Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

  

 

 

 

 

2024        01           10                                           2024/ДШМ/02

 

 

Д.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Г.Г-даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Д.Энхжаргал, К.Бауиржан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Н.Ариунжаргал, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/234 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Д.Энхжаргал, К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Ц-т холбогдох эрүүгийн 2339000000253 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р багийн нутаг өөрийн гэртээ тамхи татах зорилгоор гэрт нь орсон хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж цээжин тус газарт нь нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндий цус хуралт, зүүн уушгины хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч Д.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-т оногдуулсан 6 (зургаан)  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн 2339000000253 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан саарал өнгийн ажлын хэсэг 19 см, бариул 13.5 см нийт 32.5 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч К.Бауиржан нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол  болон тайлбартаа: Анхан шатны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ хэрэг гарсан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, хэргийг хэн хэрхэн ямар байдлаар үйлдсэн эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцээтэй эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй байна.

Юуны өмнө тухайн хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчийн хувьд анхнаасаа хохирогч, гэрчийг асуулгүйгээр "хэргийн газрын үзлэг"-ийг хийж, хэрэгт ач холбогдол бүхий эд зүйлийг хураахаас эхлүүлээд бүгдийг буруу хийсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тухайлбал хэргийн 3-5 дахь талд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ".................” гэх газарт 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт" гээд "ертөнцийн зүгээр урагшаа харсан ногоон өнгийн төмөр хаалгатай монгол гэр байх ба гэрийн хаалгаар орж" гэж эхлүүлэн "...ширээний зүүн талд төмөр хувин байна, хувин дотор цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг хойшлуулшгүй тохиолдолд хяналтын прокурорт мэдэгдэж хурааж авлаа. Үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлс илрээгүй болно" гээд үзлэгийг 10.30 цагт хийж дуусгасан талаар тэмдэглэсэн байдаг.

Үзлэгийн явцад фото зургууд авагдсан байх ба "хутга байсан гэх газрыг харуулав" гэсэн бичвэр бүхий 2 өөр зураг авагдсан /ширээн дээр хутга тавигдсан, хувин дотор хутга байгаа байдалтай/ нь хэргийн 7 дугаар талд хавсаргагдсан байна.

Мөн хохирогч гэх В.Б-гаас 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг авсан байх ба мэдүүлгийг 20.38 цагт эхлүүлж 21.10 цагт дуусгасан байх бөгөөд хохирогч В.Б-гийн хувьд энэхүү мэдүүлэгтээ “...Д.Ц- нь хоёр гартаа нэг нэг хутга барьсан байсан, би гарч зугтсан..." /хх-н 16-19/ талаар дурдсан байдаг /бусад гэрчүүдийг үүнээс хойш асуусан байдаг/.

Энэ бүгдээс үзэхэд мөрдөгч нь хохирогч болон гэрчүүдээс мэдүүлэг авахаасаа өмнө хэрэг болсон газрыг өөрийн "таамаг"-аар олж тогтоон "хаана, хэнийх" гэдгийг нь мэдэгдэхгүй ногоон өнгийн төмөр хаалгатай монгол гэрт орж 30 минут"-ын дотор үзлэг хийж, гэмт хэргийн ул мөр бүхий ширээн дээр эсхүл хувинд байсан гэх нэг ширхэг "хутга"-ийг олж илрүүлэн "хэрэгт ач холбогдолтой" гэж үзэн "хойшлуулшгүй" ажиллагаагаар хураан авсан хойноо 10 цагийн дараа анх удаа хохирогчийг асуухад тэрээр 2 хутга байсан талаар мэдүүлсэн байхад хэргийн газрын үзлэгийг дахин хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, эд зүйлсийг олж тогтоогоогүй орхигдуулжээ.

Хохирогчийн зүгээс "Д.Ц- нь 2 гартаа нэг нэг хутга барьсан байсан" гэж мэдүүлсээр байхад мөрдөгч энэ нөхцөл байдлыг авч үзэлгүй, өөрийн дураар нэг ширхэг хутгыг хэрэгт ач холбогдолтой гэж үзээд "нөгөө" хутгыг эрж хайлгүй орхиж, улмаар хураан авсан нэг ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсоныг прокурор хүчинтэйд тооцсон /хх-н 10/ байна.

Улмаар хураан авсан, эд мөрийн баримтаар тооцогдсон хутган дээрх "цус" мэт зүйл нь хүний цус байсан уу эсхүл мал амьтны цус байсан эсэхийг шалгаж тогтоогоогүйгээр барахгүй хутган дээрээс гарын мөр илрүүлэх ажиллагаа огт хийлгүй орхигдуулсан байдаг.

Гэвч анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдал болох хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлс зэрэг нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хангалттай хүрэлцээтэй, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьсан байдлаар гэмт хэрэг үйлдсэн нь "нотлогдсон" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Үүнээс гадна хэргийг мөрдөн шалгах явцад 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан гэх хохирогчийн мэдүүлэг /хх-н 16-19/ хууль ёсны болсон эсэхэд шүүх бүрэлдэхүүний зүгээс "...мэдүүлэг авахад өмгөөлөгч Б.Төгсбаяр оролцож мэдүүлгийн хуудас бүрд гарын үсгээ зурсан байх тул уг мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч биечлэн оролцоогүй эргэлзээтэй гэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн байх боловч хэргийн 16, 19 дүгээр талд авагдсан хохирогч В.Б-гийн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Төгсбаяр оролцсон гэдэг нь эргэлзээтэй буюу өмнө бичигдсэн 2 ч хүний /У, Д гэх/ нэрийг цагаан өнгийн будагч бодисоор дарж байгаад дээр нь байлцсан өмгөөлөгч Б.Төгсбаяр гэх нэр бичиж, гарын үсэг зуруулсан болох нь тодорхой байдаг.

Үүнийг дурдах болсон шалтгаан нь хохирогч В.Б-гийн хувьд монгол хэл, бичиг мэдэхгүй буюу уншиж, бичиж чадахгүй нэгэн байсан талаар түүний эргэн тойрны хүмүүс ярьдаг, мөн тухайн үед хэрэг болсны маргааш өдөр болох 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч Б.Төгсбаяр гэгч нь ......... огт очоогүй талаар шүүгдэгч Д.Ц- шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байхад шүүх бүрэлдэхүүн энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй байна.

Мөн хохирогчийн хувьд ганцхан удаа өгсөн мэдүүлэгтээ “...гэнэт Д.Ц- ах намайг эргэж хараад шууд хутгаар цээжинд дүрчихсэн, тэгэхээр би хутга барьсан гарыг нь түлхэхэд миний цээжнээс цус олгойдсон..." /хх-н 19/ гэж мэдүүлсэн байдаг, шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 258 дугаартай дүгнэлтэд "...В.Б-гийн биед цээжний хөндий руу нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн уушгины хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо..." гэж дүгнэсэн байдаг.

Эндээс хэрэв хохирогчийн ярьсан мэдүүлсэн зүйлс үнэн өөрөөр хэлбэл, Д.Ц- эргэж хараад шууд хутгалсан гэж үзвэл хохирогчийн биед учирсан байгаа гэмтлийг баруун гартаа хутга барьсан үед учруулах боломжтой байсан гэж дүгнэхэд хүрнэ. Гэвч шүүгдэгч Д.Ц-ын хувьд тэрээр зүүн гараар аливаа зүйлийг хийдэг буюу солгой нэгэн бөгөөд мөрдөгч, прокурор, шүүхийн хувьд энэ нөхцөл байдлыг огт тодруулаагүй орхигдуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, хэрэг гарсан нөхцөл байдал буюу тухайн хэрэг болох үед Д.Ц- нь аль гартаа хутга барьсан байсан эсэх, хутгыг далайж эсхүл савах байдлаар, дээрээс эсхүл доороос дүрсэн эсэх, хатгасан эсэх, мөн хохирогч хэрэв өөрийгөө гэмтээх боломжтой эсэхийг огт тодруулаагүй энэ талаар ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй байхад шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Энэ бүгдээс гадна хэргийг шалгаж шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүх бүрэлдэхүүний хувьд тухайн хэргийг Д.Ц- үйлдсэн гэж дүгнэхдээ сэдэлт, санаа зорилгыг огт буруугаар дүгнэсэн явдал юм.

Тухайлбал хэргийг мөрдөн шалгасан мөрдөгчийн зүгээс 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналдаа "...Б.В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж..." /хх-н 119/ гэсэн бол хэрэгт хяналт тавьж буй прокурор 2023 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 165 дугаартай яллах дүгнэлтдээ ".....В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж...” /хх-н 121/ гэж дурдсан /прокурорын хувьд мөрдөгчийг санал гаргахаас өмнө яллах дүгнэлт үйлдсэн байсныг анхаарах/ улмаар анхан шатны шүүх хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа "...хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж..." гэж тус тус дүгнэсэн байдаг.

Гэвч энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон В.Б- гэгч нь 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ "...бид хоорондоо маргаж муудсан асуудал байхгүй..." /хх-н 16-19/ талаар мэдүүлснийг бусад гэрчүүд болох Г.Г-/хх-н 27-29/, Ч.Э-/хх-н 40/, М.Б-/хх-н 44-46/ нар баталж "хоорондоо маргалдаагүй" талаар мэдүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Шүүгдэгч Д.Ц-ын хувьд "...В.Б-тай маргаж муудаагүй..." талаараа мэдүүлсэн бол хохирогчийн хувьд 1 удаа өгсөн мэдүүлэгтээ "...Д.Ц- ахаа гэрлээ асаагаач гэхэд гэнэт Д.Ц- ах намайг эргэж хараад шууд хутгаар цээжинд дүрчихсэн..." /хх-н 19/ талаар мэдүүлсээр байхад мөрдөгч, прокурор, шүүхийн хэн аль нь “...хувийн таарамжгүй харилцааны улмаас маргасан..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь хувийн таарамжгүй харилцаа байгаагүй, хоорондоо маргаж, муудалцаагүй талаар мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр өөрсдийн дэвшүүлсэн "таамаглал"-д үндэслэн "хувийн таарамжгүй харилцааны улмаас маргасан" гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэв тухайн нөхцөлд гэмт хэрэг гарсан гэж үзвэл юуны өмнө гэм буруутай этгээдийн хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоох шаардлага үүсэх ба хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг зөв тогтоосноор хэргийг зөв зүйлчлэх /санаатай эсхүл болгоомжгүй/, ял шийтгэл оногдуулахад ихээхэн ач холбогдолтой байсан юм.

Энэ мэтчилэн мөрдөгч, прокурор, шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, хэрэгт авагдсан нотлох баримтууд хууль ёсны бөгөөд хангалттай байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2, 16.15 дугаар зүйлүүдийг зөрчих байдлаар хэргийг шийдвэрлэж, улмаар шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж Д.Ц-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц-ын өмгөөлөгч Д.Энхжаргал нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан алдааг анхаарахгүйгээр шүүх өөрөө алдааг давтан гаргасан байна.

 Тухайлбал прокурорын 2023 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 165 дугаартай яллах дүгнэлтийн 3.1 дэх хэсэгт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцуулах санал, тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 3-12/ гэж яллах нотлох баримтуудын агуулгыг огт дурдахгүйгээр, зөвхөн нотлох баримтуудыг жагсаан бичсэн нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт мөн адил шүүгдэгчийн гэм буруутайг нотлох баримтуудын агуулгыг дурдахгүйгээр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-8/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах, эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол гэж жагсаан бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан нотлох баримтын агуулгыг тусгах тухай хуулийн заалтыг зөрчжээ.

Хоёр. Прокурорын яллах дүгнэлтэд “...хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж...” гэж гэмт хэргийн шалтгааныг ямар ч нотлох баримтад үндэслэлгүйгээр хийсвэрээр тодорхойлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байхад дээрх яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын алдаанд дүгнэлт хийхийн оронд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг өөрсдийн санаачилгаар хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гэж дахин тодорхойлж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...хуулийн заалтыг чанд сахих..." тухай хууль ёсны зарчмыг зөрчжээ.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг явцад мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй байна. Хохирогч В.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Д.Ц- ахаа гэрлээ асаагаач ...харахад Д.Ц- нь хоёр гартаа нэг нэг хутга барьсан байсан... гэж /хх-н 19/, шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...гэрэл асаагаагүй харанхуй байсан бөгөөд В.Б- та намайг хутгалчихлаа гэхээр нь ...гэрлээ асаахад...” гэж /хх-н 81/ зэргээр мэдүүлсэн байдлаас дүгнэхэд харанхуй гэрт В.Б- нь шүүгдэгчийг хоёр гартаа хутга барьчихсан байсныг хэрхэн харсан, хутга гэдгийг яаж мэдсэн нь эргэлзээтэй, шүүгдэгч, хохирогч нарын хэн нь ямар үйлдэл эхэлж хийсэн болох, хохирогчийн буруутай үйлдэл байсан эсэх, шүүгдэгч аргагүй хамгаалалт хийсэн эсэх, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах зэрэг гэмт хэргүүдийн шинж байсан эсэхийг шалгаагүй.

Дөрөв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан байхад мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Ц- хохирогчид эмчилгээ болон бусад зардалд 6 сая төгрөг өгсөн гэж мэдүүлснийг шалгаагүй, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай шийтгэх тогтоолд тусгах нөхцөл бүрдээгүй байхад зөвхөн хохирогчийн “...бид хоёр хоорондоо тохиролцсон учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан баримт /хх-н 120/-ыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Тав. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “....хэргийн газрын үзлэгээр хураан авч хяналтын прокурор Б.Нарангэрэлийн /огноо, дугааргүй/ тогтоолоор хүчинтэй тооцсон....” /хх-н 12/ гэж дурдсан нь энэ хэрэгт хамааралгүй, өөрөөр хэлбэл өөр эрүүгийн хэргийн тогтоол гэж үзэхээр байна.

Зургаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд "Цагаан толгой, /хх-н 4-5/ мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоолд “Хар толгой" /хх-н 10-11/, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоолд "............" хх-н 12/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналд "............" /хх-н 70/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд "Хар толгой” /хх-н 71/, “..........” /хх-н 73-74/, яллах дүгнэлтэд шүүгдэгчийн оршин суугаа газрыг ".........." гэх мэтээр олон баримтуудад өөр өөрөөр тэмдэглэгдсэн нь гэмт хэрэг ямар нэртэй газар үйлдэгдсэн болох нь эргэлзээтэй, шүүгдэгч шүүх хуралдаанд "...........", ".............." нэртэй газрууд нь зэрэгцээ газар оршдог юм гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн газар аль нь болохыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг хангаагүй байхад шүүхээс техникийн алдаа гэж буруу дүгнэсэн байна.

Долоо. Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ гэрч нь хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхөд гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох учиртай байхад энэ талаар нарийвчлан тогтоогоогүй, шүүгдэгч шүүх хуралдаанд “...гэрч Г.Г-архи уусан, Г, Э, В.Б- нар нь хоорондоо худ ургийн хүмүүс юм...” гэж мэдүүлснийг шүүхээс анхаараагүй, гэрчүүд нь тухайн хэрэгт ямар нэгэн хувийн болон ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Найм. Тухайн хэрэгт ач холбогдолтой гэж хэргийн газраас хурааж авсан хутганд шинжилгээ хийлгэж, цус мэт зүйлээр бохирлогдсон нь чухам хүнийх үү, малынх уу, хутган дээр гарын хээ үлдсэн эсэх зэргийг тогтоогоогүй мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт биш хийсэн. Шүүхээс шийтгэх тогтоолдоо ...эд мөрийн баримт шинжлэн судлах үед шүүгдэгч Д.Ц- нь эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг “...манай хутга мөн байна, эхнэр хоол хийхдээ хэрэглэдэг....” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нь ...өөрийн гэрт байдаг хутга мөн болох талаар мэдүүлсэн болно...”  гэж дурдсан боловч шүүгдэгч нь энэ хутгаар В.Б-г хутгалсан хутга мөн гэж хэлээгүй болохыг анхаарах нь зүйтэй юм.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны ерөнхий нөхцөл, шаардлагыг зөрчин, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох, нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс анхаараагүй, шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний хувьд өмнө нь хэрэгт холбогдож, цагдаад шалгагдаж байгаагүй тул гэнэт хүн хутгалсан хэрэгт шалгагдсан учир айж сандарсан. Тэгээд Хэрлэнбаян-Улаан тосгоны байцаагч болон мөрдөн байцаагч нараас “ах нь яах вэ, яавал дээр вэ” гэж асуухад “хэрэг тодорхой, өмгөөлөгчөөр яах юм бэ, мөнгө төлөхийн нэмэр, тэрний оронд хохирогчийнхоо амыг хаа, та их үсрээд л тэнсэнтэй гарна” гээд зөвлөөд байхаар нь хохирогч В.Б-гийн бие гайгүй бол учир нь олдох байх гэж бодоод явж байтал хэрэг шүүх рүү шилжсэн.

Хэрэг гардаг орой би гэртээ ороод гэрийнхээ баруун талаар явж орны хөндийд байх гэрлээ асаах гээд байж байтал гэрийн хаалга онгойх шиг болсон, гэрт харанхуй байсан болохоор хүн орж ирснийг мэдээгүй. Гэнэт “та намайг хутгалчихлаа” гээд В.Б-гийн дуу гарахад нь “юу яриад байгаа юм бэ” гээд гэрлээ асаагаад харахад В.Б-гийн гэдэснээс цус гарчихсан, гараараа цээж рүүгээ алгадаад “би хүн шоронд хийдэг хүн биш” гээд зогсож байсан. Тэгээд шууд гэрээс авч гараад гадаа Ганзоригийн машин байхаар нь машинд суулгаад “хурдан эмнэлэг яв” гээд явуулсан. Манайд гоожсон цус байхгүй байсан.

Хэрэг гардаг өдөр Г-н гэрт Э, В.Б- бид гурваас гадна Б, эхнэр нь, манай хүргэн гээд олон хүн архи ууцгааж, В.Б- их согтуу хүн хүн рүү агсраад байсан. Гэрч Г.Г-ч архи уусан, В.Б- өөрөө их согтсон байсан.

Харанхуй гэрт намайг хоёр гартаа нэг хутга барьчхаад байсныг яаж харсан болох, хохирогч эмнэлэг дээр очоод өөрөө хутган дээр оочсон гэж хэлсэн байсан, би солгой гартай өөдөөс харсан хүний цээжний зүүн хэсэгт биш баруун хэсэгт хутгалсан байж болмоор эргэлзээтэй зүйлүүдийг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад дахин шилжүүлж болдог гэдгийг мэдээгүй. Эмнэлэг дээр ямар байдалтай, хэдэн цагт очсон тухай эмнэлгээс асуугаагүй байсан. Эмнэлгээс асуусан бол бүгд тодорхой байх байсан.

Гэвч манай гэрт В.Б- бид хоёроос өөр хүн байгаагүй атал гэрч, хохирогч бүгд намайг В.Б-г хутгалсан гэж мэдүүлсэн. Гэрч Ганзориг, Энхбаяр, хохирогч В.Б- нар нь хоорондоо худ ургийн хүмүүс тул санаа нэгтэй худал хэлээгүй байх гэж бодож байгаа тул миний хувьд В.Б-г хутгалж хохироосон байна гэж хүлээн зөвшөөрч байна.

Би өөрийн хүү шиг бодоод түргэн эмчлүүлье гээд эмнэлгээр явахад нь 650.000 төгрөг өгөөд явуулсан. Манай дүү 6.000.000 төгрөг өгсөн. Надаас 10.000.000 арван нэхэхээр нь ахад нь тийм боломж байхгүй гэж хэлсэн. Ээж эгч нар нь Хэрлэнбаян-Улаанаас Улаанбаатар хот авч явна гэхээр нь би эмч нартай нь уулзъя, эмч нараас асууя гэхэд би өөрөө авч явж эмчлүүлнэ гэсэн. Манай дүү нар эргэж тойрч эмчилгээний зардал 600 гаран мянган төгрөг өгөөд, эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байхад эрүүл мэндийн даатгалыг нь төлсөн. В.Б- бол бичиг үсэг мэдэхгүй. 

Миний хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй, хохирогчийг хохиролгүй болгосон, биеийн эрүүл мэндийн хувьд тархины хаван, уйланхайтай учир хөдөлгөөний тэнцвэр алдагддаг болсон, чихрийн шижин өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Дээрх байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар багасгаж өгнө үү” гэв.         

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг нь харгалзан 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан, үндэслэл бүхий шийдвэр гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэм бурууг шалгаж тодруулсан.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийг хэн хэрхэн үйлдсэн эсэх, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцээтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Б-гаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Б.Төгсбаярыг оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах журмын дагуу мэдүүлэг авсан нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Учир нь хохирогч В.Б-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэг өгөх хуулийн заалтыг танилцуулж мэдүүлэг авсан ба хохирогч нь “...Д.Ц- ах намайг эргэж хараад л шууд хутгаар цээжинд дүрчихсэн. Тэгэхээр нь би хутга барьсан гарыг нь түлхэхэд цус олгойдсон...” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээр хохирогч нь өөрийгөө хутгалсан гэж үзэх нөхцөл, байдал тогтоогдохгүй байна.

Хэрэг, учрал болох үед буюу шүүгдэгч Д.Ц-ын гэрт хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй, гадаа тээврийн хэрэгсэл дотор гэрч Г.Г, Ч.Э-нар байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Гэрч Г.Г-“...В.Б- нь Д.Ц-ын гэрээс Д.Ц- ах намайг хутгалчихлаа гээд цээжин хэсэгтээ гараараа дарсан байдалтай цусаа гоожуулаад гараад ирсэн. ...Би В.Б-г гэрээс нь Д.Ц- ах намайг хутгалчихлаа гээд гарч ирэхээр машинаасаа бууж зөрөөд Д.Ц- ахын гэр рүү нь орж харсан. Гэтэл ямар нэгэн өөр хүн гэрт нь байхгүй байсан...” гэж, гэрч Ч.Э-“...танай хүргэн В.Б-г Д.Ц- хутгалсан, хүргэнийг чинь эмнэлэгт хүргэж өгсөн...” гэж надад хэлсэн. Тэгээд би хүргэнээ хутгалуулсан талаар Г-с мэдсэн...”, гэрч Б.М.Б-“...Ганзоригт хэлсэн тул манай нөхөр за гээд Э, Д.Ц- В.Б- нарыг машиндаа суулгаад хөдөлсөн...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Ц- “...Би тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...В.Б- “та намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд гэрлээ асаахад В.Б- баруун гараараа цээжээ дарчихсан цус гарч байсан. Намайг гэрлээ асаахад манай гэрийн төмөр бариултай хутга гэрийн зуухны хойд талд байх ширээн дээр цус болчихсон байсан...”  гэж мэдүүлсэн мэдүүлгүүд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгчийн дээрх мэдүүлэгт тулгуурлан мөрдөгчөөс хэргийн газрын үзлэгээр уг хутгыг хураан авсан болно. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бие дааж хэргийн газрын үзлэг хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогч В.Б- хэрэг, учрал болсон гэх хугацаанд шүүгдэгч Д.Ц-ын гэрт тамхи авах зорилгоор орж “Д.Ц- ахаа гэрлээ асаагаач” гэж хэлсэн талаар мэдүүлсэн нь хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг тусгах хуулийн зохицуулалттай байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгсөн нь нотлох баримтын агуулгыг тусгаагүй гэж үзэх боломжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох хохирогч В.Б- “...”Д.Ц- ахаа гэрлээ асаагаач” гэхэд гэнэт Д.Ц- ах намайг эргэж хараад л шууд хутгаар цээжинд дүрчихсэн. Тэгэхээр нь би хутга барьсан гарыг нь түлхэхэд цус олгойдсон...” гэж, шүүгдэгч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Намайг хүргэж өгөх гээд манай гэр рүү явсан. Би гэртээ ирээд машинаас буугаад гэртээ ороход миний араас В.Б- орж ирсэн. Г.Г-Ч.Э-хоёр манай гэрт орж ирээгүй. Манай гэр хүнгүй, гэрэл асаагаагүй харанхуй байсан бөгөөд В.Б- “та намайг хутгалчихлаа” гэхээр нь “би юу яриад байгаа юм бэ” гээд гэрлээ асаахад В.Б- баруун гараараа цээжээ дарчихсан цус гарч байсан. Намайг гэрэл асаахад манай гэрийн төмөр бариултай хутга гэрийн зуухны хойд талд байх ширээн дээр цус болчихсон байсан...” гэж тус тус мэдүүлсэн болох нь тогтоогдсон,

Харин хохирогчийн буруутай үйлдэл байсан эсэх, шүүгдэгч аргагүй хамгаалалт хийсэн эсэх, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан эсэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан эсэх талаар цугларсан баримт үгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн шийтгэх тогтоолд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Д.Ц- нь хохирогч В.Б-г хутгалсан гэмт үйлдэл, түүний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч солгой гартай учир хохирогчийг хутгалах боломжгүй гэдэг зүйлийг ярьдаг боловч гэмт этгээд эргэж хараад хутгалах нөхцөл байдалд дүгнэлт хийх бүрэн боломжтой. Зүүн гараараа хутгалсан гэдэг үйл баримт нь ач холбогдолгүй зүйл гэж үзэж байна.

Хэргийн газар үзлэг хийхэд хутга хурааж авсан. Хутга хурааж авах тухай мөрдөгчөөс санал ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол гаргасан.  Үүний дагуу мөрдөн байцаалтын явцад эд мөрийн баримтаар хураах тогтоол үйлдсэн. Гэхдээ тухайн тогтоолд эрүүгийн хэргийн дугаар болон хэргийн газраас эд мөрийн баримтаар хурааж авсан хутганы шинж тэмдгийг тодорхой дурдсан.

Өмгөөлөгчийн зүгээс таамаг дэвшүүлээд мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг нотоллоо гэх зүйл ярьдаг.  Үүнд таамаг дэвшүүлж мөрдөн шалгах ажиллагаа хийсэн зүйл байхгүй.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо уялдаа холбоо бүхий хэргийн талаар шалтгаант холбоотой. Гэмт хэрэг гарахаас өмнө “Хар толгой”, “Цагаан толгой” гэх газрыг яллах дүгнэлт үйлдэхэд ашигласан нь тогтоогдсон. Тухайн хэрэг гарсан газар байлцуулан мэдүүлэг авсан нь үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байна.

Гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан. 

Хохирол хор уршгийн талаар өмгөөлөгч нар 6.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь хор уршигтай холбоотой зардал гэдгийг тогтоогоогүй гэж ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Баяржаргалын бие хүнд хохирол учруулсан. 6.000.000 төгрөг хохирогчийн биед учирсан гэм хорыг арилгахаар эмчилгээний зардалтай холбоотойгоор гаргаж өгсөн.

6.000.000 төгрөг төлсөн гомдол саналгүй гэх хүсэлт гаргаж  нотариатаар батлуулсан байна. 10 сая төгрөг нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд цугларсан нотлох баримтад тулгуурлан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд гэмт хэрэг гарсан газар тогтоогдсон.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр эд мөрийн баримтаар тооцож хутгийг хурааж аваад хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон учир шинжээч томилсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Д.Энхжаргал, К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Ц-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу өөрийн гэртээ тамхи авах зорилгоор гэрт нь орсон хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж цээжин тус газарт нь нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндий цус хуралдалт, зүүн уушгины хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

- Хохирогч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 19-ний орой ...тамхи татмаар санагдаад ...Д.Ц- ахын араас гэрт нь ороход Д.Ц- ах гэрийн зүүн урд талын түмбүчикнийхээ хажууд зогсож байхаар нь “Д.Ц- ахаа гэрлээ асаагаач” гэхэд гэнэт эргэж хараад шууд хутгаар цээжинд дүрчихсэн, ...хутга барьсан гарыг нь түлхэхэд миний цээжнээс цус олгойдсон.  ...Д.Ц- ах хоёр гартаа нэг нэг хутга барьчихсан байсан, би гарч зугтсан. ...машинд ороод хадам аав Энхбаяр, Г.Г-ах хоёрт “Д.Ц- ах намайг хутгалчихлаа” гэхэд Г.Г-ах машинаа асаагаад шууд Хэрлэнбаян-Улааны эмнэлэгт намайг авчирч буулгаад явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 17-19 хуудас/,

- Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний орой ....Д.Ц- гэх ахын гэрийнх нь гадаа очиход Д.Ц- ах, В.Б- нар машинаас бууж, В.Б- нь Д.Ц- гэх ахын гэр рүү нь татах тамхи авна гээд дагаад орсон. Ингээд ...5 минут хүрэхгүй шахуу хугацаанд В.Б-, Д.Ц-ын гэрээс “Д.Ц- ах намайг хутгалчихлаа” гээд цээжин хэсэгтээ гараараа дарсан байдалтай цусаа гоожуулаад гараад ирсэн. ...Би В.Б-г гэрээс нь Д.Ц- ахад хутгалуулчихлаа гээд гарч ирэхээр нь  зөрөөд Д.Ц- ахын гэр рүү нь орж харахад өөр хүн гэрт нь байгаагүй бөгөөд Д.Ц- ах  гэрийнхээ баруун талын орон дээр ганцаараа доошоо тонгойсон юм асуухаар дуугарахгүй суугаад байсан. Тэгэхээр нь гарч ирээд В.Б-г аваад яаралтай Хэрлэнбаян-Улаан тосгоны эмнэлэг рүү хүргэж очсон...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн  27-29 хуудас/,

- Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн орчим ...намайг эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр В.Б- ирчихсэн хоёр гар нь цус болчихсон байхаар нь эмч Г-с “яасан юм бол” гэж асуухад Г эмч “хүнд хутгалуулсан юм шиг байна” гэж хэлсэн. ...манай нөхөр В.Б- “би орой гэртээ хоол хийж идэх гэж байгаад хутган дээрээ ойчсон, намайг хүн хутгалаагүй” гэж хэлээд байсан. Тэгээд ...эмч нар ирээд яаралтай хагалгаанд орохгүй бол дотуур цус алдсан байна гэж хэлээд гарсан чинь манай нөхөр В.Б- хоёр цагдаад хандаж “....намайг манай урд өвөлжсөн хар Ц гэх хүн хутгалчихсан...” гэж цагдаад хэлж байсан. Тэгээд удалгүй эмч нар хагалгаанд аваад орсон. ... В.Б- цээжний зүүн хэсэгт 5 оёдол хийсэн харагдаж байсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 32-36 хуудас/,

- Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...В.Б-г Д.Ц- хутгалсан. Хүргэнийг чинь эмнэлэгт хүргэж өгсөн...” гэж надад Г.Г-хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 40 хуудас/,

- Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний орой ....хоол унд идэж дуусаад байж байтал Д.Ц- ах манай нөхөр Г-г “чи машинаар бид хэдийг гэр гэрт нь хүргээд өгчих татах тамхи ч дууслаа” гэж хэлэхэд манай нөхөр Г.Г-“за” гээд Э, Д.Ц-, В.Б- нарыг машиндаа суулгаад явсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 44-46 хуудас/,

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Ариунзаяагийн  2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 258 дугаартай дүгнэлтэд:

1. В.Б-гийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт /700 мл/, зүүн уушгины хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 66-67 хуудас/,

Хохирогч В.Б- “...Бид хоёр хоорондоо тохиролцсон учир санал гомдол байхгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлт /1 хавтаст хэргийн 120 хуудас/ ,

- Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 19-ний орой ...Г.Г-“та гурав согтсон байна, одоо мотоциклтой явж чадахгүй” гээд Э, В.Б- бид гурвыг машинаараа хүргэж өгсөн. ...би гэртээ ирээд машинаас буугаад гэртээ ороход миний араас В.Б- орж ирсэн, Г, Ч.Э-хоёр орж манай гэрт орж ирээгүй. Манай гэр хүнгүй, гэрэл асаагаагүй, харанхуй байсан бөгөөд В.Б- “та намайг хутгалчихлаа” гэхээр нь “би юу яриад байгаа юм” гээд гэрлээ асаахад В.Б- баруун гараараа цээжээ дарчихсан цус гарч байсан. Намайг гэрэл асаахад манай гэрийн төмөр бариултай хутга гэрийн зуухны хойд талд байх ширээн дээр цус болчихсон байсан. Би өөрөө бол хутга авч В.Б-г хутгалснаа огт санахгүй байгаа юм. Тэгээд В.Б-г Э, Г.Г-хоёр аваад эмнэлэг явсан. ...В.Б-д эмчилгээний болон бусад зардалд 6.000.000 төгрөг өгөөд байгаа...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 80-82 хуудас/,  

- Хохирогч В.Б-гийн “...одоо миний бие хэвийн болсон, бид хоёр хоорондоо тохиролцсон учир цаашид санал гомдол байхгүй...” гэх тодорхойлолт /1 хавтаст хэргийн 120 хуудас/

 - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хавтаст хэргийн 01 хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 03-08 хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 12 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Д.Ц-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн,

- хохирогч В.Б-гийн эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндий цус хуралдалт, зүүн уушгины хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Д.Ц-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан байх бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

8. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал /нас, ам бүлийн байдал/ зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд:

1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй гэх гомдлын тухайд: Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хэрлэнбаян-Улаан” тосгоны хөдөө хэсэг “Цагаан толгой” гэх газар байх өөрийн гэртээ тамхи авах зорилгоор гэрт нь орсон хохирогч В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсэг болгон ашиглаж цээжин тус газарт нь нэг удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндий цус хуралдалт, зүүн уушгины хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч В.Б-гийн “...Д.Ц- ах ...гэнэт эргэж хараад шууд хутгаар цээжинд дүрчихсэн...” гэх /1 хавтаст хэргийн 17-19 хуудас/, гэрч Г.Ганзоригийн “...В.Б- Д.Ц-ын гэрээс “Д.Ц- ах намайг хутгалчихлаа” гээд цээжин хэсэгтээ гараараа дарсан байдалтай цусаа гоожуулаад гараад ирсэн. ...зөрөөд Д.Ц- ахын гэр рүү нь орж харахад өөр хүн гэрт нь байгаагүй...” гэх /1 хавтаст хэргийн  27-29 хуудас/, гэрч Э.Баяртуяагийн “...манай нөхөр В.Б- “....намайг манай урд өвөлжсөн хар Цогоо гэх хүн хутгалчихсан...” гэж цагдаад хэлж байсан....” гэх мэдүүлгүүд /1 хавтаст хэргийн 32-36 хуудас/ болон хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ц- нь солгой эсэх, хэрэг болсон гэх орой Д.Ц- хоёр гартаа хутга барьсан байсан эсэх, эд мөрийн баримтаар хураагдсан хутган дээрх цус хүний цус мөн эсэхийг тогтоох зэрэг нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй юм.

Мөн Д.Ц- нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “....Ганзоригийн гэрт архи ууж байх үед В.Б- намайг архиа гарга гээд хөлөөрөө өшиглөөд байсан...” гэж мэдүүлснээс /1 хавтаст хэргийн 80-82 хуудас/ үзэхэд шүүгдэгч Д.Ц-ыг В.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Гэмт хэрэг гарсан газрын буруу тодорхойлж, хэргийн газрын үзлэгийг түрүүлж хийсэн гэх гомдлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч үзлэг ....хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, ...ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж,

- мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ” гэж,

- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч /1 хавтаст хэргийн 01 хуудас/ мөрдөгч хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, үрэгдэхээс өмнө 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийж /1 хавтаст хэргийн 03-08 хуудас/ 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах” саналыг прокурорт гаргаж /1 хавтаст хэргийн 09 хуудас/ прокурор 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар тогтоолоор уг ажиллагааг хүчинтэйд тооцсон /1 хавтаст хэргийн 10-11 хуудас/ нь хууль зөрчөөгүй бөгөөд гэмт хэрэг гарсан газрыг зөв тогтоожээ.

3. Д.Ц-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулахгүйгээр түүний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх гомдлын талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ц- яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Хэнтий аймгийн Цагдаагийн газарт 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргасныг /1 хавтаст хэргийн 76 хуудас/ бүрэн хангаж мөрдөгч тогтоол гаргасан /1 хавтаст хэргийн 77 хуудас/ байх бөгөөд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авсныг /1 хавтаст хэргийн 78-82 хуудас/ буруутгах үндэслэлгүй байна.

4. Хохирогчоос мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан эсэх нь эргэлзээтэй гэх гомдлын тухайд: Хохирогч В.Б-гаас 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг авахад өмгөөлөгч Б.Төгсбаяр оролцож мэдүүлгийн хуудас бүрд гарын үсгээ зурсан байх ба хэргийн материалтай танилцахдаа энэ талаар гомдол гаргаагүй байна. Мөн хавтаст хэргийн 13-19 хуудсанд авагдсан материалуудыг засварласан талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн /1 хавтаст хэргийн 85 хуудас/ байх тул уг мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч биечлэн оролцоогүй гэж үзэх үндэслэлгүй талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

5. Яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтуудын агуулгыг дэлгэрэнгүй тусгаагүй гэх гомдлын тухайд: “

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ”, 3 дах хэсэгт “....3.2.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт...”, 5 дахь хэсэгт “....5.1.шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалт...” зэргийг тусгана гэж,

- мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “....2.3.шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...”, 3 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “....3.1.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга...” зэргийг тус тус тусгахаар заажээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаартай яллах дүгнэлт /хавтаст хэргийн 121-125 хуудас/ болон Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/234 дугаар шийтгэх тогтоол /1 хавтаст хэргийн 196-205 хуудас/-д нотлох баримтуудын агуулгыг дэлгэрэнгүй тусгасан байна.

6. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэх гомдлын талаар: Хохирогчийн нэхэмжлэлээ хангуулах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагддаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд суурь зарчим болох талуудын зарим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл шүүх хөндлөнгийн байж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэхээс дуусгавар болох бүх процесст оролцогчдын “хүсэл зоригийн” шинжийг зайлшгүй харгалзах нь материаллаг эрх зүй буюу иргэний эрх зүйн харилцаатай холбоотой.

Хохирогч В.Б- нь шүүгдэгч Д.Ц- нь 6.000.000 төгрөгийг хохиролд авсан байх бөгөөд түүний “...одоо миний бие хэвийн болсон, бид хоёр хоорондоо тохиролцсон учир цаашид санал гомдол байхгүй...” /хх-120/ гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолт, шүүгдэгч Д.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....6.000.000 төгрөгийн хохирол төлсөн....” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.  

7. Хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг бүрэн шалгаагүй тухайд: Хохирогч В.Б- “...гэртээ хоол хийж байгаад хутган дээрээ бүдрээд унасан...” гэсэн өгүүлэмжийг Хэрлэнбаян-Улаан тосгоны эмчид өгсөн байх боловч хохирогч өөрөө худал хэлсэн талаараа мэдүүлдэг /1 хавтаст хэргийн 17-19/, мөн “яаралтай хагалгаанд орохгүй бол дотуур цус алдсан байна” гэсэн эмчийг үгийг сонсоод В.Б- цагдаагийн ажилтанд “...би үнэн ээ хэлье, хар Цогоо гэх хүн намайг хутгалсан...” гэж хэлсэн  талаар гэрч Э.Баяртуяа /1хавтаст хэргийн 33-35 хуудас/ мэдүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогчийн хутган дээр бүдэрч унасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/234 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал, К.Бауиржан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Ц-ын цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                            Б.ДЭНСМАА