Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 23

 

элэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сумын Сонгуулийн хороонд холбогдох

            “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                    Ц.Наранцэцэг

            Хариуцагч:                                                      Д.Ган-отгон

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь Монгол Ардын намаас сумын ИТХ-ын 3 дугаар тойрогт нэр дэвшсэн юм. Гэтэл Сүхбаатар сумын Сонгуулийн хороо Сүхбаатар сумын Ардчилсан намаас гаргасан хүсэлтийн дагуу Ардчилсан намын гишүүн байгаад өргөдлөө өгч гараагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байна.

            Би МАН-д өргөдлөө өгч 2016 оны 03 дугаар сарын 01-нд эх орончдын өдрөөр элсэж, тус намын дүрэм, хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, намын хамт олны итгэлийг хүлээн УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Н.Оюундарь гишүүний шадар туслагч, санал хураах өдөр МАН-ын  ажигдлагчаар ажилласан юм.

            Миний бие нь Ардчилсан намд өргөдөл хүсэлт өгч ороогүй, тус намын гишүүний үнэмлэхгүй байхад намын гишүүний анкет гэх маягтын хуулбарыг үндэслэн АН-ын гишүүн гэсэн өрөөсгөл дүгнэлт хийж, миний бүрдүүлсэн МАН-ын идэвхитэй гишүүн болохоо нотолсон хангалттай материал, итгэл үнэмшлээрээ хийсэн сонголтыг үл хүндэтгэн сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан нь Сонгуулийн тухай хуулийн 159-ын 2-р заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

            Намдаа элсүүлэхдээ албан ёсоор өргөдөл авч намын батлахаа өгөөгүй байж, одоо надаас өргөдөл өгөхийг шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Би үнэхээр Ардчилсан намын батлах өвөртөлчихөөд Монгол Ардын намд элсээд яваад байгаа бол оюуны хомсдолтой хүн болж таарна байх, гэтэл Ардчилсан нам надад намын баталгаа өгөөгүй. Сая хүүхдийн баяраар болон цагаан сараар бэлэг өгсөн. Энэ бол багийн хийдэг ажил. Намын батлах байхгүй.  

            Сумын сонгуулийн хорооноос гаргасан тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэхь заалт Сонгуулийн тухай хуулийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчижээ.

            Иймд намайг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай Сүхбаатар сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сонгуулийн хорооны дарга шүүхэд  ирүүлсэн хариу  тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сүхбаатар сумын Ардчилсан намын хорооноос Ц.Наранцэцэг нь тус намын гишүүн бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 154.6 дахь заалтыг зөрчсөн тул  нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасуулах тухай 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 16 тоот бүхий 5 хуудас нотлох баримтыг ирүүлсэн. Үүнд Ардчилсан намын гишүүн Э.Болор-эрдэнэ, С.Улаанаа нарын тодорхойлолт, Сүхбаатар сумын Ардчилсан намын  гишүүдийн бүртгэл, Ардчилсан намын гишүүний анкет зэрэг материалууд ирүүлсэн.

            Ц.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...миний бие Ардчилсан намд өргөдөл өгч ороогүй тул намын гишүүний үнэмлэхгүй байхад” гэжээ. Ц.Наранцэцэг нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Сүхбаатар сумын Сонгуулийн хороонд гаргасан өргөдөлдөө “...бид хоёр үнэмлэхээ /хуучин цэнхэр/ авчирч үзүүлж байж тэр саналыг өгч байсан” гэж намын гишүүн байсан, намын гишүүний үнэмлэхтэй байснаа нотолдог. Сүхбаатар сумын Сонгуулийн хорооны хуралдааны үеэр Ц.Наранцэцэг биечлэн ирж тайлбар хийсэн.

            Дээрх нотлох баримтууд болон АН-ын гишүүнээс татгалзаагүй байх  үндэслэлтэй гэж үзээд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтуудыг хэрэгжүүлж Ц.Наранцэцэгийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан болно гэв.      

Үндэслэх нь:

           Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сонгуулийн 3 дугаар тойрогт Ц.Наранцэцэгийг Монгол Ардын намаас нэр дэвшигчээр бүртгэсэн байх ба мөн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Ардчилсан намын гишүүнээс албан ёсоор хүсэлт гарган чөлөөлөгдөөгүй” гэх үндэслэлээр Ц.Наранцэцэгийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэжээ.                

           Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь дээрх “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

           Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно”, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”  Ардчилсан намын дүрмийн 3.4.1-д “Намын гишүүнээс гарах бол хүсэлтийнхээ хамт үнэмлэхээ буцааж өгнө” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Ц.Наранцэцэг нь Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүн болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Ардчилсан намын  гишүүдийн бүртгэл[1], 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын гишүүний анкет[2], Ц.Наранцэцэгийн Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд гаргасан  өргөдөл[3] болон тус сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай хуралдааны тэмдэглэл[4] дээр “1996 оноос АН-ыг дэмжиж байсан нь үнэн, 2015 оны 02 дугаар сард өөрийн гараар анкет бөглөж өгсөн, хуучин цэнхэр үнэмлэхтэй, АН-ын гишүүний шинэчилсэн үнэмлэх өгөөгүй тул өргөдөл өгч намын гишүүнээс татгалзах шаардлагагүй” гэх зэргээр тогтоогдож байна.

           Иймд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг баримтлан нэр дэвшигч Ц.Наранцэцэгийг нэрийн жагсаалтаас хассан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  Сонгуулийн хорооны шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 159 дүгээр зүйлийн 159.1, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай иргэн Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг 5692012910 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

           3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БУРМАА