Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 159/ШШ2025/0059

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0044/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Ё, Л.Ч, О.Н, С.Ц, Тамгын газрын дарга О.Х, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, Б.Д, Б.Ч, мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Н

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус тус даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, Д.Н, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Я, хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн нэр бүхий 9 албан хаагч шүүхэд анх Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.1, 2.3-д зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн тус журамд заасны дагуу орон нутагт ажилласны нэмэгдэл 40 хувиар олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах” гэж өөрчлөн тодруулжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, Д.Н нар 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэр бүхий албан хаагчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, цаашид зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ыг баталж, уг журмын 2.1 дэх заалтад "Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгоно", 2.3 дахь заалтад "Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно" гэж тусгасан ба уг журмыг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Дээрх 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын хэрэгжилтийн талаар тус орон нутагт шүүн таслах ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах шүүхийн захиргааны байгууллага болох Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газрын төрийн захиргааны албан хаагчид Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаар шийдвэрээр орон нутгийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэж, шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас олгож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамгын газар нь Сэлэнгэ аймгийн баруун таван сумыг харьяалан иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Сайхан суманд байрладаг Сэлэнгэ аймгийн нэгжид хамаардаг. Иймд дээрх 59 дугаартай шүүхийн шийдвэр тус нэхэмжлэлийн шаардлага, маргааныг шийдвэрлэсэн жишиг шийдвэр гэж үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 177, 178 тоот албан бичгээр аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн нэмэгдэл олгох тухай хүсэлт гаргасан боловч Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/93 тоот албан бичгээр “...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад сум дундын шүүхийн тамгын газар хамрагддаггүй тул орон нутгийн нэмэгдэл олгох боломжгүй..." гэсэн хариу өгсөн байна.

Нэхэмжлэл гаргаж буй нэр бүхий 9 албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасан "төрийн захиргааны албан хаагч"-ийн ангилалд хамаардаг.

Дээрх нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д "Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална", 102.1.1-д “ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх", 102.1.4-т "хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх” гэж заасанд нийцэхгүй байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга орон нутгийн 40 хувийн нэмэгдлийг олгохдоо төрийн захиргааны албан хаагчийг бүрэн хамруулахгүй, орхигдуулан, ялгамжтай байдлаар нэмэгдэл олгосон нь дээрх хуульд заасан зарчмыг баримтлаагүй, хууль зөрчиж байх бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчиж эс үйлдэхүй гаргаж байна. Хариуцагч нараас орон нутагт ажилласны 40 хувийн нэмэгдлийг олгохоор бол орон нутгийн захиргааны албан хаагч, улсын төсвийн захиргааны албан хаагч нарт ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгохоор шийдвэрлэх нь хууль болон тэгш байдлын зарчимд нийцнэ.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1, 102.1.4, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.1, 2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нарын нэхэмжлэгч төрийн захиргааны албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн журмын дагуу орон нутагт ажилласны нэмэгдэл олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг дарга нарт даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, Д.Н нар 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн нэр бүхий төрийн захиргааны 9 албан хаагч нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.1, 2.3-д зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн тус журамд заасны дагуу орон нутагт ажилласны нэмэгдэл 40 хувиар олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.1-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгоно...” гэсэн шаардлагаасаа татгалзаж байгаагаа тодруулж байна. Учир нь орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сумд ажиллаж байгаа төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар бодож ажил олгогчоос олгох зохицуулалттай байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох...” гэж өөрчилж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг “Мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах...” гэж тодруулж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, Д.Н нар 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид өөрчлөлт оруулах тухай хүсэлтдээ:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн нэр бүхий төрийн захиргааны 9 алба хаагчийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан орон нутгийн нэмэгдэлтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Баттулга овогтой Д нь шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг орон тоонд Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Болдбаатарын Ч томилогдон ажиллаж байна. Б.Ч нь Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Б.Нандинцэцэгийн 0281 бүртгэлийн дугаар бүхий итгэмжлэлээр Д.Ё, Д.Н нарт орон нутгийн нэмэгдэлд холбогдох захиргааны хэрэгт өөрийгөө төлөөлөх эрхийг олгосон байна. Уг асуудал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, багасгах асуудал яригдахгүй, шаардлагын хувьд өөрчлөлт орохгүй ба харин нэхэмжлэгч Б.Дын оронд Б.Ч оролцож байгаа явдал юм.

Б.Дын хувьд дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн өдөр 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд нөхөн олгох... шаардлага. Б.Чын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3-т “...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох..., Мөн дээрх журамд заасны дагуу томилогдсон өдөр 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах... шаардлага гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн туслах Д.Ё, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Н нарын 9 хүний аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Нэхэмжлэгч нараас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.1, 2.3-т зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нэхэмжлэл гаргасан нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн журамд заасны дагуу орон нутгийн нэмэгдлийг 40 хувиар тооцож олгож байлгахыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгахыг хүсжээ.

Үүний зэрэгцээ орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шүүхийн захиргааны байгууллага болох Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдад тус шүүхийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгож эхлэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь Сэлэнгэ аймгийн баруун 5 сумыг харьяалан төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагч нарыг бүрэн хамруулалгүй ялгамжтай хандаж байгаа талаар дурдсан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9 дэх хэсэгт зааснаар Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэн батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах эрхийг хэрэгжүүлдэг байгууллага юм.

Харин аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20-д заасны дагуу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар аймгийн төсвийн төсөл түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах эрхийг хэрэгжүүлдэг.

Иймд аймгийн Засаг даргаас Сайхан сум дахь сум дундын Шүүхийн Тамгын газрын төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг төсөвт тусган хуралд оруулж ирүүлсэн тохиолдолд нэхэмжлэлд дурдсан 9 албан хаагчын орон нутгийн нэмэгдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой болохыг мэдэгдье.” гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн нэр бүхий 9 албан хаагчаас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолд Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоол болон 2023 оны 242 дугаар тогтоолоор оруулсан нэмэлтээр "Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно" гэж заасан нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг энэхүү заалтыг заавал хэрэгжүүлэхийг үүрэгжүүлсэн заалт биш харин төсвийн нөхцөл боломжийг харгалзан тухайн шатны төсөвт хамаарах албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгож болох эрхийг олгосон зохицуулалт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн нэмэгдлийг хэрхэн олгох асуудал нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал байна.

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан эрх олгсон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчим дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9 дэх хэсэгт зааснаар Засаг даргын өргөн мэдүүлснээр аймгийн тухайн жилийн төсвийг хэлэлцэн батлах эрхийг хэрэгжүүлдэг.

Харин аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд аймгийн төсвийн төсөл түүний тодотголын төслийг хэлэлцүүлэх батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах эрхийг хэрэгжүүлдэг.

Иймд аймгийн Засаг даргаас Сайхан сумын сум дундын Шүүхийн Тамгын газрын төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг олгох асуудлыг төсөвт тусгахаар санал ирүүлсэн тохиолдолд тэдгээр албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой болохыг мэдэгдье.” гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Я нар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Сайхан сумын Шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны 9 албан хаагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцан дараах хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.1, 2.3-д зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ыг баталсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 5 дахь заалтад Засгийн газрын 2022 оны 489 дүгээр тогтоолоор "... Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно ..." гэсэн нэмэлт өөрчлөлт бөгөөд тухайн заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг заасан байна.

Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолоор дээрх 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5 дахь заалтын "орон нутгийн захиргааны" гэсний дараа "болон улсын төсвийн" гэж нэмсэн бөгөөд Засгийн газрын 2023 оны 272 дугаар тогтоолоор уг 5 дахь заалтад оруулсан нэмэлтийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг, 4.1.27-д "орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг" гэж тус тус ойлгоно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д “... орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх...", 6.6.6-д "тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх зарчмыг баримтлах..."-аар заасан.

Үүний дагуу улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох *орон нутгийн нэмэгдэл"-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг аймгийн Засаг даргад хуулиар үүрэг болгон ногдуулаагүй байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн төсөв гэж нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт Харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг ..." гэх заалт, 4.1.36-д "... төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг..." гэх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “...өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах..." заалтын дагуу орон нутгийн нэмэгдэл олгох асуудал нь орон нутагт ажиллаж байгаа албан хаагч аль шатны төсөвт хамаарч байгаагаас шалтгаалж тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн цалин хөлс урамшууллын зардалдаа орон нутгийн салбарынхаа албан хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдлийг тооцож тусгахыг Төсвийн тухай хуулиар үүрэг болгосон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 2.5-д “...орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно..." гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалин хөлсийг тогтоох журам"-аар шүүхийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг батлах, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллийг тогтоож, тооцож олгохдоо тус журмын 3.1-д “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчийн цалин хөлсний өөрчлөлт, бусад нөхцөл байдал зэргийг харгалзана..." гэх, 3.3-д журмын 3.1-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд шүүхийн захиргааны ажилтны цалинг тухайн жилийн цалингийн санд багтаан шинэчлэн олгох эсхүл дараа жилийн төсвийн төсөлд тооцож тусгана гэх, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д "... Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана ...” гэх заалтууд нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5-д заасны дагуу "орон нутгийн төсвөөс олгоогүй тохиолдолд тухайн шатны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь тухайн төсвийн захирагч нарын үүрэг байх тул, тухайн шатны төсөв буюу улсын төсвөөс орон нутгийн нэмэгдлийн санхүүжилтийг шийдүүлэхээр заасан бөгөөд улсын төсвөөс улсын төсвийн байгууллагын ажилтны "орон нутгийн нэмэгдэл"-ийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд орон нутгаар дамжуулах төсвийн байгууллагуудад шаардлагагүй, шууд тухайн улсын зохицуулалттай байна.

Сэлэнгэ аймаг нь улсын төсвөөс дэмжлэг авдаггүй, орон нутгийн төсвийн орлогоор чиг үүргээ хэрэгжүүлдэг аймгуудын нэг бөгөөд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д зааснаар орон нутгийн нэмэгдэлд зориулж дээд шатны төсөв буюу улсын төсвөөс ямар нэгэн дэмжлэг, санхүүжилтийг аймагт өгдөггүй.

Дээрх зохицуулалтын хүрээнд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д заасан зарчмын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 6 дугаар хавсралтын 5 дугаар заалтыг "Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж болно...” гэж заасан нь аймгийн Засаг даргад сонгох боломж олгосон заалт бөгөөд харин үүрэг болгосон заалт биш юм. /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2024/0746 дугаартай магадлалаас.../

Нэхэмжлэлд дурьдсан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаар шийдвэр нь аймгийн Засаг даргаас төсвийн орлого бүрдсэн учир төсөвт тодотгол хийж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар тус нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан.

Улсын төсвийн нэр бүхий төрийн захиргааны албан хаагч нар нь орон нутгийн нэмэгдэл олгуулах талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус хэргийг хяналтын шатны шүүхээс хэлэлцүүлэхээс татгалзаж буцаасан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр 25-ны өдрийн 221/МА2024/0746 дугаар магадлал хүчин төгөлдөр болсны дагуу улсын төсвийн төрийн захиргааны албан хаагчид олгох нэмэгдэл нь аймгийн Засаг даргад сонгох боломж олгосон заалт бөгөөд харин үүрэг болгосон заалт биш юм гэж тодорхой тайлбарласныг жишиг шүүхийн шийдвэр гэж үзэж байна.

Харин орон нутгийн төсвийн төрийн захиргааны албан хаагч нарт өмнө нь батлагдсан төсөвтөө багтааж, орон нутгийн нэмэгдлийг тухайн албан хаагчийг ажиллуулж байгаа ажил олгогч нар нь олгож, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д заасныг хэрэгжүүлсэн байхад Төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй этгээдэд өгөх нэмэгдлийг санхүүжүүлэх боломжгүй байсны төлөө "орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нартай адилхан орон нутгийн нэмэгдэл өгөхгүй байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.1, 2.3 дахь заалт нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдсөн бөгөөд тус журам нь хуулиас давсан журмын зохицуулалттай байна.

2. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар нь аймгийн улсын төсвийн байгууллагуудад ажилладаг төрийн захиргааны албан хаагч нар бөгөөд аймгийн Засаг даргатай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орох боломжгүй, ажил олгогч нь биш байхад цалин хөлсний бүрэлдэхүүнд орох "орон нутгийн нэмэгдэл"-ийг нэхэмжлэгч нарт олгох үндэслэлгүй юм.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан "Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална: 102.1.1-д “... ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх...", 102.1.4-т “... хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх..." гэж заасан нь аймгийн Засаг дарга нь цалин хөлсний хэмжээ тогтоодог этгээд биш, улсын төсвийн байгууллагын ажилтан буюу нэхэмжлэгч нарын цалин хөлсийг тогтоож олгох үүрэггүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэх бөгөөд аймгийн Засаг дарга өөрийн төсөв хуваарилах бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нар болон улсын төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нарт ижил тэнцүү цалин хөлс өгөөгүй, ялгаварласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх тайлбарын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх бөгөөд аймгийн төсөвт улсын төсвийн байгууллагын албан хаагч нарт олгох орон нутгийн нэмэгдэлд хөрөнгө зарцуулахаар тусгаагүй нь сонгох боломжийн хүрээнд байх бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д орон нутгийн нэмэгдэл өгч болохоор заасны дагуу Засгийн газрын тогтоолоор уг хуулийг хэрэгжүүлж гаргасан 2018 оны 382 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын 5-д заасны дагуу орон нутгийн төсвөөс олгоогүй тохиолдолд 6-д зааснаар тухайн шатны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь тухайн төсвийн захирагч нарын үүрэг байх тул тухай шатны төсөв буюу улсын төсвөөс орон нутгийн нэмэгдлийн санхүүжилтийг шийдүүлэхээр заасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.1, 2.3-д зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Я нар 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Сайхан сумын Шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны 9 албан хаагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3-д зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг, 4.1.27-д "орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваариалан зарцуулах төсвийг" гэж тус тус заасан.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-д "...Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх...", 6.6.6-д "тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх зарчмыг баримтлах..."-аар заасан.

Үүний дагуу улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох "орон нутгийн нэмэгдэл"-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг аймгийн Засаг даргад хуулиар үүрэг болгон ногдуулаагүй юм.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “... орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг ..." гэх заалт, 4.1.36-д “... төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг..." гэх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “.... өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах...” заалтын дагуу орон нутгийн нэмэгдэл олгох асуудал нь орон нутагт ажиллаж байгаа албан хаагч аль шатны төсөвт хамаарч байгаагаас шалтгаалж тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн цалин хөлс урамшууллын зардалдаа орон нутгийн салбарынхаа албан хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдлийг тооцож тусгахыг Төсвийн тухай хуулиар үүрэг хүлээсэн.

Сэлэнгэ аймаг нь улсын төсвөөс дэмжлэг авдаггүй, орон нутгийн төсвийн орлогоор чиг үүргээ хэрэгжүүлдэг аймгуудын нэг бөгөөд Төсвийн тухай хуулийн 6.6.5-д зааснаар орон нутгийн нэмэгдэлд зориулж дээд шатны төсөв буюу улсын төсвөөс ямар нэгэн дэмжлэг, санхүүжилтийг аймагт өгөөгүй.

Мөн дээрх зохицуулалтын хүрээнд Төсвийн тухай хуулийн 6.6.5, 6.6.5-д заасан зарчмын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 6 дугаар хавсралтын 5 дугаар заалтыг “...Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж заасан нь аймгийн Засаг даргад сонгох боломж олгосон заалт бөгөөд харин үүрэг болгосон заалт биш юм.

Харин орон нутгийн төсвийн төрийн захиргааны албан хаагч нарт өмнө нь батлагдсан төсөвтөө багтааж, орон нутгийн нэмэгдлийг тухайн албан хаагчийг ажиллуулж байгаа ажил олгогч нар нь олгож, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д заасныг хэрэгжүүлсэн байхад Төсвийн тухай хуулиар санхжүүлүүлэх үүрэг хүлээгээгүй этгээдэд өгөх нэмэгдлийг санхүүжүүлэх боломжгүй байсны төлөө "орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нартай адилхан орон нутгийн нэмэгдэл өгөхгүй байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5-д заасны дагуу "орон нутгийн төсвөөс олгоогүй тохиолдолд тухайн шатны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь тухайн төсвийн захирагч нарын үүрэг байх тул, тухайн шатны төсөв буюу улсын төсвөөс орон нутгийн нэмэгдлийн санхүүжилтийг шийдүүлэхээр заасан бөгөөд улсын төсвөөс улсын төсвийн байгууллагын ажилтны "орон нутгийн нэмэгдэл"-ийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд орон нутгаар дамжуулах шаардлагагүй, шууд тухайн улсын төсвийн байгууллагуудад нь олгох зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3 дахь заалт нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдсөн бөгөөд тус журам нь хуулиас давсан журмын зохицуулалттай байна.

2. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэхэмжлэгч нарт нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар нь аймгийн улсын төсвийн байгууллагуудад ажилладаг төрийн захиргааны албан хаагч нар бөгөөд аймгийн Засаг даргатай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орох боломжгүй, ажил олгогч нь биш байхад цалин хөлсний бүрэлдэхүүнд орох "орон нутгийн нэмэгдэл"-ийг нэхэмжлэгч нарт олгох үндэслэлгүй юм.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан "Цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчим баримтална: 102.1.1-д “... ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх...", 102.1.4-т “... хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх..." гэж заасан нь аймгийн Засаг дарга нь цалин хөлсний хэмжээ тогтоодог этгээд биш, улсын төсвийн байгууллагын ажилтан буюу нэхэмжлэгч нарын цалин хөлсийг тогтоож олгох үүрэггүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэх бөгөөд аймгийн Засаг дарга өөрийн төсөв хуваарилах бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нар болон улсын төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нарт ижил тэнцүү цалин хөлс өгөөгүй, ялгаварласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх бөгөөд аймгийн улсын төсвийн байгууллагын албан хаагч нарт олгох орон нутгийн нэмэгдэлд хөрөнгө зарцуулахаар тусгаагүй нь сонгох боломжийн хүрээнд байх бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д орон нутгийн нэмэгдэл өгч болохоор заасны дагуу Засгийн газрын тогтоолоор уг хуулийг хэрэгжүүлж гаргасан 2018 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 5-д заасны дагуу орон нутгийн төсвөөс олгоогүй тохиолдолд 6-д зааснаар тухайн шатны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь тухайн төсвийн захирагч нарын үүрэг байх тул тухай шатны төсөв буюу улсын төсвөөс орон нутгийн нэмэгдлийн санхүүжилтийг шийдүүлэхээр заасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-д зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Ё, Л.Ч, О.Н, С.Ц, Тамгын газрын дарга О.Х, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, Б.Д /Б.Ч/, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Н /цаашид Д.Ё нарын нэр бүхий албан хаагч гэх/ нараас анх Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.1, 2.3-д зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цалингийн 40 хувиар тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн тус журамд заасны дагуу орон нутагт ажилласны нэмэгдэл 40 хувиар олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах”[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах”[2] гэж өөрчилжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Баттулга овогтой Д нь шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, уг орон тоонд Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Болдбаатарын Ч томилогдсон.

Үүнтэй холбогдуулж Б.Дын хувьд дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн өдөр 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд нөхөн олгох... шаардлага, Б.Чын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3-т “...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох..., Мөн дээрх журамд заасны дагуу томилогдсон өдөр 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах... шаардлага гаргасан.

Нэг.  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын 2.3-т зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцон нэхэмжлэгч нарт нөхөн олгож, 2025 оны төсвийн жил дуусах хүртэл зохих журмаар шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

1.1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 177, 178 тоот албан бичгээр аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн нэмэгдэл олгох тухай хүсэлт гаргасан боловч Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/93 тоот албан бичгээр “...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад сум дундын шүүхийн тамгын газар хамрагддаггүй тул орон нутгийн нэмэгдэл олгох боломжгүй..." гэсэн хариу өгчээ.

1.2. Нэхэмжлэгч нараас Нэхэмжлэл гаргаж буй нэр бүхий албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасан "төрийн захиргааны албан хаагч"-ийн ангилалд хамаардаг. Хариуцагч байгууллагууд орон нутагт ажилласны нэмэгдлийг олгохоор бол орон нутгийн захиргааны албан хаагч, улсын төсвийн захиргааны албан хаагч нарт ялгаварлахгүйгээр бүгдэд нь олгохоор шийдвэрлэх нь хууль болон тэгш байдлын зарчимд нийцнэ.” гэж маргадаг.

1.3. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар тайлбарласан тайлбартаа: “…аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуулиар өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрхтэй тул зөвхөн орон нутгийн төсвийн байгууллагуудад орон нутагт ажилласны нэмэгдлийг нэмж олгох боломжтой… Журмын 2.3-т заасан улсын төсвийн байгууллагад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох боломжгүй. Журмын энэ хэсэг нь Төсвийн тухай хууль зөрчсөн тул бид хэрэгжүүлэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрээр улсын төсвийн холбогдох байгууллагын албан хаагчдад уг нэмэгдлийг олгож байгаа ..” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэн маргаж байна.  

1.4. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ыг баталсан.

1.5. Тус журмын 2.3-т Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан нь төсөв батлах эрх бүхий захиргааны байгууллагад орон нутагт ажилласны нэмэгдлийг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг эрх олгосон буюу сонгох боломж олгосон зохицуулалт байна.

1.6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Аймгийн 2025 оны төсөв батлах тухай” 12 дугаар тогтоолын гурав дахь хэсгээр 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт дор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай гээд 3.2.1.19-д Улсын төсвийн байгууллагуудад олгох орон нутгийн нэмэгдэлд 2,258,001.2 /хоёр тэрбум, хоёр зуун тавин найман сая/ төгрөг зарцуулахаар төсөв баталсан байна.[3]

1.7. Тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Аймгийн 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмээний үзүүлэлт”-ийг баталж, Хөтөлбөр 10.1.1-т төсвийн захирагч Засаг дарга, хөтөлбөрийн зорилт хүрэх үр дүн нь “Төсвийн байгууллагын төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангах”, шалгуур үзүүлэлт нь “Улсын төсвийн байгууллагын төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох” гээд 2024 онд 1638 хүнд олгож байсан бол 2025 онд 4383 хүнд олгохоор зорилтот түвшингээ тодорхойлж, 2,258,001.2 /хоёр тэрбум, хоёр зуун тавин найман сая/ төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.[4]

1.8. Үүнээс үзвэл хариуцагч аймгийн Засаг даргаас улсын төсвийн байгууллагын төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг 2025 онд өмнөх жилээс даруй 3 дахин их хүнд 2,258,001.2 /хоёр тэрбум, хоёр зуун тавин найман сая/ төгрөг зарцуулахаар төсвийг өргөн мэдүүлж, түүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9-дЗасаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах;” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд төсвийг хэлэлцэж баталсан байна.

1.9. Ийнхүү хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын төсвийн байгууллагын төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг өмнөх оноос 3 дахин их хүнд олгохоор төсөвт тусган баталсан байхад аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...улсын төсвийн байгууллагад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох боломжгүй. Журмын энэ хэсэг нь Төсвийн тухай хууль зөрчсөн тул бид хэрэгжүүлэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрээр улсын төсвийн холбогдох байгууллагын албан хаагчдад уг нэмэгдлийг олгож байгаа...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

1.10. Өөрөөр хэлбэл, нэгэнт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3 дахь заалтаар эрх олгосон сонгох боломжийн хүрээнд орон нутагт ажилласны нэмэгдлийг нэмж олгохоор төсөвтөө тусган шийдвэрлэсэн энэ тохиолдолд аймгийн Засаг дарга нь зөвхөн орон нутгийн төсвийн байгууллагын албан хаагчид нэмэгдлийг олгоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

1.11. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, мөн зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж тус тус заасан.  

1.12. Засгийн газраас баталсан тус журмын 2.3 дахь заалтаар орон нутгийн нэмэгдлийг төсөвт тусгах эсэх сонгох боломжийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон заалт болохоос бус аймгийн Засаг даргад орон нутгийн болон улсын төсвийн байгууллага, түүнчлэн төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаалын ангилал зэргээр ялгамжтай олгох сонгох боломжийг олгоогүй гэж үзэхээр байна.

 1.13. Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд” гэж заасан зорилго болоод орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид аль алинд өгч болох сонгох боломжгүй зохицуулалтыг үл харгалзан, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний буюу зөвхөн орон нутгийн төсвийн байгууллагад орон нутгийн нэмэгдлийг өгч байгаа гэж тайлбарлаж, нэмэгдлийг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, сонгох боломжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар тогтоол, түүний хавсралттай нийцэхгүй байна. 

1.14. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.6-д “"улсын төсөв" гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг”, мөн зүйлийн 4.1.27-д “"орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” гэж тус тус зохицуулсан бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Журмын 2.3-т улсын болон орон нутгийн төсвийн байгууллагын холбогдох албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал... тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болох талаар нээлттэй зохицуулсан журмын заалтыг аймгийн Засаг дарга нь улсын төсвийн байгууллагын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох боломжгүй гэж хууль болоод журмын заалтыг явцууруулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

1.15. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын дагуу 2025 оны орон нутгийн төсвийн боломжтой байдлыг харгалзан, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2025 оны төсвийн жилд улсын төсвийн байгууллагын албан хаагчид олгох “орон нутгийн нэмэгдэл”-д зарцуулах хөрөнгийг тусгасан байх тул хариуцагч аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д “"төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг;”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.”, мөн зүйлийн 7.3-т “Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна.” гэж тус тус заасан чиг үүргийн дагуу нэхэмжлэгч нарт орон нутагт ажилласны нэмэгдэл олгох үүрэгтэй.

1.16. Иймд хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарт орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэхэмжлэгч нарт нөхөн олгож, 2025 оны төсвийн жил дуусах хүртэл хугацааны зохих төсвийг тухайн улсын төсвийн байгууллага болох шүүхийн Тамгын газарт хуваарилан шилжүүлж шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Хоёр. Орон нутагт ажилласны нэмэгдлийг цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

2.1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно.”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ыг баталсан бөгөөд журмын 2.3-т Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно.” гэж тус тус зааснаас үзвэл орон нутагт ажилласны нэмэгдлийг улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагын зохих албан хаагчдад олгохыг захиргааны байгууллагад үүрэг болгоогүй эрх олгосон, тодруулбал, тус нэмэгдлийг олгох асуудлыг тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэх эсэх нь сонгох боломжийн хүрээнд байх тул шүүхээс жил бүр цаашид үргэлжлүүлэн олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

2.2. Харин хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар нь цаашид эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д заасан орон нутгийн нэмэгдлийг Засгийн газрын 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам”-ын төрийн албан хаагчдыг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгын дагуу төсөвт тусган, олгохдоо Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг баримтлан тухайн орон нутгийн төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдыг улсын төсвийн болоод орон нутгийн төсвийн байгууллагаар нь ялгалгүйгээр, ижил тэгш олгохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17, Төсвийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.27, 4.1.36, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. 42.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Ё, Л.Ч, О.Н, С.Ц, Тамгын газрын дарга О.Х, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, Б.Д, Б.Ч, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Н нараас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч нарт Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т заасан орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэхэмжлэгч нарт нөхөн олгож, 2025 оны төсвийн жил дуусах хүртэл зохих журмаар шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт даалгаж, үлдэх шаардлага болох орон нутагт ажилласны нэмэгдлийг цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 35,100 төгрөг, харицагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗАЯА

                  

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 225-226 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 137-140 дүгээр хуудас