Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

 

 

      Ё.Гт холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундагыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгч Ё.Гын давж заалдах гомдлоор Ё.Гт холбогдох 2238001810015 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Мянгад овогт Ёгийн Г, ….. оны …. дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, …. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Хсумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Шүүгдэгч Ё.Г нь Хөвсгөл аймгийн Хсумын 5 дугаар баг “Х” гэх газраас 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр 4.099 м3 /метр куб/ модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж ойн санд 4,207,167 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/313 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мянгад овогт Ёгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ёгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 ( нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Гт оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ё.Гоос 12,621,501 (арван хоёр сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун нэг) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 4.099 метр куб хэмжээтэй нойтон шинэс төрлийн 4,207,167 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ё.Г давж заалдах гомдолдоо: “...Модны эдийн засгийн үнэлгээгээр 4,099 куб модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзсэн. Шалгалтын явцад иргэн би модны тоо илүү байна, хэмжилт буруу байна гэснээр дахин Сум дундын ойн ангийн инженер Бямба хэмжихэд модны тоо 21 ширхэг, кублэхэд 3,099 байж зөрүүтэй гарсан. Тэгэхэд анхан шатны хэмжилтээр модыг кублэснээр 4,009 куб гарч торгууль 4,207,167 төгрөг, мөн эдийн засгийн үнэлгээ 3 дахин өсөж 12,621,501 төгрөгөөр торгууль тавьсан. Иймээс иргэн миний модны тоо, хэмжилтийг зөв тооцоолсон шийдвэр гаргаж өгнө үү. Би гэм буруугаа ойлгож байгаа. Торгуулийг минь хөнгөлж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаартай яллах дүгнэлтээр Ё.Гийг Хөвсгөл аймгийн Хсумын 5 дугаар багийн Х гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд мод бэлтгэж экологи эдийн засагт 4,207,167 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ё.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрын нэрийг “Хөвсгөл аймгийн Хсумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газар гэж бичсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...мод унагаж бэлтгэсэн газар нь Хсумын төвөөс 40 км зайтай тус сумын 4 дүгээр багийн нутаг болох “Хын Ёлт” гэх газарт үйлдэгдсэн талаар” дурдагдсан ба энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч П.Лхагвын мэдүүлэг зэргээр давхар нотлогджээ.

Гэтэл прокурор гэмт хэрэг гарсан газрын нэрийг “Хөвсгөл аймгийн Хсумын 5 дугаар багийн нутаг “Х” гэх газар гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болохыг зөв тогтоогоогүй гэж үзэх юм.

Мөн хавтаст хэрэгт Ё.Гийн хувийн байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Ё.Гийн иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, ам бүл хэдүүлээ амьдардаг, боловсрол, мэргэжил, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх зэрэг түүний хувийн байдлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь Ё.Г мөн эсэх нь тодорхойгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр Ё.Гийн ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг 12,621,501 төгрөгөөр тогтоожээ.

Уг дүгнэлтээс үзэхэд экологи эдийн засгийн үнэлгээг 4,407,167 төгрөгөөр тооцсон ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасныг үндэслэн “Ойн санд учирсан хохирлын үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 12,621,501 төгрөг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэв экологи эдийн засгийн үнэлгээг 4,407,167 төгрөг гэж үзэн гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцвол 13,221,501 төгрөг гарч байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлоогүй гэж үзэх юм.

Мөн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/122 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ЗИЛ-130 маркийн 1541 ХӨА улсын дугаартай автомашин хэний өмчлөлд байгааг тодруулж, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Гэтэл мөрдөгч, прокурор шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг огт хийгээгүй буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг огт шалгаагүй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан байна.

Энэхүү гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь ЗИЛ-130 маркийн 1541 ХӨА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэж мэдүүлсэн ба уг автомашин нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Гэрч Х.Цэрэнпүрэв “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь хол байгаагаас шалтгаалж биет үзлэг хийх боломжгүй”... гэж мэдүүлжээ.

Мөн гэрч П.Лхагва “...УАЗ-30 маркийн цэнхэр өнгийн машинаар хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн...” гэж шүүгдэгчээс өөрөөр мэдүүлсэн байхад мэдүүлгийн зөрүүг арилгаж, дээрх автомашины үнэлгээг мотор болон арлын дугаараар шалгах, биет үзлэг хийх зэргээр үнэлгээг тогтоох ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа юм.

Иймд дээр дурдсан нотолбол зохих байдлыг нотолсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгчийн гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/313 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ё.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                     ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                      Н.БАЯРХҮҮ