| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00219/И |
| Дугаар | 137/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 137/ШШ2025/00181
2025 ... ... ....
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... дүүргийн... дугаар хороо, ... байр тоотод байрлах, ”К Банк” ХК /УБД:..., РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сум ... баг, ... тоотод оршин суух, С овогт Ю-н Э /РД:..., утас:.../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,178,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”К Банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ю.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээг байгуулж 11,200,000.00 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 5,162,447.60 төгрөг, үндсэн хүүгээс 1,581,840.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 12,548.69 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 01 дүгээр сараас хойш удаа дараа зөрчил үүсгэсээр байна. Энэ нь зээлийн гэрээний 9.2.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Ю.Э-с зээлийн гэрээний үүрэгт 6,178,904.00 төгрөгийг гаргуулж, К банкинд олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ю.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ю.Э нь ”К Банк” ХК –аас нэхэмжилсэн 6,178,904 төгрөгийг авсан нь үнэн болно. Энэ мөнгөө 3 сарын хугацаанд сар бүрийн 30-нд 2,059,634,67 төгрөг төлж дуусгана. 5 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: К банк нь Ю.Э-с зээлийн гэрээний үүрэгт 6,178,904.00
төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч Ю.Э нь уг нэхэмжлэлийн дүн дараах хуваарийн дагуу төлөх хүсэлт гаргасан байна. Үүнд: 5-р сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөг, 6-р сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөг, 7-р сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөг. Хариуцагчийн төлбөр төлөх хуваарийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагч нь энэхүү сар бүр төлөх хуваариа нэг л удаа төлөхгүй зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудасны хамт шүүхээс бичүүлэн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх болно.
Жич: Хариуцагчийн сар бүр төлөх хуваариа нэг л удаа төлөхгүй зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудасны хамт шүүхээс бичүүлэн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэхийг шүүгчийн захирамжид дурдаж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ”К Банк” ХК нь хариуцагч Ю.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,178,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ю.Э нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 6,178,904 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К Банк” ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,178,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,178,904 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 2,059,635.00 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 56,906 төгрөгийг хариуцагч Ю.Э-с, мөн хураамжийн 50 хувь болох 56,906 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц