| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0190/Э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч С.О, Э.Хнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Сандуйжавын С.О, Харчин овогт Эрдэнэ-Очирын Э.Хнарт холбогдох эрүүгийн 1709002650354 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.О, Э.Хнар нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоодойн зуслангийн задгайд хохирогч Э.Сувд-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С.О мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хмэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутай.” гэв.
Хохирогч Э.Сувд-Эрдэнийн: “…2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зусланд хамаатны ах Энхбаярынд Энхцэцэг, Оюунхорол, Энхтуяа, Энхбаяр, Эвсанаа нарын хамт очоод хоол унд хийж идээд архи, пиво уугаад тэгээд Энхцэцэг эгчтэй маргалдаад байж байтал миний үснээс үсдэхээр нь би зөрүүлж үсдээд байж байтал хүүхэд нь Хулан гарч ирээд миний гарнаас хазаад хөл рүү өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Эвсанаа ирээд салгаад цаашаа явж байсан чинь Оюунхорол нь ирээд намайг үсдээд өшиглөөд байхаар нь би зөрүүлж үсдсэн чинь Хулан нь ирээд бас үсдээд бөөнөөрөө зодсон…” гэх мэдүүлэг /хх-24-26, 27-28, 29-30, 117-121/,
Гэрч Э.Эвсанаагийн: “...манай эхнэр Сувдаа Энхцэцэг эгчтэй маргалдаад орилолдоод байхаар нь би очиход манай эхнэр Сувд-Эрдэнэ Энхцэцэг эгч хоёр үсдэлцээд зогсож байсан чинь Энхцэцэг эгчийн охин бас үснээс нь зулгаагаад гарнаас нь хазаад байж байхаар нь би очиж салгаад холдуулчаад цаашаа хүүхдээ аваад байж байтал С.О эгч ирээд үсдэж унагаасан чинь Э.Ххажуугаар нь орж ирээд хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгээд нилээн удаан салгах гэж оролдсон тэгээд салгаж босгоод би эхнэрийгээ цаашаа аваад явсан нөгөө хэд ч машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 38, 122-123/,
Гэрч Т.Энхтайваны: “...Энхцэцэг эгч чи болиоч яасан муухай хэлдэг юм гэсэн чинь чамд хамаагүй гээд ууж байсан пиво цацаад Сувд-Эрдэнэ үсдэж аваад байж байтал Оюунхорол гүйж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 43-44/,
Гэрч Э.Маралмаагийн: “...ямар ч байсан 2 хөл нь 2-лаа хөхөрсөн, 2 гарын эрхий хурууны тэнд хазсан оромтой, баруун нүдний дээд хэсэгт маажуулсан, цээжин дээр маажуулаад 2 гаран дээр нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/,
Шинжээч Б.Ариунзулын: “... Дээрх гэмтэл нь хазсанаас үүсэх боломжтой гэмтэл. 1-р хуруу гэдэг нь баруун талын эрхий хурууг хэлнэ.
2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үүснэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50, 125-126/,
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8417 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1. Сувд-Эрдэнэ-н биед нүүр биеийн цус хуралт, баруун гарын нэгдүгээр хурууны шарх үүсчээ.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 52/,
Гэмтэл согог судлалын үндэсний төв архив, бичиг хэргийн тодорхойлолт /хх-ийн 106/,
Шүүгдэгч С.О, Э.Хнар нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоодойн зуслангийн задгайд хохирогч Э.Сувд-Эрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохоо өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд хохирогч Э.Сувд-Эрдэнэ, гэрч Э.Эвсанаа, Т.Энхтайван, Э.Маралмаа нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх шүүгдэгч С.О, Э.Хнарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар С.О, Э.Хнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч тус бүрт 500 нэгж, буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.О, Э.Хнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байх ба,
хохирогч Э.Сувд-Эрдэнэ нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, уучилсан” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Сандуйжавын Оюунхорлоо, Харчин овогт Эрдэнэ-Очирын Хулан нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Оюунхорлоо, Э.Хулан нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгж, буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Оюунхорлоо, Э.Хулан нар нь 500 /таван зуу/ нэгж, буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Оюунхорлоо, Э.Хулан нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Оюунхорлоо, Э.Хулан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Оюунхорлоо, Э.Хулан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР