| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0243/З |
| Дугаар | 128/ШШ2025/0313 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0313
2025 05 06 128/ШШ2025/0313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О******* /РД:*******/,
Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Гын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10128 тоот дугаартай цахим тендерийн баталгааны 4,173,059.0 төгрөгийг Төрийн сангийн тоот дансанд төвлөрүүлсэн тендерийн баталгааг улсын орлого болгосныг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон.
Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн захирал Б.У шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Үерийн байгууламж /Дархан-Уул, Дархан сум/ дугаартай багц-2 Үерийн далан суваг, Дархан сум, 5-р баг/" тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яамны хууль эрх зүйн газарт хуулийн хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр өгсөн.
2.2. Тендерийн баримт бичигт Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил 1 удаа хийж гүйцэтгэсэн байх гэсэн. “Ц*******” ХХК, “Тд” ХХК-ууд түншлэлийн гэрээ байгуулж оролцсон. “Тд” ХХК нь 2022 онд Үерийн ус зайлуулах суваг багц-2 ажил /Дархан-Уул, Дархан сум, 15-р баг/ № тоот ажлын гэрээ байгуулсан. Гэрээний үнэ 1,769,950,920.00 төгрөг.
2.3. “Тд" ХХК, "Ц" ХХК-уудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01 дугаартай 245,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 15-р баг /Ховдын хороолол/ Үерийн хамгаалалтын сувгийн ажлыг хийж гүйцэтгэх “Ажил гүйцэтгэх гэрээ” болон захиалагчийн тодорхойлолт, гэрээний дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн.
2.4. "Тд" ХХК нь 2022 онд Үерийн ус зайлуулах суваг багц-2 ажил /Дархан Уул, Дархан сум, 15-р баг/ № тоот ажил, гэрээний үнэ 1,769,950,920.00 төгрөгийн үнийн дүнтэй ажил.
2.5. Техникийн тодорхойлолт: 2022 УТХО-22.3 "Тд" ХХК, "Ц" ХХК-уудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01 дугаартай 245,000,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байхад үндсэн гүйцэтгэгчээр бус гүйцэтгээгүй туслан гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн тул ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангаагүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй. “Тд” ХХК, “Ц” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу санхүүжилт олгосон гүйлгээ хийсэн баримт Е баримтаар баталгаажсан.
2.6. ТШЗ 17.4.2. Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18, 19-д чадавхийн болон туршлагын шаардлагын 40-өөс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна гэж тендерийн баримт бичигт заасан.
2.7. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн "Ц" ХХК нь 2023 онд Үерийн ус зайлуулах суваг багц-2 ажил /Дархан Уул, Дархан сум, 15-р баг Ховд хороолол/ 245,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь дээр дурдсан гэрээгээр баталгаажсан байгаа.
2.8. Захиалагч тал батлагдсан төсөвт өртгийн дүн 834,611,802 төгрөгийн үнийн дүнгээс 40 хувиар бодож 333,844,720 төгрөг байхаас оролцогчийн чадавх 245,000,000 төгрөг учраас тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй гэж тайлбар хийсэн нь захиалагч тавьсан шаардлагаа илт зөрчсөн.
2.9. Ижил төстэй ажлын туршлагын мөнгөн дүн 584,228,261.4 төгрөгөөс түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн 40 хувиас дээш байх шаардлага нь 233,691,264,5 төгрөг. “Ц” ХХК-ны чадавх 245,000,000 төгрөг нь тендер шалгаруулалтын шаардлага хангаж байгаа болно.
2.10. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Гын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №03/10128 тоот дугаартай Голомт банкны дугаартай цахим тендерийн баталгааны 4,173,059.0 (Дөрвөн сая нэг зуун далан гурван мянга тавин ес) төгрөгийг Төрийн сангийн тоот дансанд төвлөрүүлсэн тендерийн баталгааг улсын орлого болгосныг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
2.11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компанийг 2 үндэслэлээр тендерийн шаардлага хангаагүй гэж үзсэн байгаа. Захиалагчийн өөрсдийнх нь тендерийн баримт бичигт заасан ТШЗ 19.1 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил 1 удаа хийж гүйцэтгэсэн байх гэдгийн батлагдсан төсөвт өртөг нь 834.611.802 үнийн дүнтэй төсөвт өртөгтэй ажил байгаа.
2.12. Үүнд манайх 70 хувийг хангаж чадахгүй байсан учир түншлэгч компани авч оролцсон. Түншлэгч “Тд” ХХК нь Дархан-Уул аймагт Үерийн далан суваг шуудуу, усны барилга, байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн онд 1.769.950.920 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Тухайн ажил нь дотроо 2 багц ажилтай байсан.
2.13. Дархан сум, 15-р баг, батальон, Ховд хороолол гэсэн 2 тусдаа ажил байснаас Батальоных нь 1,478,233,083 төгрөг, Ховд хорооллынх нь 291,717,837 төгрөгийн гэрээтэй орж ирсэн. Үүнээс нь манайх “Тд” ХХК-тай ярилцаж байгаад манайх танай гүйцэтгэгчээр ажил хийе, манайх мэргэжлийн байгууллага Ховд хорооллын 290,000,000 төгрөгийн ажлыг нь захиалагчийн зардал зэргийг нь хасаж байгаад 245,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Энэ дүн дээр Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газар нь 584,228,261 төгрөгийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх ёстой байхад танайх тусад нь гүйцэтгэгчээр ажилласан байна гэсэн тодорхойлолтыг үндэслээд манайхыг шаардлага хангаагүй гэж үзсэн.
2.14. “Тд” ХХК-ийн авсан 2 ажлаас манайх 290,000,000 төгрөгийн ажлыг нь 245,000,000 төгрөгөөр хийх гэрээ хийгээд эхнээс нь дуустал бүх ажлыг манайх хийж гүйцэтгэсэн. Манайх барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй. Туслан гүйцэтгэгч гэдэг нь тухайн ажлын шороог ухах ч юм уу, хавтанг нь зөөх ч юм уу тийм ажил хийхийг туслан гүйцэтгэгч гэж хэлнэ.
2.15. Манайх бол эхнээс нь дуустал гэрээнд заасны дагуу бүх ажлыг хийж гүйцэтгэж энэ ажлыг “Тд” ХХК-д хүлээлгэж өгөөд оронд нь зохих ёсныхоо баримтыг авсан байдаг. Энэ дээр манайхыг туслан гүйцэтгэгчээр ажилласан гэж үндэслэлгүйгээр тодорхойлох үндэслэл гаргасан байна гэж би харсан.
2.16. Хоёрдугаарт түншлэлийг төлөөлөх эрх бүхий компани нь 40-с дээш хувь байх шалгуур нь 333,844,720 төгрөг байхаас танайх 245,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж гаргаж ирсэн байгаа юм. Тендерийн баримт бичиг дээр заасан байгаа түншлэлээр тендер шалгаруулалтын 18, 19 дэх заалтад чадавхын шаардлагын 40-с дээш хувийг түншлэлийн гишүүн тус бүр 25-с дээш хувийг хангасан байна гэж байгаа. Манайх түншлэлээр орж байгаа болохоор 40 хувийг, “Тд” ХХК 25 хувийг нь хангаж байгаа. 584,000,000 төгрөгөөс 40, 25 гэж авахаар байтал Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газар болон Сангийн яам нь батлагдсан төсөвт өртгийн 40 хувь гэж буруу тоо гаргаад манай компанийг шаардлага хангаагүй гэж үндэслэлээр гаргаж ирж байгаа. Энэ тендерийн баримт бичигт тодорхой заасан байхад үл тоогоод танайх батлагдсан төсөвт хөрөнгийн 40 хувьд хүрэхгүй байна гэж буруу үндэслэл гаргаж манайхыг унагаасан” гэв.
Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Э.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус яам Төрийн болон орон нутгийн өмчийн хө хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-д тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.
3.2. "Ц*******" ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 03/10128 дугаар албан бичиг нь тус яамны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/10033 тоот шийдвэрээр тус компаниас 2024 оны 11 дүгээр сарын 20- ны өдөр гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж хянан үзсэн тул тендерийн баталгааг улсын орлого болгосон шийдвэр юм.
3.3. "Ц*******" ХХК-ийн гомдолд тус компанийн ирүүлсэн тендерээс үндсэн гүйцэтгэгчээр бус туслан гүйцэтгэгчээр ажилласан, мөн түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн нь 40-өөс дээш хувийг хангахгүй байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 болон ТШЗ 17.4.2-т заасан шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэртэй санал нийлэхгүй байх тул хянан үзэхийг хүссэн. Үүний дагуу Сангийн яам "Ц*******" ХХК, "Тд" ХХК- ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хянан үзээд дараах үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.
3.4. Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д "Ц*******" ХХК болон "Тд" ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 01/2024 дугаартай "Түншлэлийн гэрээ"-г баталгаажуулсан байх бөгөөд тус гэрээний 5.1-д "Ц*******" ХХК, "Тд" ХХК-ийн түншлэлийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авах, төлбөр тооцоо хийх бүрэн эрх бүхий хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр "Ц*******" ХХК-ийн захирал ажилтай Батмөнх овогтой Уг томилох" гэж тусгасан байна.
3.5. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д "Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: "Шаардана" 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил 1 удаа хийж гүйцэтгэсэн байх" гэж, ТШЗ 19.2-т "Оролцогчийн туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаар мэдээллийг Ѵ бүлгийн 4, 5, 6 дугаар маягтын дагуу бэлтгэн ирүүлэх, оролцогчийн туршлагын харуулах ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээн авсан акт, захиалагчийн тодорхойлолтыг хавсарган ирүүлэх" гэж, ТШЗ 17.4-т "Түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байна, Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна" гэж заасан.
3.6. "Ц*******" ХХК болон "Тд" ХХК-ийн түншлэлийн тендерт "Ц*******" ХХК-ийн гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний мэдээлэлд "Тд" ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 10-ний өдөр байгуулсан 01 дугаартай 245,000,000.0 төгрөгийн үнийн дүнтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 15-р баг Ховд хорооллын Үерийн хамгаалалтын сувгийн ажлыг хийж гүйцэтгэх "Ажил гүйцэтгэх гэрээ" болон захиалагчийн тодорхойлолт, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын фото зургуудыг тус тус ирүүлсэн байсан.
3.7. Дээрх гэрээнд "Нэг талаас Улаанбаатар, Ч*******, 5-р хороо тоот өөрийн байр "Ц*******" ХХК, ******* регистртэй (цаашид "захиалагч" гэх), түүнийг төлөөлж захирал ажилтай Б.У, нөгөө талаас З******* аймгийн У******* Ж******* өөрийн байр "Тд" ХХК, регистртэй (цаашид "гүйцэтгэгч") гэх төлөөлөн захирал ажилтай Ш.С******* нар дараах зүйлийг тохиролцож 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр энэхүү гэрээг байгууллаа." гэж, гэрээний сүүлийн хуудас буюу гэрээ баталгаажуулж, тамга дарагдсан хэсэгт "Гүйцэтгэгч: "Ц*******" ХХК, "Захиалагч: "Тд" ХХК" гэж зөрүүтэй мэдээлэл тусгагдсан, мөн "Тд" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 28 тоот тодорхойлолтод ... Манай "Тд" ХХК нь 2022-2023 онд Үерийн ус зайлуулах сувгийн багц-2 Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг гэрээний дугаар № тоот ажлыг гүйцэтгэхэд Ховд хорооллын Үерийн хамгаалалтын сувгийн ажлыг "Ц*******" ХХК нь туслан гүйцэтгэгчээр хамтран ажилласан" гэж тусгагдсан байсан.
3.8. "Ц*******" ХХК-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагад тооцуулахаар ирүүлсэн дээрх гэрээнд тус компани гүйцэтгэгч эсхүл захиалагч эсэх мэдээлэл нь зөрүүтэй, мөн "Ц*******" ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажилласан тухай захиалагчийн тодорхойлолтод дурдсан ба үндсэн гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй.
3.9. Ийнхүү тус яам 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/10033 тоот шийдвэрээр оролцогчийн гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.13-т тус тус заасныг үндэслэн оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.
3.10. Мөн нэхэмжлэгч тус яамны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/10033 тоот шийдвэртэй маргаагүй байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу тус яамны 03/10128 тоот шийдвэрийг хуульд заасан ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа талаар нэхэмжлэлд тодорхой дурдаагүй, тус шийдвэр нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байна.
3.11. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;" гэж заасан байна.
3.12. Тус яам 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 03/10128 дугаар албан бичгийг захиалагчид шуудангаар болон албаны цахим хаягаар хүргүүлсэн. Улмаар захиалагч "Ц*******" ХХК-ийн тендерийн баталгааг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын орлого болгосон байх тул нэхэмжлэгч тухайн өдөр дээрх шийдвэрийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.13. Гэвч "Ц*******" ХХК Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 10-ны Өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 03/10128 дугаар шийдвэрт холбогдох нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
3.14. Иймд "Ц*******" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч нь “Ц*******” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Үерийн байгууламж /Дархан-Уул, Дархан сум/, -ийн тендер шалгаруулалтын Багц-2 “Үерийн далан суваг /Дархан сум, 5-р баг/”-ыг сонгон шалгаруулалтад оролцохдоо “Тд” ХХК-тай түншлэлийн гэрээ(Хавтаст хэргийн 89 дэх тал) байгуулж оролцсон ба тендерийн баталгаа болох 4,173,059.00 төгрөгийг Голомт банкны банканд байршуулсан(Хавтаст хэргийн 28 дахь тал)
1.2. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 592 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр “Ижил төстэй ажлын туршлагын мөнгөн дүн 584,228,261.4 төгрөг Үндсэн гүйцэтгэгчээр бус гүйцэтгээгүй туслан гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн тул ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангаагүй. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн нь 40-өөс дээш хувь байх шалгуур нь 333,844,720 төгрөг байхаас оролцогчийн чадавх 245,000,000 төгрөг учраас тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй” гэж нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан тухай мэдэгдсэн(Хавтаст хэргийн 29 дэх тал).
1.3. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 62 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 73 дахь тал)-ээр Сангийн яамны хууль эрх зүйн газарт гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/10033 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 30 дахь тал)-ээр “Ц*******” ХХК-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагад тооцуулахаар ирүүлсэн дээрх гэрээнд тус компани гүйцэтгэгч эсхүл захиалагч эсэх мэдээлэл нь зөрүүтэй, мөн “Ц*******” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажилласан тухай захиалагчийн тодорхойлолтод дурдсан байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй ...” гэж Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн.
1.4. Хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10128 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 123 дахь тал)-ээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн Голомт банкны “” дугаартай цахим тендерийн баталгааны 4,173,059.0 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Хоёр. Шүүхээс шийдвэрлэсэн дүгнэлтийн тухайд:
2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3 дахь заалтад “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 14.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно” гэж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж заажээ.
2.2. Дээр зохицуулалтаас үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчийн тендерээс нь татгалзсантай холбогдуулж гаргасан гомдлын үндэслэлийг үндэслэлгүй гэж шийдвэрлэвэл захиалагч тендерт оролцогчийн тендерийн баталгааг улсын орлого болгохоор заажээ.
2.3. Нэхэмжлэгч нь “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Үерийн байгууламж /Дархан-Уул, Дархан сум/ дугаартай багц-2 Үерийн далан суваг, Дархан сум, 5-р баг/" тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баталгаа 4,173,059.0 төгрөгийг Голомт банканд байршуулсан ба захиалагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 592 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр “Ижил төстэй ажлын туршлагын мөнгөн дүн 584,228,261.4 төгрөг Үндсэн гүйцэтгэгчээр бус гүйцэтгээгүй туслан гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн тул ижил төстэй ажлын туршлагын шаардлага хангаагүй. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүн нь 40-өөс дээш хувь байх шалгуур нь 333,844,720 төгрөг байхаас оролцогчийн чадавх 245,000,000 төгрөг учраас тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс нь татгалзсан.
2.4. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 62 тоотоор Монгол Улсын Сангийн яаманд хандсаныг тус яамны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/10033 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
2.5. Хариуцагч нь дээрх Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийг үндэслэн маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10128 дугаар албан бичгээр захиалагчид Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдэж Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын тоот дансанд 4,173,059.0 төгрөгийг төвлөрүүлж, хариуг 3 хоногийн дотор мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.6. Өөрөөр хэлбэл хариуцагчаас тендерийн баталгааг улсын орлого болгох хуулийн урьдач нөхцөл нь “...тендерт оролцогчоос тухайн тендерийг хууль бус гэж марган татгалзсан шийдвэртэй нь холбогдуулж хуулийн дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасныг нь бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн...” тохиолдолд улсын орлого болгохоор шийдвэрлэхийг хуулиар үүрэг болгосон байна.
2.7. Нэхэмжлэгчээс тухайн тендерийн захиалагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 592 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, гомдлыг нь хянасан Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/10033 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргаагүй, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа энэ тохиолдолд хариуцагчийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.
2.7. Хэдийгээр нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлоогүй асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж хориглосон тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дурдаагүй тендерийн татгалзал, гомдлыг нь хянасан тухай албан бичгийг хуульд нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй.
2.8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь хууль бус захиргааны акт гаргасан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Ц*******” ХХК-аас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Гын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/10128 тоот дугаартай цахим тендерийн баталгааны 4,173,059.0 төгрөгийг Төрийн сангийн тоот дансанд төвлөрүүлсэн тендерийн баталгааг улсын орлого болгосныг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ