Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00619

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2025/00675/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** байр, ******* тоотод оршин суух, ******* ******* ******* /утас: *********/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2001 оны 10 сараас 2014 оны 05 сар хүртэлх хугацаанд Багануур ХК-д ажиллаж байсан юм. Энэ хугацаанд 2008-2010 он хүртэл гачигдлаар түр завсарлаж байсан. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 55 нас хүрээл тэтгэвэр тогтоолгох болтол Багануур ХК-д анх орсон тушаал байгаа боловч 2008 онд гарсан, 2010 онд эргэж орсон, 2014 оны гарсан тушаал олдохгүй байгаа юм. Иймд намайг 2001-2008, 2010-2014 онд Багануур ХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, Хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн а/596 дугаартай архивын лавлагаа, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 74 дугаартай лавлагаа, Багануур хувьцаат компанийн 2001 оны 10 сарын 11-ний өдрийн 279 дугаартай Ажилд авах тухай тушаал, Багануур хувьцаат компанийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 02/388 дугаартай Хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох тухай албан бичиг, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2007 оны 02 сарын 09-ниы өдрийн 55 дугаартай Мэргэжлийн зэрэг нэмэх тухай тушаал, мэргэжлийн шалгалтын комиссын протокол, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 10 сарын 01-ний өдрийн А/224 дугаартай Нүүрсний хөнгөлөлт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 20058 оны 12 сарын 21-ний өдрийн 356 дугаартай Ажилд авах, ажлаас халах, ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, фото зургууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3. Шүүхийн журмаар ******* гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Хүсэлт гаргагч Д.*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2.    Хүсэлт гаргагч Д.******* нь Багануур ХК-д өрмийн туслахаар 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заажээ.

 

4. Хүсэлт гаргагч Д.******* нь Багануур ХК-д анх орсон тушаал байгаа боловч 2008 онд гарсан, 2010 онд эргэж орсон, 2014 оны гарсан тушаал олдохгүй байгаа үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Багануур хувьцаат компанийн 2001 оны 10 сарын 11-ний өдрийн 279 дугаартай Ажилд авах тухай тушаал, Багануур хувьцаат компанийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 02/388 дугаартай Хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох тухай албан бичиг, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2007 оны 02 сарын 09-ний өдрийн 55 дугаартай Мэргэжлийн зэрэг нэмэх тухай тушаал, мэргэжлийн шалгалтын комиссын протокол, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 10 сарын 01-ний өдрийн А/224 дугаартай Нүүрсний хөнгөлөлт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Багануур хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 20058 оны 12 сарын 21-ний өдрийн 356 дугаартай Ажилд авах, ажлаас халах, ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, фото зургууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч ******* өгсөн ... Д.******* бид хоёр хамт ажиллаж байсан нь үнэн. Бид хоёр нэг машин дээр Д.******* миний туслахаар ажиллаж байсан. Д.******* нь манай байгууллагад 2001 онд ажилд ороод 2014 он хүртэл ажилласан. Дундуур нь 2 жил орчим ажлаасаа гарчхаад буцаж ажилдаа орсон юм.... гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ыг Багануур ХК-д өрмийн туслахаар 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, Д.*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* *******ыг Багануур ХК-д өрмийн туслахаар 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл, 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА