Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

улсын яллагч: П.Даваасүрэн;

хохирогч, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газрын төлөөлөгч: Б.Хүдэр;

шүүгдэгч: Б.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг;

шүүгдэгч: Б.Г, А.Г, Д.Т, А.Ц нар, тэдний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батчулууны М, Баясгалангийн Г, Дашхүүгийн Т, Цэнд-Аюушийн Ц, Авирмэдийн Г нарт холбогдох эрүүгийн 201625022389 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                                                                   

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Өлзий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын 631 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  57 дугаартай таслан шийвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 сарын 19-ний өдрийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, суллагдсан,

Дорноговь аймгийн сум дундын шүүхээр 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ЗИ74031115 регистерийн дугаартай, Булаг овогт Батчулууны М,

 

2. Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 49 дүгээр гудамжны 784 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ХЖ66102517 регистерийн дугаартай, Тариачин овогт Баясгалангийн Г,

 

3. Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 20-184 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ХК64022612 регистерийн дугаартай, Боржигон овогт Дашхүүгийн Т,

 

4. Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, канвер машинист  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цамбагаравын 12 дугаар байрны 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЯ75112500 регистерийн дугаартай, Шарх овогт Цэнд-Аюушийн Ц,

 

5. Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Хар Сүлд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 17 дугаар гудамжны 146 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЦВ68101176 регистерийн дугаартай, Энх овогт Авирмэдийн Г.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны 677.75 кг самар худалдан авсан, Б.Гоос 260 кг, А.Гоос 32 кг, Д.Таас 46,65 кг, Ц.Цаас 43.5 кг, ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самар худалдан авсан гэртээ хадгалсан,

яллагдагч Б.Г нь 2016 оны 08 дугаар сарын 31-нээс 09 сарын 08-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргинн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 260 кг ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самар түүж бусдад худалдсан,

яллагдагч А.Г нь 2016 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 32 кг ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самар түүж бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн,

яллагдагч Д.Т нь 2016 оны 09 сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 46,65 кг ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самар түүж бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн,

яллагдагч А.Ц нь 2016 оны 09 сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 43,5 кг ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самар түүж бусдад худалдаж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мөнхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Сүхбаатар дүүргийн Шарга морьтын 631 тоотод 20 жил амьдарч байна. Дээрх самрыг худалдан авсан нь миний буруу. Худалдан авснаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрээ тэжээх, сургуулийнхаа хүүхдүүдийн ном дэвтэр хувцасыг бэлдэхийн тулд самарыг худалдаж авсан. Хууль эрх зүйн мэдлэг дутмагаас ийм хэрэгт орсондоо харамсаж гэмшиж байна. Би ойлгохдоо нэг хүн 25 килограм самрыг зөвшөөрөлгүй авдаг юм байна гэж ойлгосон. 25 килограмаас дээш бол зөвшөөрөл авдаг гэж ойлгосон. Мөн худалдан авч байгаа хүнд хариуцлага ногдуулахгүй гэж ойлгож байсан. Хуулийг буруу ойлгосны улмаас ийм гэмт хэрэг үйлдэж байснаа ойлгож байна. Би учиргүй их хэмжээгээр ашиг олох гэж байгаагүй, амьжиргааны эх үүсгэвэр болгох гэж байсан хэдэн төгрөгөөрөө самар авсан. Тухайн үед миний хүүхдүүд өвлийн хувцас байхгүй зуны хувцастай байсан. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө 03 цагт манай гэрээс самарнуудыг хураан авсан. Тухайн үед би ямар ч мөнгөгүй хоцорч байсан.   Дараа нь би зөвшөөрөлтэй самар авах гэж 6 шуудай самар авсан нь үнэн, зөвшөөрөлгүй самар худалдан авснаа хүлээн зөвшөөрч байна. Би зөвшөөрөлтэй самар худалдан авахад цагдаа намайг дахиж хохироосон. 09 дүгээр сарын 12-ны өдөр хураан авчихаад 1 сард надад ногоон хөгцтэй самрыг буцаан өгсөнд харамсаж байна. Би удаа дараа хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж мөрдөн байцаагчаас хүссэн боловч мөрдөн байцаагч танилцуулаагүй шүүхэд ирж хэрэгтэйгээ танилцсан. Миний гэрээс 24 шуудай самар хураан авсан мөртлөө, байгаль орчны дүгнэлт гарахад 23 шуудай самар болсон байдаг. Би өөрөө байгаль орчны байцаагчид жинлэж өгсөн. Миний 1 шуудай самар алга болсныг гайхаж байна. Би энэ самрыг хохирлоос хасуулж тооцуулмаар байна. Миний бодож байгаагаар 13 шуудай самарыг улсад төлнө гэж бодож байна. Мөнхнарангийн нэг шуудай самар хасагдана, Мөнхнарангийн мэдүүлэгт байгаа тухай нэг шуудай самар бол зөвшөөрөлтэй самар байсан талаар мэдүүлэг өгсөн байдаг гэв.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шарга мортын автобусанд сууж эцэст буугаад 4 цаг алхаж ууланд 6 шуудай самар цайруулж Мд өгсөн. Улсад учруулсан хохирлоо нөхөн төлнө. Мтай уулнаас буухдаа мөнгө төгрөгөө авах талаар тохиролцсон байсан боловч М миний түүж цайруулсан самарыг цагдаад хураалгасан байсан гэв.

 

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 9 дүгээр сард уулнаас самар түүж нэг шуудай самарыг Мд өгсөн. Тухайн үед уулнаас бууж байхад “самар авч байна” гэхээр нь нэг шуудай самраа Мд өгсөн. Би Маас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэв.

 

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр 7-н буудлаас Шарга морьт руу ууланд гарсан. Би ойгоос унасан самар түүж нэг шуудай самар болсон. Тэгээд нэг шуудай самраа Мд зарсан. Тухайн үед хорио цээрийн дэглэмтэй гэдгийг мэдээгүй байсан. Улсад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шарга морьтын ууланд гарч самар түүж нэг шуудай цайруулсан самар болгоод Мд зарсан. Тухайн үед хорио цээрийн дэглэмтэй байсныг мэдээгүй. Улсад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно гэв.

 

 Хохирогч Б.Хүдэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дээрх шүүгдэгч нар нь Ойн тухайн хууль зөрчсөн. Байгаль орчны хамгаалагчаас зохих зөвшөөрөл аваагүй. Хуульд зааснаар зохих хэмжээнээс хэтрүүлэн самрыг түүсэн. Ийм учраас 1 килограм самрыг 5000 төгрөгөөр тооцож хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж улсад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-8, 64-71/, самранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-30, 53-56/, экологи, эдийн засгийн үнэлгээ /1хх-ийн 34, 2хх-ийн 73, 153, 164, 177, 193, 208, 214/, Хуш модны цайруулсан самрын үнэлгээний тайлан /1хх-ийн 38-43/, хохирогч Д.Батхуяг /1хх-ийн 101-106/, П.Эрдэнэчимэг /1хх-ийн 109-112/, Б.Хүдэр /2хх-ийн 118-120/, гэрч Х.Мэдэхгүй /1хх-ийн 113-115, 2хх-ийн 135-136/, А.Г /2хх-ийн 121-123/, Б.Одонтуяа /2хх-ийн 127-128/ нарын мэдүүлэг, Д.Тийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 124-126/, Б.Гын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 129-131/, Ц.Цэцэгнямын гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 132-134/,  Б.Мөнхсайханы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 138-146, 157-160/, Шинжлэх Ухааны Академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 119/, Б.Мөнхсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 162/, Б.Мөнхсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 168/, Б.Мөнхсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 169-173/, Монгол Улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны Сайдын тушаалын хуулбарууд /2хх-ийн 16-18, 22, 24/, ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам /2хх-ийн 30-35/, Б.Мөнхсайханы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 148-149/, Б.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 167-169/, Б.Гын хувийн байдалтай холбоотой баритууд /2хх-ийн 170-171/, А.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 180-181/, А.Гыг хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 182-184/, Д.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 196-198/, Д.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 199-200/, Ц.Цын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 211-212/, Ц.Цйн хувийн байдалтай холбоотой баримт /2хх-ийн 201-202/зэрэг болно.

                 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны 677,75 кг самар худалдан авсан, мөн Б.Гоос 260 кг, А.Гоос 32 кг, Д.Таас 46,65 кг, Ц.Цаас 43.5 кг ховор ургамлын жагсаалтанд орсон Хуш модны самар худалдан авсан, гэртээ хадгалсан болох нь;

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтанд орсон Хуш модны 260 кг самар түүж бусдад худалдсан болох нь;

Шүүгдэгч А.Г нь 2016 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 32 кг ховор ургамлын жагсаалтанд орсон Хуш модны 32 кг самар түүж бусдад худалдсан болох нь;

Шүүгдэгч Д.Т нь 2016 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 46,65 кг ховор ургамлын жагсаалтанд орсон Хуш модны 46,65 кг самар түүж бусдад худалдсан болох нь;

Шүүгдэгч А.Ц нь 2016 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Шарга морьтийн зуслангийн Ар хандгайт уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 43,5 кг ховор ургамлын жагсаалтанд орсон Х уш модны 43,5 кг самар түүж бусдад худалдсан болох нь:

 

хохирогч Д.Батхуягийн /1хх-ийн 102-106/: “... Би байгаль орчны газарт 2013 оноос мэргэжилтнээр ажиллаж байна. Байгаль орчны сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар батлагдсдн ойн дагалт баялгийг зүй зохистой ашиглах журамд хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түүж бэлтгэхээр заасан байдаг. Харин байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны А/24 тоот тушаалаар дээрх хугацааг 2016 оны 09 сарын 10-ны өдөр болгон өөрчилсөн. Нийслэлийн ногоон бүсэд самар бэлтгэхээр бол тухайн газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагчаас даглат баялаг ашиглах зөвшөөрөл авна. Нийслэлийн ногоон бүсэд үйлдвэрлэл болон арилжааны зориулалтаар самар бэлтгэхийг хориглосон байдаг бөгөөд ахуйн зориулалтаар бэлтгүүлэхдээ иргэнд 25 кг хүртэл хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгодог... Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын хэсэг ойн тухай хуульд заасны дагуу хот суурин газрын ногоон бүс болох бөгөөд хамгаалалтын бүсийн ойд хамаарна…” гэх мэдүүлгээр,

хохирогч П.Эрдэнэчимэгийн /1хх-ийн 111-112/: “... Мы хувьд самар түүж бэлтгэх хугацаа болоогүй байхад эрх нээгдээгүй байхад самар худалдан авч бэлтгээ ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр ашиг олох зорилгоор авч өөрийн гэртээ хадгалсан үйлдэл нь хууль бус юм. Байгалийн ургамлын тухай хуулиар ховор ургамлын жагсаалтыг засгийн газраас батална гэж заасан байдаг. Үүний дагуу хуш модны самар, самрын идээг Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09 ны өдрийн А/288 тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд оруулан 1 кг тутмыг нь 50.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. … Иргэний нэхэмжлэгчээр ололцож байгаагийн хувьд ойн санд учруулж байгаа хохиролыг нэхэмжилнэ…” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Хүдэрийн /2хх-ийн 118-120/: “…Үүнийг байгаль орчин түүний баялагт хохирол учруулсан гэнэ. Яагаад гэвэл ой болон ойн сан бүхий газар нь төрийн өмч юм. Төрийн өмчийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгээд авсан гэсэн үг. Нэг үгээр хэлбэл төрийн өмчинд хулгайгаар хандсан гэж ойлгоно. Тийм учраас ойгоос самар түүхдээ иргэн ахуйн зориулалтаар 25 кг, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн захиргааны байгууллага, сум орон нутагтай гэрээ байгуулж хураамжаа улсад төлөөд “ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг” буюу зөвшөөрлөө аваад бэлтгэх ёстой гэж хуульчлаж журамлаж өгсөн байгаа. Самар зөвшөөрөлгүй худалдан авах, тээвэрлэх нь Эрүүгийн хуульд хориглож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Мөн нэг талдаа ойд газар унасан самрыг араатан амьтан идэх, самрын үр нь газарт шингэж байгалиа, тухайн төрлийн ургамлаа нөхөн сэргээж байх зохилдолгоотой юм. Байгаль өөрөө эргэн нөхөн төлжих байгалийн цогц байдлыг алдагдуулахгүй гэж тодорхой төрлийн дүрэм журам гарч иргэн хүнийг самар түүх хэмжээ хязгаарыг зааж өгч байгаа юм. Гэвч дээрхи хүмүүс нь ямар ч зөвшөөрөл байхгүйгээр шууд байгалийн баялагт халдан хуш модын самар түүсэн үйлдэл гаргасан байна. Тухайн жилийн 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Хуш модны самар түүх хориглосон хугацааг нээсэн болохоос хүн болгонд зөвшөөрөл олгож байгаа асуудал биш. Нэгэнт энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байгаа болохоор байгалийн баялаг, ойн санд учруулсан хохирлыг буруутай хүмүүсээр нөхөн төлүүлэх саналтай байна. Өмнө нь Батчулууны М нь хууль бусаар 24 шуудай самар түүж бэлтгэн, гэртээ хадгалж байсан үйлдэлдээ ял сонсож, яллагдагчаар татагдан шалгагдсан боловч шүүх хуралдааны явцад Б.Гын 6 шуудай, А.Г 1 шуудай, Д.Тын 1 шуудай, Ц.Цын 1 шуудай самар тус бүр байсан талаар мэдүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд эдгээр асуудал нь тогтоогдож яллагдагч тус бүрээр экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогдож хохирол тооцогдсон учраас одоо дахин нэмж шалгуулах зүйл алга байна…” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Гын /2хх-ийн 121-123/: “... Би таны хэлсэн цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан. Энэ үед би ажилгүй гэртээ байдаг байсан. Энэ үед Цээгий буюу Ц “самрын хорио тавигдсан байна. Хамт самарт явья” гэж хэлээд 09 дүгээр сарын эхээр самар түүхээр Шарга морьтын ууланд очсон. Мы шүүх хуралдааны үед хэлсэн зүйлүүд үнэн байна. Би тэр үед Шарга морьтын уулнаас түүсэн 1 шуудай самраа Мд өгсөн. Яг 09 дүгээр сарын хэдэнд гэдгийг сайн санахгүй байна. Тэр шуудай самрыг Мд өгөхдөө жинлэж өгсөн ба миний өгсөн самар 32 клограм самар болж байсан. Би Мд 1 клограмыг нь 3000 төгрөгөөр тооцоож өгсөн. Гэхдээ Мас мөнгө аваагүй. Сүүлд нь авч явсан самраа цагдаад хураалгасан гээд эргүүлж өгөөгүй. Ингээд би уулнаас самаргүй буусан. Самар түүхэд Цээгий, Т өвгөн нар хамт байсан…”  гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Одонтуяагийн /2хх-ийн 127-128/: “.... Тухайн үед манай нөхөр түүсэн 6 шуудай цайруулсан самраа М гэх залууд өгөөд мөнгө авч чадаагүй юм. Г 260 клограм самрыг 1 клограмийг нь 3000 төгрөгөөр тооцож Мд өгөөд мөнгийг нь дараа нь авяа гэж ярьж тохиролцоод өгөөд явуулсан боловч М худалдаж авсан самраа цагдаад хураалгасан гээд сүүлд нь 200.000 мянган төгрөг өгсөн. Би яагаад 260 клограм самар Мд өгсөн талаар сайн мэдэж байгаа вэ гэхээр манай нөхөр надад 260 клограм самар өгсөн гэж хэлсэн. Түүнээс хойш би Мтай утсаар холбогдож болон биеэр уулзаж 260 клограм самрын үнэ болох 780,000 мянган төгрөг авья гэж уулзаж байсан болохоор мэдэж байгаа юм. Тухайн үед М өөрөө ч 260 кг самрын үнэ өгөх ёстой гэдгээ зөвшөөрч байсан... гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Мэдэхгүйн /2хх-ийн 135-136/: “... 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шөнө цагдаа нар манай гэрт үзлэг хийж нийт 24 ширхэг шуудай цайруулсан самар хурааж авсан. Үүний 20 шуудай цайруулсан самар нь манай нөхөр Б.М бид хоёр 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд худалдаж авсан самар байгаа юм. Үлдсэн 4 шуудай самар нь Цээгийн болон, Цээгийн хажуу талын Т өвгөн, Өөгийн гэх залуу, Гүрээ ах гэх дөрвөн хүний тус бүр нэг, нэг шуудай самар байсан. … Самрыг хүмүүсээс янз бүрийн үнээр худалдаж авсан. Заримаас нь 2200 төгрөгөөр, зарим хүнээс 1800 төгрөгөөр авч байсан. 20 шуудай самар хэдэн клограм болсон талаар мэдэхгүй байна. Хэдэн төгрөг болсон талаар манай нөхөр мэднэ. Учир нь манай нөхөр самар худалдаж авах ажлын хариуцаж байсан юм …” гэх мэдүүлгээр,

 

Д.Тын гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 124-126/: “ ... Би Цээгий, Ганбаа буюу Г, Налайх дүүргийн Гордокод байдаг Өөгий гэх залуугийн хамт Шарга морьтын ууланд очсон. Тэнд очоод бид нар нэг отог болоод самар түүх болсон. Би тэр хавиар унасан самрыг нь түүж байсан. Тэр самрыг нь М “зараад өгье” гэж хэлээд надаас аваад явсан. Би М руу яриад “өгч явуулсан самарныхаа мөнгийг нь авья” гэж хэлсэн чинь “гэрт байсан самраа бүгдийг нь цагдаад хураалгасан” гэж хэлсэн. Ингээд надад мөнгө өгөөгүй. Ганбаа, Цээгий нар миний шуудай самрыг “бараг 100.000 гаран мянган төгрөг болно” гэж хэлсэн. Ингээд л надад байсан нэг шуудай самрыг М авч яваад би самаргүй болоод энэ ажил бүтэхгүй юм байна гээд уулнаас        буухаар болсон. ... Самрыг цахилгаан жин дээр жинлэж байгаа зургийн “6 дугаар        шуудай” гэж тэмдэглэн жинлэж байгаа зураг дээрхи самар миний Мд өгсөн самар мөн байна. Энэ жин дээр 46,65 кг жинтэй байсан нь харагдаж байна...” гэх мэдүүлгээр,

 

Б.Гын гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 129-131/: “... Би Мд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр цайруулсан 6 шуудай самар өгсөн нь үнэн. Энэ үед ууланд маш их хүмүүс самар түүж байсан. М надад хэлэхдээ “та надад 6 шуудайтай самраа өгч бай, би таныг уулнаас буухад нь буцааж өгье, би тэрнээс өмнө зарж борлуулаад эргэлтэнд оруулаад байж байя” гэж хэлээд миний түүсэн самрыг авсан. ... Би Мд өгсөн 6 шуудай самрын жинг мэднэ. Түүнд 6 шуудайтай нийт 260 клограм самар өгсөн. Энэ талаар манай эхнэр Одонтуяа мэдэж байгаа. Би Одонтуяад хэлэхдээ “260 клограм самар Мд өгсөн” гэж хэлж байсан. М өөрөө цахилгаан жинтэй ирээд жинг нь үзэж авсан юм. М тухайн үед надад мөнгө төгрөг өгөөгүй. Харин сүүлд нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны орчим 200.000 төгрөг өгсөн. Анх авч явахдаа 1 клограмыг нь 3000 төгрөгөөр тооцож 780.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон. Гэвч худалдаж авсан самраа цагдаад хураалгасан гээд 200.000 мянган төгрөг өгсөн. Би хэргийн газрын үзлэгийн зургаар шуудайтай самараа танихгүй байх гэж бодож байна. Гэхдээ Мд 260 клограм самар өгсөн нь тодорхой зүйл байгаа. Үүнийг М ч өөрөө мэдэж байгаа...” гэх мэдүүлгээр,

       

Ц.Цэцэгнямын гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 132-134/: “ … Би 2016 оны 09 дүгээр сарын дунд үед тухайн үед хамтран амьдарч байсан Г болон Т өвгөн нарын хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын ууланд очиж Хуш модны самар түүхээр болсон. Уг газарт очиж самар түүх болсон шалтгаан нь өөрийн хувийн  хэрэгцээгээ хангаад илүү гарсан самраа зарж мөнгө олох зорилготой байсан юм. Тэнд очиж самар түүх саналыг М тавьсан бөгөөд “самар түүх хорио тавигдсан” гэж байсан. Ингээд бид 3 Шарга морьтын ууланд самар түүсэн газраа 5-7 хоног болсон байх. Мы гэр нь бид нарын самар түүсэн газрын доод талд гэр хорооллын захад байсан. Мы гэрээс дээш өгсөж 1 цаг орчим яваад самрын модын захад хүрч байсан. Бид нарыг самар түүхээр очих үед тэнд нилээн олон тооны танихгүй хүмүүс байсан. Ингээд бид нар самар түүж бэлтгэн шуудайлж байсан. Би тухайн үед нэг шуудай самар түүж бэлтгэн уулнаас буулгаж Мд өгсөн. Тухайн үед М самрыг жинлэж авч байсан. Миний самар 43,5 клограм самар болж байсан. Т өвгөн Г бид нарт машин техник байхгүй болохоор Мд самраа ууланд өгсөн. М бид нарын самрыг авч гэртээ хүргэсэн. Би 2016 оны 09 дүгээр сарын дундуур Шарга морьтын ууланд очиж нэг шуудай буюу 43,5 клограм самар түүж Мд өгсөн нь үнэн. Мд өгөхдөө 1 клограм самрыг нь 2500 төгрөгөөр тооцож зарсан. Гэвч М Т өвгөн Г бид нарын тус бүр нэг, нэг шуудай самрын мөнгийг өгөлгүй авч явсан. Тэр үед М ууланд самар түүж байсан хүмүүсийн самрыг худалдаж авч цааш нь үнэ өсгөж зарж байсан юм. Бид нар түүсэн нэг, нэг шуудай самраа Мд өгөөд уулнаас шууд буусан. Тэгээд маргааш нь Маас мөнгөө авахаар ярихад хүмүүсээс цуглуулсан самраа гэртээ байлгаж байгаад цагдаад хураалгасан гэж хэлээд бид нарт самар ч өгөөгүй, мөнгө ч өгөөгүй...” гэх мэдүүлгээр,

 

Шинжлэх Ухааны Академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн самар нь 2016 оны ургацын самар болох (Pinus Sibirica) …Шинжилгээнд ирүүлсэн самар нь ургамлын өвчинтэй, мөөгөнцөрдсөн байна. ... Хүнсэнд ашиглахдаа ариутгалд оруулах хэрэгтэй. Шинжилгээнд ирүүлсэн самар болц гүйцсэн, ашиглах боломжтой…” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 119/,

 

Б.Мы яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 157-/: “... би өмнө өгсөн мэдүүлэгтээ 20 шуудай самар нь минийх гэж мэдүүлж байсан нь үнэн. Гэвч миний худалдаж авсан самар 14 шуудай байсан. Би 20 шуудай самар минийх гэж хэлсний учир нь Гүрээ гэх ахтай ярилцаж тохироод 6 шуудай самрыг би авч мөнгийг нь дараа өгөхөөр тохирсон байсан болохоор миний самар гэж үзээд 20 шуудай самар нь минийх гэж мэдүүлж байсан. Гэвч дээрх 6 шуудай самрын мөнгийг нь өгөөгүй тул Гүрээ ахын самар гэсэн үг юм. Иймд миний худалдаж авсан самарнаас хасагдаж тооцогдоно. Мөн Цээгийн 1 шуудай, Т өвгөний 1 шуудай, Өөгий буюу Бямбанарангийн 1 шуудай, Ганбаа гэх хүний 1 шуудай байсан. Ингээд 10 шуудай самар нь эдгээр хүмүүсийнх учир миний самарны тооноос хасагдана. Үлдсэн 14 шуудай самрыг би танихгүй хүмүүсээс авчсан тул миний самар юм. Цагдаа миний гэрээс хураасан 24 шуудай самарыг бүгдийг нь миний нэр дээр жинлэж хохиролын үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээ дэндүү өндөр гарсан болохоор хүмүүсийн самрыг өөр өөрийнх нь нэр дээр үнэлүүлж бодит хохиролыг гаргуулахаар шүүх хуралдаанд үнэнээ мэдүүлсэн юм…” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-8, 64-71/, самранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-30, 53-56/, экологи, эдийн засгийн үнэлгээ /1хх-ийн 34, 2хх-ийн 73, 153, 164, 177, 193, 208, 214/, Хуш модны цайруулсан самрын үнэлгээний тайлан /1хх-ийн 38-43/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь байгалийн ургамлын ховор ангилалын жагсаалтад орсон Хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, түүсэн, худалдсан, худалдан авсан, гэртээ хадгалсан талаараа өөрсдөө хүлээн мэдүүлсэн, Хуш модны самар байгалийн ховор ургамал болохыг Монгол Улсын засгийн газрын тогтоолоор тогтоосон, шүүгдэгч нараас хураан авсан самар нь болц гүйцсэн, ашиглах боломжтойг шинжээчийн байгууллага тогтоосон, шүүгдэг нарын зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан самрын байгаль, экологи, эдийн засгийн үнэлгээ, зах зээлийн үнэлгээг шинжээч тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

Ийнхүү шүүгдэгч Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарын зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самрыг түүж бусдад худалдсан, худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан (Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу торгох ялын дээд, доод хэмжээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд багасч буюу хөнгөрч орсон байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж прокурор яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

2012 онд батлагдсан Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12 дахь заалтад зааснаар сибирь хушны самар нь ойн дагалт баялагт хамаарч байна. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгүүдэд зааснаар ойн санд учруулсан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөр гэсэн хоёр төрлийн төлбөрийг тогтоосон ба мөн хуулийн 42.4 дэх хэсэгт зааснаар ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно гэж заасан байна.

 

Сибирь хушны самар нь ойн дагалт баялагт хамаарч байгаа учраас шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсний улмаас ойн санд учруулсан шууд хохирлын  хэмжээг “Голд стандарт эстимэйт” ХХК-ийн тогтоосон тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр буюу 1 кг  хуш модны самрыг 3250 төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй. 

 

Дээрх байдлаар ойн санд учруулсан шууд хохирлыг шүүгдэгч тус бүрээр тооцоход шүүгдэгч Б.Мөнхсайхан 2.202.687,5 төгрөг (677,75 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч Б.Г 845.000 төгрөг (260 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч А.Г 104.000 төгрөг (32 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч Д.Т 151.612,5 төгрөг (46,65 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч Ц.Ц 141.375 төгрөгөөр (43,5 кг хуш модны самар х3250 төгрөг) тус тус тогтоогдож байна.

 

  Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар “шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг” төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирлыг болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах нөхөн төлбөрийг тэднээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирлын нийлбэр дүн буюу нийт 3.444.675 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 1059,9 кг,  18 шуудай хуш модны самрыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсныг хохирогч, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газар (Б.Хүдэр)-т шилжүүлэн өгөх нь зүйтэй. Ингэснээр шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирол нөхөн төлөгдсөн (үүнд: Б.Мөнхсайханы 2.202.687,5 төгрөг (677,75 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч Б.Гын 845.000 төгрөг (260 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч А.Гын 104.000 төгрөг (32 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч Д.Тын 151.612,5 төгрөг (46,65 кг хуш модны самар х3250 төгрөг), шүүгдэгч Ц.Цын 141.375 төгрөг (43,5 кг хуш модны самар х3250 төгрөг)хамаарна) гэж дүгнэв.

 

Харин Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь заалтад зааснаар ойн дагалт баялагт учруулсан хохирол нь ойн санд учруулсан хохиролд тооцогдох тул ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг шүүгдэгч тус бүрийн учруулсан шууд хохирол буюу шүүгдэгч Б.Мөнхсайханы 2.202.687,5 төгрөг (677,75 кг хуш модны самар), шүүгдэгч Б.Гын 845.000 төгрөг (260 кг хуш модны самар), шүүгдэгч А.Гын 104.000 төгрөг (32 кг хуш модны самар), шүүгдэгч Д.Тын 151.612,5 төгрөг (46,65 кг хуш модны самар), шүүгдэгч Ц.Цын 141.375 төгрөгийг (43,5 кг хуш модны самар) тус тус 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмээний төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Мөнхсайханаас нийт 6.608.062,5 төгрөг, шүүгдэгч Б.Гоос нийт 2.535.000 төгрөг, шүүгдэгч А.Гоос нийт 312.000 төгрөг, шүүгдэгч Д.Таас нийт 454.837,5 төгрөг, шүүгдэгч Ц.Цаас нийт 424.125 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлнэ.

 

Шүүх шүүгдэгч Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарт тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 7033 УНВ дугаартай “Тоёота Альпард” (Toyota Alphard) маркийн автомшиныг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Булаг овогт Батчулууны Мөнхсайханыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Тариачин овогт Баясгалангийн Гыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Дашхүүгийн Тыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Шарх овогт Цэнд-Аюушийн Цыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Энх овогт Авирмэдийн Гыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайханыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарт тус бүрт оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайханаас нийт 6.608.062,5 төгрөг, шүүгдэгч Б.Гоос нийт 2.535.000 төгрөг, шүүгдэгч А.Гоос нийт 312.000 төгрөг, шүүгдэгч Д.Таас нийт 454.837,5 төгрөг, шүүгдэгч Ц.Цаас нийт 424.125 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3.444.675 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 1059,9 кг,  18 шуудай хуш модны самрыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газар (Б.Хүдэр)-т шилжүүлэн өгч, шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 7033 УНВ дугаартай “Тоёота Альпард” (Toyota Alphard) маркийн автомшины битүүмжлэлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь олгосугай.

 

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхсайхан, Б.Г, Д.Т, Ц.Ц, А.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ