| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0048/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: А.Болор;
улсын яллагч: Ц.Сүхбат;
шүүгдэгч: Д.Б (өөрийгөө өмгөөлөж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Адуучин овогт Даржаагийн Бэд холбогдох эрүүгийн 1709011700312 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” зах дээр мах шулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамны 196 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, И378030516 регистерийн дугаартай, Адуучин овгийн Даржаагийн Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хангай зочид буудлын ойролцоо иргэн Ц.Даваадагва, Ц.Бямбадагва нартай марган тэдгээрийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах замаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Бямбадагва /хх-ийн 58/, Ц.Даваадагва /хх-ийн 59/, гэрч Ш.Жавхлантөгс /хх-ийн 41-42/, Ш.Энхбаяр /хх-ийн 43-44/, Б.Аминдаваа /хх-ийн 46-47/ нарын мэдүүлэг, Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11053, 11055 тоот дүгнэлтүүд /хх-ийн 20, 26/, шинжээч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 23/, Д.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-62, 71-72/, Д.Б хохирогч Ц.Даваадагватай эвлэрсэн баримт /хх-ийн 67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Хангай” зочид буудлын ойролцоо “машинаар дайрлаа” хэмээн Ц.Даваадагва, Ц.Бямбадагва нарыг буруутган тэдэнтэй маргалдан, улмаар Ц.Даваадагва, Ц.Бямбадагва нарыг зодож, тэдний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Бямбадагвын /хх-ийн 58/: “... Миний биед учирсан дээрх гэмтлүүдийг машин цохиод байсан саарал өнгийн цамцтай согтуу ах учруулсан бөгөөд намайг газар уначихсан байхад цохисноос болж гэмтэл учирсан. Миний хувьд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлгээр,
хохирогч Ц.Даваадагвын /хх-ийн 59/: “... Миний биед тогтоогдсон гэмтэл нь Б гэх хүн миний нүүр рүү цохисноос учирсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ш.Жавхлантөгсийн /хх-ийн 41-42/: “... Нэг машин мөргөх шахаад зогссон. Тэгтэл нөхөр маань сандарсандаа машиных нь урд талд гараараа нэг удаа цохисон. Тэгтэл машин дотроос 2 залуу гарч ирээд нэг залуу нь манай нөхрийг цамцны захаар нь боогоод зууралдаж байхдаа хамт газар унасан. Манай нөхөр Б нь газар хамт унасан залууг нүүрэнд нь ганц удаа цохисон ...” гэх мэдүүлгээр,
гэрч Ш.Энхбаярын /хх-ийн 43-44/: “... Б л ганцаараа тэр хоёр залуутай муудалцаж заамдалцаад байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Аминдаваагийн /хх-ийн 46-47/: “... Би гайхаад машинаас буухад аав үл таних 2 залуутай зууралдчихсан байдалтай газар унасан ...” гэх мэдүүлгээр,
Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 53/: “... Миний хувьд Ц.Даваадагва, Ц.Бямбадагва нарын биед учирсан гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
Д.Бийн буруутай үйлдлийн улмаас Ц.Даваадагвын биед “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, өвдөгний арьсны зулгаралт” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл, Ц.Бямбадагвын биед “тархи доргилт, духны цус хуралт” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тус тус тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11053, 11055 тоот дүгнэлтүүд /хх-ийн 20, 26/, шинжээч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч нартай хэрэлдэж маргалдсаны улмаас тэднийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч, хохирогч нар хоорондоо зодолдож байсныг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хоёр хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
“Машинаар дайрчих шахлаа” хэмээн Ц.Бямбадагва, Ц.Даваадагва нарыг буруутган, тэдэнтэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар Ц.Бямбадагва, Ц.Даваадагва нарыг зодож тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Бийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Д.Бийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ц.Даваадагва, шүүгдэгч Д.Б нар харилцан тохиролцож буюу шүүгдэгч нь хохирогчид хор уршгийн нөхөн төлбөрт 1.700.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, уг төлбөрөөс 800.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд үлдэх 900.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бээс гаргуулж хохирогч Ц.Даваадагвад олгохоор шийдвэрлэв. Харин хохирогч Ц.Бямбадагва “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг Ц.Бямбадагвад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Д.Бийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Адуучин овогт Даржаагийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Бямбадагвад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бээс 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Даваадагвад олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ