Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

   2024        01           10                                          2024/ДШМ/01

 

 

Н.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Н.Амаржаргал /цахимаар/,

Шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Түвшинбаяр,  Б.Гомбодорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Т-т холбогдох эрүүгийн 2340000000040 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.Т- нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "888" нэртэй баарны гадна талд П.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас шүүгдэгч Н.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-аас 434.930 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч П.А-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 секундийн дүрс бичлэг бүхий флаш дискийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Гомбодорж нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

1. Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан үндэслэл журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчсөн тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс мөрдөгч болон прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж дараах нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн гэж үзэж байна.

Хохирогч П.А- /хх-н 5-6/, гэрч П.М-/хх-н 7-8/, Б.Б-/хх-н 9-10/, Б.Т-/хх-н 11-12/, Ч.Б-/хх-н 13-14/ нарын мэдүүлгүүд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 68-69/ зэрэг бичгийн нотлох баримтууд нь тус тус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий албан тушаалтны цуглуулсан баримтууд болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ", 2 дахь хэсэгт "Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно", 4 дэх хэсэгт "Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасныг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" гэж заасныг тус тус зөрчсөн байх тул дээр дурдсан нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх тооцох боломжгүй байсан ба процессын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ", мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана" гэж тус тус заасны дагуу тухайн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар тооцож болохгүй бөгөөд нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл бүрдэж байна.

Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс холбогдох хүсэлт, саналыг гаргаж байсан ба шүүхийн зүгээс анхаарч үзээгүй хэт нэг талыг барьсан өөр өөр дүгнэлтүүдийг урьдчилсан хэлэлцүүлэг болон үндсэн хуралдаан дээр гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн мөрдөгч хэрэгжүүлэх бөгөөд эрх бүхий албан тушаалтны цуглуулсан баримтыг мөрдөн шалгах ажиллагааны журмаар цуглуулсан баримтаар тооцох боломжгүй юм. Мөн мөрдөгч болон прокурорын зүгээс тухайн баримтуудыг нотлох баримтаар тооцох тухай шийдвэр гаргаагүй байх тул хууль бус арга хэрэгслээр цуглуулсан баримт гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь Монгол Улсад оршин сууж, амьдарч буй хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд адил үйлчлэх бөгөөд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг илэрхий зөрчиж цуглуулсан дээр дурдагдаж буй баримтуудыг үнэлэх боломжгүй ба анхан шатны шүүх нь тус нотлох баримтуудад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээс гадна тэдгээрийг үнэлж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь илт үндэслэлгүй юм.

2. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хязгаарласан тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4, 6.10 дах хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан ба хүсэлтийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсэгт "шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт" гэж заасан ба хэрэгт эд мөрийн баримтаар 21 секундийн бичлэг бүхий 1 ширхэг флашийг шүүхэд хэргийн хамт хүргүүлсэн бөгөөд уг бичлэгийг өмгөөлөгчдийн зүгээс хуулбарлан авч 8/1 хэмжээгээр удаашруулан 17 секундийн бичлэг болгон товчилж гол үйл баримтыг буулгасан тул энэхүү хүсэлтэд уг үйл явдлыг буулгасан флашинд бичигдсэн 17 секундийн дүрс бичлэгийг шинжлэн судлуулах хүсэлтийг гаргасан.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба нотлох баримтыг өмгөөлөгч бус мөрдөгч цуглуулж, бэхжүүлнэ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь дээрх өмгөөлөгч нарын гарган өгсөн бичлэг нь урьд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, түүнд эрх бүхий албан тушаалтан үзлэг хийж хавсаргасан баримт бөгөөд тухайн бичлэгийг өмгөөлөгч нарын зүгээс хуулбарлан авч мэргэжлийн этгээдээр бичлэгийг удаашруулан хэргийн бодит үйл явдлыг тогтоох ач холбогдолтой байсан.

Түүнчлэн өмгөөлөгч нь нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах эрхгүй этгээд ч гэсэн хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоох ач холбогдол бүхий үйл явдал, баримт мэдээлэл болон эд мөрийн баримтын эх сурвалжийг заах, түүнийг шалгуулах эрх бүхий этгээд мөн бөгөөд дээрх бичлэгийг шинжлэн судалснаар шүүгдэгч Н.Т- хохирогч П.А-ыг цохиогүй болох нь тогтоогдох бөгөөд мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй хийж, гэмт хэргийн субъектийг буруу тогтоосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагаа хангалттай бүрэн гүйцэт хийгдээгүй, гэмт хэргийн субъектийг буруу тодорхойлсон, эд мөрийн баримтыг эргэлзээгүй шалган тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Мөн давж заалдах гомдлын нэгдүгээр үндэслэл болон хоёрдугаар үндэслэл харилцан хамааралтай ба анхан шатны шүүх нь өмгөөлөгч нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд гэж дүгнэн нотлох баримтыг шинжлэн судлуулах хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа эрх бүхий албан тушаалтны цуглуулсан баримтыг мөрдөн шалгах ажиллагааны журмаар цуглуулсан баримтыг нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчөөгүй гэж дүгнэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тэнцвэртэй байдлыг алдагдуулж, яллах чиг үүргийг шүүх хэрэгжүүлж байна.

Зүй нь анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал, хүсэлтэд дурдагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр түүнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, тухайн нотлох баримт, эд мөрийн баримтыг үнэлэх, дүгнэх эсэхийг шийдвэрлэсэн бол гаргаж буй шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх байсан юм.

3. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Хавтаст хэргийн 19-20 талд авагдсан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр Хавсралтаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн байна.

Шинжээчийн дүгнэлтэд: 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр П.А-ын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн анхдагч үзлэгийг хийв.

1. П.А-ын биед дээд үүдэн 2 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, мөрний хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан" байхыг шаардсан байх ба шинжээч нь мөн шинжид ямар баримтыг эх сурвалжаа болгон үндэслэн хамааруулж байгаа талаарх баримтыг нэрлэн заагаагүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд авагдсан баримт нь шинжилгээ хийх явцад хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс нөхөн гарган өгсөн баримт байх бөгөөд уг баримтын үнэн зөв эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны журмаар шалгаж, тогтоосон зүйлгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны журмаар шалган тогтоож, цуглуулж бэхжүүлээгүй баримтыг анхан шатны шүүх шууд нотлох баримт хэмээн үнэлэлт дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалд нийцээгүй гэх шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт "гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан", 2.4.2 дахь хэсэгт “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан" гэх 2 шинжийн ялгаа заагийг шинжээч нь тодорхойлоогүй, ямар шинжээр эрүүл мэндийг түр сарниулсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Үүнээс үзэхэд шинжээч эмч нь асуудалд субьектив байдлаар хандаж, холбогдох журамд үндэслээгүй дүгнэлтийг гаргасан байх ба уг эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн шүүхийн тогтоол бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

4. Гэрч нарын мэдүүлгийн тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд П.М, Б.Б, Б.Т, Ч.Б-нар гэрчээр, мөрдөн шалгах ажиллагаанд Л.П-, С.Х-нар гэрчээр тус тус мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Б.Т, С.Х-нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Гэрч нараас нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт: гэрч Б.Т-аас “...би П.А-ыг цохисон хүнийг С.Х-ахыг гэж харсан. Гэхдээ би бол өмнө нь таныг харж байгаагүй. Нэг махлаг залуу л байсан юм. Яг үнэндээ бол тэр үед би маш их согтолттой байсан. Маргалдахыг нь мэдсэн нэг махлаг залуу цохих шиг болоод зууралдаад газарт унасан. Би яг гараа зангилж цохисон алгадах гэж байсан эсэхийг мэдэхгүй байна....”,  Гэрч С.Х-ас “....би бас хажууд нь байсан яг алгадах гээд гараа савахад шууд доогуур зөрөөд давхар хамаад л унагаасан. Би бол их уугаагүй бараг эрүүл байсан...”,  Б.Т-: “...би салахаар нь яваад өгсөн. П.А-тай уулзаж сайн хараагүй, би өмнө их уусан болохоор зарим зүйлийг санахгүй байна...”, С.Х-: “....ажиглагдаагүй, би зодоон болоод салсны дараа 5-10 алхам дагуулаад урагшаа яваад одоо тайвшир согтуу хүмүүс рүү битгий дайраад бай гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр л байсан. Хамт байсан хүмүүс бүгд орчихсон байсан. Тэгээд л би баар руу орсон...” гэх мэдүүлэг.

Гэрч П.М-зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...нүүрэнд нь цохих шиг болсон, харин яг аль хэсэгт цохисныг мэдээгүй, тэр хоёр газар зууралдаад унасан...” гэх.

Гэрч Б.Б-зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...баарны гадаа гарч тамхи татаж байхад манай эгчийн хүү П.А- нэлээн согтуу байхаар нь би “яв” гэж хэлэхэд миний үгэнд орохгүй “би наад бааранд чинь орох эрх байдаг юм байгаа биз дээ” гэж өөдөөс уурлаад байсан. Тэгэхээр нь би “яв” гэж хэлэхэд намайг хавираад унагааж миний дээр суухад манай ажлын газрын залуу Н.Т- П.А-ыг татаад миний дээрээс босгосон. Тэгээд би босоод хувцсаа гөвж байхад Н.Т-, П.А- хоёр газар зууралдаад хэвтэж байхаар нь би салгаад Н.Т-ыг аваад баар руу орсон. ...П.А-, Н.Т-ын дээр гарчихсан байсан, би цохилцож байхыг нь хараагүй...” гэх.

Гэрч Б.Т-зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...”888” нэртэй баарны гадна очиход П.А-ын хамаатны ах Б.Б-таараад П.А-ыг “согтуу яаж яваа юм бэ, одоо харь” гэхэд П.А- өөдөөс нь уурлаж маргасан. Тэгтэл П.А-, Батзоригийг газар унагаад дээр суухад Н.Т- салгасан. П.А-, Н.Т- хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад Н.Т- П.А-ыг эхлээд цохисон. Тэгээд тэр хоёр газар унаад зууралдаж байхад тэнд байсан хүмүүс салгаад ...нүүрэнд нь цохисон харин аль хэсэгт цохисныг мэдэхгүй...” гэх.

Гэрч Ч.Б-зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...бааранд сууж байгаад 21 цагийн үед тамхи татах гээд гарахад баарны үүдэнд хүмүүс маргалдаж байсан. Тэгтэл Н.Т-, П.А- хоёр газар зууралдаад унахаар нь салгасан. ...Би яг цохилцож байхыг нь хараагүй, намайг салгаж байхад хоорондоо цохилцоогүй...” гэх.

Дээр дурдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын өгсөн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл гэрч П.Мөнгөнцоож, Б.Т-нар нь “нүүрэнд нь цохих шиг болсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Батзориг, Ч.Б-нар “цохилцож байгааг хараагүй” гэх мэдүүлэг, гэрч Л.П- “нүүрэнд нь цохисон” гэх мэдүүлэг, гэрч С.Х-“цохих үйлдэл хийсэн боловч онож цохиогүй” гэх мэдүүлэг тус тус өгсөн байгаа нь гэрч нарын мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй болохыг нотолж байх ба шүүгдэгч нь хохирогчийг цохих үйлдэл хийсэн боловч түүний биед бодитоор гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн гэрч Б.Т-, С.Х-нарын нүүрэлдэж өгсөн мэдүүлгээр гэрч Б.Т-ын урьд өгсөн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийг бус гэрч С.Х-г хохирогчийг цохисон хүн байна гэж мэдүүлж байгаа нь бодит байдлыг бүрэн дүүрэн мэдэхгүй, үзэж хараагүй этгээд болохыг нотолж байна. Мөн түүний өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг нь бодит байдалд нийцээгүй, үнэн бус болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны журмаар тогтоох үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй атал нэг талын шинжтэй яллах байр суурийг илэрхийлж, хэрэгт субьектив байдлаар хандаж гэрч С.Х-н мэдүүлгийг шүүгдэгчийн найз байх тул эргэлзээтэй гэж дүгнэснээс тодорхой харагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаар нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор баталсан тайлбарт нийцүүлэн үзвэл шийтгэх тогтоолын үндэслэл болж буй гэрч нарын мэдүүлэг нь бүрэн дүүрэн нэг зүйлийг нотлоогүй, эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

Учир нь гэрч нарын мэдүүлгийг тоон байдлаар авч үзвэл нийт зургаан иргэн хэргийн талаар мэдүүлэг өгсөн ба эдгээр 2 гэрч нь цохихыг хараагүй, 2 гэрч нь цохих шиг болсон, 1 гэрч нь цохиогүй, 1 гэрч цохисон гэж мэдүүлдэг. Гэтэл эдгээр гэрчийн мэдүүлгийг хувьчлан харьцуулбал 50/50 хувь болж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хангалттай бүрдүүлж байна.

Нөгөөтэйгүүр дээрх гэрч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тус бүр мэдүүлэг өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь урьд өгсөн өөрсдийнх нь мэдүүлгээс илт зөрүүтэй үйл явдлыг нарийн тодорхойлоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал бий болгосныг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дараах 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хохирогч П.А- /хх-н 5-6/, гэрч П.М-/хх-н 7-8/, Б.Б-/хх-н 9-10/, Б.Т-/хх-н 11-12/, Ч.Б-/хх-н 13-14/ нарын мэдүүлгүүд, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 68-69/ зэрэг бичгийн нотлох баримтууд нь тус тус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий албан тушаалтны цуглуулсан баримтууд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нотлох баримт гэдгийг тодорхой заасан. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах ёстой байсан.  

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хоёр тусдаа зарчимтай. Хэрэгт авагдсан ажиллагаануудыг цагдаагийн байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байгаа хэдий ч тус тусдаа чиг үүрэгтэй албан тушаалтнууд байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий албан тушаалтан явуулдаг бол гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгах ажиллагааг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөгч гүйцэтгэж, прокурор хяналтаа тавьж ажилладаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, бэхжүүлэх журмыг тодорхой заасан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.

Энэ агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 4, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүд зөрчигдсөн байх тул тухайн нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт буюу мөн хуулийн 16.11, 16.14 зүйлүүдэд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна гэж үзэж байна.

2. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хязгаарласан тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шатнаас оролцсон, мөрдөн шалгах ажиллагааны үеэс оролцсон бол тухайн үед уг бичлэгийг гаргаж авах боломжтой байсан.

Бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4, 6.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан буюу эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тэмдэглэл болон бичлэгийг хуулбарлан авч тухайн бичлэгийг удаашруулсан. Уг бичлэг дээр шүүгдэгч Н.Т- нь хохирогч П.А-ын биед халдах үйлдлийг гаргасан боловч бодитоор биелэгдээгүй болох нь харагддаг.

Анхан шатны шүүхээс бидний гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзахдаа нотлох баримтыг өмгөөлөгч бус мөрдөгч цуглуулж, бэхжүүлнэ гэж дүгнэсэн. Хуульд зааснаар өмгөөлөгч нь шүүхэд баримт сэлт гаргаж өгөх эрхтэй. Тухайн баримт сэлтийг шүүх хүлээн авч шинжлэн судалж нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх талаар дүгнэлт гаргадаг. Хэрэв нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой гэж үзвэл хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж тухайн нотлох баримтын эх сурвалж болоод бусад нөхцөл байдлыг тогтоолгохоор мөрдөгчид тодорхой ажиллагаа хийхийг даалгах байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагаа хангалттай бүрэн гүйцэт хийгдээгүй, гэмт хэргийн субъектийг буруу тодорхойлсон, эд мөрийн баримтыг эргэлзээгүй шалган тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг туйлын үнэн зөв байдлаар буюу хэргийн талаар урьдчилсан дүгнэлтийг хийсэн гэж харж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хориотой.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэх байтал урьдчилсан байдлаар дүгнэлт хийж бусад нөхцөл байдлуудыг шалгахгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны цуглуулсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ гэж дүгнэсэн атлаа уг эрх бүхий албан тушаалтны цуглуулсан баримтыг нь хуулбарлан авч удаашруулаад бичлэгийг сайжруулаад үнэлүүлье гэхэд өмгөөлөгч нарыг тусдаа нотлох баримт бүрдүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж яллах чиг үүргийг хэрэгжүүлж байна гэж үзэж байна.

3. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Хавтаст хэргийн 19-20 талд авагдсан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр Хавсралтаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн буюу уг журмын аль шинжийг хангаж байгаа талаар шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй байна.

Дүгнэлт гаргасан шинжээчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасан хоёр шинжийн аль шинжийг нь хангасан болохыг тодруулахад шинжээч үндэслэл бүхий тайлбарыг хийгээгүй. Шинжээч уг гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 28 хоног буюу түүнээс доош хугацаагаар алдагдуулсан гэж дүгнээд байгаа боловч үүдэн хоёр шүд нь хөдөлсөн гэмтэл нь ямар байдлаар хохирогчийн эрүүл мэнд болоод хөдөлмөрийн чадварыг 28 буюу түүнээс доош хугацаагаар сарниулаад байгаа нь ойлгомжгүй, үүдэн хоёр шүд хөдөлснөөр хүний хөдөлмөрийн чадвар алдагдахгүй, энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмнэлгийн магадалгааг үндэслэсэн. Шүүх эмнэлгийн магадалгааг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь шүүгдэгчийн эрх ашгийг хохироож байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад уг эмнэлгийн магадалгааг гаргаж өгөөгүй.

Анхан шатны шүүх хохирогч тал, прокуророос гаргаж өгсөн баримтуудыг шууд хүлээн авч, харин шүүгдэгч талаас гаргасан хүсэлт, баримт сэлтийг хүлээн авдаггүй, үнэлдэггүй, тухайн баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох эсэх талаар шалгадаггүй. Энэ нь нэг талын эрх ашгийг хамгаалж байна гэж ойлгогдож байна.

4. Гэрч нарын мэдүүлгийн тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд П.М, Б.Б, Б.Т-, Ч.Б-нар гэрчээр, мөрдөн шалгах ажиллагаанд Л.П-, С.Х-нар гэрчээр тус тус мэдүүлэг өгсөн. Мөн гэрч Б.Т-, С.Х-нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Гэрч нарын мэдүүлгүүд болон мэдүүлгүүдэд дурдсан үйл баримтуудыг хооронд нь харьцуулж дүгнэх хэрэгтэй. Гэтэл шүүх гэрч нарын мэдүүлгүүдийг бүгдийг нь шүүгдэгчийг буруутгах талаас нь дүгнэсэн. Хэд хэдэн гэрч нар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь урьд өгсөн өөрсдийнх нь мэдүүлгээс илт зөрүүтэй. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Б.Б-нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “хохирогч П.А-ын нүүр амнаас цус гарсан зүйл харагдаагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би цохисныг нь харсан” гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “би цохихыг нь хараагүй, цохих шиг болсон, нүүр ам нь зүгээр байсан, хэрэг 22 цагийн үед гарсан” гэж зөрүүтэй мэдүүлдэг. 

Гэрч Б.Т-хавтаст хэргийн 11-12 талд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Н.Т- П.А-ыг шууд цохисон” гэж мэдүүлдэг атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “би цохихыг нь хараагүй, цохих шиг болсон” гэж зөрүүтэй мэдүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Т-ыг гэрч С.Х-тай нүүрэлдүүлэн байцаахад Б.Т-гэрч Х-г хохирогчийг цохисон гэж ярьдаг. Хэргийн гол гэрч гэх Б.Т-нь хэргийн бодит байдлыг мэддэг эсэх нь эргэлзээтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлгүүд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрчлөгдсөн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэрч Х-г шүүгдэгч Н.Т-ын найз гэж дурдсан, гэтэл гэрч Б.Т-болон бусад гэрчүүд хохирогчтой хамааралтай нөхцөл байдал тогтоогдоод байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.  

Прокурорын тайлбарт дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан асуудал тусдаа ойлголт. Мөрдөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцуулах  саналыг прокурорт гаргадаг. Тухайн мөрдөгчийн саналыг прокурор хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол гардаг. Гэтэл уг хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцуулах талаар мөрдөгч прокурорт санал гаргасан зүйл хавтаст хэрэгт байдаггүй. Мөн мөрдөгч санал гаргаагүй боловч прокурор тухайн нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцож мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол гаргаагүй. Иймд эрх бүхий албан тушаалтны цуглуулсан нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг анхан шатны шүүх хийхдээ яллах дүгнэлтээс зөрүүтэй хийсэн зүйл байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар гэмт хэрэг гарсан хугацааг 2023 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цаг гэж дурдсан, гэтэл улсын яллагч 2023 оны 5 дугаар сарын 31-ний орой 21 цаг гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, яллах дүгнэлт хоорондоо зөрүүтэй. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоохдоо гэмт хэрэг гарсан цаг хугацааг хэрхэн сэргээн тогтоосноо шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Гомдлын 1 дүгээр үндэслэлийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж байна.

Гомдлын 2 дугаар үндэслэлийн тухайд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гомдлын 3 дугаар үндэслэлийн тухайд: Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журамд маш тодорхой заагаад өгсөн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна.

Гомдлын 4 дүгээр үндэслэлийн тухайд: 6 гэрч мэдүүлэг өгснөөс 2 гэрч нь хараагүй, 2 гэрч нь цохих шиг болсон, 1 гэрч нь цохисон, 1 гэрч нь цохиогүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс гадна хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг маш тодорхой заадаг. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон гэж үзэж байна.  Шүүгдэгч Н.Т- нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.А-ыг цохиогүй, гэмтэл учруулаагүй гэдэг боловч шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх шаардлагагүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Гомбодорж нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч Н.Т- нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "888" гэх нэртэй баарны гадна П.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

- Хохирогч П.А-ын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ...888 нэртэй баарны гадна хамаатны ах Б-той ...маргасан. Тэгтэл хажууд нь явсан Н.Т- гэх ах миний нүүр рүү цохиод газар унагаад босоход миний шүд эргэчихсэн байсан. ...Н.Т- гэдэг хүн тухайн үед хар малгай өмссөн, улаан хүрэн цамц, саарал өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 40-41 хуудас/,

- Гэрч Л.П-гийн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...П.А-, З гэх ахтай маргалдаад хэрэлдээд байж байсан. ...би дагуулаад баар луу орох гээд Б.Т-тай хамт алхаж байхад 888 баарны шатанд дээрээс нэг ах тамхи татаж байгаад чи муу яасан далчиганасан бацаан бэ, түрүүнээс хойш энүүгээр ориллоо гээд бууж ирээд өөдөөс тулаад ирэхээр нь П.А- би тантай маргалдаагүй биз дээ гээд хойшоо ухраад арын тогтсон усанд гишгээд буцаад урагшаа очтол шууд гар зангилаад нүүр лүү нь нэг удаа цохиод авсан... П.А- цохиулаад унахдаа шууд хөлийг нь давхар хамаад тэр хоёр газарт унасан. ...салгасан чинь П.А- цамцаараа амаа дараад суусан. Би зүгээр үү яасан гэсэн чинь шүд эвгүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 47-48 хуудас/,

- Гэрч Д.Д-н 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...22 цаг өнгөрч байхад ...хэдэн залуучууд хоорондоо маргалдаад муудаад байх шиг байсан. ...Би яг хажууд нь боль гээд хараад зогсож байхад махлаг бүдүүн залуу тэр туранхай залууг заамдаж байгаад баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 71-72 хуудас/

- “888” баарны бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгт саарал өнгийн өмдтэй, улаан хүрэн өнгийн цамцтай, саравчтай хар малгайтай, цагаан ултай бараан өнгийн пүүзтэй Н.Т- нь цагаан өнгийн энгэр дээрээ зурагтай пудволктой, цэнхэр өнгийн дунд хэсгээрээ цагаан оруулгатай, шар өнгийн богино түрийтэй гуталтай П.А-ын толгой хэсэгт баруун гараараа цохиж байгаа үйлдэл бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 68-69 хуудас/,

- Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаартай “...П.А-ын биед дээд үүдэн 2 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, мөрний хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт   /1 хавтаст хэргийн 19-20 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Н.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хохирогч П.А-ын эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол,  хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдуудыг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлын тухайд:

 

1. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар тооцохгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хэргийг анх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгах явцад гэмт хэргийн шинж илэрсэн тул  эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримтуудыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт шилжүүлсэн ба прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэн мөрдөн байцаах байгууллагад шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ...баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасан ба прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа нотлох баримтаар үнэлж, тооцсон баримтуудыг дахин нотлох баримтаар тооцож тогтоол үйлдэх үндэслэлгүй юм.

 

2. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хязгаарласан буюу өмгөөлөгч нарын гарган өгсөн зөөврийн хард диск /флаш/-т бичигдсэн бичлэгийг шинжлэн судлуулах тухай хүсэлтийг хангаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Хэрэгт эд мөрийн баримтаар 21 секундийн бичлэг бүхий 1 ширхэг флашийг шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бөгөөд уг бичлэгийг өмгөөлөгчдийн зүгээс хуулбарлан авч 8/1 хэмжээгээр удаашруулан 17 секундийн бичлэг болгон товчилж буулгасан гэх бөгөөд тухайн нотлох баримт нь өмнө нь хэрэгт хавсаргагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэн нэг этгээд хуульд заасан журмаас гадуур өөрчлөх байдлаар нотлох баримтад халдах эрхгүй тул анхан шатны шүүхийн “хүсэлтийг хүлээн авахаас татгалзах” тухай шийдвэр үндэслэлтэй байна.

 

3. Шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн гэх гомдлын тухайд:

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2 дахь хэсэгт гэмтлийн зэргийг “хүнд, хүндэвтэр, хөнгөн” гэсэн ангиллаар тогтоохоор,

- 2.4-т Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг 2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан, 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан гэсэн шалгуур шинжээр тогтоохоор журамласан ба

- мөн журмын 2.5-т Шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг илэрвэл энэ нь гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно” гэж тодорхой заажээ.

Анхан шатны шүүх шинжээч нь дүгнэлтээ хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээгээр бус эрүүл мэндийг сарниулсан хугацааг үндэслэж тогтоосон ба шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн хохирогч П.А- нь шүдний мултрал /Өвчний олон улсын ангилал-ICD/:S03.2/ гэх оношоор хөдөлмөрийн чадвараа 10 хоногийн хугацаагаар алдсан болох нь 11012306190532 дугаартай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар (хх-н 136-р хуу) давхар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

4. Гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүх “шүүгдэгчтэй хувийн харилцаатай буюу найз нөхдийн холбоотой” гэж дүгнэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо гэрч С.Х-н мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, хохирогч П.А- нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд болж өнгөрсөн үйл явдлын талаар тогтвортой, дэс дараалалтай мэдүүлдэг, уг мэдүүлгийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Д.Д, П.М, Л.П- нар давхар бататган мэдүүлснээс гадна гэрч Л.П- нь тухайн болсон үйл явдлыг харах, сонсох мэдрэхгүйгээрээ дамжуулан хүлээн авч энэ талаар маш тодорхой мэдүүлсэн гэж анхан шатны шүүх тухайн мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бусад нотлох баримттай харьцуулан үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой сэргээн дүрсэлж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадсан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Гомбодорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ