| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2025/0266/З |
| Дугаар | 128/ШШ2025/0350 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0350
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г******* /РД:/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т /Үнэмлэхийн дугаар:/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О /Үнэмлэхийн дугаар:/
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э /Бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн/
Маргааны төрөл: Тусгай зөвшөөрөл
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан Хууль зүйн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Б******* ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Б******* ХХК нь Хууль зүй, дотод хэргийн сайд О.А*******д 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/74 дугаартай Өргөдөл гаргах тухай албан бичгээр Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн байна.
3.Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг тусгасан Улсын Их Хурлын гишүүн П.С******* нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн болно. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа тул Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна. гэх хариуг хүргүүлсэн.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.4-т Хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгоно. гэж шаардах эрхийг тодорхойлж өгсөн бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн Зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх журмын 1-т Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана., 5.29-т Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгохоос татгалзсан бол мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана, мөн тус хуулийн 3.2 дугаар зүйлд Эрх бүхий этгээдийн бүрэн эрхийн 2.7-т зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх;, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 16-т Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно. гэж тус тус зохицуулжээ. Гэтэл "Б*******" ХХК нь дээрх хууль, тогтоомжийн дагуу хуульд заасан шаардлагыг хангаж хүсэлтээ өгсөн байтал хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 тоот хариу хүргүүлэх албан бичгээр "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан төлбөрт таавар, бооцоот үйл ажиллагаа эрхлэх гэдэг ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг тусгасан Улсын Их Хурлын гишүүн П.С******* нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн болно...дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа тул таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна... хэмээн хуульд тусгагдаагүй, ойлгомжгүй байдлаар буцаах агуулга бүхий хариуг ирүүлсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 4.2-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зармуудыг алдагдуулж үндэслэлгүйгээр татгалзсан хууль бус шийдвэр юм. Энэ нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" гэсэн үндсэн эрхийг, бусад хууль, тогтоомжуудад заасан төрийн байгууллагаар өргөдөл, хүсэлтээ хуулийн дагуу, үндэслэл бүхий шийдвэрлүүлэх, зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх эрхүүдийг зөрчиж байгаа бөгөөд 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2 хуулийн этгээдэд энэхүү тусгай зөвшөөрлийг олгосон нь тус яамны сайтад олон нийтэд нээлттэй ил тод байна. Хариуцагчийн ... Улсын Их Хурлын гишүүн П.С******* нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн болно... гэж хуулийн төсөлд УИХ-ийн нэр бүхий гишүүн санал өгсөн нөхцөл байдлыг удирдлага болгон батлагдахыг хүлээн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, хуульд заагаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрөл хүсэх, шийдвэрлүүлэх, тусгай зөвшөөрөл олж авах эрхээ эдлэх, чөлөөт өрсөлдөөнд бизнесийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулан зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу Хууль зүйн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Б******* ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, бүрдүүлбэр ханган хүргүүлж байна. гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай шүүх хуралдаанд Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь манай компани нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Компани нь зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дугаар зүйлийн 11.4-д заасныг баримтлан хариуцагч Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэж, албан ёсоор холбогдох баримт бүрдүүлж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлж хандсан. Гэвч хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан төлбөрт таавар, бооцоот үйл ажиллагаа эрхлэх гэдэг ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг тусгасан Улсын Их Хурлын гишүүн П.С******* нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн болно гэх дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа тул таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна... хэмээн хариуг ирүүлсэн. Гэтэл дээрх шийдвэр нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд тухайн зөвшөөрлийг хуулийн этгээдэд, эсхүл тодорхой төрөл, хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээдэд, эсхүл хувь хүнд, эсхүл Монгол Улсын иргэнд олгоно, мөн хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно, 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэх хуулийн зохицуулалтыг тус тус зөрчсөн. Хариуцагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, батлагдах эсэх нь шийдвэрлэгдээгүй Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг удирдлага болгож, хуулиар хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, захиргааны шийдвэр үйл, ажиллагаа гагцхүү хуульд үндэслэх зарчмыг баримтлахгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд татгалзсан хариуцагчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас хууль батлагдаагүй гэж тайлбарлаад байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно гэж заасан. Хязгаарлалт тогтоож болох нь тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд хязгаарлахыг ойлгоно. Гэтэл түр хязгаарлалтыг ямар үндэслэлээр хязгаарлахыг Засгийн газарт эрх олгосон. Засгийн газраас хязгаарлалт тогтоох тогтоол гараагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн яам дур мэдэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газар ямар үндэслэлээр хязгаарлалт тогтоож болох талаар тодорхой заасан. Хариуцагчийн хариу тайлбар болон маргаан бүхий албан бичигт хууль батлагдаагүй гэж дурддаг бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд бүрдүүлсэн баримт бичгийн бүрдэл хангасан эсэхийг дүгнээгүй байдаг. Тиймээс энэ нь нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримт бичиг нь хууль ёсных байна гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Баримт бичгийн бүрдэл дутуу байсан бол бүрдэл дутуу гэдгээр татгалзах бүрэн боломжтой байсан. Гэтэл өөр үндэслэлээр татгалзаж байгаа нь Засгийн газрын өмнөөс эрхийг нь хэрэгжүүлж байгаа хууль бус татгалзал гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь даалгах нэхэмжлэлийн шаардлагатай. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус. гэж заасны дагуу хариуцагч талаас татгалзсан шийдвэр гарсан нь даалгах нэхэмжлэл гаргах үндэслэлтэй гэж үзэхээр байна. гэв.
7.Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Б*******" ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.А*******д Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг тусгасан Улсын Их Хурлын гишүүн П.С******* нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн. Монгол Улсын Их Хурлын гишүүн П.С*******, Н.А******* нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/2373 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байгаа. Хуулийн төсөлд бооцоо гэж бооцоот үйл явдлын үр дүнгээс шалтгаалж дэвшүүлсэн таавар нь таарсан тохиолдолд дүрэмд зааснаар өсгөж авах нөхцөлтэйгээр эрсдэлээ өөрөө хариуцаж, зохион байгуулагчид сайн дураараа шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг, бооцоот таавар гэж оролцогч болон зохион байгуулагчийн аль аль нь үр дүнг нь урьдчилан мэдэх, эсхүл үр дүнд нь нөлөөлөх боломжгүй үйл явдлын талаар бооцоо тавигчид хоорондоо, эсхүл бооцоо тавигч болон зохион байгуулагч хоорондоо бооцоот үйл явдлын үр дүнг тааварлаж, тогтоосон дүрмийн дагуу бооцоо тавих үйл ажиллагааг ойлгохоор тусгаж санал авч байгаагаас гадна мөрийтэй тоглоом гэдэгт бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа хамааруулахаар тусгасан. Энэхүү хуулийн төсөлтэй холбоотой Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтын төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэснийг бооцоот таавар зохион байгуулах үйл ажиллагаа эрхлэх гэж өөрчлөхөөр тусгасан болно. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн этгээд нь мөрийтэй тоглоомын ямар төрлөөр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүсэх нь тодорхой болох тул төслийг хэлэлцэн батлахаас өмнө энэ төрлийн тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
8.Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгээр Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор буцаан хүргүүлсэн. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл нь морин уралдаан, хонжворт таавар гэх зэргийг нарийвчлан ангилах бөгөөд хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдээс зорилгыг нь тодорхойлж, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох юм. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар тусгай зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тодорхойгүй явагдаж байна. Одоогоор нийтэд илэрхий гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээрийн эрх зүйн орчин боловсронгуй болоогүй учраас татвар төлөхгүй байх эрсдэл үүсдэг. Тиймээс бооцоот таавар, хонжворт сугалааны эрх зүйн орчин илүү боловсронгуй болсны дараа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилготой байна. Одоогийн эрх зүйн орчинд тусгай зөвшөөрөл олгоход сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг Засгийн газарт мэдүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэнэ. гэв.
9.Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б******* ХХК-ний нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус компани нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.А*******д өргөдөл гаргах тухай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/74 дүгээр албан бичиг ирүүлсэн байдаг. Зөвшөөрлийн тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа-г тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр заасан байдаг. Энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан. Тус компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцаад төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй тухай 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 7/134 дүгээр албан бичгээр хариу өгсөн. Тус хариуг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1. үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, 1.2. хууль дээдлэх, 1.3. ил тод, шударга байх, 1.4. бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зарчимд үндэслэсэн. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялагдах онцлог, тус үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б******* ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан Хууль зүйн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Б******* ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчдын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч нэгдүгээрт, хэргийн оролцогчдоос боломжит цаг хугацааг нь асууж тодруулсны эцэст шүүх хуралдааныг товлосон, хоёрдугаарт, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Яам нь Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурорын болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагатай, эдгээр байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э болон Б.Э******* нарт олгосон 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/1538, 1/1539 дугаар итгэмжлэлүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.А******* гарын үсэг зурж олгосон байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайдыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э төлөөлөн оролцох боломжтой хэмээн үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******гийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын шүүхийн журмаар гаргуулахаар хүссэн нотлох баримт буюу одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниуд татвараа төлөхгүй байгаатай холбогдуулан арга хэмжээ авахтай холбоотой Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөмжийг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон болно.
3.Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг тусгасан Улсын Их Хурлын гишүүн П.С******* нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн болно. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа тул Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна. хэмээн нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцаажээ.
3.2.Нэхэмжлэгчээс ... дээрх шийдвэр нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8, 8.1, 8.2, 1.5 дугаар зүйлийн 17-д заасан хуулийн зохицуулалтыг тус тус зөрчсөн, Засгийн газраас хязгаарлалт тогтоох тогтоол гараагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн яам дур мэдэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, баримт бичгийн бүрдэл дутуу байсан бол бүрдэл дутуу гэдгээр татгалзах бүрэн боломжтой байсан, гэтэл өөр үндэслэлээр татгалзаж байгаа нь Засгийн газрын өмнөөс эрхийг нь хэрэгжүүлж байгаа хууль бус татгалзал гэж үзэхээр байна. гэж, харин хариуцагчаас ...бооцоот таавар, хонжворт сугалааны эрх зүйн орчин илүү боловсронгуй болсны дараа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилготой, одоогийн эрх зүйн орчинд тусгай зөвшөөрөл олгоход сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй, хуулийн төслийг Засгийн газарт мэдүүлсэн бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж тус тус тайлбарлан маргаж байна.
3.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь ... зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино., 1.5 дугаар зүйлийн 16-д Энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглоно., мөн зүйлийн 17-д Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно., гэж, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана гэж тус тус заажээ.
3.4.Гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч Б******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцаасан нь нэхэмжлэгч компанийн эрхийг хязгаарласан байх тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3.5.Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс (тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт) ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа гэх хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны татгалзсан шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх олгосон хуулийн зохицуулалт биш юм.
3.6.Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно. гэж зааснаас үзэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яаманд зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх эрхийг хуулиар олгоогүй байхад хариуцагч захиргааны байгууллагаас дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа хэмээн нэхэмжлэгчийн хүсэлтийг тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцаасан нь хариуцагч хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хүлээж авахаар байна.
3.7.Иймд Хууль зүйн, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичиг нь нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэв.
4.Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана. гэж, мөн зүйлийн 3-т Зөвшөөрөл хүсэгч өргөдөлд зөвшөөрлийн ангилал, түүнд холбогдох үйл ажиллагааны болон байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглах зорилго, үндэслэлийг тодорхой тусгах бөгөөд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:3.1.зөвшөөрөлд тавигдах хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг, мөн зүйлийн 3.3-т хуульд тусгайлан заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичиг гэж, 5.3 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана гэж, 5.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна:, 2.1-д баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл магадлан шалгах ажиллагааг эхлүүлэх;, 2.2-д өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэх;, 2.3-д өргөдлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх. гэж, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөлийг олгох-оор тус тус заажээ.
4.2.Энэхүү шүүхийн шийдвэрээр Хууль зүйн, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.3.Ингэхдээ дээрх хуулийн 5.2 дугаар зүйлд заасан Зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх журам-ын журмын дагуу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлт, түүнд холбогдох баримт бичиг нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1-д заасан шаардлага хангагдсан байх ёстой тул нэхэмжлэгчийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3, 5.2 дугаар зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/134 хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б******* ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРАНГУА