Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 216/МА2021/00008

 

Ж.Батбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2021/00062 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Батбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох 12 дугаартай нийтийн орон сууцны засварт зарцуулсан гэх 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Доржпүрэвийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ /ZOOM программ/-аар, О.Нарантуяа, хариуцагчийн төлөөлөгч Д.Доржпүрэв, түүний өмгөөлөгч П.Наранхүү, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Батбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Батбилэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, Хонхор хотхоны 12 дугаар байрыг сэргээн засварлаж, 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, аймгийн комисст хүлээлгэн өгсөн. Тухайн барилга нь 5 орцтой ба 3 орцыг нь иргэдэд нийтийн орон сууцны зориулалтаар өмчлүүлж зарим айл өрхийг оруулсан. Түүнчлэн 2013 оноос эхлэн тус байрны 5 дугаар орцонд Сүмбэр-Алт зочид буудлыг нээж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн 4-р орцны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 10-ны үеэр тус нийтийн зориулалттай 12 дугаар байрны баруун, зүүн талын фасад хүчтэй салхинд нурж унасан. Тухайн үед аймгийн онцгой байдлын газрын дарга н.Амгалантуяа, Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Доржпүрэв нарыг дуудаж газар дээрх нөхцөл байдлыг үзүүлсэн. Тэр жилийн 7 сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Боржигон наадмыг зохион байгуулсан ба аймгийн засаг дарга Г.Батсуурь, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам нар ч эрсдэл томирохоос нь өмнө та өөрийнхөө хөрөнгөөр засуулчих,бид дараа нь хөрөнгө мөнгийг нь шийдэж өгье гэж хэлсэн. Нийтийн зориулалттай орон сууцны их засварт сууц өмчлөгчдийн төлсөн хураамж хүрэлцэхгүй, их хэмжээний хөрөнгө шаардагдах бол орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болдог хуультай учраас аймгийн удирдлагуудад итгээд өөрөөсөө 15.000.000 төгрөг зарцуулж, Б.Баянмөнхийн барилгын бригадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 12 дугаар байрны нурсан фасадыг наадмаас өмнө засуулсан. Учир нь тус орон нутагт,тухайн орон сууцанд зочид буудал, банк бус санхүүгийн байгулулагын чиглэлээр бизнес эрхлэгчийн хувьд нутаг орны тохижилт,өнгө үзэмжийг бодсон учраас засч өгөөд дараа нь холбогдох этгээдээс зардлаа авья гээд энэ бүгдийг хийсэн боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй, шийдвэрлэж өгөхгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасны дагуу орон сууцны байшингийн гадна хана /фасад/ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байдаг.

Харин нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах, засвар, үйлчилгээг хариуцах үүрэг нь тус хуулийн 13.2.3, 16.1-д заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоонд оногддог байна. Иймд 12 дугаартай нийтийн орон сууцны засварт зарцуулсан 15.000.000 төгрөгийг Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулж өгнө үү гэжээ. /хх-1/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Батбилэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Найрамдал хотхоны 12 дугаар байрыг сэргээн засварлаж, 2013 оны 12 дугаар сард ашиглалтад өгсөн байдаг. Тухайн барилга нь 5-н орцтой, 3-н орцыг нь иргэдэд нийтийн орон сууцны зориулалтаар өмчлүүлж 60 айл өрхийг оруулсан. Үүнээс хойш 2018 оны 05 дугаар сард байгалийн салхи шуурганы улмаас тухайн байрны урд хэсгийн гадна фасад нурсан байдаг. Ж.Батбилэг нь Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Доржпүрэв, тухайн үеийн аймгийн удирдлагууд болох Г.Батзам, Г.Батсуурь нарын хамтаар газар дээр нь очиж үзсэн байдаг. 1-рт 2018 онд Говьсүмбэр аймагт Боржигон наадам зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан учраас 12 дугаар байрны нурсан гадна фасадыг янзлаж орон нутгийн өнгө үзэмжийг сайжруулья гэсэн бодол, 2-рт гадна фасадыг хурдан янзлахгүй бол эрсдэлтэй байсан учраас Ж.Батбилэг нь өөрийн хөрөнгөөс нийт 15.000.000 төгрөгийг гаргаж засварласан байдаг. Т.Баянмөнх гэдэг хүний барилгын бригадаар засварлуулж дуусгасан. Үүнээс хойш 15.000.000 төгрөгийг аймгийн төсвөөс болон Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Тухайн үед ярилцаж тохиролцоход Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд орон нутгийн төсвөөс дундын өмчлөлийн их хэмжээний хохирол учирсан тохиолдолд аймаг, орон нутгийн төсвөөс нэг удаа хөнгөлттэй тусламжаар янзлаж өгч болно гэж заасны дагуу аман байдлаар урд фасадны ажлыг хийсэн. Түүнээс хойш 15.000.000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1,13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1-д заасанчлан 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоонд тухайн орон сууцны айл, өрхүүд иргэд нь хамрагдах ёстой гэж ойлгож байна.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнөүү гэжээ. /хх-158, 168/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Батбилэг, Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоо хоёрын хооронд ямар нэгэн иргэний харилцаа үүсээгүй ба тус 12 дугаар байр нь Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоотой хуулийн дагуу гэрээ байгуулаагүй байна. Иргэний харилцаа нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, 196 дугаар зүйлийн 196.1.2.-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэх заалтын үндсэн дээр үүсэх ба нэхэмжлэгч Ж.Батбилэг нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог, 5 дугаар зүйлийн 5.3. Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна, 5.4. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно, 13 дугаар зүйлийн 13.2.4 өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх гэсэн тус тус заалтын дагуу Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоотой хуулийн дагуу гэрээ байгуулаагүй тул өөрийн эзэмшлийн нийтийн зориулалттай байшингийн засвар, үйлчилгээний зардлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Батбилэг нь аймгийн удирдлагуудтай уулзаж тохиролцсон гэх ямар нэгэн гэрээ болон нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, Аймгийн засаг дарга Г.Батсуурь нартай аман тохиролцоо хийсэн байдаг. Тухайн асуудлаар Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоо нь үүрэг хүлээх эрх зүйн зохицуулалт байхгүй. Орон нутгийн төсөвтэй холбоотойгоор үүрэг хүлээх үндэслэлгүй. Иргэний хуулийн 125 дугаар зүйлд зааснаар Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоо болон тухайн байрны оршин суугчдын хооронд ямар нэгэн гэрээ байгуулж, байгуулсан гэрээн дээрээ үндэслээд эрх, үүргээ хүлээгээд явах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн зүгээс өгсөн баримтуудаас харахад гэрээ байгуулсан, эрх үүрэг хүлээсэн зүйл байхгүй харагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тухайн 12 дугаар байрны оршин суугчид нь зөвхөн хог, цэвэрлэгээний төлбөр төлдөг, түүнээс биш засварын мөнгө төлдөг гэх баримтууд байхгүй байгаа. 12 дугаар байр нь сууц өмчлөгчдийн холбоонд нэгдсэн зүйл байхгүй. Ж.Батбилэг нь сайн дурын үндсэн дээр Говьсүмбэр аймагт Боржигон наадам болох гэж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аяны хүрээнд фасадыг янзалсан. Бадрах 70 сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцах үндэслэлгүй. 2013 онд фасад хийгдээгүй, фасадны ажил дараа нь 2014 юм уу 2015 онд хийгдсэн байх. Иймд засварын мөнгө оршин суугчдаас авдаггүй тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоо нь Сүмбэр сумын Засаг даргаас гэрчилгээ авсан байдаг. Ер нь бол сууц өмчлөгчдийн холбоонд нэгдээд албан ёсоор Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гаргуулах зохицуулалт байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ./хх-34, 158,164,166/

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, 148 дугаар зүйлийн 148.1.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооноос 12 дугаар байрны засварт зарцуулсан 15 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Батбилэгт олгож,

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбооноос 232,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Батбилэгт олгож, ... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Доржпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Ж.Батбилэгийн нэхэмжлэлтэй Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооноос засварын зардал нэхэмжилсэн хэргийг шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-182/

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Батбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарантуяа Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан засварт зарцуулсан гэх 15,000,000 төгрөг шаардаж, үндэслэлээ ... 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр тус нийтийн зориулалттай 12 дугаар байрны зүүн, баруун талын фасад хүчтэй салхинд нурж унасан, тухайн үед аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Амгалантуяа, Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Доржпүрэв нар газар дээрх нөхцөл байдлыг үзсэн, тухайн жилийн 7 сард Говьсүмбэр аймагт Боржигон наадам зохион байгуулагдах байсан, тухайн үед аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам нарын эрсдэл томрохоос нь өмнө өөрийн хөрөнгөөр засуулчих, бид дараа нь хөрөнгө мөнгийг нь шийдэж өгье гэж хэлсний дагуу аймгийн удирдлагуудад итгэж өөрөөсөө 15 000 000 төгрөг зарцуулж Б.Баянмөнхийн барилгын бригадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нурсан фасадыг наадмаас өмнө засуулсан гэх агуулгаар гаргасан.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд ямар нэгэн иргэний харилцаа үүсээгүй, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, Аймгийн засаг дарга Г.Батсуурь нартай аман тохиролцоо хийсэн байдаг. Тухайн асуудлаар Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоо нь үүрэг хүлээх эрх зүйн зохицуулалт байхгүй, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн нийтийн зориулалттай байшингийн засвар, үйлчилгээний зардлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй, Ж.Батбилэг нь сайн дурын үндсэн дээр аймагт Боржигон наадам болох гэж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аяны хүрээнд фасадыг янзалсан, холбоо нь иргэдээс авч байгаа хураамжийг зөвхөн цэвэрлэгээ үйлчилгээнд ашигладаг, засварын хураамж авдаггүй, 12 дугаартай байр нь холбоонд нэгдсэн зүйл байхгүй тул хариуцах үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, 148 дугаар зүйлийн 148.1.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Д.Доржпүрэв давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргээс үзэхэд: 1. нэхэмжлэгч тал нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/45 тоот Комисс томилох тухай захирамж /хх-6-7/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 47 тоот акт/хх-16-18/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот албан бичиг/хх-19/, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/140 тоот албан бичиг/хх-15/ зэргийг нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд ирүүлжээ.

Дээрх бичгийн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ж.Батбилэг нь Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг 12 дугаартай байрны 4, 5 дугаар орцны засварлан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар бэлэн болгож улмаар улсын комисс актаар хүлээн авсан.

Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 16 тоот албан бичгээр 12 дугаар байрны гадна ханын фасад нурсан асуудлыг хэрхэх талаар тус Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан,

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 01/140 тоот албан бичигт нийтийн эзэмшлийн 12 дугаар байрны их засварын ажлыг Өнгөт фасад ХХК 2013 онд хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг ба тухайн үед одоо 12 дугаар байранд үйл ажиллагаа явуулж байгаа Сүмбэр Алт ХХК захиалж гүйцэтгүүлсэн. Тус байрны гадна ханын дулаалга хууларсан байдлыг газар дээр нь очиж үзэхэд ... барилгын техникийн дүрмийг мөрдөж ажиллаагүй, үүссэн нөхцөл байдлаас үзэхэд захиалагч байгууллага технологийн дагуу хийлгээгүй, гүйцэтгэгч технологийн дагуу гүйцэтгээгүй нь харагдаж байгаа тул нэн яаралтай захиалагч нь гүйцэтгэгчид шаардлага тавьж засуулах, ... шаардлагатай гэх агуулга бүхий хариуг Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоонд өгсөн байх ба хувийг Сүмбэр Алт ХХК-д гэжээ.

Дээрх байдлаас дүгнэвэл Сүмбэр Алт ХХК нь нэхэмжлэгч Ж.Батбилэгийн эзэмшлийн компани байх ба тэрээр 12 дугаартай байрны 4,5 дугаар орцыг сэргээн засварлаж, тухайн байрны гадна ханыг фасадласан, улсын комисст 2013 оны 12 дугаар сард хүлээлгэн өгсөн, харин энэхүү засварын ажлын хувьд өөрөө захиалагч нь байж бусдаар гүйцэтгүүлжээ гэж үзэхээр байна.

Үүнээс хойш 2018 оны 05 дугаар сард тухайн 12 дугаартай байрны гаднах зүүн, баруун /талуудын тайлбараар/ талын ханын фасад нь хүчтэй салхины улмаас хууларч, нурсан гэх ба энэ талаар талууд маргаагүй.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж,

Хуулийн 14.6-д энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, ... тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж,

Хуулийн 14.7-д энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, ...гүйцэтгэгч,...эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тухайн барилга байгууламжид хяналт тавих хугацаа нь нийт дөрвөн /4/ жил байх ба энэ хугацаанд ямар нэгэн зөрчил, доголдол гарсан тохиолдолд захиалагч, гүйцэтгэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд нь зөрчлийг арилгаж, хохирлыг барагдуулхаар байна.

Энэ үүднээс хариуцагч Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны удирдлага Д.Доржпүрэв нь тус Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсаны дагуу тус газар нь ... захиалагч байгууллага технологийн дагуу хийлгээгүй, гүйцэтгэгч технологийн дагуу гүйцэтгээгүй байгаа тул нэн яаралтай захиалагч нь гүйцэтгэгчид шаардлага тавьж засуулах гэх агуулга бүхий албан бичгийг Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоонд хүргүүлж, хувийг Сүмбэр-Алт ХХК-д гэсэн байна.

Үүний дагуу нэхэмжлэгч Ж..Батбилэг нь 12 дугаартай байрны зүүн, баруун талын гадна ханыг дахин фасадлан засварлах ажлыг бусадтай ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгүүлсэн, харин зардлыг нь өөрөө хариуцан гаргажээ гэж үзэхээр байна.

2. Хариуцагч тал нь Бадрах -70 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай Д.Доржпүрэвийг Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилох тухай тогтоол/хх-31/, Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоог улсын бүртгэлд бүртгэж олгосон гэрчилгээ /хх-32/, Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоог Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж олгосон гэрчилгээ №01 /хх-33/ зэргийг шүүхэд гаргаж ирүүлсэн, мөн хариуцагч тал Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 онд байгуулагдсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна.

Дээрх бичгийн баримтууд болон хариуцагч талын тайлбараар тус холбоо нь 2012 онд байгуулагдсан, 2016 онд Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар нь Д.Доржпүрэв гэгч нь томилогдсон, 2018, 2002 онуудад тус холбоог Сүмбэр сумын болон Улсын бүртгэлд тус тус бүртгэж гэрчилгээ олгогдсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна гэж үзэв.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж,

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж тус тус заасан.

Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 онд байгуулагдсан хэдий ч тус аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хэд хэд гэсэн дугаар бүхий байруудын дунд байгуулагдсан холбоо болох нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч тал 12 дугаартай байрны өмчлөгч айл, өрхүүд тухайн Сууц өмчлөгчдийн холбоонд сар бүр хураамж төлдөг гэж Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооны дансны хуулга/хх-67-120/, Сууц өмчлөгчдийн холбооны хураамжийн бүртгэл/хх-136-151/ зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эсрэг талаас гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүх бүрдүүлж хэрэгт хавсаргасан байх ба энэ нь тухайн 12 дугаар бүхий байрыг Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарч буйг нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоо нь Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар бүхий байруудын дунд байгуулагдсан холбоо гэж үзэхэд эргэлзээтэй, мөн тухайн 12 дугаар байрыг 2013 онд засварлан ашиглалтад оруулсан талаарх талуудын тайлбар, бичгийн баримтуудаас үзэхэд тус холбоо байгуулагдах үед 12 дугаар байр нь ашиглалтад ороогүй байжээ гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан.

Энэ нь тухайн сууцанд оршин суугаа өмчлөгч этгээдийн оршин амьдарч суугаа орон сууцны байр нь нэр бүхий Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарч байгаа тохиолдолд тэрээр заавал тухайн холбооны гишүүн байна, хураамж төлнө гэж ойлгогдож байна.

Анхан шатны шүүх тухайн 12 дугаар байрыг иргэн Ж.Батбилэг дангаар өмчилдөггүй,...12 дугаар байрны 60 сууцыг иргэд өмчилдөг, ... уг байр нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах ... талаар дүгнэсэн нь буруу биш боловч тухайн 12 дугаартай байр нь Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоонд хэрхэн хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээрх хуулиудад Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, тухайн мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрх нь холбоонд байхыг зохицуулсан гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан өөрийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан дээр дурдагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, болон хэргийн үйл баримт зэргээр нэхэмжлэгч Ж.Батбилэг нь засварын зардалд зарцуулсан гэх 15,000,000 төгрөгийг Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооноос шаардах үндэслэлгүй байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбооноос 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Батбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарантуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин нэхэмжлэгч нь мөнгөө холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Бадрах-70 Сууц өмчлөгчдийн холбоо нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 232950 төгрөг төлсөн байх ба давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 134/ШШ2021/00062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Х.БАЙГАЛМАА