Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Х.Еркебулан;

шүүгдэгч: Д.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржийн Гт холбогдох эрүүгийн 1709000830159 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1962 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай  аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Бүрэн дуулга” ХХК-д харуулын алба хаагч ажилтай байсан, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Б-4 дүгээр гудамж, 209Б тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, УУ62052331 регистерийн дугаартай, Бичээч овогт Доржийн Г.  

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Г нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 304 тоот өрөөнд хохирогч С.Шаарийбуутай “амралтын өдөр сургуульд зөвшөөрөлгүй орсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр, цээжний баруун талын хавирга руу өшиглөн цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр МУИС-ийн 4 дүгээр байранд харуул хамгаалалтын ажил хийж байсан. Дээшээ гаднаас хүн орохоор нь араас очоод “юун хүн бэ” гэж асуугаад хоорондоо маргасан. Намайг цохиход нь эргүүлээд биеэ хамгаалах зорилгоор цохисон. Би хохиролд 280.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэв

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Шаарийбуу /хх-ийн 6-8/, гэрч Б.Түвшинтөгс /хх-ийн 43/, Ц.Цэвээн  /хх-ийн 11, 24/, Б.Сайнжаргал /хх-ийн 12, 25/ нарын мэдүүлэг, Д.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8828 тоот дүгнэлт /хх-ийн 16/, Д.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-35/, хохирлын баримтууд /хх-ийн 46-48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 304 тоот өрөөнд С.Шаарийбуутай “амралтын өдөр сургуульд зөвшөөрөлгүй орсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:  

 

хохирогч С.Шаарийбуугийн /хх-ийн 6-8/: “... Өнөөдөр 15 цагаас сургуулийн багш нартай сургууль дотор тоглох гэж цаг тохирсон байсан учир яваад очсон чинь үл таних гэрээт харуул  зогсож байсан. Би хажуугаар нь чимээгүй гурван давхарт гараад теннис тоглох гээд зогсож байсан чинь хаалга нүдээд байхаар нь онгойлготол нөгөө үл таних гэрээт харуул “чи юу юм бэ” гэж надаас асуухаар нь “би хүн” гэж хариулсан чинь “намайг хэнтэй уулзах гэж явж байгаа юм бэ” гэсэн. Би “теннис тоглох гэж явна” гэж хариулсан. Намайг сандал дээр сууж байсан чинь үл таних харуул хүрч ирээд “гараа далайгаад байхаар нь “чи юу хийх гээд байгаа юм бэ, хүссэн зүйлээ хий” гээд ширээний нөгөө талд очоод байж байсан чинь нөгөө үл таних гэрээт харуулын залуу шууд ирээд миний нүүрэн тус газар хоёр удаа аль нэг гараараа цохисон. Би тэгээд өөрийгөө хамгаалах гээд барьцалдаж аваад “одоо болъё” гэсэн чинь нөгөө үл таних залуу нь тавихгүй миний цээж, хэвлийн тус газар өшиглөөд байсан. Тэгээд сүүлдээ цамц толгойд углаад намайг зодож эхэлсэн ...” гэх мэдүүлгээр,

гэрч Б.Түвшинтөгсийн /хх-ийн 43/: “... 2017 оны 07 сарын 08-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо хариуцсан “Тамир-115” чиглэлд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан.  15 цаг 30 минутын орчим жижүүрээс “МУИС-ийн Бизнесийн сургууль дотор харуулд нь зодуулсан хүн байна” гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад “3 давхарын 304 тоот өрөөнд 3 багш ширээний теннис тоглож байгаад С.Шаарийбуу гэх нэртэй багш нь хамгаалагч Д.Г гэгчид зодуулсан” гэж байсан тул цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн. Тухайн үед дуудлагаар очоод болсон асуудлын талаар тодруулахад С.Шаарийбуу гэх багшийг теннис тоглох гээд сургууль руу ороход нь “хаашаа орох гэж байгаа юм бэ” гэж харуул асуухад хариулахгүй дээшээ орсноос болж маргаан үүссэн гэж байсан. Тухайн үед аль талын гэдгийг санахгүй байна, хавирганы хэсэгт хавдсан байдалтай, хамар амнаас нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлгээр,

гэрч Ц.Цэвээний /хх-ийн 11, 24/: “... Миний мэдэж байгаагаар Д.Г гэх хамгаалагч нь С.Шаарийбуу багшийн фудволкноос зуурч доош нь дараад цээжний хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж бас толгой руу нь гараараа цохиж байсныг санаж байна. Яг хаана нь хэдэн удаа цохисныг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр юунаас болж маргах болсон талаар сайн хэлж мэдэхгүй. Б.Сайнжаргал багш бид хоёрыг ширээний теннис тоглож байхад С.Шаарийбуу багш хамт тоглох гээд ороод ирсэн. Тэгтэл араас нь хамгаалагч орж ирээд удалгүй маргалдаад барилцаад авсан ...” гэх мэдүүлгээр,

гэрч Б.Сайнжаргалын /хх-ийн 12, 25/: “... Миний санаж байгаагаар Д.Г нь С.Шаарийбуугийн нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, газар унасан байхад нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Яг хэдэн удаа цохиж өшиглөснийг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлгээр,

                                                                                      

Д.Гын буруутай үйлдлийн улмаас С.Шаарийбуугийн биед “цээжний баруун талын 11, 12 дугаар хавирга, өвчүү ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр, уруул, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зүүн сарвуу, баруун хөлийн 4 дүгээр хурууны цус хуралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8828 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

           

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Д.Гын “зөвшөөрөлгүйгээр сургуулийн байранд нэвтэрч орсон” хэмээн С.Шаарийбуутай хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг буруутган зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Гын “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч С.Шаарийбуу гэм хорын нөхөн төлбөртэй холбоотойгоор 273.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсарган өгсөн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 280.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолын хүрээнд хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч нь сэтгэл санааны болон цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй зардлыг нэхэмжилнэ гэсэн байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

              

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бичээч овогт Доржийн Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

 

6. Хохирогч С.Шаарийбуу нь сэтгэл санааны болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой цаашид нэхэмжлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ