Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг;

улсын яллагч: Д.Мөнхтогоо;

шүүгдэгч: С.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Самбуугийн Эт холбогдох эрүүгийн 1709019870426 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-567 тоотод оршин суух, урьд Архангай аймгийн шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, АИХТ-ийн 1987 оны 146 дугаар зарлигаар өршөөгдсөн, Архангай аймгийн шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, АО64082511 регистерийн дугаартай, Боржгин овогт Самбуугийн Э.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн хашаанд байрлах айлд Р.Золбаттай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Маргаан байхгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Золбатын /хх-ийн 7-10/ мэдүүлэг, С.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 33-34/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13901 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн хашаанд байрлах айлд хохирогч Р.Золбатын “…чи намайг хөөж явуулдаг хэн юм” гэж хэлсэн үгэнд дургүйцэн  түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

   хохирогч Р.Золбатын /хх-ийн 7-10/: “...2017 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө би найз Адилаа, Энхбаатар, Сүхээ нартай хамт 100 айлын Улсын бүртгэлийн орчим айлд архи ууцгаасан .... Энхбаатар нь гараараа миний нүүр болон толгойн хэсэгт цохисон. Намайг газар унасан байхад толгой хэсэгт дэвссэн. Сүхээ хөдөө мал дээрээ байгаа, гар утас нь холбогдохгүй байна. Адилаа гэртээ ирэхгүй архи уугаад яваад байгаа гэсэн. Миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэх мэдүүлгээр,

 

С.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 33-34/: “...Золбат, Адилаа, Сүхээ бид нар 7-8 шил архи уусан. Би Золбатыг “чи энд архи ууж болохгүй яв” гэсэн чинь Золбат “чи намайг явуулдаг хэн бэ” гээд хэрүүл маргаан гарсан. ...Би нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохисон. Золбатыг газар унахаар нь 1-2 удаа хөлөөрөө дэвссэн...” гэх мэдүүлгээр,

 

С.Эын буруутай үйлдлийн улмаас Р.Золбатын биед “хамар ясны хугарал,тархи доргилт,зүүн зовхи, хацар, эрүү, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуунд өнгөц шинэ гэмтэл ” мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13901 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээж хохирогчийн мэдүүлгийг баталсан, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

 Р.Золбатын “…чи намайг хөөж явуулдаг хэн юм” гэж хэлсэн үгэнд дургүйцэн  түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Эын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч С.Эын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Р.Золбат “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтийг хэрэгт хавсарган өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч С.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржгин овогт Самбуугийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан  320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ