Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 119/ШШ2025/0019

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: **,

            Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

            Хариуцагч: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0043099 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч ** нь Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч **д холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0043099 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлыг шүүхэд гаргасан.

 2. Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ** нь ** намаас нэр дэвшигч **ыг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №0043099 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, маргаан бүхий захиргааны актыг гомдол гаргагчид мэдэгдэж, хүргүүлсэн байна.

3. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Татварын улсын байцаагч нь намайг “зардлын дансаа бүртгүүлээгүй" хэмээн буруутгасан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан. Иймд сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй болно. Иймд намайг зардлын дансаа бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

3.2. Нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй болно. Учир нь, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т “Нам нь ... сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж, 5.1-т “... иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, ... намд элсэх, .... тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй” гэж, 7.1-т “Нам дараах эрхийг эдэлнэ” гэж, 7.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” гэж тус тус заасан. Үүний дагуу иргэд бид өөрсдийн үзэл бодлын үүднээс нам байгуулах, намд элсэх, намын дүрэм, бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэрэгслээ өөрсдөө чөлөөтэй сонгох, түүний дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй.

3.3. Миний УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нам болох ** нам нь хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн. Тодруулбал, ** намын төлөөллийн төв байгууллага болох Сенатаас 2024.04.27-ны өдрийн С/05 дугаартай тогтоолыг гаргаж, тус тогтоолын 1 дэх заалтаар УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааг ** намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч тус бүр тус тусдаа хийх бус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсонтой холбоотой дээрх тогтоолын 3 дахь заалтаар “Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж, Тогтоолын 4 дэх заалтаар “Тус Тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан ** намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй. СЕХ болон ҮАГ-т бүртгэлтэй ** намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасугай” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, ** намын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх, нэр дэвшигчид тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон. Намын тус шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд намын тус дотоод хэрэгт төрөөс оролцох, буруутгах эрхгүй юм. Өнөөдрийг хүртэл ** намын Сенатын 2024.4.27-ны өдрийн дээр дурдсан С/05 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн гэж тогтоосон, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болно.

3.4. ** нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй. Иймд ** нам нь Улс төрийн намын тухай хуулийн 7.1.3-т заасан “намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” эрхээ эдэлж, сонгуульд оролцсон гэж бодож байна.

3.5. Сонгуулийн тухай хуулийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу намын сонгууль эрхэлсэн байгууллагын намын болон тус намын нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг эрхлэх явуулах боломжтой юм. Энэ нөхцөлд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар хийх бөгөөд нэр дэвшигч өөрөө сонгуулийн сурталчилгаа хийхгүй тул тэрээр зардал гаргахгүй юм. ** нам, түүний нэр дэвшигчдийн үйл ажиллагаа хуулийн тус заалтад нийцсэн юм. Үүнийг 2020 оны болон 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн зөвшөөрч, тус агуулгаар мэдээлэл, зөвлөгөө өгч байсан. Бид энэ талаар сүүлд Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандаж, бичгээр хариу авсан. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024.12.02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/1090 дугаартай албан бичигт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслээс нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа нөхцөлд нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх боломжтой талаар хариу өгсөн. Иймд ** нам, тус намаас нэр дэвшигчдийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй.

3.6. Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол ... торгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зардлын дансыг (1) бүртгүүлэх, (2) түүнд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох талаар заасан. Эдгээр нь зардлын данс нээсэн боловч бүртгүүлээгүй тухай болон мөнгөн хөрөнгийг дансанд төвлөрүүлэх, зарцуулах талаарх журам зөрчих тухай ойлголтууд юм. Харин зардлын дансыг нээлгэх талаарх журам зөрчсөн бол торгох талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй, Иймд намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т тусгаагүй үйлдлийн төлөө буруутгаж, үндэслэлгүй торгосон байна.” гэжээ.

 

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** намаас нэр дэвшсэн **ыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн хуудас ногдуулж 10.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Энэ дээр бид нар нэхэмжлэл гаргасан. ** нам 2024 оны Улсын Их хурлын сонгуульд оролцохдоо бага зардлаар оновчтой сонгуулийн сурталчилгааг хийнэ гэж, мөн анх удаа 126 гишүүнтэй хосолсон хэлбэрээр сонгуулийг зохион байгуулсан. Энэ хэрэг анх Чингэлтэй дүүрэг дээр ирээд харьяалал тогтоохдоо хүртэл алдаатай шийдвэр гарсан байдаг. Зөрчлийн тухай хуульд тухайн зөрчил хаана үйлдэгдсэн тэр харьяа дүүрэгт нь зөрчлийг шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл томсгосон тойргийн 40 нэр дэвшигчийг 21 аймагт тарааж зөрчлийн хэрэг нээж байцаалт авсан. Энэ нь залхаан цээрлүүлэлт болж байна.

 Яг үнэндээ ** нам дээр татвар, Сангийн яам гээд нийт 120 зөрчлийн хэрэг, 1.6 тэрбум төгрөгт холбогдуулсан хэрэг дээр ** намыг татан оролцуулсан. Энэ нь юу вэ гэхээр Үндэсний аудитын газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг дээр ч байдаг. Хандив аваагүй, зардал гаргаагүй хүн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлээд нэр дэвшихэд заавал хандив авч зардал гаргана гэсэн зүйл заалт байхгүй. Манай нам сонгууль болох болгонд л хамгийн бага зардлаар, оновчтойгоор хийе гэж ярьдаг. Гэтэл бага зардлаар буюу зардалгүйгээр сонгуульд оролцчихсон. Үндэсний олон нийтийн радио телевиз дээр өөрийнхөө зар сурталчилгаа танилцуулгыг явуулаад Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж өгсөн төсвийн мөнгөөр хийгдсэн самбарууд дээр өөрсдийн зурагт хуудсаа байрлуулахад зардал гарсан. Бусдаар сурталчилгаа хийхгүй өөрсдийн албан ёсны сошиал сувгуудаа ашиглаж сонгуулийн сурталчилгаагаа хийе гэж зардалгүй оролцож байхад та нар зардал гаргасангүй гээд шийтгэж байгаа нь өөрөө улс төрийн хэлмэгдүүлэлт гэж бид нар үзэж байгаа. Залхаан цээрлүүлэлт юм байна. Яагаад гэхээр бид нар яг энэ зөрчлийн хэргүүдийн араас 9 сар явж байгаа. 120 хэрэг үүсгээд бид 40 нэр дэвшигчийнхээ 113 хэрэг дээр шүүхээр явж байна” гэв.

 

5. Хариуцагч ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга ** д хаяглан “Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай” 01/1924 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Апбан бичигт ** намын 43 нэр дэвшигчээс 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй... Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасны дагуу хяналт хэрэгжүүлсний хүрээнд илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Сангийн яам татварын ерөнхий газарт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/8213 дугаартай албан тоотод ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан эрх бүхий албан татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан. Иймд холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авч шийдвэрлэх тухай албан тоотыг гаргасан байна. Улмаар Татварын ерөнхий газар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст тус дүүргийн эрх бүхий албан тушаалтан байцаагч Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хүсэлтийг гарган удирдах албан тушаалтны тогтоолоор уг гомдол, мэдээлэл Орхон аймгийн Татварын газарт шилжиж ирсэн.

Эрх бүхий албан тушаалтан нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1425001892 дугаартай зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”-ыг үндэслэн нээж гомдол мэдээлэл шалгах ажиллагааг гүйцэтгэж эхэлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байх хугацаандаа Татварын ерөнхий газраас холбогдох зөвлөгөө, чиглэлийг авч ажиллаж байсан.

Шалгалтын явцад мэдээлэл хүргүүлсэн байгууллагууд болон холбогдогч этгээд, тус намаас ирүүлсэн тайлбар баримтуудаар Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч ** нь зардлын данс нээж бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №0043099 Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан байна. Тиймээс эрх байгууллагуудаас зөрчил гаргасан буюу хууль зөрчсөн тул холбогдох арга хэмжээг авч ажиллахыг эрх бүхий албан тушаалтанд чиглэл болгосон байна. Хуульд тусгайлан заасан тохиолдолд аль салбарын аль ч иргэн, хуулийн этгээд тухайн хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд нөгөөтэйгүүр сонгуулийн зардлын данс нээхгүй байх, мэдэгдэхгүй байх үйлдлийг хуульд тусгайлан заагаагүй бөгөөд харин эсрэгээрээ нээж мэдэгдэх тухай үүрэгжүүлсэн байна. Иймээс татварын улсын байцаагчийн үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулсан тухай №0043099 шийтгэлийн хуудас нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч иргэн ** ы шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч * *ы 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" 0043099 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах хууль зүйн үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” 01/1462 тоот албан бичиг,  Үндэсний аудитын газрын “** намын нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээгээгүй” гэх бүртгэлийн ТХ-322 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  2425001892 дугаар /Зөрчлийн хэрэг нээх тухай/-тай тогтоолоор иргэн **д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг явуулжээ. /ХХ-ийн 51-73 дугаар тал/

3.Улмаар Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр **д “сонгуулийн зардлын данс бүртгүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар түүнийг /10,000 нэгж/ 10,000,000.0 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна. /ХХ-ийн 7 дугаар тал/

4.Үүнийг эс зөвшөөрч иргэн ** шүүхэд гомдол гаргаж, түүний үндэслэлээ “...сонгуулийн зардлын данс нээгээгүй байхад зардлын дансыг бүртгүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэж, хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “** намаас нэр дэвшигч ** нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээж бүргүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлаж маргасан.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл /Шийтгэл оногдуулах шийдвэр/-ийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, ...хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тус тус заасан.

6. Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа /гадагш чиглэсэн/ шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэснийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох үүрэгтэй.

7. Иргэн ** нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ** намаас нэр дэвшихдээ сонгуулийн зардлын данс нээгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Арилжааны банкуудаас гаргасан тодорхойлолтууд, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн Намын зардлын тайлангийн хураангуй зэргээр тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 62-70, 100 дугаар тал/

8. Нэгэнт зардлын данс нээгээгүй энэ тохиолдолд нэр дэвшигчээс сонгуулийн зардлын данс бүртгүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд **ыг “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй” гэж буруутган түүнд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 /Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, .... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим/, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй.

9.  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 “Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ”, 49.2.1 “хандив”, 49.2.2 “намын өөрийн хөрөнгө49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулнагэж тус тус заасан.

 

10. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр 51.1 дэх хэсэгт “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байнагэжээ.

11. Монгол хэлний үг зүйн тайлбарт “болон”  гэх холбоос нь хоёр өгөгдөл зэрэг биелэх, эсхүл аль нэг нь биелсэн байхад хангалттай байдаг тул заавал нэр дэвшигч /**/-ийг сонгуулийн зардлын данс нээж, зардлын дансыг бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй юм.

12.Иймд Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **ы 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0043099 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,  106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2,  49.2.251 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан **ы Орхон аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч **д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0043099 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Татварын газрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.САРАНГЭРЭЛ