| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0152/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Улсын яллагч: Г.Цогтгэрэл,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
Хохирогч С.Мөнх-Эрдэнэ,
Хохирогч Б.Онолтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Энхбатын Эд холбогдох эрүүгийн 1709008130262 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Энь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мөнх-Эрдэний өмчлөлийн 00-16 УБЯ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” маркийн автомашиныг худалдан авна гэж түүний дүү С.Төмөрхуяг нарт итгэл төрүүлэн хуурч, автомашин эзэмшигчийн бичиг баримтыг хуулбарлан авч, 2013 онд хаяж гээгдүүлсэн Болдын Жавхлангийн иргэний бичиг баримтыг ашиглан С.Мөнх-Эрдэнээс Б.Жавхланд худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож “Оршил финанс” ХХК-ий нэр дээр тус автомашины өмчлөгчийн эрхийг шилжүүлэн залилсан, мөн өдрөө бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурамч гэрээг үзүүлж, хүсэлт бичүүлэн авч, авто тээврийн төвд хандаж өмчлөгчийн эрхийг шилжүүлүүлж “Оршил финанс” ХХК-нд 15 сая төгрөгийн барьцаанд тавьж 15 сая төгрөгийг авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Онолтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 03 өдөр өөрийгөө Жавхлан гэж танилцуулаад баримт бичгээ үзүүлээд “Оршил финанс” ирээд би машин худалдаж авсан юм. Гэрээ үзүүлээд манай байгууллагаас зээл авсан. Машинаа унаж ирсэн. Гунаабазар захирал машиныг нь үзэж зургийг нь авсан. Тэгээд гэрээ хэлцэл байгуулах гэтэл орой болсон учраас нотариатаар орж чадаагүй. Маргааш нотариатаар батлуулж фидукцийн гэрээ байгуулж, Авто тээврийн үндэсний төв рүү албан бичиг хийж явуулсан. Тэгээд шүүгдэгч 15 сая төгрөгийг бэлнээр авмаар байна гэсний дагуу Хаан бакнаас бэлэн 15 сая төгрөг авч бэлнээр шүүгдэгчид өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авсан гэрчилгээгээ хаячихлаа гээд, 04-ний өдөр гээгдүүлсэн гэж дахин гаргаж өгнө үү гэж албан бичиг хийж өгсөн гэв.
Хохирогч С.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хуримаа хийх гээд анх 8 дугаар сард машинаа зарах гэж зар тавьсан. Тэгтэл Энхрагчаа 88-тай дугаараас зээлээр авах боломжтой юу гэж асуусан. Тэгээд машин үзэхээр болоод миний дүү машиныг шүүгдэгчид үзүүлсэн байсан. Дүү надаас утсаар шүүгдэгчийг зээлэнд хамрагдах гэж байгаа юм шиг байна таны иргэний үнэмлэх, машины гэрчилгээний хуулбар хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дүүдээ хуулбарыг өгчих гэж хэлсэн. Тэгээд би маргааш орой нь шүүгдэгчээс асуухад зээл бүтэх гэж байгаа талаар надад хэлсэн. Чи зараа устгаарай гэж хэлсэн. Тэгээд би хөдөө явчихад дараа долоо хоногийн баасан гарагт залгахад шүүгдэгчийн утас холбогдохоо байсан. Утсаар холбогдож чадахаа байгаад ирэх долоо хоногийн даваа гарагт машинаа зарах гэж зар тавьсан. Тэгээд нэг хүн машиныг чинь үзье гэж хэлсэн. Тэгээд машинаа үзүүлтэл гэрчилгээ чинь өөрчлөгдсөн байна саяхан авсан юм уу гэж асуухаар нь шалгаад үзтэл миний машин “Оршил финанс”-ийн нэр дээр шилжсэн байхаар нь цагдаад өргөдөл гаргах болсон гэв.
Хохирогч С.Мөнх-Эрдэнийн “...Би өөрийн эзэмшлийн 00-16 УБЯ улсын дугаартай Тоёота ланд крузер-200 маркийн шаргал өнгийн 2008 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад импортлогдож орж ирсэн өөрөө унаж байсан машинаа зарах гээд унаа.мн, үнэгүй.мн сайт дээр зар тавьчихсан юм. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр над руу нэг 88-тай юнителийн дугаараас залгаад машиныг чинь үзье ББСБ-аар авах боломжтой юм уу гэхээр нь би өөрөө ирээд үз гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө гэнэт надруу залгаад зээлэнд хамрагдах гэсэн юм, машиныхаа бичиг баримтын хуулбарыг, иргэний үнэмлэхний хуулбартай өгч болох уу гэхээр нь би дүү Төмөрхуягт өгөөд явуулсан. Дүү гэртээ байж байхад нь машин үзэх байсан хүн залгаад машиныг чинь зээлэнд хамруулах гээд банкинд үзүүлэх шаардлагатай байна гэж “Оршил Финанс” ХХК-ийн үүдэнд уулзаад гэрчилгээг чинь үзүүлье гэж хэлээд авч ороод буцаагаад гаргаж өгсөн гэсэн. Тэгтэл дүү тэр үедээ машиныхаа дугаарыг нь авангуутаа л мөн байна гээд авсан байсан. Харин яг хэний нэр дээр байна гэдгийг нь анзаараагүй байсан байна лээ. Нөгөө залуу орой нь дахин дүү дээр очоод манай ээж бөө зээлээ бүтээх гээд гэрчилгээг чинь дахиад хараадхая гэж хэлээд гэрийн гадаа ирээд граш руу орж харчихаад буцаагаад өгсөн гэсэн. Тэр оройноо над руу нөгөө залуу яриад зээл бүтэхээр болсон чи бүх зараа устгачих 1 дэх өдөр болчих юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр нь над руу залгаагүй ба 2 дахь өдөр нь би томилолтоор явчихаад 5 дахь өдөр ирээд маргааш нь залгатал утас нь холбогдохгүй байхаар нь би 1 дэх өдөр нь дахиад зар тавьчихсан чинь нэг ах хүү ирж үзэж байгаад гэрчилгээгээ сольчихсон юм уу гэхээр нь би гайхаад хартал 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Оршил Финанс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-7-9/
Хохирогч А.Мөнхшүрийн “...2017 оны 08 сарын 03-ны өдөр манай компанийн 99096455 дугаар руу 80216669 дугаараас залгаад би Ланд 200 авч байгаа юм, танайхаас зээл авч болох уу машины хүнтэйгээ тохирсон гэж хэлэхээр нь манай даргатай ярь гэж хэлсэн. Манай дарга Гунаабазар надруу залгаад 15.000.000 төгрөгийг саяны ярьсан хүнд зээлэхээр болсон шүү гэж хэлсэн. Тэгээд манай гадаа ирээд манай захирал гарч машиныхаа зургийг аваад машины гэрчилгээг 25 орчим насны саравчтай малгайтай, дээр нь нүдний шил тавьсан эрүүгээрээ сахалтай намхандуу үүргэвчтэй залуугийн хамтаар орж ирээд худалдах, худалдан авах гэрээг харуулаад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг нь хувилж авсан. Тэгээд авто тээврийн үндэсний төв рүү тус машиныг компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн бичгийг хийгээд өөрийгөө Жавхлан гэх залууд өгч явуулсан. Удалгүй эргэж ирээд манай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Оршил Финанс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн ирсэн. Тэгээд манайх тэр залуутай 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон федуцийг байгуулаад гэрээг нотариатаар баталгаажуулж амжаагүй. Тухайн өдөр тэр залуу бэлнээр мөнгө авна гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Жавхлан гэх залуу манай дээр ирээд би гэрчилгээгээ гээчихлээ гэхээр нь манайхаас авто тээвэрт албан тоот бичиж өгөөд явуулсан. Жавхлан ирээд 15.000.000 төгрөгийг гарын үсэг зураад бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-57-58/
Хохирогч Б.Онолтуяагийн “...Энь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Оршил Финанс” ХХК-д автомашин барьцаалж 15 сая төгрөгийн зээл гаргуулан авсан байдаг. Гэтэл Энхрагчаа нь С.Мөнх-Эрдэнийн эзэмшилд байсан 00-16 УБЯ улсын дугаартай Тоёота ланд крузер-200 маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн, улмаар зээл авч Авто тээврийн үндэсний төв дээр очиж нэрийг шилжүүлсэн байдаг. Энэ үйлдлийн улмаас “Оршил Финанс” ХХК-д 15 сая төгрөгийн хохирол учирснаас Энхрагчаа нь одоо 11.050.000 төгрөгийг төлөх ёстой байгаа...” гэх мэдүүлэг /хх-59-60/
Гэрч С.Төмөрхуягийн “...2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг 49 минутанд манай ах Мөнх-Эрдэнэ /99916026/ над руу залгаад одоо хүн очиж машин үзнэ гэж хэлсэн. 11 цагийн үед 80216669 дугаараас над руу залгаад машиныг чинь үзэх хүн байна ирчихлээ гэж хэлэхээр нь би гэрийн гадаа буюу ХУД-ийн 11-р Цэлмэг хотхоны 86-р байрны граж руу над руу ярьсан хүний хамтаар ороод машиныг үзүүлээд тэр хүн надаас машины гэрчилгээ болон эзэмшигч манай ах Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэх канандах хэрэгтэй байна, банкны зээлэнд хамрагдах гэсэн юм гэж хэлээд бид 2 Саруул хотхон орж иргэний үнэмлэх аваад Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээ рүү орж иргэний үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний ориг хувийг нь би өөрөө аваад явсан...тэгээд өдөр 14 цагийн үед нөгөө хүн надруу залгаад машиныг чинь хүнд үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд Саруул төвийн хажууд байрлах Лэнд роверын хашаан дотор уулзахад манай машинд суугаад бид 2 Саруул төвөөс чанх хойшоогоо яваад 5 давхар улаан өнгийн байшингийн гадна ирж зогсоод нөгөө хүн маань миний гэрчилгээг аваад хүнд үзүүлээд ирье гэж хэлээд машинаас буугаад уг байшин руу орсон, нэг хаалгатай байшин байсан ба түд удалгүй нэг залуутай хамт гарч ирээд тэр залуу машин болон хянах самбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг дараад байсан. Тухайн үед би машин дотор сууж байсан учир гадаа тэр 2 залууг юу ярьсаныг нь сонсоогүй гадаа бороо орж байсан. Тэгээд миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг эргүүлж өгсөн ба тухайн үед би авахдаа шалгаагүй ба гэрчилгээний гаднах хавтас нь өнцгөөрөө нугларсан юм шиг тэмтгэрдсэн... тэгээд орой нь 19 цаг 30 минутанд надруу залгаад манай ээж бөө юм аа намайг машин авч байгааг мэдээгүй гэрчилгээ чинь хэрэгтэй би очоод зургыг нь авч болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. 20 цаг 10 минутын үед тэр нөгөө ах манай гадаа ирээд бид 2 граш руу ороод машины хаалга онгойлгоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад гэрэлтэй газар очиж зургийг нь аваадхая гэж хэлээд авсан. Эргүүлж гэрчилгээг надад өгсөн. Тухайн үед тэр хүн надад би машиныг чинь яг авна, зараа устгаарай, банкны зээл өнөө орой юм уу 1 дэх өдөр гарна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-10-11/
Гэрч Б.Жавхлангийн “...2013 оны өвөл Шар хадны сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хичээлд суух гээд автобусанд явж байхдаа түрийвчээ гээсэн юм. Тухайн өдөр би өөрийн түрийвчээ бичиг баримтаа зар авдаг цэг дээр очиж сонинд зарлуулсан. 2 сарын дараагаар над руу эрэгтэй хүн залгаад өөрийн чинь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх олсон 5000 төгрөг олоод ирвэл өгье гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Үүнээс хойш энэ хүнтэй холбогдохгүй байж байгаад 2013 оны хавар үнэмлэхээ 45.000 төгрөгийг тушааж Сүхбаатар дүүргээс гаргуулж аваад 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 25 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/
Гэрч М.Бат-Эрдэнийн “...2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил тарах гэж байхад их оочертой байсан ба эхлээд ирээд даатгалын тамга тэмдэг дутуу гэж буцсан ба би бүрдүүлчихээд ирье гээд юмаа янзалчихаад буцаад ирэхдээ хамгийн сүүлийн оочер болсон. Тэгээд ахаа би хамгийн сүүлийн оочер юм чинь та минийхийг бүртгээд авчихаач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би материалыг нь харахад бүрдэл нь бүрэн гүйцэд байхаар нь иргэний үнэмлэхтэй нь харьцуулж харчихаад худалдах, худалдан авах гэрээг эх хувиар нь авч улмаар 00-16 УБЯ улсын дугаартай Тоёота ланд крузер-200 маркийн автомашиныг “Оршил финанс” ХХК-ийн нэр дээр гэрчилгээг гаргаж өгсөн. Тэр үед “Оршил финанс”-аас ч гэсэн албан бичиг ирсэн байсан. 044 дугаар бүхий тамга нь миний ашигладаг тамга байгаа юм. Тухайн үед Жавхлан гэдэг хүний иргэний үнэмлэх дээр байсан хүн үйлчлүүлж байсан хүнтэй адилхан л харагдаж байсан болохоор би шалгаад л өгсөн. Ерөнхийдөө тухайн сард хамгийн их ачаалалтай байдаг учраас тэр бүрчлэн нарийвчлан шалгаад байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-17/
Гэрч П.Тунгалагийн “...Би өөрийн байгууллагын мэдээллийн сангийн архиваас харахад манай бүртгэгч Б.Бат-Эрдэнэ нь анх буюу дээрхи өдөр Мөнх-Эрдэнээс Жавхлан руу хийсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Оршил Финанс ХХК руу шилжүүлэн тухайн өдөр 044 дугаар бүхий тамгыг ашигласан байдаг. Харин миний хувьд Оршилд Финанс ХХК-иас гэрчилгээ гээгдүүлсэн албан тоот, үл хөдлөхийн гэрчилгээ, мөнгө тушаасан баримт зэргийг хавсаргаж аваад 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээг нөхөж олгосон байна. Миний хувьд 044 дугаар бүхий тамгыг ашиглаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 18/
Гэрч Ц.Гунаабазарын “Тухайн үед надтай Болд овогтой Жавхлан гэсэн бичиг баримтаар худалдах, худалдан авах гэрээ хийснээ авчраад зээл хүсч нэг залуу ирсэн. Дараагаар нь тэр бичиг баримтыг Энхрагчаа гэдэг хүн худалдаж аваад ашигласан байсныг нь мэдсэн. Тэр үед манайхаас бичиг хийж өгч явуулахад Авто тээврийн үндэсний төв дээр бүх бичиг баримт, гэрээ контрактыг нь тулгаж байгаад бичиг баримтыг манай компаний нэр дээр шилжүүлсэн байсан учраас бид зээлийг хууль ёсны дагуу олгосон. Тэр үед Жавхлан гэж бичиг баримттайгаа ирсэн залуу мөнгөө бэлнээр авна гэж байгаад би өөрөө төв Хаан банк руу дагуулж явж байгаад авч өгөөд гарын үсгийг зуруулсан. Авто тээврийн үндэсний төвийн 044 хувийн дугаартай бүртгэгч бүртгэж гэрчилгээ авсан байсан...Энхрагчаа манай байгууллагын хохирлоос 5 сая төгрөгийг төлсөн байгаа. Одоо11.050.000 төгрөгийг нэхэмжилж уг хэрэгт хохирогчоор манай компаний эдийн засагч А.Мөнхшүр гэх эмэгтэй оролцож байгаа...” гэх мэдүүлэг /хх-61-62/
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хуурамч гэх/ /хх-25/
“Оршил Финанс” ХХК-иас Б.Жавхлан 15 сая төгрөг авсан гэсэн баримт хуулбар /хх-36/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /Оршил финансд шилжсэн/ /хх-40/
“Оршил финанс” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтүүд хуулбар /хх-41-42/
00-16 УБЯ улсын дугаартай Тоёота ланд-200 автомашины шилжилт хөдөлгөөний лавлагаа /хх-45/
Ц.Гунаабазарын 15 сая төгрөг Хаан банкны данснаас авсан баримт /хх-82/
“Оршил Финанс” ХХК-ийн Б.Жавлан гэгчтэй байгуулсан зээлийн гэрээ /хх-83-86/
Э.Энхрагчаагийн яллагдагчаар мэдүүлсэн: “Би автомашиныг луйвраар өөрийн нэр дээр шилжүүлж ломбарданд тавих талаар бодоод 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Унаа.мн сайт дээрээс Ланд-200 зарна гэсэн зарын дагуу 99916026 дугаартай Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй холбогдоод машиныг нь үзье гэж хэлсэн чинь намайг дүүтэй уулзчих гэж хэлээд Цэлмэг хотхоны грашд очиж машиныг нь үзээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь Дүнжингаравын үйлчилгээний төв дотор Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэх зэргийг хувилаад ориг хувиудыг нь дүүд нь өгөөд салсан. Нарантуул зах ороод зүүн хэсэгт байрлах хуучин эд зүйлс зардаг хүмүүс дээр очоод хаясан гээсэн иргэний үнэмлэх байна уу гэж асуугаад Болдын Жавхлан гэдэг хүний үнэмлэхийг 10.000 төгрөгөөр худалдан аваад Төв шуудан орох замдаа утсаараа интернет орж автоломбард Оршил Финанс гэдгийг олоод утас руу нь залгаад машин тавих талаар асуухад болноо гэж хэлсэн. Төв шуудангийн интернет кафед суугаад худалдах худалдан авах гэрээг интернетээс татаад нэр усыг нь бөглөөд google дээрээс нотариатын тамга олоод фотошоп программ ашиглан нотариатын тамганы хэмжээг жижигрүүлээд гэрээг хэвлэж гаргаад гэрээний худалдагч, худалдан авагч гэсэн хэсэг дээр Жавхлан, Мөнх-Эрдэнэ гэсэн хүмүүсийн гарын үсгийг зураад флаш руу тамгыг нь хуулаад Багшийн дээдийн автобусны буудлын хойно байрлах үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах интернет кафед сууж тамгыг нь гэрээн дээр өнгөтөөр 2 хувь хэвлэж гаргаад нөгөө машин үзүүлдэг залуу руу залгаад хоёулаа нарны замд байрлах Саруул захын хажууд уулзахаар тохиролцоод би Оршил финансруу ороод машин ирчихлээ үзээд өгөөч гэж хэлээд захирлыг нь дагуулаад гараад зураг даруулаад нөгөө залууд гэрчилгээг нь өгөөд явуулсан. Тэгээд би Оршил Финансаас машиныг Оршил финансын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг аваад авто тээвэр дээр 29.000 төгрөг тушаагаад Оршил финансын нэр дээр шилжсэн гэрчилгээг аваад эргэж аваачиж өгсөн. Оршил финанс дээр очиход нотариат хаасан байсан учир би тухайн өдрийн орой 20 цагийн үед машин зардаг хүн рүү залгаад гэрчилгээгээ өгч байгаач гэж хэлээд гэрийнхэн гадаа очиж уулзаад гэрчилгээнийх нь зургыг дарахдаа Авто тээврээс авсан гэрчилгээг солиод өгсөн. 00-16 УБЯ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашины анхны гэрчилгээг нь маргааш өглөө нь авто тээврийн газарт аваачиж өгсөн ба өмнөх өдөр нь тэдний ажилтангаас шинээр гэрчилгээ гаргуулж авахдаа өмнөх гэрчилгээг нь машин дотроо орхисон байна хаясан байна гээд мөнгийг нь төлье гэж хэлэхэд үгүй тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гуйгаад маргааш өглөө нь яг авчирч өгнө гэсэн чинь хэрэв авчирч өгөхгүй бол цагдаа сэргийлэхээр шалгуулна гэж хэлээд надад Оршил финансын нэр дээр шинийг гаргаж өгсөн. Оршил финанс дээр очоод гэрчилгээгээ хаячихлаа гэж хэлээд албан бичиг хийлгүүлж аваад авто тээвэр дээр очоод өөр нэг ажилтанд нь өгөөд би өчигдөр авсан гэрчилгээгээ хаячихлаа гэж хэлээд 29.000 төгрөг төлсөн. Тэгээд би тэр өдрөө ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд байрлах нотариатын газар очиж фидуцын гэрээ хийж гэрээг Оршил Финанс дээр очиж бэлнээр 15.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авсан....” гэх мэдүүлэг /хх-14-15, 22-23, 63, 69 /
Шүүгдэгч Э.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-29-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Энь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мөнх-Эрдэний өмчлөлийн 00-16 УБЯ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” маркийн автомашиныг худалдан авна гэж түүний дүү С.Төмөрхуяг нарт итгэл төрүүлэн хуурч, автомашин эзэмшигчийн бичиг баримтыг хуулбарлан авч, 2013 онд хаяж гээгдүүлсэн Болдын Жавхлангийн иргэний бичиг баримтыг ашиглан С.Мөнх-Эрдэнээс Б.Жавхланд худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож “Оршил финанс” ХХК-ий нэр дээр тус автомашины өмчлөгчийн эрхийг шилжүүлэн залилсан, мөн өдрөө бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурамч гэрээг үзүүлж, хүсэлт бичүүлэн авч, авто тээврийн төвд хандаж өмчлөгчийн эрхийг шилжүүлүүлж “Оршил финанс” ХХК-нд 15 сая төгрөгийн барьцаанд тавьж 15 сая төгрөгийг авч тус тус залилсан болох нь
Хохирогч С.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-7-9/, хохирогч А.Мөнхшүрийн мэдүүлэг /хх-57-58/, хохирогч Б.Онолтуяагийн мэдүүлэг /хх-59-60/, гэрч С.Төмөрхуягийн мэдүүлэг /хх-10-11/, гэрч Б.Жавхлангийн мэдүүлэг /хх-12-13/, гэрч М.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-17/, гэрч П.Тунгалагийн мэдүүлэг /хх 18/, гэрч Ц.Гунаабазарын мэдүүлэг /хх-61-62/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хуурамч гэх/ /хх-25/, “Оршил Финанс” ХХК-иас Б.Жавхлан 15 сая төгрөг авсан гэсэн баримт хуулбар /хх-36/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /Оршил финансд шилжсэн/ /хх-40/, Оршил финанс ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлтүүд хуулбар /хх-41-42/, 00-16 УБЯ улсын дугаартай Тоёота ланд-200 автомашины шилжилт хөдөлгөөний лавлагаа /хх-45/, Ц.Гунаабазарын 15 сая төгрөг Хаан банкны данснаас авсан баримт /хх-82/, Оршил Финанс ХХК-ийн Б.Жавлан гэгчтэй байгуулсан зээлийн гэрээ /хх-83-86/, Э.Энхрагчаагийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15, 22-23, 63, 69 / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэрэг шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Эгийн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мөнх-Эрдэний өмчлөлийн 00-16 УБЯ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” маркийн автомашиныг худалдан авна гэж түүний дүү С.Төмөрхуяг нарт итгэл төрүүлэн хуурч, автомашин эзэмшигчийн бичиг баримтыг хуулбарлан авч, 2013 онд хаяж гээгдүүлсэн Болдын Жавхлангийн иргэний бичиг баримтыг ашиглан С.Мөнх-Эрдэнээс Б.Жавхланд худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгож “Оршил финанс” ХХК-ий нэр дээр тус автомашины өмчлөгчийн эрхийг шилжүүлэн залилсан, мөн өдрөө бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурамч гэрээг үзүүлж, хүсэлт бичүүлэн авч, авто тээврийн төвд хандаж өмчлөгчийн эрхийг шилжүүлүүлж “Оршил финанс” ХХК-нд 15 сая төгрөгийн барьцаанд тавьж 15 сая төгрөгийг авч тус тус залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин Э.Э нь “Оршил финанс” ХХК-д учруулсан хохирлоос нийт 9.000.000 төгрөгийг төлж барагдуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Эгаас 6.000.000 төгрөгийг гаргуулж “Оршил финанс” ХХК-д олгох нь зүйтэй байна.
2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. … Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн…” нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлагдсан байна.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
3. Бусад асуудлаар:
Toyota Land Cruiser 200 маркийн 00-16 УБЯ улсын дугаартай автомашины “Оршил финанс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг машиныг хохирогч Гашуун овогт Самдандоржийн Мөнх-Эрдэнэ /УП91062613/-ийн эзэмшилд бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харчин овогт Энхбатын Эг баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эг 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Эгаас 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж “Оршил финанс” ХХК-д олгосугай.
5. Toyota Land Cruiser 200 маркийн 00-16 УБЯ улсын дугаартай автомашины “Оршил финанс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг машиныг хохирогч Гашуун овогт Самдандоржийн Мөнх-Эрдэнэ /УП91062613/-ийн эзэмшилд бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР