| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0304/З |
| Дугаар | 128/ШШ2025/0349 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0349
2025 05 13 128/ШШ2025/0349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А*******,
Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.******* нарыг оролцуулан “Г.Б*******ыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Г.Б*******ыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах”
Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
2.1. Миний бие Г.Б******* нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т******* нь хууль зөрчсөн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах" тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлсэн бөгөөд энэхүү тодорхойгүй тушаалыг зөвшөөрөх боломжгүй байсан.
2.2. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, ажилд эгүүлэн томилуулахаар захиргааны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс Г.Б*******ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, тус яаманд урьд эрхэлж байсан ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/113 тоот "Сэлгэн ажиллуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагатай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэж 794 тоот шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн зарим хэсэг буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/113 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Эрүүл мэнд Нийгмийн даатгалд нөхөн бичилт хийхийг Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргад даалгасан бөгөөд харин 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/115 тоот "Сэлгэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
2.3. Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2024 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр 221/МА2024/0038 дугаартай магадлал гаргаж ТОГТООХ хэсгийн 1-р заалтаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч Г.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан Үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Г.Б*******ыг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргуулж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалингийн нэмэгдлийн хүртэл тооцож олгохыг, нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж" гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Шилжүүлэн ажиллуулах тухай" Б/113 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай" гэж өөрчлөлт оруулсан.
2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалд нэхэмжлэгч Г.Б*******, түүний төлөөлөгч А.Э*******, Ж.А******* нар хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхим шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн гэсэн заалтыг нэмсүгэй" өдрийн 221/МА2024/0038 001/XT2024/0031 тоот тогтоол гаргаж, ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтад “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/MA2024/0038 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, А.Э*******, нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.” гэж шийдвэрлэсэн.
2.5. Тогтоолыг гардаж аваад ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн, мөн Эрүүл мэндийн яамнаас хариуцагч биш этгээд болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт тушаал гаргахыг даалгасан 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөрт 2/1868 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичигтэй танилцаад Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* нар Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2024/0031 дугаартай тогтоолыг тайлбарлуулах хүсэлт гаргасан.
2.6. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн Г.Б*******, Ж.А******* нарын 2024 оны 05 дугаар сарын 09-ний хүсэлттэй шүүх бүрэлдэхүүн танилцаад 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04/3610 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө “Дээрх магадлалыг зөвшөөрч нэхэмжлэгч Г.Б*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/M42024/0038 дугаар магадлалыг хэвээр үлдээсэн буюу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Б/113 дугаар тушаалыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж" шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулаагүй болно” болно гэсэн хариу өгснийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Г.Б*******, Ж.А******* нар гардан авсан.
2.7. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2024 оны 01 дугаар сарын 15-ны өдөр 221/МА2024/0038 дугаартай магадлалыг тайлбарлуулах хүсэлт гаргасныг давж заалдах гомдлыг хянасан шүүх бүрэлдэхүүн хянаад хариу өгөхдөө “106.3.11-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Шилжүүлэн ажиллуулах тухай" Б/113 дугаар тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай" гэсэн заалтыг нэмсүгэй" гэсэн заалт хүчин төгөлдөр болсон байна гэж тодорхой хариу өгсөн.
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.“Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэсэн заалтын дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2024/0031 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 221/МА2024/0038 дугаартай магадлал хэрэгжих үндэс бүрдсэн. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар хүсэлтээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн хянаад 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/5433 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ГХ2024/0226 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж өгсөн.
2.9. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаартай магадлалыг хэрэгжүүлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 59 дугаартай мэдэгдлийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад удаа дараа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/113 тушаалыг хүчингүй болгохыг шаардаж, мэдэгдлүүд хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх гэсэн заалтыг үг дуугүй дагаж биелүүлэх үүрэгтэй бөгөөд эсэргүүцэн маргах эрхгүй.
2.10. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/113 тушаал хүчингүй болсон тул Г.Б******* миний бие ажилдаа эргэн орох эрхтэй гэж үзэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа эгүүлэн томилуулах, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэхийг шаардаж гомдол гаргасан. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь эс үйлдэхүй гаргаж, хууль дээдлэх зарчмыг болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 7.6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ, гэснийг тус тус зөрчлөө. Г.Б******* миний бие тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заагдсан эрх болох гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах гэсэн эрхээ ч эдэлж чадсангүй.
2.11. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тушаалыг хүчингүй болгосон 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 221/MA2024/0038 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсон тул Г.Б******* миний бие ажилдаа эгүүлэн томилогдож, хууль бусаар төрийн албанаас шилжүүлсэн зөрчигдсөн эрх сэргэх учиртай гэж үзэж буй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилтээ иргэний журмаар шаардана гэж ойлгож байгаа болно. Миний бие Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өргөдөл гомдол хариу өгөхгүй 1 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа, эс үйлдэхүй гаргаж байгаа, үүнийг миний бие нэхэмжлэлийн бие даасан шаардлага болгож болох хэдий боловч зөвхөн шүүхээр зөвхөн зөрчигдсөн эрх болох ажилдаа эгүүлэн томилуулах шаардлагаар нэхэмжлэлээ гаргасныг шүүх ойлгох буй заа. Г.Б******* миний бие Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хууль бус тушаалаас болж 2 жил гаруйн хугацаанд эрхээ зөрчүүлж ажилгүй, орлогогүй, ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй хохирч яваа болно.
2.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заагдсан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр зорилготой бөгөөд миний нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заагдсан шаардлага болно. Иймд Г.Б*******ыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай" Б/113 дугаар тушаалтай холбоотойгоор үүссэн захиргааны хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхим хянан хэлэлцээд 001/XT2024/0031 дугаартай тогтоолыг гарган тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тогтоолын 1 дүгээрт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч байгууллагын шилжүүлэн томилсон маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж дахин шинээр акт гаргахаар шийдвэрлэснийг “шилжүүлсэн байгууллага 3 сарын хугацаанд дахин шинээр шилжүүлэх тушаал гаргах биш харин маргаан бүхий акт болох 2023 оны Б/133 дугаар тушаалын биелэлт, гүйцэтгэлд хяналт тавьж, шилжүүлэн авч байгаа захиргааны байгууллага (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар)-аас нэхэмжлэгчийг ямар албан тушаалд, ямар ангилал, зэрэглэлээр цалинжих талаар Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд үндэслэн шийдвэр гаргах хүртэл" гэсэн агуулгаар ойлгоно" гэж заасан.
3.2. Мөн хяналтын шатны шүүх хуралдааныг даргалагч шүүгчийн ийнхүү тайлбарлаж өгсөн нь дуу-дүрсний бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн. Эрүүл мэндийн яам нь Улсын дээд шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш Г.Б*******ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах талаарх чиглэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2/1868 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр агентлагт хүргүүлсэн.
3.3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Г.Б*******ыг шилжүүлэн авч буй албан тушаалд томилохын тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг https://meduuleg.iaac.mn/ системд нээж, Г.Б*******ыг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ мэдүүлэх талаар түүнтэй удаа дараа холбогдож, мэдэгдсэн ч хуульд заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлээгүй. Улмаар Авлигатай тэмцэх газар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/9523 дугаар "Материал буцаах тухай" албан бичгээр Г.Б******* нь мэдүүлгээ мэдүүлээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй талаар мэдэгдсэн.
3.4. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Г.Б*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр тушаал гаргах нөхцөл байдал үүссэн талаар тус газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Г.Б*******ыг албан тушаалд томилох тухай” Б/105 дугаар тушаал гарч, Г.Б*******ын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулахгүйгээр тогтоосон байна. Эрүүл мэндийн яамнаас болон агентлагаас Г.Б*******од Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу тушаал гарсан, албан үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдсэн ч одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Иргэн Г.Б******* нь Улсын дээд шүүхийн тогтоолын хэрэгжилтийг өөрийн эс үйлдэхүйгээр хүлээж аваагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч Г.Б******* нь Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, тус яаманд урьд эрхэлж байсан ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/115 тоот "Сэлгэн ажиллуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0794 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, тус яаманд урьд эрхэлж байсан ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Эрүүл мэндийн яамны Төрийн төрийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Сэлгэн ажиллуулах тухай" Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. (Хавтаст хэргийн 7-26 дахь тал)
1.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн(Хавтаст хэргийн 27-36 дахь тал) байна.
1.3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2024/0031 дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн(Хавтаст хэргийн 37-46 дахь тал) байна.
1.4. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Э*******д Эрүүл мэндийн яамны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2/1868 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр “... Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлж, Г.Б*******ыг Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдан авах болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хариуцсан мэргэжилтнээр ажиллах нөхцөлөөр хангана уу” гэх албан бичгийг хүргүүлсэн(Хавтаст хэргийн 139 дэх тал).
1.5. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/782 дугаар албан бичгээр “... Г.Б*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлж байна” гэж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн(Хавтаст хэргийн 140 дэх тал).
1.6. Авлигатай тэмцэх газраас дээрх албан бичгийн хариуд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/9523 дугаар албан бичгээр “... Г.Б*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг цахим системд бүртгэгдэж баталгаажаагүй байх тул хянан үзэх боломжгүй” гэх хариуг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлсэн(Хавтаст хэргийн 148 дахь тал).
1.7. Г.Б*******оос 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хүчингүй болгож, дахин шинэ акт гаргаж шилжин ажиллах нөхцөлийг тодорхой болгож өгнө үү” гэх хүсэлтийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гаргасан(Хавтаст хэргийн 152 дахь тал) ба Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2/138-Ө дугаар албан бичгээр “... Эрүүл мэндийн яамнаас таны гаргасан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах хүсэлтийг хангах үүднээс Улсын дээд шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш таныг тус агентлагт Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хариуцсан мэргэжилтнээр ажиллах нөхцөлөөр хангаж ажиллах чиглэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2/1868 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр яамнаас агентлагт хүргүүлсэн.
1.8. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас таныг шилжүүлэн авч буй албан тушаалд томилохын тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу таны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг https://meduuleg.iaac.mn/ систем дээр 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээсэн. Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлж таныг албан тушаалд томилох гэж байгаа талаар болон хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлэх талаар удаа дараа тантай холбогдсон ч та системд мэдүүлгээ мэдүүлээгүй. Иймд Монгол Улсын иргэний хувьд Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхэд анхаарна уу” гэх хариуг өгсөн(Хавтаст хэргийн 155-156 дахь тал).
1.9. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/967 дугаар “... Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх шаардлага үүсэж, Г.Б*******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр тушаал гаргах нөхцөл байдал үүсээд байгааг үүгээр мэдээлж байна” гэх албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж(Хавтаст хэргийн 150 дахь тал), Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар “...Г.Б*******ыг Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын Ахуйн, шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх, худалдах тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс томилсугай” гэж шийдвэрлэсэн(Хавтаст хэргийн 151 дэх тал)байна.
1.10. Нэхэмжлэгч Г.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******гаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/5433 дугаартай “Шүүхийн магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж(Хавтаст хэргийн 67-70 дахь тал) бичиж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.
1.11. Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02-185/16719 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад “... шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заагдсан үйлдлийг гүйцэтгэж, тус газарт 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү” гэжээ(Хавтаст хэргийн 71 дэх тал).
1.12. Нэхэмжлэгч Г.Б*******оос 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад “... Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/113 тушаалыг хүчингүй болгож, Г.Б*******ын миний урьд эрхэлж байсан ажилд томилсон тушаал гаргаж, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож өгнө үү” гэх гомдол гаргасан. (Хавтаст хэргийн 92 дахь тал).
1.13. Иймд нэхэмжлэгч Г.Б******* нь “Г.Б*******ыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах” агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
Хоёр. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин шинээр акт гаргаагүй тул өмнө нь маргаж байсан тушаал хүчингүй болсон байхад өмнө эрхэлж байсан албан тушаалд томилохгүй байгаа тул даалгуулах шаардлага гаргасан...”, хариуцагчаас “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 3 сарын хугацаанд багтааж шинэ акт гаргасан, нэхэмжлэгч нь томилсон ажилдаа ирж ажиллаагүй байгаа” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.2. . Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлалын хянавал хэсгийн 17-д “Харин нэхэмжлэгч Г.Б******* нь ямар албан тушаалд, ямар зэрэг дэвтэй, ямар цалингийн шатлалаар цалинжих нь тодорхойгүй, шилжүүлэн ажиллуулж буй албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй, тухайн албан тушаалд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх талаар маргаан бүхий тушаалд тодорхой тусгаагүй зэрэг нь тухайн акт хэрхэн, яаж хэрэгжих нь ойлгомжгүй, актын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн...гэж дүгнээд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
2.3. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/XT2024/0031 дугаартай тогтоолын Хянавал хэсгийн 16, 17, 18-д шилжүүлэн томилж байгаа шийдвэр нь шилжүүлэн авч буй шийдвэр гаргаснаар үргэлжилж, хоёр захиргааны байгууллага харилцан шийдвэр гаргаснаар дуусгавар болох харилцаа, шилжүүлэн авсан байгууллагаас ямар албан тушаалд томилсон талаар шийдвэр гаргаагүй тохиолдолд дууссан гэж үзэхгүй ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын шилжүүлэн томилсон маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж дахин шинээр акт гаргахаар шийдвэрлэснийг “шилжүүлэн авч буй захиргааны байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас нэхэмжлэгчийг ямар албан тушаалд, ямар ангилал, зэрэглэлээр цалинжих талаар Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд үндэслэн шийдвэр гаргах хүртэл” гэсэн агуулгаар ойлгоно гэж дүгнэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2024/0038 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.4. Үүнээс үзэхэд хариуцагчийн гаргасан өмнөх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалын биелэлтийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсаны дагуу биелүүлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/105 дугаар “Г.Б*******ыг албан тушаалд томилох тухай” тушаалаар Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын Ахуйн, шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг бүртгэх, худалдах тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс томилох тухай захиргааны шинэ акт гарсныг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхээр байна.
2.5. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн авч буй захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг ямар албан тушаалд томилсон шийдвэр гаргах хүртэл өмнө маргаж байсан тушаалыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн ба тус байгууллагаас нь дээрх тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон байхад шинэ акт гараагүй, өмнөх 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/113 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаал хүчингүй болсон гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй.
2.6. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/105 дугаар “Г.Б*******ыг албан тушаалд томилох тухай” тушаалыг гаргахдаа шүүхийн шийдвэрээр тогтоосон 3 сарын хугацааг зөрчөөгүй, учир нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан ба энэ хугацаанаас эхлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-т “давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 127.2.1-127.2.3-т заасан тогтоол гаргасан” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилоогүй нь хууль бус гэж буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б*******ын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ