| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0059/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Билгүүн;
улсын яллагч: Н.Мөнгөнсүх;
шүүгдэгч: Б.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батбаярын Гт холбогдох эрүүгийн 1709025690423 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Төрийн банкинд харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны ажилтан ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3 дугаар байрны 89 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ШЖ88041517 регистерийн дугаартай, Зөөд овогт Батбаярын Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” бааранд ажлын газрын ойн баярын арга хэмжээнд оролцож байгаад иргэн Б.Чинзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Чинзоригийн /хх-ийн 15/ мэдүүлэг, Б.Гын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14709 тоот дүгнэлт /хх-ийн 16/, Б.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-41/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 2 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай Лофт” бааранд Төрийн банкны 8 жилийн ойн арга хэмжээнд оролцож байхдаа хохирогч Б.Чинзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Чинзоригийн /хх-ийн 15/: “... 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай Төрийн банкны 8 жилийн ой болсон. Тэгээд явахаасаа өмнө жоохон бүжиглэх гээд бүжигийн талбай дээр гарахаар явж байхад манай банкны өөр салбарын ажилтан Гомбо гэх залуу миний нүд рүү гараараа цохиход би шууд доошоо суусан. ... Миний бодлоор Уранчимэгтэй хардаад цохисон байх...” гэх мэдүүлгээр,
Б.Гын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22/: “... Чинзоригт “Ай Лофт” бааранд урд хойгуур гарахдаа хөл дээр гишгээд байхаар нь маргалдаад нэг удаа алгадсан юм...” гэх мэдүүлгээр,
Б.Гын буруутай үйлдлийн улмаас Б.Чинзоригийн биед “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний гадна буланд өнгөц шарх, хүзүүнд цус хуралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14709 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг баталж буюу хохирогчийг зодсоныг өөрөө хүлээсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Гын “хөл дээр гишгэсэн” хэмээн Б.Чинзоригтой маргаан тэмцэлдээн үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Гын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Б.Чинзориг “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 451.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Б.Гын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зөөд овогт Батбаярын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 451.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ