Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/46

 

 

 

 

 

 

   2023        11           28                                           2023/ДШМ/46

 

 

П.А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч П.А- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа /цахимаар/, Э.Шинэцэцэг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Жавзандулам нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзоригийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.А-д холбогдох эрүүгийн 2239001660021 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч П.Ганзоригийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч П.А- нь нийтийн албан тушаалтан буюу Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6 дахь хэсэгт заасан "Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх", Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй" гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно". Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна" Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 "Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 7.1.6. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно", мөн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2 дахь хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.11, 3 дахь хэсгийн 3.3, 3.3.1, 3.6 дахь заалтуудыг зөрчиж,

 

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай" тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр хавсралт, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжийн хавсралтаар акталж худалдан борлуулахаар шийдвэрлэсэн, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан бичиг хүргүүлсэн, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орчим уг хичээлийн байрыг "Б" ХХК-ны ажилтнуудаар нураалгаж, гарсан модон материалыг "Б" ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгосон, улмаар "Б" ХХК нь "Эко зуслангийн байр”-ыг 43,977,805 төгрөгийн өртгөөр барихаар зураг төсөл боловсруулж, тендерт шалгарсан атлаа, уг хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Эко зуслангийн байр" барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23,523,113 төгрөгийг сумын төрийн сангийн дансанд байршуулаагүй, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай "эд хөрөнгө актлах худалдах тухай" тэргүүлэгчдийн тогтоолоор уг хичээлийн 2 дугаар байрыг актлах, худалдах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Аймгийн засаг даргад үүрэг болгосон, улмаар Аймгийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай "Эд хөрөнгө актлах, худалдах тухай" захирамжаар ажлын хэсэг байгуулсан байхад, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Б" ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, "Б" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч П.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч С.Б-аас 1.245.000 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч П.А-ээс 3.620.279 ( гурван сая зургаан зуун хорин мянга хоёр зуун далан ес) төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн Норовлин сумын төрийн санд олгож шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Монгол Улсын Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт Авлигын гэмт хэргийг хуульчилж мөн бүлгийн 22.1 дүгээр зүйл "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" 1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Энэхүү Эрүүгийн хуулийн бүлэг, зүйл заалтад хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" 1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг,
бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж нэмэлт заалт оруулсныг дагаж мөрдөж байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкцын төрөл хэмжээг өөрчилж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах
нэмэгдэл ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн ялаар оногдуулахаар заажээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.А-ийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Б" ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, "Б" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөн зүйл хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч П.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь  нотлогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

Харин анхан шатны шүүх, шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хууль тогтоогчоос нэмэлт заалт оруулсан хуулийг хэрэглэлгүй, торгуулийн ял оногдуулах санал гаргаснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч П.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт оруулсан хуулийн өмнө үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “...Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно..." гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно..." гэж, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ..." гэж тус тус заасан хуулийн үйлчлэлд хамаарахаар байна. Гэтэл шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “П.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх дараах үндэслэлүүд байгаа тул уг тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

 

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

1.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12 дугаар талд шүүгдэгч П.А-ийн Норовлин сумын засаг даргаар ажиллаж байхдаа хичээлийн 2 дугаар байрыг буулгаж, модон материалыг "Б" ХХК-д олгож Эко зуслангийн барилгад ашиглуулах талаар амаар хэлсэн үйлдэл нь албан ёсны шийдвэр болох төдийгүй заавал бичгийн хэлбэрээр гаргасан байхыг шаардахгүй юм гэж дүгнэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэжээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан аливаа шийдвэр нь захирамжилсан шинжтэй байхаар маш тодорхой заажээ. Гэтэл бидний үйлчлүүлэгч О.П.А- нь хичээлийн 2 дугаар байрыг нураах, модон материалыг ашиглуулах тухай захирамжилсан шийдвэр огт гаргаагүй бөгөөд хэрэгт энэ талаар авагдсан нэг ч баримт байхгүй, нэгэнт акталсан сургуулийн байрыг сургуулийн өмч хамгаалах зөвлөл зохих хууль, журмын дагуу шийдвэрээ гаргасны дараа акталсан мод гарвал тэр модноос "Эко зуслангийн барилга"-д ашиглаж болох талаар сургуулийн захирал А.У-, иргэний хариуцагч С.Б- нартай ярилцсан байгааг нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар захирамжилсан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн дүгнэлт нь Гэрч Э.О-ын 2022.12.21-ний өдөр өгсөн “....2 дугаар байрыг актлах шийдвэр бол гарсан ....сургуулийн өмч хамгаалах зөвлөл хуралдаад хичээлийн 2 дугаар байрнаас ашиглах боломжтой юм бага юм байна, ашиглах боломжтойг нь хөдөлмөр зусланд шилжүүлье гэсэн хурлын тэмдэглэл шийдвэр тайлан гарсан. ...Засаг дарга П.А- хичээлийн 2 дугаар байрыг бусдад шилжүүл гэж үүрэг чиглэл өгч байгаагүй....” гэсэн мэдүүлэг /2хх 131-133/,

иргэний хариуцагч С.Б-ы 2023.02.11-ний өдөр өгсөн “....Засаг дарга ....надад хэлэхдээ бол акталсан барилгын модон материалыг ашиглаж ....гэж хэлсэн ....Сургуулийн захирал У- нь Засаг дарга солигдчихоод байхад та наад барилгаа нурааж ав ...хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /3хх 35/-ээр  үгүйсгэгдэх юм.

 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-41.4 дэх хэсгүүдэд захиргааны актыг амаар гаргаж болох талаар зохицуулсан бөгөөд энэ зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг амаар гаргасан захиргааны акт гэж үзнэ. Гэтэл тус зүйлийн аль зүйлд заасан шинж хангагдсан гэж үзэж П.А-ийг амаар захиргааны акт гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс О.П.А-ийг буруутгахдаа гэрч С.Б-, иргэний хариуцагч С.Б-, гэрч Х.У-, Б.Э-нарын мэдүүлгийг үндэслэл болгожээ. Гэтэл эдгээр гэрчүүд хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд тул тэдний мэдүүлгийг О.П.А-ийн гэм бурууг нотлох гол нотолгоо болгож болохгүй юм. Учир нь 1 хавтаст хэргийн 35 талд гэрч Б.Э-мэдүүлэхдээ “...ерөнхий боловсролын сургуулийн захирал У- нь эко зуслангийн барилга барих модыг сургуулийн хичээлийн байрнаас авч ашиглаж болно гэсэн..." гэж мэдүүлдэг

 

Өмгөөлөгч бид уг хэрэгт дараах байдлаар санал, дүгнэлт гаргаж мэтгэлцсэн 1.2. О.П.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй.

 

Хэргийн бодит нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд П.А-ийг холбогдуулан шалгаж буй асуудал нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, тэрээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй юм.

 

О.П.А-ийн хувьд Эко зуслангийн барилга барих ажлын гэрээг баталж тендер зарласан байдаг. Энэ үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдсан. Уг гэрээгээр эко зуслангийн барилгыг барихад хичээлийн 2 дугаар байрын модыг буулгаж ашиглана гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл "Б" ХХК-иар уг хичээлийн байрыг нураалгаж, модон материалыг компанид олгох шийдвэр гаргасан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

 

Холбогдох хууль, журмын зохицуулалтаас үзэхэд Сумын засаг дарга нь сумын өмчийн хөрөнгийг худалдан борлуулах, бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд түүний бүрэн эрхэд эл асуудал хамаарахгүй юм. Харин Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас үлдэх хөрөнгөтэй акталсан хичээлийн 2 дугаар байрыг сургуулийн захирал өмч хамгаалах зөвлөлөө томилоод, өмч хамгаалах зөвлөл актлах уу, худалдан борлуулах уу гэдэг шийдвэрээ гаргах ёстой. Хэрвээ худалдан борлуулах эсхүл актлах шийдвэр гаргаж байгаа бол худалдан борлуулах, данснаас хасуулах тухай саналыг аймгийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар уг эд хөрөнгийг акталж, данснаас хасах эсхүл худалдан борлуулах уу гэсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх байсан. Гэтэл энэ ажиллагаа процедур дарааллаараа явагдаагүй байдаг. Энэ талаар ч гэрчүүд тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайлбал 1 хавтаст хэргийн 61-62 талд авагдсан гэрч С.С-, 2 хавтаст хэргийн 197-198 талд авагдсан гэрч Н.Ү-, 2 хавтаст хэргийн 227-228 талд авагдсан гэрч Ш.Ц-нарын мэдүүлгүүдээр тогтоогддог.

 

Хоёр. Хууль хэрэглээний талаар

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинж нь "албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан эсэх"-ээс хамаардаг. Эл шинж байхгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

 

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал" гэж, 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх" гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно гэж тайлбарласан.

Хуулийн эдгээр тайлбараас харахад О.П.А- нь Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Б" ХХК-д олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаа бол түүнд ямар нэг ашиг хонжоо олох эсхүл хувийн ашиг сонирхол гүйцэлдсэн байх шаардлагатай. Тодруулбал энэ нөхцөл байдал байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой. Гэтэл
О.П.А-ийн ямар хувийн ашиг сонирхол нь гүйцэлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, энэ нөхцөл байдал ч тогтоогдоогүй юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлд заасан гэмт хэргийн шинж энэ үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа юм.

 

Монгол Улсын дээд шүүхээс ...Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь хувийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдлээр илэрдэг талаар тодорхой тайлбарласан байна.

 

Иймд П.А-ийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 1 дүгээр зүйлд заасан "нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн: "эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль, Захиргааны ерөнхий хууль, мөн олон улсын гэрээ конвенцыг тайлбарлаж дүгнэлт хийсэн. Ингэхдээ эдгээр хуулиудыг хууль хэрэглээний хувьд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 10 дугаар талд шүүх дүгнэхдээ П.А- нь “Б” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлээрээ эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгож байгаа. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар П.А-ийн үйлдэлд бол ямар нэгэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэл, санаа, зорилго байхгүй байсан гэдэг нь хангалттай нотлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог. П.А-ийн ямар үйлдлээс болж ийм нөхцөл байдал болсон нь нотлогддоггүй. Өөрөөр хэлбэл П.А- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй.

Мөн сумын ЕБС-ийн хувьд өмч хамгаалах зөвлөлтэй. Энэ зөвлөл нь өөрөө дуудлага худалдаа явуулах юм уу? актлах юм уу? гэсэн шийдвэрээ гаргаж байж энэ асуудал шийдэгдэх ёстой байсан. Засаг дарга П.А-ийн хувьд энэ өмч хамгаалах зөвлөлийг ажлаа хийсэн гэж ойлгосон. Гэтэл энэ ярилцсан байдлыг амаар гаргасан шийдвэр гэж үзэж шүүх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйл нь нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсвэл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа сэдэл агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болно гэж заасан. Тэгэхээр санаа сэдэл зорилго байсан юм уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн хуралдааны үед нотлогдон тогтоогдоогүй. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар П.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор П.А-ийг Захиргааны акт гаргасан гэж үзсэн. Эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон “Б” ХХК-д зуслангийн барилгад ашиглуулах талаар амаар хэлсэн үйлдэл нь албан ёсны шийдвэр болсон өөрөөр хэлбэл захиргааны акт гаргасан гэж дүгнэсэн байсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны актын талаар маш тодорхой заасан. Нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагаврыг шууд бий болгосон, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж маш тодорхой тайлбарласан. Хуулийн энэ  зохицуулалтаар бол амаар болон бичгээр гаргасан аливаа шийдвэр захирамжилсан шинжтэй байна гэж маш тодорхой заасан. Гэтэл П.А-ийн хувьд хичээлийн хоёрдугаар байрыг нураах, модон материалыг ашиглуулах тухай захирамжилсан шийдвэр огт гаргаагүй. Энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Нэгэнт акталсан сургуулийн байрыг сургуулийн өмч хамгаалах зөвлөл зохих журмын дагуу шийдвэрээ гаргасны дараа акталсан мод гарвал эко зуслангийн барилгад ашиглаж болох талаар тухайн үеийн сургуулийн захирал байсан У-, иргэний хариуцагч С.Б- нартай ярилцсан байдаг. Гэтэл үүнийг нийтийн эрх зүйн хүрээнд захирамжилсан шинжтэй шийдвэр гаргасан байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт яагаад захиргааны акт гэж үзсэн нь ойлгомжгүй байдаг. Мөн анхан шатны шүүхээс П.А-ийг буруутгахдаа гэрч С.Б-, У-, Б.Э-нарын мэдүүлгийг үндэслэл болгодог. Гэтэл эдгээр гэрчүүд энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүд юм. Ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн  мэдүүлгээр П.А-ийг буруутгах нотолгоо болгох нь үндэслэлгүй юм. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаар П.А-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан хууль хэрэглээний хувьд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн гол үндсэн шинж нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан эсэхээс хамаардаг.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ашиг хонжоо, 3.1.3-д албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах талаар маш тодорхой заасан. Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх гэж маш тодорхой тайлбарласан. Хуулийн эдгээр тайлбараас харахад  П.А-ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа бол яг энэ “Б” компанид эдийн засгийн давуу байдал олгосноороо П.А-ийн хувьд ямар хувийн ашиг сонирхол нь гүйцэлдсэн юм бэ? ямар ашиг хонжоо олсон юм бэ? авлигын нөхцөл байдал тогтоогдсон юм уу? гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой байсан. П.А-ийг ямар хувийн ашиг сонирхол гүйцэлдсэн, ямар ашиг хонжоо олсон гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй, баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлуудад буруутай гэж Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар буруутгасан нь үндэслэлгүй юм гэж үзсэн. Монгол Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хувийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн, үйлдэл нь баримтаар тогтоогдсон байх ёстой гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ нөхцөл байдал огт баримтуудаар тогтоогдоогүй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан буюу гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслээд П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч П.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эх зөвшөөрч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд зааснаар ".. П.А- намайг хичээлийн 2 дугаар байрыг буулгаж, модон материалыг эко зуслангийн барилгад шилжүүлэх шийдвэрийг нөхөн гаргасан..." гэж үзэн буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний хувьд Хэнтий аймгийн Норовлин сумын засаг даргаар ажиллаж байхдаа, хичээлийн 2 дугаар байрыг буулгаж, модон материалыг эко зуслангийн барилгад ашиглуулах талаар шийдвэр огт гаргаагүй, ямар нэгэн үүрэг, чиглэл өгөөгүй юм.

Болсон нөхцөл байдлын талаар товч дурдвал: Тухайн үед хичээлийн 2 дугаар байрыг актлуулах талаар санал сургуулийн удирдлагаас гаргаж байсныг холбогдох журмын дагуу акталж, ашиглаж болох талаар санал солилцож байсан. Сургуулийн захирал хөдөлмөр зуслан бариулмаар байна, би актлуулах ажлаа хөөцөлдье гээд л ярилцаад л өнгөрсөн. Тэр үед модон материал нь төсөвтөө багтахгүй байгаа наад хуучин барилгаа актлуулаад ашиглавал болох юм биш үү гэсэн яриа л болж өнгөрснөөс биш миний хувьд ямар нэгэн үүрэг чиглэл огт өгөөгүй юм.

Дараа нь Эко зуслан барих тендер зарлагдах үед сургуулийн захирал Х.У-тэй тааралдах үед актлах асуудал нь юу болсон талаар тодруулахад өмч хамгаалах зөвлөл шийдвэрлэсэн даргаа гэж хэлж байсан. Эко зуслан барих ажил эхлэхийн өмнө тендерт шалгарсан гүйцэтгэгч С.Б-, Х.У- нартай гурвуулаа хөдөлмөр зуслан барих газар очиж ярилцахад мөн л актлуулах ажил шийдвэрлэгдсэн, барилгаа эхлүүлье гэдэг дээр ярилцаж тогтсон. Тэр үед С.Б- ч хуучин барилгыг нурааж, модыг нь ашиглах ойлголтыг авч байсан.

Тухайн үед хичээлийн 2 дугаар байрыг актлах асуудал шийдэгдсэн гэж сургуулийн захирал хэлсэн учир би бүх асуудал нь хууль журмынхаа дагуу шийдвэрлэгдсэн юм байна л гэж ойлгосон. Төсвийн тухай хуульд зааснаар сургуулийн
захирал төсвийн шууд захирагч учир сургуулийн захирал миний өмнө ажил хариуцаж байгаа эрх үүрэг бүхий нэг байгууллагын дарга юм. Миний хувьд төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд сургуулийн өмч хөрөнгө захиран зарцуулахад оролцох эрх байхгүй учраас асуудлаа дотооддоо шийдвэрлэ, хөөцөлд гэсэн яриа л болж байсан. Гэтэл тэд ажлаа хийхгүй орхигдуулж, дан ганц намайг шийдвэр гаргасан мэтээр өөрсдөөсөө зайлуулж мэдүүлэг өгсөн нь намайг буруутгах үндэслэл болсонд харамсаж байна.

Миний хувьд гүйцэтгэгч С.Б-тай ярилцаж байхдаа сургуулийн хуучин байрыг ашиглах шийдвэр гарсан гэсэн тэрийг ашиглах байх сургуулийн захиралтай уулзаарай л гэсэн. Хичээлийн 2 дугаар байрыг актлах шийдвэрийг сургуулийн өмч хамгаалах зөвлөл шийдвэрлэсэн. Миний хувьд сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, чиглэл өгч байгаагүй тэд хуулийн хүрээнд шийдвэр гаргаад байгууллагын даргадаа танилцуулж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэх үндсэн үүрэг бүхий ажлын хэсэг байсан. Гэтэл өмч хамгаалах зөвлөл энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй, орхигдуулсан. Гэтэл намайг шууд чиглэл өгсөн, тэдэнд нөлөөлсөн мэтээр шүүхээс дүгнэжээ. Миний хувьд ажлын санал солилцож хуулийн дагуу хийхийг л чиглэл болгож Х.У-, С.Б- нартай уулзаж ярилцаж байснаас цаашгүй юм.

Бид бүгдэд хөдөлмөр зуслантай болъё л гэсэн чин сэтгэл байснаас биш, миний хувьд өөт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох гэсэн санаа зорилго огт байгаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Иймд хэргийн материалд авагдсан баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж, П.А- надад холбогдох хэргийг үнэн зөвөөр бодитой шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:Шүүгдэгч П.А-ийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг "Б" ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, "Б" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзсэн нь зөв. Харин шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хууль ёсны зарчим, хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх эдгээр хуулийн заалтуудыг бүрэн журамлаагүй. Ямар учраас журамлах талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул эдгээр хуулийн заалтуудыг журамлаж тухайн П.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь  нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн. Энэ талаар хууль буцаан хэрэглэх, хууль үйлчлэх цаг хугацааны талаар хууль зүйн дүгнэлт хийлгэх зорилгоор эсэргүүцэл бичсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр П.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж,

 

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;  гэмт хэргийг хэн үйлдсэн; гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл... зэргийг нотлох...”-оор тус тус хуульчилжээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах үүрэг бүхий этгээд хэн болох, уг этгээд нь үүргээ холбогдох хууль, журмын дагуу биелүүлж чадсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, үйлдэл, гэм бурууг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын  08-ны өдрийн 2023/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ