Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 226/МА2021/00007

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л-, Ю- нарын  хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

 

226/2021/00007

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Өмгөөлөгч  Б.Жавхлан  нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар  сарын 01-ний  өдрийн 119 дугаар шийдвэртэй Л-, Ю-  нарын хүсэлттэй “Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай иргэний хэргийг өмгөөлөгч  Б.Жавхлангийн  давж заалдах гомдлоор 2021 оны 04 дүгээр  сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Л-, Ю- нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д. Ю- 1954 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, Д. Л-  1960 оны 10 дугаар сарын 18-ны өдөр П.Д-, Ш- нарын гэр бүлд төрсөн. Бидний эцэг Д- 1894 онд төрсөн бөгөөд 13 настайгаасаа лам болж байжээ. Эцгийг маань улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн 1938 онд баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд  Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгасан юм. Бидний эцэг Ч-ийн Д-гийн төрсөн эцэг нь П- юм. Тэрээр ял эдлээд гарахдаа төрсөн эцэг П-аар овоглосон байдаг. Архиваас гаргуулсан бидний төрсний бүртгэлийн лавлагаа, аавын нас барсны лавлагаа, эцэг, эхийн гэрлэлтийн лавлагаанд аавын овог нэр нь П-ийн Д- гэж бичигдсэн байна. Гэтэл хилс хэрэгт хэлмэгдэж ял шийтгүүлсэн талаарх болон цагаатгасан баримтад Ч-ийн Д- гэж бичигдсэн тул бид эцгийнхээ овог нэрийг үнэн зөвөөр сэргээн тогтоолгохгүй бол нөхөн олговор авах боломжгүй байдалд хүрээд байна. Иймд хэлмэгдэгч Ч-ийн Д- нь бидний төрсөн эцэг П-ийн Д- мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч нарын өмгөөлөгч Б.Жавхлан  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ю-, Л- нарын өмгөөлөгчөөр энэ шүүх хуралдаанд оролцож байна.  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын дарга 2018 онд Л- Ю- нарт цагаатгасан магадлал баримтуудыг өгөөд  та нар нөхөн олговор авахаар бичиг баримтаа бүрдүүл гэж хэлсний дагуу  нэхэмжлэл гаргасан. П-ийн Д- нь Л-, Ю- нарын төрсөн эцэг мөн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна.

 

Хэлмэгдэгч Ч-ийн Д- 1894 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрж өсөөд 13 настайгаасаа “Шавран” хийдэд шавиар орж, тухайн хийдэд байж байгаад хотын Хүрээ хийдэд очиж 44 нас хүртлээ Гавж мядаг цол автлаа тэрхүү хийддээ байсан. Бүх лам нарыг хоморголон хэлмэгдүүлэхэд Д- хэлмэгдэж 1938 онд баривчилагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43,47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан 1949 онд суллагдан  Ш-тэй гэр бүл болж  1953 онд гэрлэлтээ бүртгүүлсэн энэ хугацаанд 3 охинтой болсон. 3 охины нэг Цэвэгсүрэн нь нас барсан.

 

Ю-, Л- нарыг  23 настай байхад аав нь  нас барсан. Нэхэмжлэгч нарт аав нь хэлэхдээ  залуу байхдаа лам байсан учир хэлмэгдэж байсан болон  “Шавран” хийдэд шавилан суудаг байсан тухайгаа тэндээ ном уншдаг байсан талаар  ярьж байсан байна. Мөн нууц шавь нартай байсан талаар ярьдаг. Ихэнх нь нас барсан шавь нараас нь үлдсэн хүн нь Ц-  гэрчээр асуугдсан. Ч- гэдэг нь өргөж авсан, П- нь төрсөн эцэг нь юм. Тухайн үед хэлмэгдсэн хүмүүс гэр бүл үр хүүхдээ хамгаалах зорилгоор хар болохдоо овог нэрээ солиулдог тохиолдлууд түүхээс харахад элбэг байсан. Үүнийгээ хүүхдүүддээ тухайн үедээ хэлж байсан байдаг. Ц-гийн аав Н гэдэг хүн Ц-г Д- гуайд шавиар оруулсан. Тухайн үед Ц-гийн аав Н, Д- нар нь найз нөхдийн холбоотой байсан Ц-д түүний аав Намжил хэлэхдээ  төрсөн эцэг П- нь багадаа Ч- гэдэг хүнд өргүүлж хэлмэгдсэн тухай  хэлсэн байдаг.  Мөн Ц- нь  шүтэж хадгалж байсан багшийнхаа цээж зургийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна.. Тэр зургийг Ю-, Л- нар манай аав байна гэж таньсан. 2007 онд  Ю-гийн  гэр орон шатаж ааваас нь хадгалагдаж үлдсэн цээж зураг шатаж  үгүй болжээ. Тэр үед ааваасаа сонсож байсан зүйлс зохигчийн тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан. Ш-ийн нөхөр Д- өмнө хэлмэгдэж байсан гэдгийг хэлсэн. Хүрэлбаатар хамба лам хэлэхдээ өмнө түүхийн хичээл ч юм уу мэдээлэл маягаар зарим хийдийн уулзалт том хурлуудад сумаас лам нар ирэх тохиолдол байдаг. Цэнхэрмандал суманд  2 гавж цолтой хүн байсан. Ч-ийн  Д- гэх лам хэлмэгдсэнээс хойш өөр Д- гэх лам Цэнхэрмандал суманд байхгүй гэх зохигчдын болон гэрч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хэлмэгдэгч П.Д-гийн төрсөн охин нь Ю-, Л- нар мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Отгонтуяа би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийг төлөөлж прокуророор оролцож байна. Хүсэлт гаргагч Ю-, Л- нар өөрийн төрсөн эцэг П-ийн Д-, хэлмэгдэгч Ч-ийн Д- нар нь нэг хүн юм. П-ийн Д- гэх эцэг нь Ч-ийн Д- юм гэж төрөл садангаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П-ийн Д-, хэлмэгдэгч Ч-ийн Д- нар нь нэг хүн гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдохгүй байна. Учир нь П-ийн Д- гэдэг хүнийг төрсөн оноор нь хөөхөөр хэлмэгдэгч Ч-ийн Д- гэдэг хүний төрсөн он, сар, өдрүүдтэй зөрөөд байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч Ю-, Л- нар нь хэлмэгдэгч Ч-ийн Д-гийн төрсөн хүүхдүүд мөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 119  дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Л-, Ю- нарын  садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр  шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч нарын  өмгөөлөгч  Б.Жавхлан  давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “хэрэгт авагдсан  баримтууд  болон гэрч  нарын мэдүүлэгээр хүсэлт  гаргагч  Б  овогт Д-гийн Л-, Б овогт Д-гийн Ю-  нар нь улс төрийн  хилс  хэрэгт хэлмэгдэгч Ч-ийн Д-гийн  төрсөн охин  буюу  түүнтэй  садан төрлийн холбоотой эсэх  нь нотлогдохгүй  байна” гэж дүгнэсэн.

 

Нэхэмжлэгч нар нь “  Цэнхэрмандал суманд манай ааваас өөр  гавж  цолтой лам хүн байгаагүй, мөн  аавын тухай  Ц- тодорхой  гэрчилж хэлсэн. Иймд бидний мэдүүлгийг болон  бусад нотлох  баримтыг үнэлж  хэлмэгдэгч  Ч-ийн  Д-  нь бидний  эцэг  П-ийн  Д-  мөн болох”-ыг  тогтоож өгөхийг хүссэн юм.

 

Хэлмэгдэгч  Д- нь 1894 онд төрсөн хүн бөгөөд  одоогоос  41 жилийн  өмнө буюу  1979  онд нас барсан хүн юм. Иймд  тухайн үеийн нийгмийн  нөхцөл  байдал, төрийн  албаны тогтолцоо, архив албан хэргийн  хөтлөлтөөс  шалтгаалаад энэ үеийн баримт бичиг, хувь  хүмүүсийн лавлагаанууд  одоо үеийнх шиг  цахимжиж  хадгалагдах нөхцөл  дутмаг байсан.

 

Ю-, Л- нар нь өөрсдийн  чадах  чинээгээрээ  цуглуулсан нотлох  баримтуудаар  болон аав Д-, ээж Ш- нар амьд  сэрүүн  байхдаа  өөрсдөд нь хэлж, ярьж байсныг  үндэслэж тухайн  нэхэмжлэлийнхээ  үндэслэл  шаардлагыг нотолсон.

Мөн гэрч Ц- нь Д-г амьд сэрүүн байхад нь  өөрийн биеэр  шавьлан эрдэм ном заалгаж, түүнийг бодитоор  харж байсан хүн бөгөөд энэ  талаар шүүхэд  гэрчийн мэдүүлэг  өгсөн юм. Энэхүү мэдүүлэгтээ  түүний аав болон  Д-  нар нь  өөрт нь  “Д-  нь хэлмэгдэж ял эдэлж байсан,  хэлмэгдэж гарч ирээд  Д- нь  өөрийн төрсөн эцэг  П-аар  овоглосон” тухайгаа  хэлсэн. Үүнийг  гэрч Ц- шүүхэд гэрчилж хэлсэн.

Мөн гэрч Ц-д  багшийгаа шүтэж  хадгалж ирсэн  зураг нь  байсныг  шүүхэд өгч нэхэмжлэгч  нар нь  өөрийн аав мөн  болохыг  таньж  мэдүүлсэн  байдаг.         

Мөн  хэлмэгдэгч  Д-гийн хавтаст хэргээс  ирүүлсэн  түүний  биеийн байцаалт дээр түүнийг  Цэнхэрмандал сумын хүн  болохыг  бичсэн байсан.

 

Энэ баримтаар  “нэхэмжлэгч нарын аав ял эдэлж гарч  ирээд  нутагтаа  амьдарсан” гэрч Ц- нь “ Цэнхэрмандал сумын иргэн  тус суманд Д- амьдардаг байсан, манай  суманд гавж  мядагтай  хоёр л хүн байсан, түүний нэг нь  Д-” Сэцэнханы хүрээ  Гүндгаварлин хийдийн захиргааны  тодорхойлолт зэрэг нь  давхар  нотлогдож байна гэж үзэж  байна.

 

Иргэний хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  37-р  зүйлийн 37.2 дахь хэсэгт “хэргийн нотлох  баримт нь...зохигч талбар...гэрчийн мэдүүлэг, зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтыг тал бүрээс нь  үнэлж  Ч-ийн Д- нь Л-, Ю-  нарын төрсөн  эцэг  П-ийн  Д- мөн болохыг  тогтоож өгнө үү...гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хүсэлт гаргагч Л-, Ю- нар нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1938 онд баривчлагдан 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1993 онд цагаатгуулсан Ч-ийн Д- нь бидний төрсөн эцэг П-ийн Д- мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  “Л-, Ю- нарын садан төрлийн холбоотой болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйл,  62 дугаар зүйлийн 62.1.4-т тус тус зааснаар “...аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх”, “...нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тусгах” талаар нэхэмжлэгчийн эрхийг зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч  Л-, Ю- нар нь  “П- овогтой Д- нь бидний төрсөн эцэг болох, Ч-ийн Д- нь бидний төрсөн эцэг П-ийн Д-  болох”-ын алиныг нь шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа нь тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой бус байхад  анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ” шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч  нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлөөгүй байх тул нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1 ний өдрийн 156/2021/119 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож ,хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л-, Ю- нараас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.БОЛОРМАА

 

                                ШҮҮГЧИД                                 Б.ДЭНСМАА

   

                                                                                 Я.АЛТАННАВЧ