| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00306/И |
| Дугаар | 308/ШШ2025/00224 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 308/ШШ2025/00224
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 308/ШШ2025/00224 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, Д сум, Б гэх газарт оршин суух, А овогт Эийн Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Э.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д аймгийн М сумын Сын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, Сын зам ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Архивын лавлагаагаар цалин бодсон хүснэгтэд ажилласан хоног бүртгэгдээгүй улмаас улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд миний ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрэл зураг, ********** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д аймгийн М сумын Сын зам нэгдлийн даргын тушаал, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн тодорхойлолт, Д аймаг М сумын Б М хоршооны даргын тушаал, Д аймгийн М сумын Сын зам хувьцаат компанийн ерөнхий захирлын тушаал, гэрч Ц.Ц, А.Д нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр А.Дыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Э.Э нь Д аймгийн М сумын Сын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар,
Сын зам ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Э.Э нь Д аймгийн М сумын Сын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1998 оноос 2001 оныг дуустал малчнаар ажиллаж байсан хугацааны хоног бичигдээгүй болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Э.Эын нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал тогтоогдож гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл түүний ********* дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1995-оны 01 сараас 1998 оны 02 сарын дуустал нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж төлсөн талаар тэмдэглэсэн,
Д аймгийн М сумын Сын зам нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалд ...Дунд сургуулийн *-р анги төгссөн ...Э.Эын малчнаар 1986 оны 07 сарын 01-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай гэж, Хөдөлмөрийн дэвтэрт 1992-1194 оны хооронд цалин олгосон талаар бичигдсэн, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Д аймаг М сумын Б м хоршооны даргын 1998 оны 02 сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Э.Э нь өөр суманд шилжин суурьших болсон тул 1998 оны 02-р сарын 25-ны өдрөөс эхлэн тус компанийн малчнаас чөлөөлсүгэй... гэж, Д аймгийн Сын зам ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 10 сарын 15-ны өдрийн 36 дугаар Цэрэгт явсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Цэргийн алба хаахаар явсан нэр бүхий хүмүүсийг 1993 оны 10-р сарын 10-ны өдрөөс эхлэн тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 2-т Э.Э малчнаас... гэж, 1994 оны 10 сарын 1-ний өдрийн 23 дугаар Зарим хүмүүсийг малчнаар ажиллуулах тухай тушаалд ...Цэргээс халагдсан ...Э.Эыг 3-р багт малчнаар... 1994 оны 11 сарын 01-нээс эхлэн ...ажиллуулсугай... гэсэн нотлох баримтуудаар болон гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Э.Эын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овогт Эийн Э Д аймгийн М сумын Сын зам нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар,
Сын зам ХК-д 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ