Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

 

 

 

 

 

   2023        11           29                                           2023/ДШМ/47

 

 

Ж.А-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч О.Дүүриймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч Н.Ариунжаргал, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239002800291 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ж.А- нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-3 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхэд болох 9 сартай О.Э-ыг биеэ хамгаалах чадваргүй, бага насных болохыг мэдсээр байж түүний ээж О.О-нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар гэрийн плитан шалан дээр толгойгоор нь 2 удаа санаатайгаар унагааж О.Э-ын эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Ж.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч овогт Ж.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- шүүгдэгч Ж.А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-т оногдуулсан 6 (зургаан) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой  эмчилгээний  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-т хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт бүртгэлтэй ч сүүлийн жилүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн суманд эхнэр, бага насны хоёр охины хамт амьдарч, Х ТӨК-д ажиллаж хөдөлмөрийнхөө хөлсөөр эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэдэг байсан. Иймд миний ар гэр болон хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Дүүриймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ж.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчид гэмтэл учрахад О бид хоёр харилцан адил буруутай гэдэг байр сууринаас оролцож байна. Хэрэгт авагдсан гэрч Э-, Б, А нарын мэдүүлэгт хүү О.Э-ын биед гэмтэл учруулсан гэх  мэдүүлэг байдаггүй. Гэрчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Тухайлбал Оийн мэдүүлэгтээ уг үйл явдал  2022 оны 06 дугаар сарын 29-ны орой болсон. Маргааш өглөө нь 2022 оны 6 дугаар сарын 30-нд маргалдсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч гэрч Э- мэдүүлэгтээ тухайн үйл явдал 2022 оны 6 дугаар сарын 29-ны өглөө 08 цаг орчимд болсон гэж мэдүүлэг өгсөн. 2022 оны 6 дугаар сарын 29-ны орой Э-, Б нар өөрийн 2 дүү, Ж.А-, О.О-болон хүү О.Э-ын хамт Сүхбаатар аймаг руу 2 хоног хөдөө  явсан. О.Э-ын биед ямар нэгэн зовуурь байгаагүй талаар мэдүүлдэг.  Гэрч Б мэдүүлэгтээ О.О-хүүхдээ газар руу савж унагаасан би хүүхэд алчихлаа шүү дээ гээд уулга алдаад хүүхдийг нь газраас аваад От өгсөн, хүүхдийнх нь хамраас цус гарсан. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрчүүдийг нүүрэлдүүлсэн мэдүүлгээс харахад 09 сартай О.Э-од учирсан гэмтлийг хэн, хэзээ учруулсныг шинжээчийн дүгнэлтээр бүрэн тодруулаагүй байна. Ж.А- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө О.О-хүүхдээ орноос унагаадаг. Эмнэлэгт үзүүлье гэхээр тоодоггүй, үзүүлдэггүй байсан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ажлаасаа тараад ирэхэд нь 9 сартай хүү болох О.Э- гэртээ ганцаараа уйлж байсан. Хаалгаа эвдээд орж ирэхэд нь хүү ухаан алдаад унасан байсан гэж мэдүүлдэг.  Уг гэмтэл хэзээ үүссэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ гэмт хэрэгт Ж.А- болон О.О-буруутай байх магадлалтай байна. Ж.А-ын гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байна. Иймд хэргийг бүхэлд нь шалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч  Ж.А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг нь харгалзан ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан, үндэслэл бүхий шийдвэр гарсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авч хэрэгт холбогдох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн. Гэрч Б, Ж.А- хоёр ах дүү төрөл садны холбоотой. Бийн өгсөн мэдүүлэгт эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал үүсээгүй, бусад нотлох баримтууд болох хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Оийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр гэс буруу нь тогтоогдсон. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж


тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.А- нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-3 тоотод байх
гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхэд болох 9 сартай О.Э-ыг биеэ хамгаалах чадваргүй, бага насных болохыг мэдсээр байж түүний ээж О.О-нь хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар гэрийн плитан шалан дээр толгойгоор нь 2 удаа санаатайгаар унагааж О.Э-ын эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 2 хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 4-8 хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч О.Э-ын өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас /1 хавтаст хэргийн 63-81 хуудас/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хувьд гомдолтой байна. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нөхөртэйгөө маргалдахад нөхөр хүүхдийг маань тэвэрч аваад надад уурласан уурандаа байшингийн шал руу толгойгоор нь унагаасан.

...2022 оны 6 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим ...би өөрийнхөө утсаар хүнтэй ярьсан чинь Ж.А- намайг хардаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Ж.А- намайг “пизда минь ална шүү” гэх зэргээр хэлж байсан. Би тэвэрч байсан хүү О.Э-ыг Ж.А-т өгөхөд Ж.А- миний хүү О.Э-ыг цээжиндээ тэвэрч байгаад надад уурласан уурандаа доош нь байшингийн шалан дээр унагаасан. О.Э- шалан дээр унаад уйлахад нь Ж.А- хүүг маань аваад дахин шалан дээр унагаасан. Тэгээд би хүү О.Э-ыг шалан дээрээс аваад хөхүүлсэн. Миний хүү О.Э-ын хамраас цус гарсан мөн толгойн зүүн талд нь хавдсан байсан. ...Ж.А- миний хүү О.Э-ыг надад уурласан уурандаа санаатай 2 удаа шалан дээр унагаасан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 15, 20 хуудас/,

 

- Гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эмнэлэгт 14 цаг 30 минутын үед зодуулсан байж болзошгүй байдалтай хүүхэд ирсэн. Иймд манай эмнэлгийн эмч Г дуудлага өг гэсний дагуу цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 27-28 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 511 дугаартай “О.Э-ын биед гавал тархины битүү гэмтэл, зулай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, баруун зулай чамархай хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүд, хүзүү, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн
хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь
насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх
эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 57-60 хуудас/,

 

- Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би хамтран амьдрагч О, түүний хүү болох 9 сартай О.Э- нарын хамт амьдарч байсан. 2022 оны 6 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим О.О-чи намайг гэр рүү явуулсангүй, зардлын мөнгө өгсөнгүй гэж уурлаж надтай маргалдаж эхэлсэн. Надтай маргалдаж байх явцдаа О.О-9 сартай хүү О.Э-ыг өөрөө тэврээд барьж байснаа надад өгсөн. Би дагавар хүү О.Э-ыг 2 гараараа тэвэрч өргөөд бүүвэйлж байхад О.О-намайг “янхан гичий минь надад гэр рүүгээ явах зардлын мөнгө өгөөдөх” гээд хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд бүүвэйлж байсан нялх хүүхэд болох О.Э-ыг тэвэрч байсан 2 гараа зэрэг доош нь буулгаад О.Э-ыг байшингийн плитан шалан дээр унагаасан. Би О.Э-ыг дээш харуулж барьж байсан бөгөөд О.Э- плитан шалан дээр ар нуруу, толгойн ар дагз хэсгээрээ унаад уйлсан. Би хүүхдийг шалан дээрээс 2 гараараа өргөж аваад дахин бүүвэйлж байхад О.О-намайг дахин, дахин “янхан гичий” гэх зэргээр хэлж доромжлоод байхаар нь миний уур хүрээд О.Э- хүүг тэвэрч байсан 2 гараа доош буулган О.Э-ыг ар нуруу, толгойн ар дагз хэсгээр нь байшингийн плитан шалан дээр дахин унагаахад О.Э- хүү уйлсан... Мөнххаан сумаас ирсэн өдөр 14 цагийн орчим дэлгүүр явахаар гарахад О.О-гэртээ хүү О.Э-ын хамт үлдсэн. Би дэлгүүр орж ундаа чихэр, алим авчхаад ирэхэд гэр цоожтой гэрт дотор О.Э-ын уйлах дуу сонсогдож байсан. Би гэрийн цоожийг лантууны иш төмрөөр цохиж эвдэлж гэрт ороход О.Э- гэрийн баруун орны хөлнөөс уяатай уйлаад сууж байсан. Би О.Э-ын уяаг тайлаад өргөхөд урагшаагаа нурамч таталт өгөхөөр нь дүү Б рүү утсаар залгаад О.Э-ыг таталт өгснийг хэлэхэд дүү түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 89-91 хуудас/,

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №678 дугаартай “...Ж.А- нь сэтгэцийн хувьд F43.2 Дасан зохицохын эмгэгтэй байна, Ж.А- нь хэрэг үйлдсэний дараагаар хүчтэй стрессийн шалтгаант дасан зохицохын эмгэгээр өвдсөн байна, ...Ж.А- нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 222-241 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний
үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Ж.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол
санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн
 гэж үзэж тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.”гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.”эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тус тус зааснаар  хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-,  шүүгдэгч Ж.А-, гэрч Ж.Э- нарын мэдүүлэг болон Ж.А-т мөрдөн байцаалтын үед хийсэн мөрдөгчийн тодорхойлолтоор Ж.А-, О.О-,  О.Э- нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-3 тоотод нэг гэр бүлд хамтран амьдарч байсан буюу гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс байсан нь, шүүгдэгч Ж.А- дагавар хүүхэд болох 9 сартай О.Э-ыг биеэ хамгаалах чадваргүй, бага насных болохыг мэдсээр байж түүнийг гэрийн плитан шалан дээр толгойгоор нь 2 удаа унагааж,  О.Э-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.А-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч
Ж.А-ын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ын цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                 Д.ГАНЗОРИГ

 

                                                                                             Г.БОЛОРМАА