Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б******* /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Г******* /РД:*******/

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А******* /Хуулийн хэлтсийн мэргэжилтэн/

Маргааны төрөл: Төрийн албаны маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б*******ээс Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан Хот байгуулалт, хотын стандарттай газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Б*******тэй Тэтгэлгээр суралцах тухай гэрээг байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хэргийн процесс, үйл баримтын тухайд:

2.1.Хот байгуулалт хөгжлийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/369 дугаар албан бичгээр Сангийн яаманд Г*******ын Б******* (*******) нь Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилогдсон, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Г.Б******* нь 2024 оны КОЙКА-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан тул Бүгд найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн Хот төлөвлөлтийн магистрын хөтөлбөрт суралцуулахаар нэр дэвшүүлж байна. гэж хүргүүлжээ.

2.2.Сангийн яамны 2024 оны 02 дугар сарын 16-ны өдрийн 03/849 дүгээр албан бичгээр КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч К*******-д хандан Таны 2024-12 тоот албан бичгээр ирүүлсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас 2024-2025 онд зохион байгуулах магистрын зэрэг олгох сургалтын төсөлтэй танилцаад холбогдох байгууллагуудаас нэр дэвшүүлсэн албан хаагчдын материалыг хавсралтаар хүргүүлж байна гээд хавсралтын 43-д Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Б******* гэснийг хүргүүлжээ.

2.3.Койкагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №2024-150 дугаар албан бичгээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад Танай 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 03/849 дугаар албан бичгийн дагуу 2024 оны магистрын зэрэг олгох сургалтад нэр дэвшигдсэн албан хаагчдыг сонгон шалгаруулж, сургалтад хамрагдахаар сонгогдсон дараах албан хаагчдын мэдээллийг хүргүүлж байгаа тул харьяа байгууллага тус бүрд мэдээлэхийг хүсье. гэж хүргүүлсний Сургалтад хамрагдах албан хаагчдын мэдээллийн №1-т Г.Б*******, Хот байгуулалт, хөгжлийн газар мэргэжилтэн, U, 2024-08.19-2025.12.29, тэнцсэн гэсэн байна.

2.4.Г.Б******* 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад хандан Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г******* овогтой Б******* миний бие Бүгд найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Койка)-ийн төрийн албан хаагчдад зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн бөгөөд Сөүл хотын их сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр 16 сар буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл магистрын сургалтад хамрагдахаар болсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу төрийн албанаас түр чөлөөлж өгнө үү гэх өргөдлийг гаргажээ.

2.5.Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар Г.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг, "Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамж, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Б******* 2024 оны КОЙКА-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн их сургуулийн магистрт суралцахаар гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлсүгэй. гэжээ.

2.6.Тус тушаалыг эс зөвшөөрөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г******* 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хот байгуулалт, хотын стандартын даргад гомдол гаргаж, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгээр Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Б******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Д.Б*******д өргөдөл гаргасан. Г.Б*******ийн гаргасан өргөдлийн дагуу Газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн Г.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлсөн шийдвэр гарсан. Г.Б*******ийн гаргасан өргөдөл, Газрын даргын шийдвэрийг хавсралтаар хүргүүлэв. гэж хариу өгчээ.

2.7. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагчид 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03/5457 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Б*******ийн өргөдлийг нь үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2.зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, 46.6.Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэж заасныг тус тус үндэслэн төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд тооцон шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцэж байна. гэжээ.

 

2.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г*******аас Төрийн албаны зөвлөлд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасанд Төрийн албаны зөвлөлийн 2024 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03/2395 дугаар Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Б*******ийг Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-аас 2024-2025 оны магистрын зэрэг олгох сургалтад өөрийн хүсэлтээр хамрагдахаар өргөдөл гаргасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны Б/55 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлжээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4-т "ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч" гэж, 21 дүгээр зүйлийн 21.13-т "энэ хуулийн 7.4.4-т заасан даатгуулагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө." гэсэн зохицуулалттай. Тодруулбал Г.Б*******ийг Бүгд Найрамдах Солонгос улсад магистрын зэрэг олгох сургалтад хамрагдах хүсэлтийг байгууллагын удирдлагаас дэмжин, Сангийн яаманд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Нэр дэвшүүлэх тухай" 01-01/369 дүгээр албан бичгээр нэрийг нь хүргүүлсэн ч сургалтад хамруулах тухай ажил олгогч, төрийн албан хаагчийн хооронд ажил олгогчоос нийгмийн даатгалыг хариуцан төлөх талаар урьдчилан тохиролцож гэрээ байгуулаагүй тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахааргүй байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Журам батлах тухай" 06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-ын 8.5-д заасны дагуу нөхөх төлбөрийг төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллага олгох асуудал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т зааснаар Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхэд хамаарна. Иймд таны охин Г.Б******* нь магистрын сургалтаа төгсөж, цаашид мэргэжлээрээ төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломжтой ба Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт буюу албан тушаалын шалгалт өгч, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох эрх зүйн зохицуулалттай болно. гэсэн байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1991 оноос Монгол Улс нь БНСУ-аас тусламж дэмжлэг авах орнуудын тоонд зүй ёсоор багтаж энэ хамтын ажиллагааны хүрээнд КОІСА /Когеа international Cooreration Agency/ rэх байгууллага нь Монгол Улсын төрийн албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олон улсын стандартад нийцүүлж, чадавхжуулах хөгжлийн тэргүүлэх чиглэлд нь хувь нэмрээ оруулах зорилготойгоор хамтран ажиллаж байгаа юм байна. БНСУ-ын КОІСА-ийн байгууллага нь 2024-2025 оны 1-р ээлжинд Магистрын 15 хөтөлбөрт дэлхийн 93 орны 225 албан хаагчийг сонгон шалгаруулдаг байх бөгөөд нэг улсаас 4 албан хаагчийг санал болгож, эцсийн байдлаар 2 албан хаагч шалгардаг өндөр шалгууртай тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэ ч утгаараа БНСУ-ын КОІСА-ийн байгууллага нь тэтгэлэгт хөтөлбөртөө элсэн суралцахыг хүсэгчдийг:

1. Монгол улсын иргэн байх

2. Төрийн албан хаагч, эсвэл төрийн байгууллагын ажилтан байх

3. Монгол Улсын Засгийн газрын албан бичигт санал болгосон / нэр дэвшсэн байх/

4. Англи хэлний өндөр мэдлэгтэй байх

5. Хүсэлт гаргаж буй мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж байх, цаашид ажиллах төлөвлөгөөтэй байх

6. Салбартаа 2-оос дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Дээрхи 6 шалгууруудыг хангаж чадсан этгээд тэтгэлэгт хамрагдах ба тэтгэлэгт өөрийн мэдлэг ур чадварыг шударгаар, хараат бусаар, хөндлөнгийн нөлөөлөлгүй үнэлүүлж тэнцдэг хатуу шалгууртай тэтгэлэг юм.

Г.Б******* нь Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот төлөвлөлтийн хэлтэст Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн хийж байхдаа Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА байгууллагаас 2024-2025 онд зохион байгуулж

магистрын зэрэг олгох сургалтанд хамрагдах хүсэлтээ байгууллагынхаа удирдлагад гаргаж дэмжлэг авсан.

Г.Б*******ийг ажил олгогч байгууллага болох Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар нь Сангийн яаманд уламжилснаар БНСУ-ын КОІСА-ийн байгууллагын өндөр шалгууртай тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтанд орж, улмаар бүхий оюун хүч, ур чадвараа бүрэн харуулж чадсанаар тэтгэлэгт тэнцэж, Магистрт суралцах эрх нь үүссэн төрийн жинхэнэ албан хаагч юм.

2024 оны 8 дугаар сард БНСУ-ын Сөүл хотын Их сургуульд "Хот төлөвлөлт ийн чиглэлээр 16 сар суралцах эрх нээгдэж, урилга ирж, суралцах виз гарч "2024.08.22-000 2025.12.22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаас түр чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтээ 2024.07.26-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Батзоригт хандан гаргасан бөгөөд ажлаас түр чөлөөлөх тушаалаа авч амжилгүйгээр Солонгос улс руу явсан.

Тушаалаа аваад танилцаад үзэхэд "БНСУ-д 16 сарын хугацаанд тэтгэлгээр суралцахаар болсон түр чөлөөлж өгөөч" гэсэн миний хүсэлтийг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б/55 тушаал гаргахдаа холбогдох хууль, журамд нийцүүлж нийгмийн даатгалын шимтгэл, нөхөх төлбөр олговрыг яагаад шийдвэрлээгүй болохыг тайлбарлаж өгөхийг хүсэхэд: Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгоход санхүүгийн боломж хүрэлцэхгүй байгаа талаар мэдэгдсэн.

Иймээс Г.Б*******ийг түр чөлөөлсөн тушаалыг дахин нягталж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.13. Энэ хуулийн 7.4.4-т заасан даатгуулагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан журмын 8.7. Энэ журмын 8.6-д заасан "төрийн хөрөнгө" гэдэгт улсын төсвийн хөрөнгө, төсвийн хөрөнгө оролцон бүрдүүлсэн төрөл бүрийн сангууд, төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгө, гадаад орны зээл, тусламж, Монгол Улстай тохиролцсоноор хүлээн авч байгаа гадаад орон, олон улсын байгууллагын хариуцсан зардлууд орох бөгөөд эдгээр хөрөнгөөр сургалтад хамрагдсан төрийн албан хаагч 2.5 жилээс доошгүй хугацаагаар төрийн алба хаах үүрэг хүлээнэ. Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар дээр дурдсан хугацаагаар төрийн алба хаагаагүй тохиолдолд сургалтын зардлыг нөхөн төлнө. Энэ талаар тухайн төрийн байгууллагын захиргаа сургалтад хамрагдах төрийн албан хаагчтай гэрээ байгуулна. гэсний дагуу ажлаас түр чөлөөлөх тушаалыг эрх бүхий байгууллагаас гаргах ёстой гэж Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад гомдол гаргахад 2024.09.06-ны өдөр 01/083 тоотоор хариу өгсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д заагдсанаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаж гаргасан гомдолд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 03/5457 дугаартай албан бичгээр хариу өгсөн, үүнийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны 03/2395 тоот албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч захиргааны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж зааснаас үзэхэд төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх үндсэн зарчмыг зааж өгсөн байх бөгөөд Г.Б******* нь төрийн зардлаар сурч байгаа учир ажлын байраа хадгалуулж, ажлаас түр чөлөөлөгдөж, гадаадад тэтгэлгээр суралцах гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэхээр шаардах эрхтэй, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах шаардлага үүссэн гэж үзэж байна.

Мөн тус хуулийн 42-р зүйл 42.1. Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: 42.1.4. зургаан сар хүртэл хугацаагаар мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан, гэж зааснаас үзэхэд Г.Б*******ийн ажлын байр нь гадаадын өндөр хөгжилтэй улсад магистрын сургалтанд хамрагдсан гэх нөхцөл бүрдсэн байх тул түүний ажлын байр хадгалагдаж, улмаар Г.Б******* нь төрийн хөрөнгөөр суралцаж буй тул Г.Б*******тэй тэтгэлгээр суралцах гэрээг байгуулж, улмаар Нийгмийн даатгал төлүүлэх эрх нээгдсэн гэж үзнэ.

Тус шүүхээс 2024.11.27-ны өдрийн 128/Ш32024/9762 дугаартай "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай" захирамжид заагдсан зөрчлүүдийг арилгаж, хариуцагчаар Б/55 тушаал гаргасан этгээдийг сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаа.

Манай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-д заагдсан шаардлага болно.

Иймд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Б*******тэй Тэтгэлгээр суралцах тухай гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж өгнө үү. гэжээ.

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуульд Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, сурч боловсрох эрхтэй гэж заасан. Үүнийг яагаад дурдаж байна гэхээр Г.Б******* нь сурч боловсрох эрхийн хүрээнд хариуцагч байгууллагад өөрийн саналаар суралцах сонирхолтой байгаа талаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 001369 дугаартай албан бичгээр нэр дэвшүүлэх саналыг сангийн яаманд явуулсан байдаг. Уг саналыг албан бичиг гэж үзэх үндэслэлтэй. Албан бичиг нь нотлох, батлах шинжийг агуулдаг. Нэхэмжлэгч Г.Б******* нь өөрийн мэдлэг, мэргэжил дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж албан бичиг гаргасан. Саналаа өгч, тэтгэлэгт суралцахаар болсноор маргаан бүхий тушаал гарсан. Тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан. Ажил олгогчийн захиалгаар түр чөлөөлсөн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө гэж үзэж халамжийн тэтгэлэг олгодоггүй. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам-ын 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөх төлбөрийг ажиллаж байсан байгууллага нь олгоно гэж заасан. Үүнийг яагаад олгохгүй байгаа талаар тодруулахад байгууллагатай гэрээ хийгээгүй гэдэг. Гэрээг байгуулж, нөхөн олговор олгохыг даалгаж, тушаалыг хуульд заасны дагуу гаргах нь байгууллагын үүрэг гэж үзэж байна. Нэхэмжлэгч өнөөдөр төрийн албан ажилласан 1,5 жилийн хугацааг хасуулж, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүй, сураад төгсөөд ирэхэд ажиллах ажлын байр нь тодорхойгүй болсон нөхцөл байдлууд үүссэн. гэв.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Г.Б*******ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдох маргаанд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Б******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад хандаж өргөдөл гаргасан байна. Өргөдөлд ... Төрийн албанд нэн зайлшгүй хэрэгцээтэй боловсон хүчний хомсдол үүсэж байгаатай холбогдуулан миний бие цаашид мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, туршлага эзэмших зорилгоор КОЙКА-гийн төрийн албан хаагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт өгөн тэнцэж, БНСУ-ын Сөүл хотын их сургуульд Хот байгуулалтын магистрын 17 сарын хугацаатай сургалтад элссэн тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас түр чөлөөлж өгөхийг танаас хүсье..." гэжээ. Өргөдлийг хүлээн авч судлан үзээд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар Г.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай тушаал гарсан байна. Тус газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар тушаал хууль журамд нийцээгүй гэж үзэж Г.Б*******ийн аав Х.Г******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хот байгуулалт, хотын стандартын газарт гомдол гаргасан ба тус газраас гомдлыг хянан үзээд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 01/083 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг "Энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна:"-ийн 7.4.4 дэх заалт "ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч;"-д зааснаар ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа төрийн албан хаагчийн нийгмийн даатгалыг төлөхөөр заасан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тус байгууллагын захиалгаар суралцаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байгаа ба 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/369 дугаартай Нэр дэвшүүлэх тухай албан бичиг нь Г.Б*******ийн гаргасан хүсэлтийг дэмжиж уламжилсан мөн тус газарт ажиллаж байгааг тодорхойлсон бичиг юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчдад нөхөх төлбөр олгох журам"-ын 8.6 дахь хэсэгт зааснаар "...эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу..." гэсэн байтал нэхэмжлэгч өөрийн санаачилгаар өөрөө хүсэлт гарган КОІСА олон улсын байгууллагын хөтөлбөрт хамрагдсан нь тус хэсэгт заасан нөхцөлд хамаарахгүй байна. Тус журмын 8.7 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах үндэслэл нь жишээ нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу "Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"- ийн суралцагч, албан байгууллага, удирдах зөвлөл хоорондын гурван талт гэрээ байгуулж суралцагч төгсөж ирээд 2,5 жил жилээс доошгүй хугацаагаар ажиллах шаардлага тавигддаг байна. Гэтэл нэхэмжлэгч Г.Б******* нь өөрийн санаачилгаар КОІСА олон улсын байгууллагаас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан ба суралцагч, албан байгууллага, удирдах зөвлөлийн хоорондын гурван талт гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдөлдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу ажлаас түр чөлөөлж өгөхийг хүссэн ба хүсэлтийг шийдвэрлэж тус хуулийн 46.6 дахь хэсэгт зааснаар иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцсон байна. Нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалт нь ажлын байрны орон тоо гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болох тухай төрийн албан дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан зүйл заалт тул Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар Г.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч-ийн нийгмийн даатгалыг албан журмаар даатгуулна гэж заасан. Г.Б******* нь гаргасан хүсэлтдээ КОЙКА олон улсын байгууллагын хөтөлбөрт хамрагдан магистрт суралцахаар болоход дэмжиж туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг байгууллагын захиргаа суралцагч Г.Б*******ийг дэмжиж байгааг уламжлан албан бичгийг явуулсан. Тухайн албан бичигт суралцагч Г.Б*******ийг төрийн байгууллагын захиалгаар суралцаж байгаа болон тухайн байгууллага, албан байгууллагатай хийсэн гурван талт гэрээгээр суралцаж байгааг тодорхойлоогүй байдаг. Тухайн зарласан тэтгэлэгт хөтөлбөрт ажилтан Г.Б******* нь өөрийн санаачилгаар сонгогдож, шалгалт өгч тэнцэж хамрагдсанаар суралцах эрх нь үүссэн. Суралцах эрх үүссэнтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллагын зүгээс ажилтан Г.Б*******ийг дэмжиж буйг уламжилсан бичиг хийж өгсөн. Үүний дагуу Г.Б*******ийг ажлаас түр чөлөөлөх Б/55 дугаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Б*******тэй Тэтгэлгээр суралцах тухай гэрээг байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Маргаан бүхий захиргааны акт болох Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар Г.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг, "Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамж, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Б******* 2024 оны КОЙКА-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн их сургуулийн магистрт суралцахаар гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлсүгэй. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...Г.Б******* нь өөрийн мэдлэг, мэргэжил дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж албан бичиг гаргасан. Саналаа өгч, тэтгэлэгт суралцахаар болсноор маргаан бүхий тушаал гарсан. Тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан. Ажил олгогчийн захиалгаар түр чөлөөлсөн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлнө гэж үзэж халамжийн тэтгэлэг олгодоггүй, Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам-ын 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу нөхөх төлбөрийг яагаад олгохгүй байгаа талаар тодруулахад байгууллагатай гэрээ хийгээгүй гэдэг, гэрээг байгуулж, нөхөн олговор олгохыг даалгаж, тушаалыг хуульд заасны дагуу гаргах нь байгууллагын үүрэг гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Г.Б******* нь гаргасан хүсэлтдээ КОЙКА олон улсын байгууллагын хөтөлбөрт хамрагдан магистрт суралцахаар болоход дэмжиж туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт гаргасан, хүсэлтийг байгууллагын захиргаа суралцагч Г.Б*******ийг дэмжиж байгааг уламжлан албан бичгийг явуулсан. Тухайн албан бичигт суралцагч Г.Б*******ийг төрийн байгууллагын захиалгаар суралцаж байгаа болон тухайн байгууллага, албан байгууллагатай хийсэн гурван талт гэрээгээр суралцаж байгааг тодорхойлоогүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж хуулийн зорилтыг тодорхойлсон бөгөөд 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: гээд, 61.1.1-д албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;, 61.1.7-д төрийн хөрөнгөөр 6 хүртэлх сарын хугацаагаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалинг авах; гэж төрийн албан хаагчийн эдлэх нийгмийн баталгааг зохицуулжээ.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б******* нь Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд дээрх хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч нь тус хуульд заасан нийгмийн баталгааг эдлэх субъект мөн юм.

7.Гэвч төрийн албанаас чөлөөлөгдөж байгаатай холбоотой төрийн албан хаагчид үзүүлэх нөхөх төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхтэй холбоотой асуудлыг албан хаагч болон байгууллага харилцан тохиролцох журмаар шийдвэрлэх ёстой байсан хэдий ч нэхэмжлэгчээс энэ талаар ажил олгогчтойгоо буюу хариуцагчтай хэлэлцэн тохиролцоогүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд хуульд тогтоомжид нийцүүлэн тушаал шийдвэрээ гаргасан гэж үзэхээр байна.

8.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:, 46.1.2-д зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон; Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д Энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан нийгмийн даатгалын төрөлд дараах хүн албан журмаар даатгуулна:, 7.4.4-д ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч;, 21 дүгээр зүйлийн 21.13.Энэ хуулийн 7.4.4-т заасан даатгуулагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө. гэж тус тус зааснаас үзэхэд

нэхэмжлэгч нь хариуцагч захиргааны байгууллагын захиалгаар суралцаж байх, ийнхүү төрийн байгууллагаас өөрийн албан хаагчаа суралцуулахаар шийдвэр гаргасантайгаа холбогдуулан түүний нийгмийн баталгааг гэрээ байгуулах, тушаалдаа уг агуулгыг тусган шийдвэрлэх замаар эдлүүлэхээр хуульчлан зохицуулжээ.

9.Гэрээ гэдэг нь гэрээнд оролцогч талуудын сайн дурын тохиролцооны үндсэн дээр үйлдэгдэх эрхийн акт бөгөөд талууд анхнаасаа харилцан тохиролцоогүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй буюу хариуцагч өөрийн захиалгаар ажилтнаа сургахаар аливаа шийдвэр гаргаагүй, харин нэхэмжлэгч нь өөрийн хичээл зүтгэл, ур чадварын үндсэн дээр гадаад улсын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч тэнцсэнээр түр чөлөөлөгдөхөөр болсон байна.

10.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тушаалд өөрчлөлт оруулах, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх энэ тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагч талууд нь дээр дурдсаны дагуу анхнаасаа хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцоогүй талаар талууд маргаагүй, ийнхүү тохиролцоогүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнд хавсаргаж өгсөн баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байхад шүүхээс хариуцагч байгууллагын сонгох боломжид шууд халдаж, тохиролцож гэрээ байгуулах ёстой байсан байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй.

11.Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох нарийвчилсан зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасанчлан Засгийн газрын 2019 оны 06 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам байх ба уг журмын 8.5-д Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөх төлбөрийг ажиллаж байсан байгууллага нь олгоно. гэх зохицуулалт нь дээр дурдсан хуулийн заалтын урьдчилсан нөхцөлийг хангаж, өөрийн байгууллагын захиалгаар гэрээ байгуулан суралцаж байгаа албан хаагчийн шаардах нөхөх төлбөр байх тул шүүх мөн энэ үндэслэлээр хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

12.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. гэж тус тус заасны дагуу тухайн асуудлын хүрээнд хуульд заасан боломжит хувилбараа сонгох эрх нь хариуцагчид олгогдсон байна. Харин өөрийн захиалгаар албан хаагчаа суралцуулахаар ажлаас түр чөлөөлсөн тохиолдолд заавал биелүүлэх үүргүүд мөн болохыг дурдах нь зүйтэй.

13.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Г.Б******* нь Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад хандан Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г******* овогтой Б******* миний бие Бүгд найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Койка)-ийн төрийн албан хаагчдад зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн бөгөөд Сөүл хотын их сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр 16 сар буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл магистрын сургалтад хамрагдахаар болсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу төрийн албанаас түр чөлөөлж өгнө үү гэх өргөдлийг өөрийн гараар бичиж өгсөн байх бөгөөд уг өргөдлийн агуулгад ажил олгогчийн захиалгаар суралцахаар болсон талаар дурдаагүй буюу нэхэмжлэгч гадаад улсын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, өөрийн хүсэлтээр түр чөлөөлөгдсөн байна.

14.Харин төрийн албан хаагч нь тухайн зарласан шалгуурт тэнцэхийн тулд ажил олгогчдоо хүсэлт тавьж, улмаар ажил олгогчоос Сангийн яаманд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/352(ERP 01-01/369) дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Г.Б*******ийг магистрын хөтөлбөрт суралцуулахаар нэр дэвшүүлж, Сангийн яамнаас бусад нэр дэвшүүлсэн албан хаагчдын нэрийн жагсаалтыг Койкагийн суурин төлөөлөгчид 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 03/849 албан тоотоор хүргүүлснийг ажил олгогчийн захиалга гэж шүүх үзсэнгүй. Учир нь энэхүү процедур нь тухайн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгуур шаардлагыг хангахтай холбоотой бичиг баримтын бүрдэл буюу нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ажил олгогчийн үзүүлсэн дэмжлэг байх ба ийнхүү дэмжих албан бичиг гаргаж өгснөөрөө ажил олгогчид захиалагч-ийн үүрэг үүсэхгүй.

15.Койкагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 2025-57 дугаартай хариунд ... Магистрын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдагч болон албан байгууллага, удирдах зөвлөл хоорондын гурван талт гэрээ байгуулдаггүй бөгөөд үүнтэй холбоотойгоор Г.Б*******тэй байгуулсан гурван талт гэрээ эсвэл манайд ирсэн ямар нэгэн гэрээ байхгүй ... талаараа дурдсанаас үзвэл бусад тэтгэлэг авагч алба хаагчид гэрээ байгуулж, хуульд заасан баталгаагаар хангагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, тэгш байдлыг шаардсан шаардлагын үндэслэл нь үгүйсгэгдэхээс гадна тэдгээр нь өөрийн ажил олгогч байгууллагатай харилцан тохиролцож хоёр талт гэрээ хийсэн байх тул энэ хэргийн нөхцөл байдалтай адилгүй байна.

16.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Б*******тэй Тэтгэлгээр суралцах тухай гэрээг байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17.Маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/633 дугаар захирамжаар[1] Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажил хүлээлцэх журам, ажил хүлээлцүүлэх болон тойрох хуудасны загварыг баталсан, харин Хот байгуулалт, хотын стандартын газрын дүрэм[2] нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/478 дугаар захирамжаар батлагдсан байх ба уг дүрмийн 7.1-д Газрын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:7.1.1.хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, газрын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх, 7.1.2.батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд хууль, журмын дагуу албан хаагчдыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, батлуулахаар заасан, эдгээр баримт бичгүүд нь нийтэд илэрхий тул хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б*******ээс Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Б*******тэй Тэтгэлгээр суралцах гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг төлөхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРАНГУА