Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар   2024/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

   2024        01         10                                          2024/ДШМ/03

 

 

Т.М-, Ю.Н- нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Н-, Т.М-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл /цахимаар/, Д.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлоор Н-, Т.М- нарт холбогдох эрүүгийн 2339000000110 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.М-, Н- нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ................гэх газарт байрлах "М”-ын өмчлөлийн цахилгааны шонгийн модыг тээврийн хэрэгслээр чирч газарт унаган "Ас 35” маркийн хөнгөн цагаан цахилгааны 1.050 метр утсыг хулгайлсан, тухайн цахилгааны утсыг хулгайлахдаа шон, цахилгааны лонх, цахилгааны утас тогтоох дэгээ, хөл ороосон утас, АС гуурс зэргийг эвдэж 2.737.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч Н-, Т.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н, Т.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н-, Т.М- нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан "Mitsubishi Pajero" маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.760.000 /таван сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч Н-, Т.М- нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.880.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний хувьд, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших" гэмт хэрэг үйлдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлүүлэх санал, хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх "хууль зүйн үндэслэлгүй" хэмээн хүлээн аваагүй.

Шүүгдэгч Т.М-, Н- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бус харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших" гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах баримтуудаар нотлогдож байна гэж миний хувьд үзэж байгаа болно.

Тухайлбал,

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-10/ баримтаас шүүгдэгч нарын авсан цахилгааны утас болон утасны шон нь тор, хашаа харуул хамгаалалтгүй байгаа нь харагдана,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-ийн мэдүүлэг /1хх 16-17/ хохирогчоос "албан хэрэгцээнд ашигладаг байсан уу" гэх асуултад "холбоход ажиллахад бэлэн байсан" гэж хариулсан, өөрөөр хэлбэл ашигладаггүй байсан талаар мэдүүлсэн,

- Гэрч Ц.Н-гийн мэдүүлэг /1хх 33-34/ "... тухайн утаснуудаар 2017 оноос хойш цахилгаан дамжуулаагүй байсан. ...утсыг түүхий эд авах цэгт тушааж болно" гэж мэдүүлсэн,

- Т.М-ын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн "...энд шон нь уначихсан цахилгааны моднууд байгаа, тэр утаснуудаас жаахан авчих уу” гэхээр нь “за” гээд ...унасан шон зөндөө байсан, утасгүй ч шон байсан, хашаа, манаач байгаагүй" гэх мэдүүлэг /1хх 87, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Н-ын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн "өмнө нь намар автобусаар явж байхад утас нь тасарсан шонгүй байсан, ...хашаа, манаачгүй байсан" гэх мэдүүлэг /1хх 77-79, шүүх хуралдааны тэмдэглэл/

- "М" ХХК-ийн Хэнтий аймгийн газрын Хөрөнгийн жагсаалт, тооллогын бүртгэлд /2хх 29/ 2022.11.30-ны өдрийн байдлаар 206-р РР Хэнтий өндөр хүчдэлийн шугам нь "ашиглалтаас гарсан бүртгэлтэй хөрөнгө" гэх төлөвт харагдана.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын авсан гэх цахилгааны утас нь хашаа хашлагагүй, харуул манаагүй, 2017 оноос хойш ашиглаагүй, шон нь унасан, утас нь тасарсан байдалтай, хүн харахад эзэнгүй, ашиглахаа больсон эд хөрөнгө мэт сэтгэгдэл төрөхүйц, өмчлөгчийн хөрөнгийн бүртгэл тооллогоор "ашиглалтаас гарсан" төлөвтэй буюу ашиглахгүй хаягдсан байдалтай байсан, өмчлөгчийн зүгээс хөрөнгийн хяналт харуул хамгаалалтыг хэрэгжүүлээгүй, цахилгааны утас шонг эргэж тойрч байсан гэх боловч энэ нь бусдад илэрхий манаач харуултай гэх ойлголт төрүүлэхээр байгаагүй /утас шонг хааяа эргэж шалгаж байсан талаар хохирогч мэдүүлсэн/ /1хх 16-17/ зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ нь тухайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг биш гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэдгийг илтгэж байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна” гэж заасан. “Гомдлоо танилцуулна”  гэдэг нь шүүгдэгч  өмгөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах явдал биш, хуулийн хүрээнд танилцаж байгаа явдал юм. Танилцаад гарын үсэг зурсныг зөвшөөрсөн гэж үзэж байгаа нь хууль зүйн хувьд зөв биш юм. Өмгөөлөгчийн хувьд  зүйлчлэл  нь өөрчилж болох юм байна гэж үзэж гомдол гаргасан. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй оролцож байна...” гэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг нь харгалзан шүүгдэгч Т.М-, Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н-,  Т.М- нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор оногдуулсан, үндэслэл бүхий шийдвэр гарсан байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

“М” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын өмчлөлийн цахилгааны шон нь ............. гэх газарт байрладаг бөгөөд газарт суурилуулан бэхлэгдсэн тул гээгдэл эд хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.  

Гээгдэл эд хөрөнгийн хувьд хохирогчийн болгоомжгүй үйлдлийн улмаас эд зүйл нь хаягдаж, гээгдэж, түүнийг шүүгдэгч нарын зүгээс идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад өмчлөл, эзэмшилд нь шилжсэн байхыг ойлгоно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь цахилгаан дамжуулах утсыг хулгайлах зорилгоор шон болон түүний дагалдах эд зүйлийг тээврийн хэрэглсээр чирч, эд зүйлийг нь эвдэх, гэмтээх замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-, гэрч Ц.Н- нарын мэдүүлгээр тухайн цахилгааны шон, утас бүрэн бүтэн, ашиглахад бэлэн байсан, “М” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохоос гадна тус компанийн эд хөрөнгийн тооллогод бүртгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдож байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК цахилгааны утас, шон, цахилгаантай холбоотой зүйлс алдагдсан гэж яригддаг боловч тухайн компанид ашиглагддаг эд хөрөнгө биш байна. “М” компани нь төрийн өмчит байгууллага учраас бүх эд хөрөнгө нь сери дугаартай хадгалагддаг. Мөн жил болгон төрийн өмчит байгууллагууд эд хөрөнгийн бүртгэл хийдэг.

“М” ХХК-ийн Хэнтий аймгийн газар манай байгууллагын эд хөрөнгө гэсэн бүдэг баримтыг прокурорын шатанд гаргаж өгсөн. Тухайн баримтуудыг харахад хуулийн шаардлага хангадаггүй. Хулгайд алдагдсан эд хөрөнгийн бүртгэлийн он, сар нь зөрүүтэй, 1995 онд “206 дэд станц” гэж бүртгэгдсэн, дараа нь 2005 онд бүртгэсэн байсан. 2 янзаар бүртгэгдсэн материалыг хэрэгт хавсаргасан. Тухайн баримтууд нь гарын үсэггүй. Хулгайд алдагдсан эд хөрөнгө тухайн жагсаалтаар ирэхдээ ашиглалтаас гарсан гэдэг баримт ирдэг.

Тухайн газар нь ямар ч эзэнгүй, хашаа хамгаалалт байхгүй гэдгийг Н-, Т.М- нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлдэг, мөн нутгийн хүмүүс ч хэлж байсан. 

Ашиглалтаас гарсан эд хөрөнгөд орон нутгийн төрийн өмчийн газраас “М” ХХК-ийн эд хөрөнгө байна уу, “Ц” компанийн эд хөрөнгө байна уу гэдгийг шалгаад өгөөч ээ гэхэд ажиллагаа хийж өгөөгүй. “М” компаниас холбогдох баримтыг аваад хэрэгт хавсаргасан байсан. Орон нутгийн өмчит компаниас аль компанийн өмч хөрөнгө болохыг шалгуулах нь зүйтэй юм.

Ашиглалтаас гарсан эд хөрөнгө гэж байгаа атлаа нөгөө талын компани үнэлгээ хийлгэсэн. Тухайн эд хөрөнгийг засаж гүйцэтгэх ажилчдын цалин хөлс, тээврийн зардал нийлээд 6 сая төгрөгийн нэмэлт зардал гаргаж үнэлгээ гаргуулсан байдаг. Ашиглалтаас гарсан эд хөрөнгө гэсэн атлаа дахин үнэлгээ хийлгэснээс гадна урсгал зардлын үнийг нэхэмжилсэн. Шүүхээс тэр зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий болж чадаагүй. Харуул хамгаалалтгүй ашиглалтаас гарсан, манаач байхгүй, хэн ч харсан эзэнгүй эд хөрөнгө гэдэг нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр хүмүүс авсан нь хэргийн байдлаас харагдаж байна. Цолмон өмгөөлөгчийн саналыг дэмжиж оролцож байна...” гэв.

Шүүгдэгч Т.М-, Н- нар нь “...давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.М-, Н- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч “...”М” ХХК-ийн эд хөрөнгө үү, “Ц” компанийн эд хөрөнгө үү гэдгийг шалгуулах нь зүйтэй...” гэсэн тайлбар гаргажээ.

 

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг... нотолно...” гэж заасан бөгөөд мөрдөгч тухайн эд хөрөнгө хэний өмчлөлийнх болохыг бүрэн нотолж чадаагүй, холбогдох нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээгүй, хуульд заасан шаардлага хангаагүй байна. Түүнчлэн халдлагын зүйл нь цахилгаан дамжуулах шугам мөн эсэх, хэрэв мөн бол цахилгаан түгээж буй этгээдээс хэний өмчлөлийн эд хөрөнгө болох талаар тодруулах зэргээр шалгах,   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг... нотолно...” гэж хуульчилсан байдаг.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг “...цахилгааны утсыг хулгайлахдаа шон, цахилгааны лонх, цахилгааны утас тогтоох дэгээ, хөл ороосон утас, АС гуурс зэргийг эвдэж 2.737.500 төгрөгийн хохирол учруулсан...” талаар дурдсан атлаа уг үйлдэлд нийлмэл гэмт хэргийн шинж байгаа эсэхийг бүрэн шалгаагүй, холбогдох нотлох баримтуудыг хуулиар тогтоосон арга хэрэгслээр олж хэрэгт хавсаргаагүй байгаа тул дээрх ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Давж заалдах шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан байна.

 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон гэдэг үндэслэлээр хуульд нийцээгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэгжүүлэхгүй  байх нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим зөрчигдөх юм.

 

Хууль тогтоогч анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан юм.

 

Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болохгүй гэсэн үндэслэл биш юм.

 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

 

7. Шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дахин нэмж шалгуулах, өмнө нь шалгаж тодруулаагүй нөхцөл байдлыг шалгахын тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад асуугдаагүй гэрч нараас дахин мэдүүлэг авах, холбогдох нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу шалгаж тодруулах зэрэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа бөгөөд хэргийг прокурорт буцааж даруй шалгуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх...” үндсэн зорилтод нийцэх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол болон оролцогчдын тайлбарт дурдсан бусад асуудлаар тус шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/248 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н-, Т.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Н-, Т.М- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ