| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0068/З |
| Дугаар | 128/ШШ2025/0322 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0322
2025 05 07 128/ШШ2025/0322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Э******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц******* /РД:/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Э нарын хооронд “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Хоёр. Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч П.Э******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Э байцаагч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг гаргаж, нэхэмжлэгч намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Тодруулбал, намайг "Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо зардлын данс бүртгүүлээгүй гэх зөрчил гаргасан" хэмээн буруутгаж, Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгосон. Тухайн торгууль нь хууль бус буюу намайг торгох үндэслэлгүй байсан. Иймд намайг үндэслэлгүйгээр зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, хууль бусаар 10,000,000.00 төгрөгөөр торгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, би сонгуульд оролцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй байхад намайг үндэслэлгүй, хууль бусаар торгож хохироосон тул би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.
2.2. Маргаан бүхий захиргааны акт хууль бус болох тухайд шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт "Монгол Улсын иргэн П******* овогтой Э******* нь зардлын данс бүртгүүлээгүй журам зөрчсөн болох нь... тогтоогдож байна. Иймд холбогдогч П.Э******* нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй" хэмээн тусгасан байна. Тус нөхцөл байдлыг үндэслэл болгож Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу намайг 10,000,000.00 төгрөгөөр торгоод байна. Гэтэл энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм.
2.3. Татварын улсын байцаагч нь намайг "зардлын дансаа бүртгүүлээгүй" хэмээн буруутгасан байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасан. Иймд сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй болно. Иймд намайг зардлын дансаа бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй юм.
2.4. Харин нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй болно. Учир нь, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т "Нам нь сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн" гэж, 5.1-т "... иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх,... намд элсэх, тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй" гэж, 7.1-т "Нам дараах эрхийг эдэлнэ" гэж, 7.1.3-т "хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох" гэж тус тус заасан. Үүний дагуу иргэд бид өөрсдийн үзэл бодлын үүднээс нам байгуулах, намд элсэх, намын дүрэм, бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэрэгслээ өөрсдөө чөлөөтэй сонгох, түүний дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Миний элсэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нам болох Э******* нам нь хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн.
2.5. Тодруулбал, Э******* намын төлөөллийн төв байгууллага болох Сенатаас 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаартай тогтоолыг гаргаж, тус тогтоолын 1 дэх заалтаар УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааг Э******* намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч тус бүр тус тусдаа хийх бус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсонтой холбоотой дээрх Тогтоолын 3 дахь заалтаар "Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй" гэж, тогтоолын 4 дэх заалтаар "Тус Тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан Э******* намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй.
2.6. Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын гт бүртгэлтэй Э******* намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасугай” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Э******* намын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх, нэр дэвшигчид тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон. Намын тус шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд намын тус дотоод хэрэгт төрөөс оролцох, буруутгах эрхгүй юм. Өнөөдрийг хүртэл Э******* намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дээр дурдсан С/05 дугаартай тогтоолыг хууль зөрчсөн гэж тогтоосон, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болно.
2.7. Э******* нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй. Иймд Э******* нам нь Улс төрийн намын тухай хуулийн 7.1.3-т заасан "намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох" эрхээ эдэлж, сонгуульд оролцсон гэж бодож байна. Сонгуулийн тухай хуулийн 36.2-т "Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу намын сонгууль эрхэлсэн байгууллагын намын болон тус намын нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг эрхлэх явуулах боломжтой юм.
2.8. Энэ нөхцөлд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар хийх бөгөөд нэр дэвшигч өөрөө сонгуулийн сурталчилгаа хийхгүй тул тэрээр зардал гаргахгүй юм. Э******* нам, түүний нэр дэвшигчдийн үйл ажиллагаа хуулийн тус заалтад нийцсэн юм. Үүнийг 2020 оны болон 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн зөвшөөрч, тус агуулгаар мэдээлэл, зөвлөгөө өгч байсан болно. Бид энэ талаар сүүлд Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандаж, бичгээр хариу авсан. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 3/1090 дугаартай албан бичигт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслээс нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа нөхцөлд нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх боломжтой талаар хариу өгсөн. Иймд Э******* нам, тус намаас нэр дэвшигчдийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй болно.
2.10. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол торгоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл, зардлын дансыг (1) бүртгүүлэх, (2) түүнд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох талаар заасан. Эдгээр нь зардлын данс нээсэн боловч бүртгүүлээгүй тухай болон мөнгөн хөрөнгийг дансанд төвлөрүүлэх, зарцуулах талаарх журам зөрчих тухай ойлголтууд юм. Харин зардлын дансыг нээлгэх талаарх журам зөрчсөн бол торгох талаар Зөрчлийн тухай хуульд заагаагүй. Иймд намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т тусгаагүй үйлдлийн төлөө буруутгаж, үндэслэлгүй торгосон байна. Э******* нам нь УИХ-ын 2020 оны сонгуульд Зон олны нам нэрээр оролцож байсан. Тухайн үед сонгуульд мөн адил дээрх арга замаар оролцсон.
2.11. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд намын нэр дээрх нэг л зардлын данстай байж, түүнд хөрөнгө төвлөрүүлж, харин нэр дэвшигчид зардлын данс нээхгүй, хандив авахгүй байх арга замаар сонгуульд оролцсон. Тухайн үед Татварын байгууллага, Татварын улсын байцаагчид мөн адил манай намын гишүүдийг энэ байдлаар торгож байсан. Гэхдээ шүүх тус торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэж байсан билээ. Гэтэл Татварын байгууллага, улсын байцаагчдын зүгээс өмнө гаргасан алдаагаа дахин давтаж, биднийг хууль бусаар торгож байгааг ойлгохгүй, гайхаж байна.
2.12. Миний зүгээс болон манай намын зүгээс одоогоор өмгөөлөгч аваагүй байна. Иймд зөрчлийн хэргийн баримт нь шүүхэд ирсний дараа бид өмгөөлөгч авч, түүнд баримтуудыг танилцуулсны үндсэн дээр нэхэмжлэлээ дэмжиж нэмэлт тайлбар гаргах болно. Хэргийн харьяаллын тухайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т "Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан ... шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ" гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь заалтад татварын улсын байцаагчийн шалган шийдвэрлэх зөрчлүүдийг заасан. Иймд татварын улсын байцаагчийн гаргасан Шийтгэлийн хуудаст холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна.
2.13. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргах талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй байна. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тус гомдлыг шийдвэрлэх дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтныг заагаагүй. Мөн Татварын ерөнхий хуульд зөвхөн татварын асуудлыг зохицуулсан бөгөөд татварын улсын байцаагчийн зүгээс зөрчилд ногдуулах шийтгэл, түүнд гомдол гаргах талаар огт хуульчлаагүй байна. Иймд хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнтэй холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасны дагуу 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав. Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч В.Э би, Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1924 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий гт 03/8213 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичиг зэргээр Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Э******* намын нэр дэвшигч (*******) П.Э******* нь данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэх гомдол, мэдээллийг хүлээн авч танилцаад зөрчлийн хэрэг нээсэн.
3.2. П.Э******* нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Э******* намаас Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 10 дугаар тойрогт нэр дэвшсэн ба Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51.4.-т "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа үндэсний аудитын гт бүртгүүлээгүй болох нь өөрийн мэдүүлэг, үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1924 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий гт 03/8213 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичиг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10,000,000.0 / арван сая/ төгрөгийн торгууль ногдуулж шийтгэлийн хуудас үйлдэж шийтгэл оногдуулсан.
3.3. Гомдол гаргагч П.Э******* нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө аливаа хүн хуулийн этгээдээс мөнгөн хандив аваагүй, цуглуулаагүй зөвхөн намын хөрөнгөөс сонгуулийн сурталчилгааны холбогдох зардлыг гаргасан бөгөөд Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 51.1. "Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр Дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна", гэж заасны дагуу нам эвсэл, нэр дэвшигч нь тус бүр сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй гэж харагдаж байна. П.Э******* нь хандив авсан, аваагүй сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан болно.
3.4. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын дагуу Э******* намаас нэр дэвшсэн П.Э******* нь сонгуулийн зардлын тайланд Н******* ХХК-ийн хийсэн аудитын тайланг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 дугаар албан бичгээр Үндэсний аудитын гт хүргүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт "Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн байна.
3.5. Сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй гэсэн зөрчлийг зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь сонгуулийн зардлын данс нээгээгүй гэдгээ ярилцлагад хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ногдуулсан шийтгэлийн хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч П.Э******* нь Э******* намын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/S05 дугаар Сенат тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн(1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал) ба Э******* намын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаартай сенатын тогтоолоор “... Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар зохион байгуулж, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй, зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсэн(1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал).
1.2. “Ниямазон аудит" ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 тоот албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал)-ээр Э******* намаас нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд хийсэн аудитын дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 74 дахь тал)-ийг Үндэсний аудитын гт хүргүүлж, Үндэсний аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1924 дугаар албан бичгээр “... Э******* намын 43 нэр дэвшигчээс 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй ..., Иймд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасны дагуу хяналт хэрэгжүүлсний хүрээнд илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэхээр харьяаллын дагуу шилжүүлж байна” гэж Сангийн яаманд шилжүүлсэн(1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал).
1.3. Сангийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 03/8213 дугаар албан бичгээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан эрх бүхий татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан. Иймд татварын улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа, аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авч, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох шийдвэрийг ирүүлнэ үү” гэж Татварын ерөнхий гт хүргүүлсэн(1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал).
1.4. Татварын ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/2286 дугаар албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал)-ээр Э******* намын 40 нэр дэвшигчид холбогдох зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст шилжүүлсэн(2 дугаар хавтаст хэргийн 53 дахь тал).
1.5. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Э 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр П.Э*******д холбогдуулан ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж(1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал), зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дугаар шийтгэлийг хуудас(1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)-аар нэхэмжлэгч П.Э*******д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн зардлын данс нээгээгүй, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргуулж төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй гэх зөрчилд 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
1.6. Э******* намаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024В/1116 тоот албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал)-ээр Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч зардал гаргахгүй тохиолдолд заавал хандивын данс нээлгэх хуульд заасан үүрэггүй болохыг тодорхойлж өгнө үү” гэж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1090 тоот албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал)-ээр “... нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардлыг тухайн нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь зөвхөн намын өөрийн хөрөнгөөр зарцуулах байдлаар хариуцаж байгаа тохиолдолд нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээхгүй байх боломжтой” гэх хариуг Эрх чөлөөний эсвэл намд, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/1110 дугаар албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал)-ээр Үндэсний аудитын гт хүргүүлжээ.
1.7. Иймд нэхэмжлэгч П.Э******* Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
Хоёр. Шүүхээс шийдвэрлэсэн дүгнэлтийн тухайд:
2.1. Хариуцагч нь шийтгэлийн хуудсыг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эсвэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж зохицуулснаас үзэхэд сонгууль оролцохоор нэр дэвшсэн этгээд нь сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх нэг данс нээлгэх, тухайн дансаа төрийн аудитын байгууллагад сонгуулийн санал хураалт болохоос 15 хоногийн өмнө мэдэгдэж бүртгүүлэх, явцын тайлангаа 3 хоногийн өмнө гаргаж төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргийг хүлээлгэж зохицуулсан байна.
2.2. Харин энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан байна.
2.3. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нь зардлын дансаа хуульд зааснаар урьдчилан бүртгүүлээгүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил болох бөгөөд торгуулийн хариуцлага хүлээхээр хуульчлагдсан байна.
2.4. Хэдийгээр Э******* нам нь сонгуульд бага зардал гаргаж оролцох, намын хөрөнгөөр сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлэх, тус намаас нэр дэвшигч бүр тусдаа хандив цуглуулж, зардал гаргах шаардлагагүй гэж шийдвэрлэн сонгуульд оролцсон, үүнийг нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн албан бичгүүдээр үгүйсгээгүй ба ингэж оролцох нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар хориглогдоогүй байна. Гагцхүү тус хуульд заасан данс бүртгүүлэх үүргээ гомдол гаргагчийн зүгээс нэр дэвшүүлж буй нам нь дээрх байдлаар сонгуульд оролцох болсон гэдгээ төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, нэр дэвшигчийн эсхүл нэгдсэн байдлаар нэг данс нээн сонгуульд оролцож байгаагаа бүртгүүлээгүй нь хуульд заасан дансаа бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй шалтгаан болсон гэж үзэхээр байна.
2.5. Гэвч хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хуульд зааснаар ажиллагааг явуулж зөрчлийг тогтоогоогүй нь доорх байдлаар тогтоогдож байна.
2.6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг, 1.12 дугаар зүйлийн 2.1-д “Энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор”, 2.2-т “энэ зүйлийн 2.1-т заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед”, 3.1 дүгээр зүйлийн 2.1-д “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.6-д “холбогдогч нь эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” эрхтэй гэж зааснаас үзэхэд гомдол гаргагч нь зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд холбогдогчоор оролцохдоо Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрхийг эдлэх, үүнд нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг, хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргах, мөн бусад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан прокурорт гомдол, хүсэлт гаргах эрх, үүргийг нь танилцуулаагүй, утсаар мэдэгдсэн гэх боловч түүнийгээ баримтжуулсан баримт байхгүй.
2.7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах нийтлэг зүйлийг тусгана” гэж зааснаар тэмдэглэл үйлдэж баримтжуулах ёстой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй, гомдол гаргагчаас эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй гэх тайлбарыг үгүйсгэх, зөрчлийн ажиллагааны баримтад байх баримт, тэмдэглэлээр нотлогдоогүй тохиолдолд хариуцагчийн эрх, үүрэг тайлбарласан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.8. Түүнчлэн хэргийг нээх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан хугацааны тухайд илтэд зөрүүтэй үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, тодруулбал, Сангийн яамнаас харьяаллын дагуу шилжүүлсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн байхад тус мэдээллийг тус оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар бүртгэж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.4-т нь “зөрчлийн хэрэг нээх” гэж заасантай нийцээгүй, заасан хугацааг зөрчсөн, тус хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүй, үүний үр дагавар нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах хугацаа нь хаанаас эхэлж хаана дуусаж байгаа, сунгасан хугацаа зэрэг нь хуульд заасан журамд нийцээгүй буруу тооцогдож явсан болох нь тогтоогдсон.
2.9. Мөн зөрчлийн хэрэг нээсэн тогтоолдоо “...сонгуулийн 10 дугаар тойрогт Э******* намаас нэр дэвшигч нь данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг ирүүлээгүй зөрчилд нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай тул цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах” гэж хэрэг нээсэн атлаа данс бүртгүүлээгүй гэх үндэслэлийг баримталсан нь зөрүүтэй, уг тогтоолоо нэхэмжлэгчид танилцуулж, гомдол гаргах эрхээр нь хангаагүй, яг ямар зөрчилд шалгагдаж байгаагаа мэдэх тэрхүү хуульд тусгайлан зааж өгсөн эрхээр нь хангаагүй нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
2.10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь хуульд зааснаар зөрчил шалгах ажиллагааг явуулахыг үүрэг болгосон, түүнээс бус хуульд заасныг зөрчиж ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй, хариуцагчийн хувьд тухайн холбогдогчийн зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтнаар томилогдсон нь тодорхойгүй, хэрхэн тус зөрчлийн шалгах эрх нь үүссэн нь тодорхойгүй, шүүх хуралдааны явцад шилжүүлсэн тогтоол төлөвлөсөн файлаар байгаа гэх боловч зөрчлийн баримтад авагдаагүй баримтыг шүүхээс хийсвэрээр дүгнэн тухайн баримтыг үнэлэх боломжгүй.
2.11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж зааснаас үзэхэд шийтгэл оногдуулах шийдвэр болох шийтгэлийн хуудастаа зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэл, оногдуулах шийтгэл, төрөл хэмжээ зэргийг маш ойлгомжтойгоор батлагдсан загварт тусгах байдлаар гаргах ёстойг хуульчилсан байна.
2.12. Гэвч маргаан бүхий шийтгэлийн хуудаст ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Э******* намын нэр дэвшигч нь П.Э******* сонгуулийн зардлын данс нээгээгүй, сонгуулийн зардлын тайланд дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй зөрчил нь асуудлыг шалгаад олсон нь гээд юу олсон нь тодорхойгүй хоосон, юугаар нотлогдон тогтоогдсон болох нь мөн хоосон атлаа Иймд холбогдогч П.Э*******ы үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэх нь гээд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000 .....шийтгэл ногдуулж гэснийг үзэхэд ямар төрлийн шийтгэл ногдуулж байгаа, торгуулийн шийтгэл ногдуулсан гэхэд хэдэн нэгж, хэдэн төгрөгөөр ногдуулж байгаа нь ойлгомжгүй, зүй нь шийтгэх тогтоол нь зөрчил гаргасан этгээдэд/иргэнд/ ойлгомжтой, салаа утгагүй, ямар зөрчилд шалгагдаж, ямар баримтаар нотлогдож, тогтоогдсон болохыг нь мэдэгдсэн, хүлээх хариуцлагын төрөл, хэмжээ нь тодорхой байх ёстой байтал эдгээр хуулийн шаардлагыг хангаагүй.
2.13. Батлагдсан загварыг үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу бүх зүйлийг тусгах боломжтой байдлаар баталсан байхад хариуцагч нь шийтгэл ногдуулах хуудсыг хуульд зааснаар гаргаагүй, хоосон орхих байдлаар гаргах нь захиргааны актыг бичгээр гаргах шаардлагыг хангаагүй, хуулиар тодорхой байдлаар юу юуг тусгах талаар заасан байхад үүнийгээ хэрэгжүүлээгүй байгаа маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.14. Нэгтгэн дүгнэхэд хууль зөрчсөн этгээдийг зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах ажиллагааг явуулахдаа хуульд заасан ажиллагааг зөрчиж холбогдогч этгээдэд тус ажиллагаанд оролцохдоо ямар зөрчилд шалгагдаж байгаа, ямар эрх, үүрэгтэй оролцохыг нь тайлбарлаж өгөөгүйгээс эрхээ хэрэгжүүлж чадаагүй, хэрэг нээх болон хэрэг бүртгэлтийн хугацаа зөрчилтэй, гаргасан шийтгэлийн хуудас нь хуулийн шаардлага хангаагүй шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж шүүхээс дүгнэн шийдвэрлэх үндэслэлгүй тул гомдол гаргагчийн гомдлыг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч В.Эгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ