| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0205/З |
| Дугаар | 128/ШШ2025/0312 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0312
2025 05 06 128/ШШ2025/0312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: М******* ХХК /РД:*******/,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б******* /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Б*******.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, хариуцагч Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Б*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Хоёр. Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГХА-н А/438, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны 01/03 тоот удирдамжийн дагуу шалгасан шалгалтын тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны №******* тогтоол, Шийтгэлийн хуудас №-ууд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь заалт “төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх”, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг зөрчиж, А/618 дугаар тушаалаар батлагдсан журмын 1.3 дахь заалт нь зөвхөн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байгууллагад хамаарах заалтыг гуйвуулсан, салаа утгаар ашигласан илт хууль бус захиргааны акт болох нь нотлогдож байгаа юм.
2.2. Эдгээр тэмдэглэл, тогтоол, шийтгэлүүд нь хуулийн болон, эрх зүйн үндэслэл заагаагүй, хуульд нийцээгүй журмын заалтуудаар торгууль тавьж байгаа нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа явуулахад удаа дараа хүндрэл учруулж эдийн засагт дарамт шахалт болж, цаашид хүндрэлтэй асуудлууд үүсэх нөхцөл бүрдэх учраас энэхүү шалгалтын тэмдэглэл, зөрчлийн тогтоол, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулснаар дараа дараагийн шалгалтад хуульд үүрэг болгон заагаагүй үндэслэлээр торгууль шийтгэлийг оногдуулах, Ерөнхий үнэлгээний дүгнэлттэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад хамааралгүй болох юм.
2.3. Нийслэлийн Байгаль Орчны газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манайд гаргаж өгсөн Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудасны онцгойлон анхаарах зүйлсийн 9, 12 дахь заалт нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг зөрчсөн, зөвхөн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн төсөл хэрэгжүүлэгч буюу аж ахуй нэгж, байгууллагуудад хамаарах заалтыг энэ дүгнэлтэд оруулж өгснөөр үйл ажиллагааны ялгаатай аж ахуй нэгж, байгууллагуудын үүргийг нийтэд нь хамаатуулсан, хуулийн заалт, нэр томьёог ашиглан торгууль, шийтгэвэр оногдуулах гэсэн үйлдэл юм” гэжээ.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №******* дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 удирдамжийн дагуу шалгахад 1 зөрчил илэрсэн нь менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэсэн зөрчил илэрсэн. Манай зүгээс менежментийн төлөвлөгөөтэй ажиллах үүрэггүй гэж үзэж байгаа. Учир нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ нь ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээнээс бүрдэнэ гэж заасан. Манайх ерөнхий үнэлгээний дүгнэлттэй ажилладаг. Нарийвчилсан үнэлгээ гаргуулах байгууллага нь ямар байгууллага байдаг вэ гэхээр хуульд анх байгуулагдахдаа хийлгэх ёстой гэж заасан байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл бүхэлдээ шийтгэлийн хуудас бичих үндэслэл болж байгаа гэж хэрэг үүсгэсэн.
2.5. Гэвч энэ нь менежментийн төлөвлөгөөтэй байгууллагад хамаарах хуулийн заалт юм. Нарийвчилсан үнэлгээтэй байгууллага менежментийн төлөвлөгөөтэй ажиллана. Менежментийн төлөвлөгөөг нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байгууллага гаргаж, ерөнхий үнэлгээ гаргасан байгууллагаар батлуулна гэж хуульд заасан. Иймд манайх менежментийн төлөвлөгөөтэй ажиллах үүрэггүй гэж үзэж байгаа юм. Экологийн хариуцлагын гэрээг Байгаль орчны газартай байгуулдаг. Уг гэрээнд хуулиа зөрчсөн зүйл, заалттай. Байгаль орчны газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдамжид заавал менежментийн төлөвлөгөөг шалгах гэж заасан. Тэгэхээр энэ удирдамж, журам нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Эрх зүйн акт анхнаасаа хуулийн зүйл заалтын зөрчилтэй, ямар нэгэн байдлаар гуйвуулсан, салаа утгатай бол мөрдөгдөж байгаа хуулиа баримтална гэсэн заалт байдаг. Үүнийг бид үндэслэлээ болгож гомдол гаргасан” гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:
3.1. “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц. Б******* би, ******* дугаартай "Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт мод, модон материалын төрөлжсөн захын үйл ажиллагаа эрхлэгч "М*******" ХХК-ний "Х******* зах" нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан" гэх зөрчлийн мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.2. "М*******" ХХК-аас гарган өгсөн бичиг баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, гэрч нараас авсан мэдүүлэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайт "Байгаль орчны үнэлгээний мэдээллийн сан (https://eic.mn/)"- д үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан болох нь тогтоогдсон тул Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дах "Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтын дагуу зөрчлийг шалгаж, шийтгэл оногдуулж ажилласан.
3.3. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй хяналт шалгалтаар Ойн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/438 дугаар тушаалаар баталсан нийслэлийн ногоон бүсийн ойн сан болон нийслэлийн мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтыг бичиг баримтын хяналт шалгалт, газар дээр нь хяналт шалгалт хийж хэрэгжүүлсэн. Тухайн бичиг баримтад хяналт шалгалт хийхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан шаардлага биелүүлээгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна гэж заасан.
3.4. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ хуулийн үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар баталсан “байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” гэж байдаг. Энэ журмаар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч нь ерөнхий үнэлгээ хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эсвэл аймаг нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хянуулж, батлуулах ёстой. Энэ журам болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу биелүүлэх ёстой шаардлагын хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулж, тайлагнах ёстой байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.5. Хяналт шалгалтын хүрээнд “М*******” ХХК-ийн “Х******* зах” нь 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан гэх зөрчил илэрсэн гэж үзэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэргийг нээсэн(Хавтаст хэргийн 69 дэх тал).
1.6. Зөрчлийн хэргийг хянан шалгах явцад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газраас Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07/43 дугаар (хавтаст хэргийн 90-91 дэх талд) албан бичгээр “...М******* ХХК-д Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/397 дугаартай “тайлбар өгөх тухай” албан бичигт байгаль хамгаалах дотоод төлөвлөгөө гаргаж удирдлагадаа тайлагнаж ажиллах нь зүйтэй гэсэн тайлбар өгсөн байна. Иймд аж ахуй нэгж байгууллага нь ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлуулах, тайлагнах эсэх талаар тайлбар ирүүлэхийг хүссэн байх ба уг хүсэлтийн хариуд тус яамны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05/324 дүгээр “Хариу тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “...2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/397 дугаар албан бичиг нь ойлголтын зөрүүтэй тайлбар байх бөгөөд уг тайлбарт, “ерөнхий үнэлгээний дүгнэлтийн нөхцөл болзлын дагуу байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх арга хэмжээг дотоод төлөвлөгөө гаргаж ажиллах” гэдэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулах арга хэмжээг дутуу тайлбарласан гэж үзэж байна” гэх тайлбарыг хүргүүлсэн нь тогтоогдсон.
1.7. Мөн Байгаль орчны үнэлгээний мэдээллийн сангийн https://eic.mn/ сайтад байршуулах гомдол гаргагчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, биелэлтийн тайлан хэсэг нь хоосон байсан үйл баримт тогтоогдсон ба гомдол гаргагчаас үүнтэй маргаагүй.
Хоёр. Шүүхээс шийдвэрлэсэн дүгнэлтийн тухайд:
2.1. Гомдол гаргагчаас “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвхөн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх тохиолдолд батлуулах ёстой, манай компанийн хувьд Байгаль орчны ерөнхий үнэлгээтэйгээр төслөө хэрэгжүүлж байгаа учир тус төлөвлөгөөг батлуулах шаардлагагүй, байцаагч хууль зөрчиж шийтгэл ногдуулсан...” гэж, хариуцагчаас “...хяналт шалгалтын явцад батлуулах ёстой байсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.2. Шүүхээс гомдол гаргагчийн маргаж буй үндэслэл болох “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвхөн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх тохиолдолд батлуулах ёстой” гэх үндэслэл нь хуульд нийцсэн үндэслэл эсэхийг хянаж үзэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна”, 9.2-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэж зааснаас үзэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байгууллагын тухайд батлуулахаар ойлгогдохоор байна.
2.3. Гэвч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана”, 7.4.2-т ”төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх”, 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д “Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэхээр зөвшөөрөгдсөн төслийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүргүүлнэ”, 3 дугаар зүйлийн 3.2-д “Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталснаар төслийг хэрэгжүүлэх, үргэлжлүүлэх эрх үүснэ”, 3.4-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасны дагуу төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн биелэлтийг хянаж дараагийн жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батална” гэж тус тус зохицуулсан байна.
2.4. Дээрх зохицуулалтаас үзэхэд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэхгүйгээр төслийг хэрэгжүүлэх тохиолдолд тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж, түүндээ ямар нөхцөл болзолтойгоор төслийг хэрэгжүүлэх, онцгойлон анхаарах асуудлыг тусгаж, ийнхүү нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх төслийн тухайд дээрх журмын дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ямар хугацаанд, хаана хандах, батлагдсанаар төслөө үргэлжлүүлэх, эхлүүлэх эрх нь үүсэх байдлаар нарийвчлан зохицуулсан байна.
2.5. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мод модон материалын үйлдвэрлэл, худалдааны зах” төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орны нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр хэрэгжүүлэх тодорхой нөхцөл, болзолын нэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах, биелүүлэх нөхцөл гэж ерөнхий үнэлгээнд тусгасан, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2, 1.3-д дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гомдол гаргагчийн “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвхөн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх тохиолдолд батлуулах ёстой, манай компанийн хувьд Байгаль орчны ерөнхий үнэлгээтэйгээр төслөө хэрэгжүүлж байгаа учир тус төлөвлөгөөг батлуулах шаардлагагүй...” гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна.
2.6. Мөн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилго нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх гэж хуульд тодорхойлсон ба энэхүү үүргийг зөвхөн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн байгууллага боловсруулах гэж явцуу утгаар тайлбарлаж ойлгох нь буруу ба нөхцөл болзолтойгоор төсөл хэрэгжүүлэгчийн тухайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээг гаргасан байгууллагадаа хандан батлуулах журмыг зохицуулсан байгаагаас үзэхэд тодорхой байна.
2.7. Гомдол гаргагчаас “Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/397 дугаартай “тайлбар өгөх тухай” албан бичигт байгаль хамгаалах дотоод төлөвлөгөө гаргаж удирдлагадаа тайлагнаж ажиллах нь зүйтэй гэсэн тайлбар өгдөг” гэх тайлбарыг гаргасан хэдий ч цаг хугацааны хувьд 2023 онд батлагдсан ерөнхий үнэлгээтэй хамааралгүй, мөн хариуцагчаас уг албан бичгийн агуулгын тодруулж тус яамнаас тайлбар авсан байх ба дээрх албан бичгийн агуулга нь хуулийг дутуу тайлбарласан гэх байдлаар хариу тайлбар ирсэн зэргээс үзэхэд гомдол гаргагч нь уг албан бичгийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах хууль, журамд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
2.8. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу гомдол гаргагчийг төслөө хэрэгжүүлэхдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан зөрчлийг зохих журмаар зөв шалгаж тогтоосон нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул гомдол гаргагчийн гаргасан зөрчил, түүнд ногдуулах хариуцлага нь тохирсон байдлаар торгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
2.9. Нэгтгэн дүгнэхэд гомдол гаргагч нь Нийслэлийн байгаль орчны газраас олгосон ерөнхий үнэлгээнд тусгасан нөхцөл болзолтойгоор төслөө хэрэгжүүлэх нэг нөхцөл болох Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж үйл ажиллагаагаа явуулаагүй нь тогтоогдсон, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцүүлж зөрчлийг шалгаж тогтоосон байх тул гомдол гаргагчийн “Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Б*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ