Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2025/00230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С*******ийн Лхагвын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Охин Д.М*******-Эийг нас барсан болохыг тогтоолгох тухай 304/2025/00229/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч С.Л*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч С.Л******* нь охин Д.М*******-Эийг нас барсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд дараах байдлаар хүсэлтийн шаардлагаа тодорхойлж байна.

Миний бие 1977 онд Ч*******ын Д*******той гэр бүл болж Г******* суманд ажиллаж амьдарч байсан. 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин М*******-Э******* төрсөн. Охин маань нэг нас нэг сартай байхдаа өвчний улмаас гэрээр эмчлүүлж байгаад 1979 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Тухайн үед эмчилж байсан эмч нь Ш******* гэдэг эмч байсан. Миний охин М*******-Эий нас барсан бүртгэл улсын бүртгэлээс олдохгүй байгаа учир нас барсан болохыг нь тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Охин Д.М*******-Эийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн Г******* сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаар тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14/131 дугаар тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн 1 дүгээр маягтын лавлагаа /хэргийн 21-р хуудас/.

3.Хүсэлт гаргагч С.Лхагвын хүсэлтээр гэрчээр Г.А*******, Ч.Б нарыг асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч С.Л******* нь охин Д.М*******-Эийг нас барсан болохыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч нь 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин М*******-Э******* төрсөн. ... өвчний улмаас 1979 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд нас барсны бүртгэл байхгүй байгаа тул нас барсан болохыг нь тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч С.Л******* нь Булган аймгийн Г******* сумын төрөх тасагт 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин М*******-Эийг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.3-д төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал гэжээ.

Иргэний гэр бүлийн бүртгэлд иргэний төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл зэрэг баримт байхгүй түүнийг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон, иргэний бүртгүүлсэн эдгээр байдлыг иргэний гэр бүлийн байгууллага тогтоохоос татгалзсан тохиолдолд тус тус шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр заасан тул С.Лхагвын хүсэлтийг тус шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д*******ийн М*******-Э******* нь 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн байх бөгөөд нас барсан талаар нас баралтын бүртгэлд бүртгэгдээгүй, 1979 онд нас барсан нь гэрч Г.А*******, Ч.Б, хүсэлт гаргагч С.Л******* нарын тайлбараар нотлогдож байх тул С.Лхагвын хүсэлтийг хангаж, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин М*******-Эийг 1979 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА