Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

 

 

 

 

 

   2023        11           22                                           2023/ДШМ/45

 

 

Т.Я-, Т.Г-нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Т.Я-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Т.ГанЦ-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Хохирогч П.Г-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Я-, Т.Г-нарт холбогдох эрүүгийн 2239001200208 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.Я-, Т.Г-нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Нярав” гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө машин механизм буюу 03-24 УНП улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж П.Г-ын өмчлөлийн малаас 6 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлж, түүнд 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Т.Я-, Т.Г-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Т.Я-, Т.Г-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Я-ыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн  хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Г-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 17,100,000 төгрөгийг 3 хувааж, шүүгдэгч Т.Я-, Т.Г-нараас тус бүр 5,700,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Т.Я-ыг 2022 оны 3 дугаар сарын 01-ний шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутгаас бүлэглэн машин механизм ашиглан иргэн П.Г-ын 7 тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 02 жил 02 сарын хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн үйл баримтаар яллагдагч Г.Ш-ын эзэмшлийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслээр Г.Ш-, Т.Г-нар нь явж иргэн Т.Ш-ын 7 тооны бог малыг хулгайлан авчирч Т.Я- зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн байдаг ба Г.Ш-, Т.Г-нарын мэдүүлгээр Т.Я- тухайн гэмт хэргийн захиалагч гэж анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж Т.Я-т эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Я-ын өмгөөлөгчийн "Т.Я-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна, хулгайн гэмт хэргийн хамтран оролцогч биш" гэх тайлбар саналыг няцаахдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч Т.Г-болон О.Г.Ш- нарын мэдүүлэг, Т.Я-аас мах худалдаж авсан гэх гэрч С.Б-, Х. Х.Б-нарын мэдүүлгээр нотлогдож тогтогдсон гэж хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Хулгайн гэмт хэрэг төгссөний дараа хулгайн махыг махны ченж С.Б-, Х.Байгальмаа нарт зарж борлуулж байгаа үйл баримтын талаар гэрч нар мэдүүлсэн байгаа. Тэрнээс биш хулгайн гэмт хэрэгт Т.Я-, Т.Г, О.Г.Ш- нар хамтран оролцсон болохыг нотолж байгаа процесс ажиллагаа биш юм.

Хулгайн гэмт хэрэгт Т.Я-ыг хамтран оролцсон гэх үйлдэлд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Г-яллагдагчаар өгсөн /1хх 117-118/ мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэн, тус мэдүүлэг нь яллагдагч О.Ш-н мэдүүлгээр давхар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Шүүгдэгч Т.Г-нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр өмгөөлүүлэх эрхээр хангагдаж улсын өмгөөлөгч томилогдсон байна. Анхан шатны шүүхийн үнэн зөв гэж үнэлсэн шүүгдэгч Т.ГанЦ-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн /1хх 117-118/ мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчиж бичиг үсэг мэдэхгүй сэжигтэн яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангахгүй мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч О.Г.Ш-ас мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан байдаг ба О.Ш-н зүгээс өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ".... Өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болно" гэх хуулийн заалтыг зөрчсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаагүй нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан байхад анхан шатны шүүх мөрдөгчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу аваагүй нотлох баримтыг үнэлж нотлогдож тогтоогдсон гэх хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Г-нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ " Би Г.Ш-тай хамт Ш-ын машинтай хулгай хийхээр яваад 6 тооны хонь хулгай хийсэн, энэ хэрэгт Я- ах ямар ч хамаагүй, Г.Ш- би хэрэгт шалгагдаж байгаа, Я- ахтай цуг явсан гээд хэлчих гээд байсан болохоор Ш-ын хэлснээр худлаа мэдүүлэг өгсөн" /1хх 115-116/ гэх мэдүүлгийг өгч байсан ба тус мэдүүлгийг нотолж шүүгдэгч Т.Я- нь тус хэрэгт хамааралгүй, би хамт явж хулгай хийгээгүй, хулгай хийхээр явсныг ч мэдээгүй" гэх тогтвортой өгч байсан мэдүүлгээр нотлогдож тогтоогддог.

Шүүгдэгч Т.Г-н яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, мөн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргаагүй байхад өмгөөлөгчгүй яллагдагчаар мэдүүлэг авсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч Т.Г-нь шүүхийн шатанд өмгөөлүүлэх эрхээр хангагдаж 2 удаа мэдүүлэг өгөхдөө Хулгайн гэмт хэрэгт Т.Я- оролцоогүй" гэх мэдүүлгийг өгч байсан ба тус мэдүүлгийг хууль заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй нотлох баримтуудыг анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж шүүгдэгч Т. Т.Я-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон гэж эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна Иймд Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн зарчмыг баримтлан миний үйлчлүүлэгч 1. Т.Я-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:Шүүгдэгч Т.Я-, Т.Г-нар нь бүлэглэж гэмт хэрэгт хамран оролцсон нь тогтоогдсон. Хохирогч П.Г- “...Т.Я-ыг таньдаг, хөдөө гэрийг маань  хүнгүй байгааг Т.Я- мэдсэн, Т.Г, О.Г.Ш- хоёр мэдэх боломжгүй...” гэж мэдүүлсэн. Т.Я-ын хувьд өөрөө очиж авах боломжгүй учраас хулгай хийгээд ирсэн хойно нь С.Б- ченжид очиж зарсан байдаг. Энэ нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Т.Г, хохирогч П.Г-, гэрч С.Б- нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтаар Т.Я-, Т.Г-нарын үйлдсэн хулгайн гэмт хэрэг тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч П.Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:Би хэрэг гардаг өдөр Т.Я-аас архи худалдаж авсан. Цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасны дараа намайг цагдаагаас дуудаж  О.Ш, Т.Г-нар малыг чинь авсан байна гэж хэлсэн. Би мэдүүлэгтээ “....Т.Я- манай гэрийг эзгүй байгааг мэдэж байгаа, Т.Я-ыг мал авсан гэж сэжиглэж байна...” гэж хэлээгүй.  Би тийм мэдүүлэг өгөөгүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Я- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Сэцэн Хаан” зоогийн газрын үүдэнд архи зарж байхад П.Г- ирж надаас архи авсан. Миний хөл өвдөөд харилаа гэхэд Т.Г-“та харих гэж байгаа бол намайг О.Г.Ш- дээр буулгаад өгчих” гэсэн. Т.ГанЦ-ийг буулгаж өгөөд би харьсан. Би хулгайн хэрэгт оролцоогүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Г-давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Т.Я- буруугүй. Надад өөр хэлэх зүйл байхгүй”  гэв.

Шүүгдэгч Т.ГанЦ-ийн өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Т.Г-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлэн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй. Шүүхээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийг баримтлан нээлттэй хорих ангид 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж үү гэсэн саналтай байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Я-ын өмгөөлөгч болон хэргийн оролцогч нараас хэрэгт авагдсан  нотлох баримтаас хасуулах болон тооцуулахгүй байх хүсэлт гаргаж байгаагүй. Давж заалдах гомдол үндэслэлгүй. Прокурорын тайлбартай санал нэг байна. Гомдол гаргах бүрд нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь давхар дордоод явж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Я-, Т.Г-нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.Я-, Т.Г-нар нь бүлэглэн.................гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө машин механизм буюу “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж П.Г-ын өмчлөлийн малаас 6 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлж, түүнд 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч П.Г-ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 12 хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 13 хуудас/,

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын гүүрний камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 14 хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 15-16 хуудас/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 19-21 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШД/228 дугаартай “.... “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 17.100.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 25-28 хуудас/,

 

- Хохирогч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2022 оны 3 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө зөв чих урд талаасаа догол буруу чих ард талаасаа догол имтэй 6 тооны хязаалан хонь, 1 тооны ямаа хотноосоо алдсан. Би өмнө өөрийн хонио 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тоолоход нийт бог мал 626 толгой байсан. Тэгээд би дахин 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хонь ямаа зүсээрээ дутаад байхаар нь тоолж үзэхэд манай хониноос 6 тооны хонь, 1 тооны ямаа алга болсон байсан. ... 2022 оны 03 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед аймгийн төвд нутгийн залуу болох Я-тай уулзаж нэг шил архи худалдаж аваад явсан. Манай хөдөө гэрт хүн байхгүй гэдгийг Я-аас өөр мэдэх хүн байхгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн  байгаа Я- болон Ц- нар. Ц- нь манай гэрт өмнө 2 хоноод ирсэн болохоор манай гэрийг сайн мэдэж байгаа юм. Миний алдсан 6 тооны хонь болон 1 тооны ямаа нь зөв чих урд талаасаа догол буруу чих ард талаасаа догол имтэй байгаа өөр содон шинж тэмдэг байхгүй ээ. Би алдсан хонь ямаагаа одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ.

...би 2022 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Чингис хотод ирээд Цэцэн хаан зоогийн газрын гадаа Т.Я-, Т.Г-нартай таарч Т.Я-аас архи аваад аймгийн төвд байдаг гэр лүүгээ явлаа хөдөө гэрт хүн байхгүй талаар тэр хоёрт хэлсэн. Намайг хөдөө гэр лүүгээ тэр шөнөдөө очиж хонохгүйг мөн хөдөө гэрт хүн байхгүй Т.Я-, Т.Г-нар мэдэж байсан. Харин өөр хүн бол мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 33-34, 38-39 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Ш- гэх залуу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай ажил дээр ирж манай банк бус санхүүгийн байгууллагаас мөнгөлөг өнгийн “Приус-30” маркийн 17.200.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зээлээр авсан. ...уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь манай банк бус санхүүгийн байгууллага өөрийн нэр дээрээ гаргуулан авсан. ...манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс О.Г.Ш- гэх залууг зээлийн төлөлтөө хийхгүй, автомашинаа Хэнтий аймгийн төвд эвдлээд хаячихсан гэхээр нь 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймагт очиж уг автомашинаа О.Г.Ш-ас буцаан авч Улаанбаатар хот руу тээвэрлэн авчирсан ба О.Г.Ш- нь зээлээр авсан автомашинаа ер нь их гамгүй эдэлсэн байсан. Одоо манай банк бус санхүүгийн байгууллага нь О.Г.Ш- гэх залуугаас зээлээр олгосон автомашины төлбөрт 14.551.245 төгрөг, мөн автомашинтай холбогдон гарсан яг үнийн дүн нь тодорхой болоогүй байна, бусад зардлуудыг нэхэмжилж байгаа ба энэ мөнгөө төлж барагдуулсан тохиолдолд автомашиныг нь О.Г.Ш- гэх залууд буцаан өгөхөөр байгаа...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42 хуудас/,

- Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Я- гэх залуугаас 4 тооны хонь 1 тооны ямааг хар өнгийн тээврийн хэрэгсэлд ачиж ирээд надад зарсан. Тухайн мах нь 892.000 мянган төгрөг болоод тэр махны мөнгөө 5939007276 гэсэн данс буюу Х.Б-гэсэн хүн рүү шилжүүлсэн юм. Надад гарал үүслийн бичиг болохоор өгөөгүй эргээд авчирч өгнө гэж хэлээд утасны дугаар болох 98950909 гэсэн дугаар бичүүлсэн дараа нь бичгээ гэж залгахад мах өгсөн хүн нь байхгүй байна ирэхээр нь бичиг аваад өгнө гэсэн юм...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 53-54 хуудас/,

- Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 3 дугаар сарын эхээр шиг санаж байна намайг Баянмөнх суманд байхад манай хүргэн Т.Я- над руу утасдаад дансны дугаараа өгөөч надад виза карт байхгүй байна, махны мөнгө шилжүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа өгсөн. Ингээд би Т.Я-т дансны дугаараа өгөхөд удалгүй 892.000 төгрөг миний данс руу орж ирсэн. Тэгээд би дээрх мөнгийг нь дараа хэзээ гэдгээ сайн санахгүй байна Т.Я- руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 67-68 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШД/154 дугаартай “ ...7 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 1.250.000 төгрөг байх боломжтой...“ гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 89-91 хуудас/,

- Т.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Т.Г-гэх хүнтэй 2022 оны 3 дугаар сарын 01-ний орой Цэцэнхаан зоогийн газрын өмнө өөрийнхөө хар өнгийн суудлын автомашинтай архи зарж байгаад 01 цагийн орчимд гэртээ харьж амарсан, Т.Г-дэлгүүртэй “П” ШТС-н гадаа буугаад явсан, Г.Ш- гэх танилынхаа машинд суугаад явсан хаашаа явахыг нь мэдээгүй, би шууд амарсан. Тэгсэн нь өглөө нь 05-06 цагийн орчим ирээд “хэдэн хонь ямаатай хөдөөнөөс ирлээ” гээд манай хашаанд хонь ямаа ажилласан байсан, би “бичиг нь хаана байна” гэхэд Г.Ш- “эргээд авчирч өгье” гээд өгөөгүй. Г.Ш- нь яваад Т.Г-надтай үлдэж ченж Баяраа гэх хүнд надтай хамт очиж өгсөн, махаа өгөхөд нь би машиндаа сууж байсан Т.Г-өөрөө хиллэж мөнгийг нь авсан, нийт хэдэн төгрөг болсныг нь сайн мэдэхгүй байна ойролцоогоор 800.000 гаран төгрөг болсон байх. Тэр мөнгөнөөс нь Г-оос 200.000 төгрөг, Г.Ш-ас 250.000 төгрөг авсан би тэр хоёроос авлагатай байсан юм. Ийм л зүйл болсон.  П.Г- нь манай нутгийн залуу, энэ асуудал болсны урьд орой гудамд таараад надаас 0,75 грамтай “X” нэртэй архи нэгийг худалдаж аваад явсан.

....тухайн үед ченж С.Б-ад арьсыг нь өгсөн. Харин толгой шийрийг нь гэрнийхээ хогон дээр хаясан чинь хогны машин ирээд гэрийн маань хогтой цуг ачаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 110-112 хуудас/, 

- Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Т.Я- ах бид 2022 оны 03 дугаар сарын 01-ний орой зогсоол дээр зогсож байхад Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух П.Г- өөрийн найзтайгаа яваа гээд “Приус-20 маркийн машинтай ирсэн. Ингээд П.Г- нь Т.Я- ахаас нэг архи аваад аймгийн төвийн гэр лүүгээ яваад өгсөн.... Тэгээд удалгүй Баянхутаг сумын харьяат О.Г.Ш- гэх залуу “Приус-30” маркийн машинтайгаа Цэцэн хан төвийн гадаа Т.Я- ах бид хоёр дээр ирээд байж байхад Т.Я- ах О.Г.Ш- бид хоёрт хандан П.Г-ын хөдөө гэр лүү яваад хотноос нь хонь ямаа аваад ир. П.Г- нь энд согтуу явж байна гэж хэлсэн. Тэр үед би дахин бага дүү нь байгаа байлгүй дээ гэж хэлэхэд О.Г.Ш-, П.Г-ын бага дүү Ц нь аймгийн төвд явж байсан гэж хэлсэн чинь Т.Я- ах "Тэгвэл хүнгүй байгаа юм байна, та хоёр П.Г-ын хөдөө гэр лүү яваад хонь ямаа олоод ир ах нь арыг чинь даана" гэж хэлсэн...Тэгэхээр нь О.Г.Ш- бид хоёр О.Ш-ын “Приус-30” маркийн машинтай П.Г- гэх хүний хөдөө гэр болох газарт очиж хашсан бог малаас 6 хонь 1 ямаа зэргийг хулгайлж бог малуудынхаа 3 хөлийг нь уяагаар боогоод амьдаар нь “Приус-30” маркийн машины ард ачаад аймгийн төвд Т.Я-ын гэрт авчирч тэр шөнөдөө О.Г.Ш- дээрх 6 хонь 1 ямааг ажиллаж махлаад маргааш нь 1 хонийг нь авч үлдээд 5 хонь 1 ямааг нь Хэрлэн сумын Хийдийн сууринд С.Б- гэх ченжид Т.Я- бид 2 зарж борлуулсан. Ингээд Т.Я- нь 70.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь Т.Я- ах авсан. Анх малын хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг Т.Я- гаргасан. Тухайн үед Т.Я- ах О.Г.Ш- бид хоёрт хандан П.Г-ын хөдөө гэр рүү яваад хотноос нь хонь ямаа аваад ир П.Г- нь энд согтуу явж байна ямар нэгэн  асуудал гарвал би арыг нь даана та хоёр яваад ир гэж хэлсэн. Би Т.Я- ахад 200,000 төгрөгийн өртэй байсан. Харин О.Г.Ш- тэр хоёрыг сайн мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 117-118 хуудас/,

- О.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед хулгайн хонь, ямаа гэж мэдээгүй. Т.Я-ыг гуйхаар нь л явсан. Ингээд мал ачсаны дараа сэжигтэй санагдаад хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгчид хэлсэн... Гэмт хэрэг үйлдэх санааг анх Т.Я- гаргасан ...Машин маань банк бусын нэр дээр байсан бөгөөд төлбөрийг нь төлөөгүй гээд ББСБ-даа хураалгасан байгаа...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 121-122 хуудас/,

- хохирогч П.Г-ын “...миний бие хохирлоо бүрэн төлүүлж авсан, Т.Я-, Т.Г-нарт гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх тодорхойлолт /3 хавтаст хэргийн 18 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Т.Я-, Т.Г-нарыг “бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Давж заалдах гомдлын тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “Т.Я- мал хулгайлах хэрэгт оролцоогүй, гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа хулгайн эд зүйл болох махыг зарж борлуулсан тул Т.Я-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хөнгөрүүлэн зүйлчлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох яллагдагч Ц-ийн “...Т.Я- ах О.Г.Ш- бид хоёрт хандан П.Г-ын хөдөө гэр рүү яваад хотноос нь хонь


ямаа аваар ир, П.Г- энд согтуу явж байна...ах нь арыг нь даана” гэсэн гэх мэдүүлэг /1хх-117-118/,
яллагдагч О.Ш-ын “...Гэмт хэрэг үйлдэх санааг анх Т.Я- гаргасан” гэх мэдүүлэг /1 хх-121-122/, хохирогч П.Г-ын “...аймгийн төвд нутгийн залуу болох Я-тай уулзаж нэг шил архи худалдаж аваад явсан, манай хөдөө гэрт хүн байхгүй гэдгийг Я-аас өөр мэдэх хүн байхгүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-33-34, 38-39/, гэрч С.Батбаярын “...Я- гэх залуугаас 4 тооны хонь, 1 тооны ямааг тээврийн хэрэгсэлд ачиж ирээд надад зарсан” гэх мэдүүлэг /1хх-53-54/-үүд болон бусад нотлох баримтаар  Т.Я- хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, оролцоогүй гэх өмгөөлөгчийн дүгнэлт  няцаагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох ба  “мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, шунахайн сэдлээр, ямар нэгэн үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авсанаар тухайн гэмт хэрэг төгсдөг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж  заасан ба хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Я- нь гэмт хэрэг үйлдэхэд биеэр оролцоогүй ч гэмт хэрэг үйлдэхийг анх санаачилсан, хохирогч П.Г-ыг эзгүй үед хөдөө гэр рүү нь очиж хонь ямаа хулгайлахаар Ц-, О.Г.Ш- нартай харилцан ярилцаж үүрэг оролцоог зааварчилж удирдан зохион байгуулж байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан  гэмт хэргийн объектив  болон субъектив шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нар бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь  нотлогдож тогтоогдсон байна.

- Шүүгдэгч  Т.Г-бага боловсролтой, шүүгдэгч О.Г.Ш- бүрэн бус дунд боловсролтой ба мөрдөгч яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 -аас 7.9-д заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулж, мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулах эсэхийг тодруулж асуухад яллагдагч нар “ би уншиж бичиж чаддаг тул өмгөөлөгчгүй байцаалт өгнө” гэснийг /1 х/х-113-118,119-122/ тэмдэглэлд тусгасан байгаагаас гадна шүүгдэгч нарын боловсролын байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д заасан “монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн хуулийн зохицуулалтад хамааралгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц-, О.Г.Ш- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүх үнэлж хэргийг



шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-д заасан “
Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Я-т  2  жил 2  сарын хорих ял, Эрүүгийн  хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.ГанЦ-ид 1  жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Я-ын өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчлүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчлүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Я-, Т.Г-нарын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай,


тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА

 

                                                                                             Г.БОЛОРМАА