Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 417

 

                                                                                                                                                                                       

                                                                    

 

 

 

 

 

 

 

     Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Нямсүрэн,

Ялтан Л.Золзаяагийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,  

Ялтан Б.Цогбаяр /цахим сүлжээгээр хорих ангиас оролцсон/, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Цогбаярын гаргасан давж заалдах гомдлоор Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт холбогдох эрүүгийн 201525031697 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харагчин овогт Лхагвасүрэнгийн Золзаяа, 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-366а тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УХ83121315/,

2. Боржигон овогт Баасандоржийн Цогбаяр, 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-697 тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 168 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаартай захирамжаар 168 цагийн албадан ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 102 цагийг 4 хоногийн хугацаагаар баривчлах ялаар сольсон, 2007 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ЖИ84021013/,

Л.Золзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн харьяа Нүүр Ам Судлалын сургуулийн хаалган дээр иргэн Ц.Баярцэцэгийн халааснаас “Самсунг Эс-6” загварын гар утсыг хулгайлж 1.100.000 төгрөгийн, Б.Цогбаяртай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Заводын автобусны буудал дээр иргэн Б.Урантөгсийн халааснаас “Самсунг Эс-6 Жи” загварын гар утсыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан,

Мөн дээрх гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ батлан даагч нартаа “очиж байгаа” гэж худал хэлж дуудсан цагт цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирэлгүйгээр 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 23 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

Б.Цогбаяр нь Л.Золзаяатай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Заводын автобусны буудал дээр иргэн Б.Урантөгсийн халааснаас “Самсунг Эс-6 Жи” загварын гар утсыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Дээрх гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ оршин суудаггүй хаяг тэмдэглүүлж дуудсан цагт хүрэлцэн ирэлгүйгээр 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 23 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Л.Золзаяаг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Цогбаярыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Золзаяаг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт тус бүр оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Золзаяа 103 хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч Б.Цогбаяр 103 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Золзаяагаас нийт 1.850.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Баярцэцэгт 1.100.000 төгрөгийг, хохирогч Б.Урантөгсөд 750.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Цогбаяраас 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Урантөгсөд тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Цогбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Тус өдөр автобус хүлээгээд зогсож байтал Л.Золзаяатай санамсаргүй тааралдсан. …2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Үйлдвэр комбинатын автобусны буудал дээр зогсож байтал нэг эмэгтэй хүн миний ханцуйнаас татаад “чи миний гар утсыг өг” гэж нэхээд байсан. Би гайхаад аваагүй гэдгээ үнэнээр нь хэлэхэд тэр эмэгтэй огт итгэхгүй байсан. Тэр үед Л.Золзаяа хүмүүс дунд намайг хараад гэмгүй царайлаад зогсож байсан. Би Л.Золзаяаг яг хулгай хийж байхыг нь хараагүй, гэхдээ гар утсыг нь авчихсан юм болов уу гээд дахиад хартал алга болсон байсан. Хохирогч Урантөгс намайг нэгжээд аваагүй юм бол цагдаа дуудаж шалгуулна гэхэд би аваагүй, мэдэхгүй учраас би дагаад явсан. …Миний бие Б.Цогбаяр нь Л.Золзаяатай хамтарч хулгай хийсэн тохиолдол байхгүй атал 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Урантөгсийн “Самсунг Эс-6 гоулд” маркийн гар утсыг бусадтай нийлж хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Урантөгсийн гар утсыг Л.Золзаяа 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр халааснаас нь суйлж хулгай хийснээ өөрөө хүлээсэн. …энэ хулгайн гар утасны мөнгө төгрөгөөс 100 төгрөг ч авч хэрэглэсэн зүйл надад байхгүй. Би болсон үйл явдлыг үнэнээр нь хэлсээр байхад мөрдөн байцаагч Мөнхнасан болсон гуйвуулан намайг хулгай хийсэн мэтээр хавтаст хэрэгт оруулсан. Намайг Урантөгс гэдэг эмэгтэйд огт ойртож очоогүй гэдгийг буудлын камерын бичлэг нотолно. Зөвхөн Урантөгсийн худал мэдүүлгээр гэмт хэрэгтэн болгож ял оноосонд миний бие туйлын их гомдолтой байна. Намайг хулгай хийгээгүй болохыг нотлох баримт болох автобусны буудлын камерын бичлэгийг анхан шатны шүүхэд гаргаж үзүүлээгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү…” гэв.

Ялтан Б.Цогбаярын өмгөөлөгч Б.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Б.Цогбаярын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх Б.Цогбаярыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг хохирогчийн мэдүүлгээр болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзээд гэмт буруутай гэж үзсэн. Шүүх хуралдаанд хохирогч “яг Б.Цогбаяр авахыг би хараагүй, хамт явж байсан байх гэж бодоод тэр даруй барин авч нэгжиж үзсэн” гэж мэдүүлдэг. Мөн ялтан Л.Золзаяа “11 дүгээр сарын 23-ны өдөр ганцаараа явж Б.Урантөгсийн утсыг авсан. Б.Цогбаяртай бүлэглэж хулгай хийгээгүй” гэж мэдүүлдэг. 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ганцаараа явж, бусдын эд зүйлийг булаасан нь камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар харахад Б.Цогбаяр нь бусдын эд зүйлийг бүлэглэж авсан гэх нотлох баримт хангалттай тогтоогдохгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Цогбаярын үйлдэл нь хангалттай нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Л.Золзаяагийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт би Б.Урантөгсийг “ТҮЦ” рүү ороход утсыг нь аваад зам хөндлөн гараад явсан. Б.Цогбаярын оролцоо бусад нотлох баримтаар хохирогч шууд эх сурвалжаар зааж байгаа гэж хэлдэг боловч үүнээс бусад нотлох баримтаар нотлогдсон зүйл байхгүй. Тухайн үед хохирогч Б.Цогбаярыг газар дээр барьж аваад, дараа нь цагдаагийн байгууллагад аваачиж өгсөн. Л.Золзаяагийн хувьд “би өөрөө авсан” гэж мэдүүлж байгаа нь Б.Цогбаярыг хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Л.Золзаяа энэ хоёр үйлдлээ өөрөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх болон мөрдөн байцаалтын явцад Б.Цогбаяр нь би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэг байдлаар мэдүүлдэг. Гэсэн хэдий боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.Цогбаяр, Л.Золзаяа нар нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Заводын автобусны буудал дээр Х.Урантөгсийн гар утсыг бүлэглэн хулгайлсан нь бүрэн нотлогддог. Хохирогч хэн авсныг хараагүй гэж байна. Хохирогчийн хэн миний гар утсыг аваагүй гэх мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд байхгүй, шүүх хуралдааны явцад тийм мэдүүлэг өгөөгүй. Шийтгэх тогтоолд “Цонх цохихоор халааснаас гараа гаргаад эргүүлээд халаасандаа хийхэд миний гар утас алга болсон. Тэгээд эргээд харахад Б.Цогбаяр гэх хүн миний хажууд байж байгаад шууд цаашаа алхсан. Тэгэхээр нь би тэр хүнийг гар утас хулгайлсан байсан. Хоёр хүн байж байгаад нэг нь аваад, нөгөө хүндээ дамжуулж өгсөн” гэж мэдүүлдэг. Ер нь бол Х.Урантөгсийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд тодорхой зааж, эргэлзээгүй байдлаар мэдүүлсэн байдаг. Нэг нь автобусаар явсан. Үлдсэн хүнийг би бариад цагдаагийн байгууллагад өгсөн. Шүүх хуралдааны явцад Х.Урантөгс Б.Цогбаярт хандаж хэлдэг “чи авчихлаа, миний гар утсыг гаргаад өгчих, цаад хүн чинь аваад автобусанд суугаад явчихлаа, миний гар утсыг өгчих. Миний ажлын өрөөнд 2-3 цаг байсан, тэгээд цагдаа ирсэн” талаар мэдүүлсэн байдаг. Ийм мэдүүлгийн эх сурвалжуудаар хохирогч тодорхой зааж хоёр хүн бүлэглэж авсан талаар мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Л.Сарнай “Х.Урантөгстэй хамт цайнд гараад явж байгаад, би түрүүлээд алхаад явсан. Эргээд хартал Х.Урантөгс ард байхгүй болохоор нь яваад очтол нэг залууг барьчихсан миний утсыг өг гээд зогсож байсан. Х.Урантөгс хэлэхдээ “хоёр хүн явж байгаад нэг нь автобусаар явчихсан” гэж ярьж байсан. 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өгсөн сэжигтнээр тооцогдохдоо өгсөн мэдүүлэгт байдаг. Энэ мэдүүлэгт Б.Цогбаяртай хулгай үйлдсэн талаар тодорхой хэлсэн байдаг. Мөн сэжигтнээр 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн мэдүүлэгт бас хэлсэн. Яллагдагчаар татагдаад 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр энэ мэдүүлгийг өмгөөлөгч Тогмидтой хамт байхдаа “би энэ хэргийг Б.Цогбаяртай хамт хийсэн” гэж мэдүүлсэн. Энэ талаар өнөөдрийн шүүх хуралдаанд яригдахгүй байна. Б.Цогбаяр өөрөө 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцогдоод энэ хулгайн үйлдлийг тодорхой хэлсэн. Хавтаст хэргийн 30 дугаар хуудаст энэ талаар байгаа. Б.Цогбаяр манай гэрээс гарахдаа хулгай хийх зорилготойгоор автобусанд сууж Хан-Уул дүүргийн Заводын автобусны буудал дээр Л.Золзаяа бид хоёр “ТҮЦ”-ний дэргэд юм худалдаж авах гээд зогсож байсан хүний халааснаас гар утсыг нь бүлэглэж хулгайлсан талаар Б.Цогбаяр өөрөө хүлээн мэдүүлэг хэрэгт байгаа. Б.Цогбаяр, Л.Золзаяа нарын өмгөөлөгчийн хэлж байгаагаар Л.Золзаяа ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэдэг, Б.Цогбаяр би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдэг талаар хэлж давж заалдах гомдлыг гаргасан байна. Өмгөөлөгчийн хэлснээр эргэлзээтэй байдал үүсвэл яллагдагчид ашигтай байдал үүснэ гэж хэлсэн өмгөөлөгч нар нь удаа дараа мэдүүлэг өгөхдөө өөр өөр байдлаар авагдсан, энэ нь ашигтай байдлаар шийдвэрлэгдэнэ гэж хэлсэн. Энэ хуулийн заалт ийм байдал дээр огтхон ч хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл гэм буруугаа хүлээх албагүй, нотлох үүрэггүй, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэж тэдгээрийн ашигтай байдлаар шийдвэрлэх ойлголт биш. Хавтаст хэрэгт хохирогчийн мэдүүлэг, өөр бусад нотлох баримтуудаар Б.Цогбаярыг гэмт хэрэг үйлдсэн эргэлзээтэй байдал байхгүй. Мөн шүүх хуралдааны явцад Б.Цогбаярын мэдүүлгээр “би “ТҮЦ”-нээс буюу хохирогчоос 10 алхамын зайтай байсан” гэж мэдүүлдэг. Л.Золзаяа болохоор “хохирогчтой ойрхон байсан, гар утсыг өөрөө авсан” гэж мэдүүлдэг. Гэтэл “ТҮЦ” буюу хохирогчоос 10 алхамын зайтай байсан хүнийг халаасандаа утсаа үзээд, эргэж хараад Б.Цогбаярыг бариад авсан нөхцөл байдал тогтоогддог. Иймд Б.Цогбаяр, Л.Золзаяа нарын мэдүүлэг худал болж байна. Автобусны камерын бичлэгийг шүүх хуралдааны явцад үзүүлээгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Мөрдөн байцаалтын шатанд Заводын автобусны буудлын камерын бичлэгийг хурааж авсан, үзлэг хийсэн, эд мөрийн баримтаар тооцсон зүйл огт байхгүй. Тийм учраас Б.Цогбаярын хэлээд байгаа камерын бичлэгийг шүүх хуралдааны явцад гаргаж үзүүлэх боломжгүй. Давж заалдах гомдол болон өнөөдрийн шүүх хуралдаанд камерын бичлэгийг ярьж байна. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Х.Урантөгсийн гар утсыг Л.Золзаяа Б.Цогбаяр нар нь хулгайлсан. Тийм учраас автобусны камерын бичлэгийг шалгахад хэрэгт ач холбогдолтой зүйл гарч ирэхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар хэвээр үлдээж, Б.Цогбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Л.Золзаяа нь 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн харьяа Нүүр Ам Судлалын сургуулийн хаалган дээр иргэн Ц.Баярцэцэгийн халааснаас “Самсунг Эс-6” загварын гар утсыг хулгайлж 1.100.000 төгрөгийн,

Мөн Б.Цогбаяртай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Заводын автобусны буудал дээр иргэн Б.Урантөгсийн халааснаас “Самсунг Эс-6 Жи” загварын гар утсыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг,

Б.Цогбаяр нь Л.Золзаяатай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Заводын автобусны буудал дээр иргэн Б.Урантөгсийн халааснаас “Самсунг Эс-6 Жи” загварын гар утсыг хулгайлж, 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Баярцэцэгийн “...Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ахын хүү Төгөлдөрийн шүдийг Эрүү нүүр ам судлалын төв дотор байрлах шүдний эмнэлэгт үзүүлсэн. Тэндээс гарч ирээд хүлээлгийн танхимд 5 минут сууж байгаад гарахдаа өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халааснаас гар утас алга болсныг мэдсэн. Эмнэлэг дотор орхисон байх гэж бодоод ороод үзтэл байхгүй байсан. Тэгээд тус сургуулийн камерийг шүүж үзтэл үүдэнд утсаар яриад зогсож байсан залуу миний араас дагаж гарахдаа үүдний хэсэгт зүүн халааснаас миний утсыг авч байсан бичлэг тодорхой гарсан байсан. ...Миний халааснаас алдагдсан гар утсыг 1.100.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Би үнэлгээний комиссын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ганцаараа байсан камерын бичлэгт мөн ганцаараа бичигдсэн байсан. Би камерын бичлэгийг зөөврийн дискэнд хадгалж авсан...” /хх-7-8, 55/,

Хохирогч Х.Урантөгсийн “…2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто засварын” автобусны буудал дээр найз Сарнайгийн хамт явж байхад миний нэхий дээлний баруун халаасанд байсан “Samsung Galaxy S-6 Edge Gold” загварын гар утсыг үл таних хүн хулгайлсан. Би халаасан дотроо гар утсаа барьчихсан байж байгаад автобусны буудал дээр “ТҮЦ”-ний цонх цохих гээд халааснаасаа гараа гаргаад эргүүлээд халаасандаа гараа хийхэд миний гар утас алга болсон. Тэгээд эргээд харахад Цогбаяр гэх хулгайч миний хажууд байж байгаад шууд цаашаа алхсан. Тэгэхээр нь би тэр хүнийг утас хулгайлсан гэж мэдсэн. ...Миний гар утсыг 2 хүн байж байгаад нэг нь аваад нөгөөдөө дамжуулсан. Утсыг авсан нэг нь автобус руу ороод явчихсан. Тэгэхээр нь би үлдсэн нэгийг нь барьж аваад Хан-Уул дүүргийн цагдаа дуудаж өгсөн. Цагдаа нар миний барьж өгсөн этгээдийн нөгөөдөхийг нь олж авсан байсан. Тэр 2 этгээд цуг явж байсан болохоор хоёулаа хуйвалдаж миний гар утсыг хулгайлсан гэж үзэж байна. Миний гар утсыг “том хамартай” этгээд нь аваад нөгөөдөхдөө өгсөн. Тэр нь миний утсыг аваад автобусанд суугаад явчихсан. Би үнэлгээний байгууллагын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрч байна…” /хх-26, 54/,

Гэрч Л.Сарнайгийн “...Би 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цайны цагаар салбарын эрхлэгч Урантөгстэй хамт гарч цайнд ороод явж байгаад би урд нь гараад түрүүлээд явсан. Эргээд хартал Урантөгс ард байхгүй болохоор нь яваад очтол автобусны буудал дээр нэг залууг бариад авчихсан “миний утсыг өг” гээд зогсож байсан. Урантөгс хэлэхдээ “2 хүн явж байгаад нэг нь автобус руу яваад орчихлоо” гэж ярьж байсан...” /хх-62/,

Гэрч С.Гомбын “...Манай ах Золзаяа 2015 оны 11 дүгээр сарын эхээр шаргал өнгийн гадаргуутай “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг надад 400.000 төгрөгөөр зарсан. Би тэр утсыг нь 2 өдөр ашиглаад өөр хүнд зарсан. Гэтэл тэр гар утас сүүлд нь хулгайн гар утас болохыг мэдээд нөгөө зарсан хүнээсээ буцааж аваад ах Золзаяад эргүүлэн өгсөн. Золзаяа ах надад хэлэхдээ “миний таньдаг хүний утас хямдхан зарах гэж байгаа авах уу” гэхээр нь авсан байсан юм ...зарсан хүнээ олоод утсыг ах Золзаяад хүлээлгэн өгсөн. Би Золзаяагаас 400.000 төгрөгөө буцааж аваагүй. Надад ямар нэг гомдол санал байхгүй...” /хх-59/,

Л.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “…2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто засварын автобусны буудал дээр Цогбаяртай хамт явж байхдаа танихгүй эмэгтэй хүний нэхий дээлний баруун халааснаас “Samsung Galaxy S-6 Edge Gold” загварын гарын утсыг нь хулгайлсан…” /хх-31-32/,

түүний яллагдагчаар өгсөн “…2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Б.Цогбаяртай Заводын автобусны буудал дээр 2 хүүхэн “ТҮЦ”-ний дэргэд зогсож байхад нь нэхий өмссөн хүүхнийх нь баруун талын халааснаас “Самсунг Эс-6” загварын шаргал өнгийн гар утсыг нь хулгайлж авсан юм…” /хх-80-81/ гэх мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-11, 95/, эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, CD-г эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-52-53/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Б.Цогбаяр “…Миний бие Б.Цогбаяр нь Л.Золзаяатай хамтарч хулгай хийсэн тохиолдол байхгүй атал 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Урантөгсийн “Самсунг Эс-6 гоулд” загварын гар утсыг бусадтай нийлж хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Цогбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Заводын автобусны буудал дээр иргэн Б.Урантөгсийн “ТҮЦ”-ний цонх тогших агшинд халааснаас нь 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-6 Жи” загварын гар утсыг хулгайлж, улмаар Л.Золзаяад дамжуулан өгч, Л.Золзаяа нь автобусанд сууж зугтаан явсан гэх үйл баримт нь хохирогч Х.Урантөгсийн мөрдөн байцаалтын шатнаас тогтвортойгоор, эргэлзээгүйгээр өгсөн “Би халаасан дотроо гар утсаа барьчихсан байж байгаад автобусны буудал дээр “ТҮЦ”-ний цонх цохих гээд халааснаасаа гараа гаргаад эргүүлээд халаасандаа гараа хийхэд миний гар утас алга болсон. Тэгээд эргээд харахад Цогбаяр гэх хулгайч миний хажууд байж байгаад шууд цаашаа алхсан. Тэгэхээр нь би тэр хүнийг утас хулгайлсан гэж мэдсэн. ...Миний гар утсыг 2 хүн байж байгаад нэг нь аваад нөгөөдөө дамжуулсан. Утсыг авсан нэг нь автобус руу ороод явчихсан. …Миний гар утсыг “том хамартай” этгээд нь аваад нөгөөдөхдөө өгсөн. Тэр нь миний утсыг аваад автобусанд суугаад явчихсан…” гэх мэдүүлэг, гэрч Л.Сарнай, шүүгдэгч Л.Золзаяа нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогджээ.      

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хохирогч Х.Урантөгс, гэрч Л.Сарнай нарын мэдүүлэг нь тухайн үеийн болсон үйл баримт болон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн бөгөөд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг баттай зааж, шүүгдэгч Б.Цогбаярыг зүс царай, биеийн онцлог шинжээр нь тодорхойлон хэлж чадсан нь шүүхээс болсон үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийх үндэслэл болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Л.Золзаяагийн үйлдсэн “2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хохирогч Ц.Баярцэцэгийн халааснаас “Самсунг Эс-6” загварын 1.100.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан” гэмт хэргийн талаар Нүүр Ам Судлалын сургуулийн үүдний камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан байх ба “хохирогч Х.Урантөгсийн гар утсыг хулгайлсан” гэх гэмт хэргийн талаар Заводын автобусны буудлын камерын бичлэг хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Түүнчлэн Прокуророос Л.Золзаяа, Б.Цогбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүхээс тэдний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “…сэжигтэн, яллагдагч …хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн…” гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Цогбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Цогбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                  

     

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХТУУЛ

 

           ШҮҮГЧИД                                                         М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ