Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2025/0347

 

 

 

 

   2025         05           13                                     128/ШШ2025/0347

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О******* /*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б******* нарыг оролцуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар “Ц.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-тэй холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар “Ц.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Ц******* овогтой О******* би 2012 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гэрээт ажилтнаар ажилд орж, тус оныхоо 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилогдож, Хан-Уул, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр нийтдээ 13 жил үр бүтээлтэй ажилласан. Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст 2020 онд шилжин ирж ажиллахдаа ажилчдын уулзалт, амралтын өрөөг тохижуулах ажлыг санаачлан гар бие оролцсон. Улсын бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа хамт олондоо нэр хүндтэй, жил бүр төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээгээр А буюу Маш сайн гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдэж, цалингийн урамшууллаар шагнагдаж, эрхэлсэн ажилдаа идэвх чармайлт гарган ажиллаж байсан.

2.2. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар Ц.О******* намайг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалаас сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Надад халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/74 дүгээр тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр "Баянгол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" удирдамжийг баталж, тус удирдамжаар 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд шалгалт хийсэн.

2.3. Удирдамжид зааснаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор шалгалтын дүн гарч, илтгэх хуудсаар Ерөнхий газрын даргад танилцуулах байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт илэрсэн зөрчлүүдэд холбогдох тайлбарыг гаргаж өгсөн. Хяналт шалгалтын ажиллагаа ерөнхий газрын даргад 10 дугаар сарын 07-ны өдөр илтгэх хуудас өгснөөр дуусгавар болсон ба энэхүү илтгэх хуудсаар сахилгын зөрчил ажилчдад ногдуулах шаардлагагүй гэж үзсэн байдаг. Гэтэл 2025 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга солигдож даргын үүргийг түр гүйцэтгэгч томилогдсоны дараа дууссан хяналт шалгалтын ажил дээр сонсох ажиллагаа хийж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 2024 оны 10 дугаар сард уг шалгалтын хариу гарч, тайлбар аваад хууль, болон бүртгэл хөтлөх журмаа баримталж ажиллахыг сануулаад өнгөрсөн байхад дахин 2025 онд уг шалгалтын дүнгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Удирдамжгүй, зохих журмын дагуу хийгдээгүй, процессын алдаатай тушаал гэж үзэж байна.

2.4. Хамгийн гол нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.10.11 дэх хэсэгт заасан "Сахилгын зөрчил давтан гаргасан" үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие өмнө сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй буюу давтан зөрчил гаргасан үйлдэл надад байхгүй болно. “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.2-д сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх ёстой. Гэтэл иргэд хоорондоо Иргэний хуульд заагдсан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулаад, эсхүл тухайн үнэлгээгээрээ ипотекийн зээлд хамрагдсан гээд материалаа бүрдүүлээд ирдэг.

2.5. Мөн Улсын бүртгэлийн мэдээллийн санд зарим тохиолдолд үнийн дүн тусгагдаагүй байдгаас шалтгаалан үнийн дүн буурсан бүртгэл хийгдэх тохиолдол гардаг. Уг шийтгэл ногдуулах болсон зөрчлийн шинж нь халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохуйц үр дагавар бүхий биш юм. Мөн журмын 3.2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-Т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ”, 3.3.1.“зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”, 3.3.2.“гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр”, 3.3.3.“албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал”, 3.3.4.“бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл”, 3.3.5.“өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх”, 3.3.6.“гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал” зэргийг харгалзах ёстой.

2.6. Ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа миний гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүй, сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэлийн үнэлгээгээр А буюу маш сайн үнэлэгдэж байсан. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалуулж авахгүй байлаа ч гэсэн сануулах арга хэмжээ, цалин бууруулах, халах арга хэмжээнүүдээс зөрчилтэй нь холбоотойгоор сонгох санкц байхад хамгийн хүнд сахилгын шийтгэлийг ногдуулсанд гомдолтой байна.

2.7. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар "Ц.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг хамарсан хяналт шалгалтыг дараах чиглэлээр хийсэн. Үүнд: Иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа, Бүртгэлийн цахимжуулалтын үйл ажиллагаа, Хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд хийсэн байдаг.

3.2. Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч тал болох Л.О******* нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажилладаг байсан бөгөөд тухайн шалгалтаар нотлох баримтаар хавсаргаж гаргаж өгсөн зөрчлүүд илэрсэн байдаг. Илэрсэн зөрчлийг арилгуулах тухай хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай албан шаардлагыг явуулахад улсын бүртгэгч байсан Л.О******* нь 16 зөрчлөөсөө 4 зөрчлийг арилгаж, бусад зөрчлийг арилгаагүй бөгөөд, энэ талаараа ирүүлсэн илтгэх хуудастаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

3.3. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн илтгэх хуудаст тодорхой дурдагдсан байгаа. Хавсралтаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Хяналт шалгалтын газарт ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 752 дугаартай дотоод албан бичгийг хүргүүлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын       05-ний өдрийн Баянгол, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжийг баталсан(1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал). Дээрх удирдамжийн дагуу цахим шалгалтаар 2023, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хамааруулан хийж, Улсын бүртгэлийн ерөнхий 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Шалгалтаар илэрсэн зөрчил арилгах тухай” улсын байцаагчийн шаардлагын хавсралт(1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал)-д нэхэмжлэгч Ц.О*******т холбогдох 16 зөрчлийг илрүүлж, арилгах албан шаардлага  хүргүүлсэн.

1.2. Хариуцагчаас 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Сонсох ажиллагааны мэдэгдэл” (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал)-ийг нэхэмжлэгч Ц.О*******т мэдэгдэж, Ц.О******* гарын үсэг зурсан ба 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”(1 дүгээр хавтаст хэргийн 143-146 дахь тал)-ээр “... 2024 оны эхний хагас жилийн байдлаар 16 удаагийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчсөн байна. ... 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн зөрчил нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн буурсан. Өмнөх дүн 8 сая төгрөг байхад, одоогийн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 5.3 сая төгрөгөөр бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, журам зөрчсөн байна. Энэ зөрчилд зөвхөн халах шийтгэл оногдуулж байна. Бусад зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг тайлбарласан байх ба тус хянал шалгалтад оролцсон Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ж.Ч******* нь “Хариуцлага тооцох 1 зөрчил байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т тохирохгүй гэж үзэж байна” гэх санал гаргасан байна.

1.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 дугаар “Ц.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаал(1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал)-д “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар сарын хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.3.3, 6.1, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаал(1 дүгээр хавтаст хэргийн 163 дахь тал)-аар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”(1 дүгээр хавтаст хэргийн 164-186 дахь тал)-ын10.1, 10.9, 10.10.11 дэх хэсгийг тус тус үндэслэн...” нэхэмжлэгч Ц.О*******ийг “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон тул” төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг танилцуулсан(1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал) байна.

1.4. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг иргэн Б.*******гоос 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр бүртгэсэн байна.(2 дугаар хавтаст хэргийн 83-96 дахь талд)

1.5. Нэхэмжлэгч Ц.О******* нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг үндэслэлгүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзээгүй гэж үзэн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар “Ц.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч нь “маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил, ноцтой зөрчил гаргасан гэж буруутгасан нь үндэслэлгүй, хариуцагчаас “...сахилгын зөрчил давтан гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, давтан зөрчил гаргасныг дотоод хяналт шалгалтаар тогтоосон 16 зөрчил болон 2015, 2021 онд ногдуулж байсан сануулах сахилгын шийтгэлээр давтан гаргасан гэж үзсэн...” гэж тус тус тайлбарлан маргасан.

2.2. Маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гол үндэслэлээ “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж тусгаад үндэслэсэн журмын заалтууд нь сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэх заалтуудыг үндэслэсэн байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4-т “төрийн албанаас халах”, хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг хариуцагч маргаан бүхий тушаалд үндэслэснээс үзэхэд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн гэж буруутгасан гэж үзэхээр байна.

2.4. Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 62 дугаар зүйлийн 62.2-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 48 дугаар зүйлийн 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална”, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.2 сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдал тохирсон байх, 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх, 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус зохицуулсан.

2.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх асуудал нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн тухайд дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн гэх 16 зөрчлийн зөвхөн нэг зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа гэж тайлбарлан сонсгох ажиллагааг хийсэн атлаа сахилгын зөрчил давтан гаргасан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй, түүнд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь сонгох боломжийг хариуцагч буруу хэрэглэж, хуулиар хориглосон зөрчлийг гаргасан байна.

2.6. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч нь сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан байдал тогтоогдоогүй, 2015, 2021 онд сахилгын шийтгэл хүлээж байсан үйл баримтыг 2024 оны зөрчилтэй нь хамаатуулан авч үзэх үндэслэлгүй, ийнхүү хамаатуулж авч үзэх нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Төрийн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасантай нийцэхгүй.

2.7. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, хариуцагчийн тайлбараас нэхэмжлэгч нь 2015, 2021 оноос өөр онуудад сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, эдгээр хүлээж байсан сахилгын шийтгэл нь аль хэдийн дээр дурдсан хуулийн заалтын дагуу сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байхад хамаатай мэтээр хуульд заасныг зөрчих байдлаар тайлбарлаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй.

2.8. Мөн Дотоод хяналт шалгалтаар 16 зөрчил илрүүлсэн бөгөөд эдгээр зөрчлүүдээр удаа дараа сахилгын давтан зөрчил гаргасан нь тогтоогдоно гэж хариуцагчаас тайлбарлах боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа уг хуулийн заалтад нийцүүлж 15 зөрчилд нь хариуцлага тооцохгүй зөвхөн 1 зөрчилд хариуцлага тооцно гэж сонсгох ажиллагааг явуулсан, шүүх хуралдааны явцад мөн ингэж тайлбарласан зэргээс үзэхэд үлдсэн 15 зөрчилд ямар нэг байдлаар сахилгын шийтгэл ногдуулаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.

2.9. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.2 сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдал тохирсон байх, 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх, 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчид түүний гаргасан гэх зөрчилтэй нь холбогдуулан ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулахдаа “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй” эсэхийн аль нь болохыг тогтоох ёстой ба шүүхээс тодруулахад “сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн” гэдэг үндэслэлд хамаарна гэж тайлбарлах боловч нотлогдоогүй.

2.10. Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн, хэдийгээр зөрчил гаргасантай нь холбогдуулан төрийн албан хаагчийг хуульд зааснаар хариуцлага тооцох эрхтэй ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд тухайн төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрх, мөн хариуцагчид хориглосон хуулийн заалтыг зөрчихгүйгээр захиргааны актыг гаргах ёстой боловч уг маргаан бүхий акт нь хуульд нийцэж гараагүй байна.

2.11. Маргаан бүхий актад  “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж тусгасныг авч дүгнэхэд энэхүү тохиолдлыг Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд албан тушаал бууруулах, ийнхүү бууруулах тохиолдолд хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал . . . хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ”, 55 дугаар зүйлийн 55.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална”, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-аар зохицуулахаар заасан байх ба уг журамд 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлаас нь халахаар зохицуулсан байна.

2.12. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхойгүй, хуульд заасан аль үндэслэл бодитоор бий болсныг нарийн шалгаж тогтоогоогүй, хэрэв ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж буруутгасан бол яг аль үүргийг удаа дараа биелүүлээгүй, тэр нь үр дүнгийн гэрээг үнэлсэн 3 удаагийн үнэлгээгээр нотлогдох ёстой боловч нэхэмжлэгчийг бодитоор үнэлсэн үнэлгээ нь хангалттай гэж үнэлэгдсэн, сахилгын давтан зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа бол тэр нь мөн нотлох баримтаар өмнө шийтгэл хүлээсэн хугацаа нь дуусаагүй байхад дахин зөрчил гаргасныг ойлгохоор тодорхой хууль, журамд тусгасан байхад үүний дагуу маргаан бүхий актыг гаргасан болох нь нотлогдоогүй.

2.13. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана” 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар “Ц.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.14. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5, 48.7, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/74 дугаар “Ц.О*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцон олгож, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХ-ӨЛЗИЙ