| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0060/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: А.Болор;
улсын яллагч: Г.Цогтгэрэл;
шүүгдэгч: Э.Б (өөрийгөө өмгөөлөж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эрдэнэхүүгийн Бд холбогдох эрүүгийн 1709006230410 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-58 тоотод түр оршин суух, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 17-408А тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, ХЙ87062214 регистерийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэхүүгийн Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Т.Отгонбаатартай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Отгонбаатар /хх-ийн 9-10/, гэрч М.Амарсайхан /хх-ийн 41-42/, гэрч Э.Солонго /хх-ийн 17-18/ нарын мэдүүлэг, Э.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26-27/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10241 тоот дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт “машины толь шүргэж унагалаа” гэсэн шалтгаанаар хохирогч Т.Отгонбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Т.Отгонбаатарын /хх-ийн 9-10/: “...4969 УБА дугаартай “Приус-20” маркийн машины толийг Амараа ах өмсөж байсан куртикээрээ шүргэсэн юм. Гэтэл жолооч нь гарч ирээд “машины толь бараг унагаачихлаа” гээд байхаар нт уучлалт гуйсан. Амараа ах хажуунаас орж ирээд “за сүртэйш дээ машиныг чинь ямар унагаасан байгаа биш” гэж хэлсэн чинь нөгөө машины жолооч Амараа ахын толгой хэсэгт цохисон…Би Амараа ахыг хамгаалаад “одоо боличих, машиныг чинь ямар унагаасан биш дээ” гэж хэлтэл нөгөө залуу “чи ямар далдага юм бэ” гэж хэлээд элэг рүү тийрч намайг унагасан…Тэгээд миний толгой хэсэг рүү чулуугаар нэг цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Амарсайханы /хх-ийн 41-42/: “...Тухайн үед Т.Отгонбаатар намайг түшчихсэн явж байгаад гадаа зогсож байсан машиныг биеэрээ шүргэчих шиг болсон. Нэг өндөр залуу ирээд намайг түлхсэн. Тэгээд Т.Отгонбаатартай маргалдаж зодолдоод байсан…Би нилээн согтуу байсан учраас болсон явдлыг сайн санахгүй байна. Миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Солонгын /хх-ийн 17-18/: “..Манай дүү Э.Б 2 залуутай зууралдаад зогсож байсан. Манай дүүгийн цамцыг урсан, хүзүү нь улаан эрээн болсон байсан...” гэх мэдүүлгээр,
Э.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26-27/: “...2017 оны 08 дугаар сарын 09-ний 18 цагийн орчимд фитнесстээ хичээллэхээр ирж гадна зогсоол дээр 4969 УБА дугаартай “Приус 30” маркийн автомашинаа байрлуулчихаад фитнесс рүүгээ орох гэж байтал 2 согтуу залуу миний машины зүүн талын толины орчимд учир битүүлэг налаад зогсоод байхаар нь би тэр 2-т хандан “хөөе машинаас холдооч” гэж хэлсэн…Гутлын үдээсээ үдэхээр доошоо тонгойтол гэнэт миний өмссөн малгайтай цамцнаас татсан ба нүүрээ гараараа хамгаалтал гар руу өшиглөсөн…би дээшээ өндийж ирээд тэр залуугийн цээж рүү өшиглөж, нүүр рүү нь гараараа цохисон ...” гэх мэдүүлгээр,
Э.Бгийн буруутай үйлдлийн улмаас Т.Отгонбаатарын биед “зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10241 тоот дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг зодсоныг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
“Машины толь шүргэж унагалаа” хэмээн Т.Отгонбаатарыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.Бгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Э.Бгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Т.Отгонбаатар “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсарган өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Э.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэхүүгийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ