дагуу албан ёсоор Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 021 дүгээр ангид алба хааж, 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд удалгүй үргэлжлүүлэн Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал ажилласан. Би 1990-2000 оныг хүртэлх ажилласан жилийг нөхөн авч чадаагүй бөгөөд малчнаар ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгож, цаашид нөхөн даатгалд хамрагдаж өндөр насны тэтгэвэр авах боломжтой талаар сумын нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн тул шүүхэд хандаж байна. Намайг манай нутгийнхан Э, Б гэж янз бүрээр нэрлэн дууддаг бөгөөд энэ байдлаас болж, 1985 оны цалин хөлсний талаарх баримтад эцэг Ж, эх Д нарын нэрийн ард миний нэрийг Бадрах гэж бичсэн байна. Тухайн үед нэгдлийн захиргаанаас надад олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, зарим хуудаснууд нь үрэгдсэн зэргээс шаардлага хангахгүй байгаа, мөн 1984-1991 онуудад ажиллаж байсан талаар архиваас лавлагаа авахад зарим онуудын баримтууд олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь 1984 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал …….д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Ж.Э нь 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын “Жаргалант” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

- Ц г овогт Ж Эын ........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/350 дугаартай: “...1987, 1989-1991 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад мал маллаж байсан гэх Ж.Э цалингийн тодорхойлолтыг олгов гээд 1991 онд 548 төгрөг 1-12 сар хүн өдөр 360 /Ж.Э/..” гэсэн лавлагаа,

- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/393 дугаартай: “...1984-1986 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад мал маллаж байсан гэх Ж.Э /Б/ цалингийн тодорхойлолтыг олгов  гээд 1984 онд 39,05 төгрөг сар өдөр 30 Ж.Бадрах нэрээр, 1985 онд 44 төгрөг 5 сар, хүн өдөр 10 Ж.Б нэрээр, 1986 онд 2737,35 төгрөг 2, 5, 7, 9-11 сар хүн өдөр 163, Ж.Э нэрээр..” гэсэн лавлагаа,

 

- …………… багийн засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай: “...Ж Э /…./ нь ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг тус багийн үндсэн харьяат малчин өрх мөн болно...” гэсэн тодорхойлолт,

- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1437 дугаартай: “...Ж Э БХЯ-ын сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Завхан аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 021 дугаар ангид алба хааж Батлан хамгаалахын сайдын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1304 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар халагдсан...” гэсэн архивын лавлагаа

- Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “...Ж Э, 1969 оны 09 дүгээр сарын 13-нд төрсөн, цэрэгт ирэхээс өмнө 1985 оноос Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадад туслах ажилчин,  1985 онд 8 жилийн сургуульд 8-р анги төгссөн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Ж Э, Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадад малчин, 1985 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлтэй “...эхнэр Ч Э, бүрэн бүс  дунд боловсролтой, 1 дэх  гэрлэлт, ХААН малчин, нөхөр Ж Э, бүрэн дунд боловсролтой, ХААН малчин ажилтай, 1990 оны 10 дугаар сарын 26-нд гэрлэсэн...” гэсэн бичилт бүхий гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,

- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1991 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн: “...Эын И, эмэгтэй, 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эцэг Ж Э, эх Отгоны Б, Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадада, ХААН малчин...” гэсэн төрснийг бүртгэх анкетийн хуулбар,

- Гэрч Н.Жын: “...Бид нар хамт нэг нутагт мал маллаж амьдарч байсан учраас Ж.Эын талаар мэддэг юм. Ж.Э нь 1989 оноос 1990 он хүртэл надтай хамт тууварт явж байсан. Би тууварт явахдаа болон хамт мал маллаж байх хугацаандаа суурийн ахлагч байсан. Тууварт яахдаа бид нар 5 сард яваад 11 сард ирдэг байсан. Тухайн үед бид нар хонь үхэр тууварт авч явдаг 1350 толгой мал нь 1 суурь болж 3 хүн баг болж туудаг байсан. Ж.Э нь сургуульд сууж байгаагүй санаж байна. Миний мэдэхийн 1 дүгээр ангид сууж байгаад гарсан гэж сонссон. Тухайн үед мал маллуулахаар хүүхдүүдийг оройгоор сургуульд суулгаж гэрчилгээ олгодог байсан. Ж.Э нь 1987 онд цэрэгт татагдаад байж байхад нь ээж нь 1988 онд нас барсан учраас 2 жилийн цэргийн албаа хааж чадалгүй 1988 оны намар цэргийн албанаас ар гэрийн гачигдлаар халагдаж ирсэн. Тэрнээс хойш цэрэгт дахин яваагүй. Тэгээд цэргээс ар гэрийн гачигдлаас халагдаад ирсэн хугацааг нь цэргийн алба бүрэн хааснаар ирсэн байгаа байх. Ж.Э нь 1990 онд Ч.Э гэх хүнтэй гэр бүл болж байсан. Өөрөө надад хэлэхдээ 1990 оны өвөл уурын зууханд ажиллаж байсан. Тэр үед аавынх нь бие муу байсан учраас төв рүү орж ирсэн гэж хэлж байсан. Нутгийн бид нар Ж.Эыг дуудахдаа Б гэж дууддаг байсан. Ж.Э ер нь сургууль сууж байгаагүй багаасаа малчнаар цэрэгт явах хүртлээ аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. Ж.Э нь цэрэгт явахаасаа өмнө Д гэдэг хүний суурьт мал маллаж нэг өвөлжөө буюу Бургастын мааньт гэх газар өвөлжиж байсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Б: Намайг Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багт хувиараа мал маллаж байхад Ж.Э нь 1990 онд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багт мал маллаж байсан. Надаас 3 насаар дүү би 8-р анги төгссөн. Тэгэхэд сургуульд сурч байсан талаар нь мэдэхгүй. Аавыг нь Жигжид, ээжийг нь Дүзээ гэдэг байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг шүүхээс холбогдох байгууллагуудаас хуульд заасан журмын дагуу гаргуулж хавтаст хэрэгт авагдсан мэдээллүүдтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Харин нэхэмжлэгч Ж.Э нь 1985 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 16 насанд хүрсэн байх ба түүнээс өмнөх хугацаанд буюу 1984 оны 09 дүгээр  сарын 13-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан байдал нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бүртгэлтэй “...Ж Э, 1969 оны 09 дүгээс сарын 13-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, Нийтийн ахуйн үйлчилгээнд туслах, машинист...” гэсэн тэмдэглэл бүхий хүн амын регистрийн бүртгэлийн картын хуулбар авагдсан байна. Өөрөөр хэлбэл уг цаг хугацаанд Ж Э нь Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор бригадад малчнаар ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 1990 оны өвөл аавын бие муудсан бөгөөд би 11 сард туувраас ирээд нэгдэлд туувраа хүлээлгэн өгсний дараа 2 сарын хугацаанд сумын төвд аавын биеийг асарч байх хугацаандаа Нийтийн ахуй үйлчилгээнд галчаар ажилласан юм. Энэ хугацаанд нэгдэлд ажиллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Энэ нь гэрч Н.Жын: “...Ж.Э нь 1990 онд Ч.Э гэх хүнтэй гэр бүл болж байсан. Өөрөө надад хэлэхдээ 1990 оны өвөл уурын зууханд ажиллаж байсан. Тэр үед аавынх нь бие муу байсан учраас төв рүү орж ирсэн гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24090002002902 дугаартай “...Их-Уул сумын “Жаргалант” ХК нь 79308 регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  бүртгэгдэж, 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр татан буугдсан...” гэсэн лавлагаагаар Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Жаргалант” ХК болж өөрчлөн зохион байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгч  Ц г овогт Ж Эыг 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад,  1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын “Жаргалант” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 09 дүгээр  сарын 13-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Эаас ирүүлсэн “Мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц г овогт Ж Эыг Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд малчнаар 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант ХК-д малчнаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 09 дүгээр  сарын 13-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.    

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ