Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00984

 

 

Д.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00705 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлтэй, нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний буурал өвөө болох хэлмэгдэгч Мөнхийн Буд нь 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, 1938 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээ буюу цаазын ялаар шийтгүүлсэн. Уг хэргийг Дээд шүүхийн цэргийн коллежийн 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 96 дугаар магадлалаар хянаад цагаатгагдсан байдаг. Миний эмээ Норжмаа нь аав М.Будыг хэлмэгдсэний дараа хүндээр өвдөж сүсэг бишрэлийн дагуу нэрээ Лхамсүрэн гэж сольсон байдаг. Буурал өвөө М.Будын охин миний эмээ Лхамсүрэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсноос хойш нөхөх олговрын нэхэмжлэлийн бүрдүүлбэр баримтуудаа бүрдүүлж байх хугацаандаа буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 97 насандаа нас барсан тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтын дагуу Цэндсүрэн миний бие эмээгийнхээ хууль ёсны өв залгамжлагчаар Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 209/6434 дугаарт нийтэд зарлагдсан. Миний эмээ Б.Лхамсүрэнгийн охин П.Должинсүрэн 1972 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, хүү П.Дамдинсүрэн нь 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Б.Лхамсүрэнгийн охин Должинсүрэнгийн хүү Сэргэлэн, Цолмон, охин Сарангэрэл, хүү Дамдинсүрэнгийн хүү Хатантөмөр, Нямсүрэн охин Алтанзул, Одонсүрэн, Пүрэвсүрэн, Бямбасүрэн нар харилцан тохиролцож өвлөх эрхээ Цэндсүрэн надад шилжүүлсэн. Иймд нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамбадаржаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн баримтаар н.Норжмаа гэдэг нэртэй хүн н.Лхамсүрэн гэдэг нэртэй болсон талаар баримт байхгүй байна. 1944 оны хүн амын улсын тооллого дээр Будын Лахмсүрэн гэж орсон. Нэр солигдсон асуудал байхгүй. Хэрэгт Чулуун, Хатанбаатар, Сэргэлэн нарын хамаарлыг баримтаар тогтоогоогүй байна. Цагаатгалын комиссоос гаргасан нөхөн олговор олгох жагсаалтад 2020 онд орсон. н.Лхамсүрэн гэдэг хүн бол нэхэмжлэлийн шаардлагыг бүрдүүлж эхэлсний дараа нас барсан бол гэдэг нөхцөл байдлыг дурдсан байгаа. Тэгэхээр сонины баримтаас хойшхи баримт бол нас барснаас хойш бүрдүүлсэн байна гэж үзэж байгаа. Нэр бүхий 10 хүн өв залгамжлалаас татгалзах нь хуульд заасан утга агуулга биш байна гэж үзэж байгаа. Өв хүлээн авахаас татгалзлаа гэж бичээд байгаа. Гэхдээ энэ хэрэг дээр нас барсантай холбоотой өвийн асуудал байхгүй. Хэрвээ өвийн асуудал байсан бол өв шилжүүлэн авсантай холбоотойгоор хууль ёсны төлөөлөх хүнд шилжүүлэх боломжтой. Хуульд зааснаар орон сууц аваагүй хүн дараагийн 80 000 000 төгрөгийг авах эрх үүснэ гэж заасан байгаа. Хэрэгт байгаа баримтаар шүүгчийн захирамжаар хариу өгсөн байгаа. Уг захирамжид орон сууц авах эрхтэй этгээд биш байна гэж үзсэн. Цагаатгах тогтоол дээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Будын шийтгэл ногдуулахтай холбоотой хураан авсан зүйл байхгүй гэдгийг дурдсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ. 

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн нөхөх олговорт 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

        Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Ц миний нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй хэлмэгдэгч М.Будын нөхөн олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн дараах хоёр үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэлмэгдэгч М.Буд агсны охин миний эмээ Б.Норжмаа /Лхамсүрэн/ нь нөхөн олговрын материалаа бүрдүүлж байх хугацаандаа буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 97 насандаа нас барсан юм. Б.Норжмаа /Лхамсүрэн/ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10-р зүйлийн 10.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаж, нэхэмжлэх эрх нь нээгдсэн ба хууль хүчин төгөлдөр болсноос хойш амьд сэрүүн байсан ба бид иргэний үнэмлэхийг нь авч очиж, холбогдох байгууллагад бүртгүүлж байсан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа нас барсан гэх хуулийн энэхүү заалтын үйлчлэлд багтаж байгаа юм. Иймд түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх заалтын дагуу буюу түүний нөхөх олговорт 80 сая төгрөг нэхэмжлэх эрх өвлөгдөх ёстой бөгөөд үүний дагуу өвлөгчид бид харилцан ярилцаад бусад өвлөгчид маань өвлөх эрхээсээ татгалзсан бичгээ надад гаргаж өгөөд би түүний өвийг хүлээн авсан тул Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сэрын 29-ны өдрийн 209/6434 дугаарт Лхамсүрэнгийн ач охин болох нэхэмжпэгч Д.Ц миний бие хууль ёсны өв залгамжлагчаар зарлагдсан байдаг. Хэлмэгдэгч М.Буд агсаны охин Лхамсүрэнгийн охин П.Должинсүрэн нь 1972 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, хүү П.Дамдинсүрэн нь 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус нас барсан тул П.Должинсүрэнгийн хүү Сэргэлэн, Цолмон, Охин Сарангэрэл, хүү Дамдинсүрэнгийн хүү Хатантөмөр, Нямсүрэн, охин Алтанзул Одонсүрэн, Пүрэвсүрэн Бямбасүрэн нар нь М.Буд агсанд төрөөс олгогдох нөхөн олговрын 80 000 000 төгрөгийг өвлөх эрхээс татгалзаж нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн үг. Гэтэл шүүхээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1 дэх заалтад зааснаар 80 000 000 төгрөгийн нөхөн олговрыг зөвхөн хэлмэгдэгчдийн эхнэр нөхөр, эсхүл хэлмэгдэгчдийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчдийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор заасан тул тус нөхөн олговрыг нэхэмжлэх эрх өв залгамжлалаар шилжихгүй болно гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүдийг хуульчилсан байна. Тус зүйлийн 10.3 Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...гэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг өв залгамжлал болон гэрээслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана." гэсэн заалтыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж, миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг төрийг төлөөлөн оролцсон прокурор эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Цд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг тайлбарласан баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2021/01321 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид заасан хийвэл зохих ажиллагааг хийсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Цд хэргийн материал танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрх зөрчигдсөнд тооцогдоно.

 

Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/00705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д  зааснаар нэхэмжлэгч Д.Цгийн нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                   

                                     ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                            С.ЭНХТӨР