| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0416/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч С.Мөнхгэрэл,
хохирогч Э.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,
орчуулагч С.Нандин-Үйлс,
шүүгдэгч Зан Гуа Юу /Zhang Guoyu/, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 860 дугаар магадлалтай, БНХАУ-ын иргэн /Zhang Guoyu/ Зан Гуо Юуд холбогдох эрүүгийн 1709010740037 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Чанпин дүүрэг Чиншу хотхоны 11-2 байрны 402 тоотод оршин суух, одоогоор Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 62-22 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Е15544876 гадаад паспортын дугаартай, Зан Гуо Юу /Zhang Guoyu/.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Zhang Guoyu /Зан Гуо Юу/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Zu /Зу/ бааранд Э.Хулангийн толгой руу архины шилээр толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Э.Хулан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын тухайд өмнөх шүүх хурал дээр ярьсан учраас. нэмж мэдүүлэх зүйлгүй. Нэхэмжлэлийн хувьд өөрчлөлт орсон. Өмнөх шүүх хурал дээр 24.000.000 төгрөг нэхэмжилж байсан боловч одоо БНСУ-ын Сөүл хотод байрлах “Forever” гэх эмнэлгийн “үнийн санал”-ыг сонгон авч эмчилгээний зардалд 14.000.000 төгрөг, мөн дээр нь өмгөөлөгчийн хөлс болох 2.000.000 төгрөгийг нэмээд нийт 16.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/, хохирогч Э.Хулан /хх-ийн 8-9/, гэрч Хажидсүрэн /хх-ийн 16/, Н.Төгөлдөр /хх-ийн 18/, Т.Үлэмж /хх-ийн 19, 21/, Э.Хонгорзул /хх-ийн 22/, Б.Золзаяа /хх-ийн 23-24/, Э.Цэлмэг /хх-ийн 25/, Х.Очиргарам /хх-ийн 27/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11154 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, Zhang Guoyu /Зан Гуо Юу/-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 49-52, 66-69/, хохиролд 2.000.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Zhang Guoyu /Зан Гуо Юу/ нь 2017 оны 08 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Zu /Зу/ нэртэй бааранд Э.Хулангийн толгой руу архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Хулангийн /хх-ийн 8-9/: “... Тэгээд тэр эмэгтэйтэй хамт явж байсан Монгол эмэгтэй нь над дээр ирээд “манай Хятад найз согтуу байна” гэсэн юм. Бид нар ч гэсэн гарах гээд текний араас цүнхээ аваад эргээд хартал тэр Хятад эмэгтэй нэг архины шилээр миний духны хэсэг рүү 2-3 удаа цохьсон ...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Хажидсүрэнгийн /хх-ийн 16/: “... Жэйдийг дагуулаад ширээндээ суух гээд урд талд нь алхаж байгаад эргээд хартал Жэйд сандарсан байдалтай зогсож байсан бөгөөд нөгөө эмэгтэйчүүд байхгүй, харин ойр хавьд байсан хүмүүс “хүний толгой хагалчихлаа” гээд тал бүрээс нь дайраад байсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Төгөлдөрийн /хх-ийн 17/: “... Би Үлэмжээс юу болсон талаар асуухад “Жэйд сая хэдэн охинтой маргалдаж, зууралдаад хүний толгой руу цохьчихлоо” гэсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Үлэмжийн /хх-ийн 19/: “... Жэйд ширээн дээр байсан архины шилээр айлгах гэж далайж байгаад Хулан гэх охины толгой руу цохичихсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Золзаяагийн /хх-ийн 23-24/: “...Хятад эмэгтэй архины шил барьж гүйж ирээд Хулангийн толгой руу хэд хэдэн удаа цохих шиг болоход Хулангийн духны хэсгээс маш их цус гараад...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Цэлмэгийн /хх-ийн 25/: “... Хятад эмэгтэй архины шил барьж хүрч ирээд Хулангийн толгой руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Очиргарамын /хх-ийн 27/: “... Хятад охин ирээд Монгол охины толгой руу нь “Текела”-ны шилээр миний санаж байгаагаар 3 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
Зан Гуо Юу /Zhang Guoyu/-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “… Миний хувьд тухайн үед айж сандарсан байсан учрас цохьчихсон...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11154 тоот дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Долгормаагийн /хх-ийн 35-36/: “...тархи доргилт гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Хэд бол хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэх мэдүүлгээр,
Зан Гуо Юу /Zhang Guoyu/-ийн буруутай үйлдлийн улмаас Э.Хулангийн биед “тархи доргилт, духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11154 тоот дүгнэлт /хх-ийн 32/ болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн толгой хэсэгт архины шилээр цохисон болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, Зан Гуо Юу /Zhang Guoyu/ нь ямар ч шалтгаангүйгээр, санаатайгаар хохирогчийг архины шилээр цохиж байгаа нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Олон нийтийг илтэд үл хүндэтгэн, ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэн Э.Хулангийн толгой руу архины шилээр цохиж, түүнийг хөнгөн гэмтээсэн Зан Гуо Юу /Zhang Guoyu/-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-ийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/ нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Хохирогч Э.Хулан “цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардал 14.600.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн төлбөр 2.000.000 төгрөг, нийт 16.600.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.
Хохирогчоос хэрэгт хавсаргуулан өгсөн “”Forever” эмнэлгээс ирүүлсэн “эмчилгээний үнийн санал”” гэсэн баримтад тулгуурлан хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардлыг тооцох боломжгүй учир дээрх нэхэмжлэлээс 14.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотойгоор бодит гарсан зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/ гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас хохирогчийг “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” үр дагаварт хүргэсэн.
Ийм учраас хохирогчийн “өмгөөлөгчид төлсөн зардал 2.000.000 төгрөгийг” гэмт хэргийн хор уршигт тооцож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэг, флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-ийн гадаад паспортыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан эзэмшигчид нь буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэшдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-с 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Хуланд олгосугай.
7. Хохирогч Э.Хулангийн нэхэмжлэлээс 14.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотойгоор бодит гарсан зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэг, флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-ийн гадаад паспортыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан эзэмшигчид нь буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Зан Гуо Юу /Zhang Guoyu/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ