Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;

шүүгдэгч: Д.Э, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Доржзовдын Эод холбогдох эрүүгийн 201725021163 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1959 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зохиолч мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос өргөө” хотхон, 29А байрны 66 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ЧВ59120973 регистерийн дугаартай, Боржигон овогт Доржзовдын Э. 

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч Х.Мандахбаярыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэн улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэг хүнтэй уулзаж киноны талаар ярилцах ёстой байсан. Тухайн өдөр халуун байсан болохоор сэрүүцэхээр бааранд орсон. Тухайн бааранд нэг Канадын иргэн гадаад хүн байсан. Би бааранд 2 ширхэг пиво, 100 грамм архи авсан. Би өөрөө АНУ-д олон жил амьдарч байсан. Надад “Интер ном” дэлгүүрээс 300.000 төгрөг өгсөн байсан. Тэгээд би тооцоогоо хийх гээд хэтэвчээ өгөөд явуултал миний хэтэвчинд 2000 төгрөг үлдээсэн байсан. Би тэгээд зөөгчөөс “ямар учраас 2000 төгрөг үлдээсэн юм бэ” бусад мөнгө хаачсан талаар асуутал намайг тухайн баарнаас хөөж гаргасан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. 17 цаг 58 минутад цагдаагийн ахмад ирээд надаас болсон асуудлын талаар асуухад болсон бүх зүйлээ ярьсан. Тэгээд цагдаа баар руу орсон. 40 минут болоод гарч ирээд намайг “машинд суу” гэхэд нь “ямар учраас намайг цагдаагийн машинд суулгах гээд байгаа юм бэ, би мөнгөө алдчихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд намайг цагдаагийн машинд хүчээр суулгаж цагдаагийн хэлтэс рүү явсан. Би цагдаагийн машинд цагдаа руу ширүүн дориун үг хэлэснээ хүлээн зөвшөөрч байна. Харин машины урд байсан цагдааг цохиогүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Шүүх болсон асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.           

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Мандахбаяр /хх-ийн 16-17/, гэрч С.Билэгт /хх-ийн 19/, гэрч С.Ганчимэг /хх-ийн 20/, гэрч Д.Амгалан /хх-ийн 21/, гэрч Ч.Одгэрэл /хх-ийн 22/, гэрч Б.Ууганбаяр /хх-ийн 23/, гэрч Б.Мөнхбаяр /хх-ийн 24/, гэрч Д.Тэрбиш /хх-ийн 76/, гэрч Д.Энхбат /хх-ийн 77/ нарын мэдүүлэг, Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6286 тоот дүгнэлт /хх-ийн 13/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 39-41, 44-47/, “Пийспаб” нэртэй газрын тооцооны хуудас /хх-ийн 80/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт хууль сахиулагч Х.Мандахбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:                                                                                             

           

хохирогч Х.Мандахбаярын /хх-ийн 16-17/: “...2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эргүүлийн үүргийг албаны 2043 УНҮ улсын дугаартай 114 чиглэлийн тээврийн хэрэгсэлтэй, эргүүлийн цагдаа-жолооч Б.Түвшинтөрийн хамтаар гүйцэтгэж байхад ерөнхий жижүүрээс станцаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны 17.51 цагт “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Репаплик” ресторанд согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага руу очоорой” гэж мэдээлсний дагуу тус ресторан руу очиход Э гэх 50 орчим настай эрэгтэй хүн ресторан дотор “миний 200.000-300.000 төгрөг авчихлаа” гэж хэлээд орилж хашгираад зогсож байсан…Д.Э  олон нийтийн цагдаа Билэгт рүү харчихаад “энэ муу хужаа шиг цагдаа миний мөнгийг авчихлаа” гэж хэлээд дайраад хэл амаар доромжлоод байхаар нь Билэгт, Түвшинтөр бид гурав Эыг албаны машинд суулгаад …”Тамир 10”-т хүлээлгэж өгөхөөр явсан....Замдаа явж байтал Э “муу хужаа цагдаа, чи л мөнгө хулгайлсан шүү, би цагдаа нарыг зоддог хүн шүү” гээд орилж хашгираад яваад байсан. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын баруун хойд талын гэрлэн дохионы уулзвар дээр тээврийн хэрэгсэл зогсоход миний зүүн чих рүү ар талаас нэг удаа гараараа цохиход би эргэж харахад миний зүүн шанаа руу нэг удаа зүүн гараараа цохисон. Гарыг нь барьж авахад миний зүүн гарын шуунаас маажсан. ...Эыг түр саатуулах байранд оруулж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багажаар шалгах гэтэл эсэргүүцэж шалгуулаагүй... “ гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Билэгтийн /хх-ийн 19: “...”Репаплик” ресторанд согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад Э гэх хүн ажилчидтай нь хэрүүл хийгээд зогсож байсан. Юу болсон талаар асуухад “тус ресторанд Э нь анх орж ирэхдээ согтуу орж ирсэн, архи пиво захиалж ууж байхдаа хүмүүстэй хэрүүл хийгээд байна” гэж рестораны ажилчид хэлсэн юм. Тэр хүнийг “та эндээс ингээд явчих” гэж хэлтэл агсам тавиад мөнгө төгрөг алга болчихлоо “чи авсан” гээд над руу дайрч эхэлсэн…Засгийн газрын ордны баруун хойд талын гэрлэн дохион дээр ирээд зогсоход хэрүүл хийгээд, агсам тавьж явж байгаад шууд жолоочийн эсрэг талд суугаад явж байсан Х.Мандахбаярын ар талаас нь толгой хэсэг рүү нь баруун гараараа цохиод, гарыг нь ураад зодох гээд дайраад байж байх үед мөрдөн байцаагч Ууганбаяр жолооч Мөнхбаяр нар хажуу талд автомашинтайгаа явж байгаад зогсоод хүрч ирээд Эыг Ууганбаяр гавласан. Эыг Мандахбаяр зодож цохисон асуудал байхгүй…” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Ганчимэгийн /хх-ийн 20/: “...Миний бие 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Репаплик” ресторанд зохион байгуулагчийн ажлаа хийгээд байж байтал 17 цагийн үед үл таних хөгшин 60 орчим настай эрэгтэй хүн маш согту орж ирсэн. ...Тэр хүн гадаад улсын 4 эрэгтэй хүний зургийг нь гар утас дээрээ авч байгаад “Ай лове юу” гэж орилоод, инээгээд агсам тавьж эхлэхэд нөгөө гадаад улсын 4 эрэгтэй гараад явсан... Тэгэхээр нь ойр орчим байсан ажилчид, бид нар “та одоо гараа, хөгшин настай хүн байж ингэж агсам тавьж болохгүй” гэж хэлээд аргадаж гаргасан. Тэгтэл буцаж орж ирээд манай захиралтай муудалцаад хэрүүл маргаан хийгээд агсам тавиад байж байхад тогооч Мөнхбат цагдаад дуудлага өгсөн юм…Тэр хөгшин хүн цагдаа нарт хандан “миний түрийвчинд байсан мөнгө алга болчихлоо” гэж мөнгөнийхөө тоог олон янзаар хэлээд байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Амгалангийн /хх-ийн 21/: “...Миний бие 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Репаплик” ресторанд үйлчлэгч ажил хийж байсан юм. Орой 17 цагийн үед байх 50 орчим настай согтуу эрэгтэй хүн ганцаараа орж ирээд ширээн дээр суучихаад пиво захиалж ууж байгаад ойролцоо сууж байсан хүмүүсийн зургийг нь дараад янз янзын зүйл ярьж байгаад 5000 төгрөг гаргаж ирээд авсан пивоныхоо төлбөрийг төлж байх шиг байсан. Тэгээд манай захирал, зохион байгуулагч нартай маргалдаад байх шиг байсан. Удалгүй цагдаа нар хүрч ирээд түүнийг аваад явсан. Цагдаа нар ирэхэд “миний мөнгө төгрөг алга болчихсон” гэж яриад мөн цагдаа нарыг “та нар миний мөнгийг авсан” гэж яриад байсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Одгэрэлийн /хх-ийн 22/: “…2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Репаплик” рестораны оффисийн байрандаа байж байтал орой 17 цагийн үед байх хяналтын камераа ажиглаж байтал нэг эрэгтэй хүн агсам согтуу тавиад тогооч, зохион байгуулагч, үйлчлэгч нар зогсож байсан. Би яваад очиход маш их согтчихсон 50 орчим настай эрэгтэй хүн агсам тавиад заал дотор орилж хашгираад ерөөсөө зүгээр болохгүй байсан. Би “цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. Цагдаа хүрч ирсэний дараа тэр хөгшин хүн “та нар мөнгө төгрөг хулгайлсан” гэж хэлээд мөн цагдаа нарыг “та нар миний мөнгийг авсан шүү” гэж хэлж байсан…Манай зохион байгуулагч надад хэлэхдээ ”энэ хүн анх орж ирэхдээ маш их согтуу байсан, тэгээд ойролцоо сууж байсан хүмүүсийн зургийг аваад, хэл амаар доромжлоод, гадаад үг хэлээд байсан” гэж хэлсэн…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Ууганбаярын /хх-ийн 23/: “...Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 114 чиглэлийн автомашин хоёр тийшээ савлаж хойд талын суудал дээр сууж байсан эрэгтэй хүн жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахмад Мандахбаярын толгой хэсэгт нь хойд талаас нь цохиход Мандахбаяр хойшоогоо эргэж харсан. Би буугаад тэр албаны машины хаалгыг онгойлгоход архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн 50 орчим настай эрэгтэй хүн Мандахбаяртай маргалдаад Мандахбаярыг барьж авсан байхаар нь би гарыг нь гавлаж хажуу талд нь суусан. ..Мандахбаяр надад хэлэхдээ “миний гарыг урчихсан, нүүр рүү цохисон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Мөнхбаярын /хх-ийн 24/: “...Буурал толгойтой 50 орчим настай согтуу эрэгтэй хүн эргүүлийн офицер Мандахбаярыг зуурчихсан хэл амаар доромжилсон байдалтай, хажуу талд нь олон нийтийн цагдаа Билэгт түүний зүүн гарыг барьчихсан, Мандахбаяр баруун гарыг нь барьчихсан зууралдаад байж байхаар нь Ууганбаяр гавлаад хажууд нь суусан…” гэх мэдүүлгээр,

 

Д.Эын буруутай үйлдлийн улмаас Х.Мандахбаярын биед “зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6286 тоот дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

           

Шүүгдэгч согтуурсан үедээ нийтийн үйлчилгээний газарт орилж хашгирах, бусдын зургийг зөвшөөрөлгүй авах зэргээр хэрүүл маргаан үүсгэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсныг, цагдаагийн алба хаагч нийтийн хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу ажиллаж байсныг, шүүгдэгч нь цагдаагийн алба хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэн зодсоныг гэрч, хохирогч нар мэдүүлцгээсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Д.Эын үйлдэл нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин хувийн сэдэлтээр хохирогч Х.Мандахбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох…” гэсэн боловч шүүх Д.Эын “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан” үйлдэлд дараах байдлаар дүгнэлт хийж өмгөөлөгчийн дүгнэлтэд няцаалт өгсөн болно.

 

Д.Э согтуурсан үедээ нийтийн үйлчилгээний газарт орилж хашгирах, бусдын зургийг зөвшөөрөлгүй авах, “…миний мөнгийг та нар авсан байна…” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тул тухайн байгууллагад цагдаагийн алба хаагчид дуудлагаар ирсэн. Дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч, ажилтан нарыг Д.Э “..хужаа царайтай цагдаа миний мөнгийг авсан…” гэх зэргээр үгээр доромжилсны улмаас нийтийн хэв журмыг хамгаалах, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу цагдаагийн алба хаагчид түүнийг албаны автомашинд суулган Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн алба хаагч ямар нэг хувийн шалтгаанаар, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор Д.Эыг цагдаагийн хэлтэс рүү авч яваагүй бөгөөд зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь Д.Э  цагдаагийн алба хаагчийг (хууль сахиулагчийг) зодсон болохыг энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч, хохирогч нар мэдүүлцгээсэн байна. Дээрх нөхцөл байдлууд нь шүүгдэгч Д.Эыг “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан” хэрэгт гэм буруутай гэж дүгнэх нотолгооны үндэслэл болно.

Ийнхүү нийтийн хэв журмыг хамгаалах, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтээсэн шүүгдэгч Д.Эын санаатай үйлдэл нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан (Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу хорих ялын дээд, доод хэмжээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (Хууль сахиулагчийг эсэргүүцэх) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд багасч буюу хөнгөрч орсон, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан хэмээн үзэж (хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг нь хөнгөн ангилалын гэмт хэргээр зүйлчилсэн, оногдуулах эрүүгийн хариуцлага хөнгөрсөн) шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилж, прокурор яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Эын “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Мандахбаяр гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх Д.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв. Ингэж ял оногдуулахдаа 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Шүүх шүүгдэгч Д.Эын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржзовдын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн  Д.Эын нийт эдлэх ялын хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын нийт эдлэх 3.150.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Х.Мандахбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ