Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 159/ШШ2025/0060

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2025/0056/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б,

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Ч

Дүгнэлтийн шаардлага: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы Б.Цод холбогдох 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б, хариуцагч Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Бгийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар дүгнэлтийн шаардлага:

1.1 Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы Б.Цод холбогдох 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:

2.1. Хариуцагч Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлгийн эмийн сангийн эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах, түгээх нөөцийн өрөөний тоо цөөн тул хүрэлцэхүй, өрөөний зай талбай бага, эм тариаг төрөлжүүлэн хураах тавиур лангуу хүрэлцэхгүй тул дусал шингэн овор ихтэй хайрцаг савтай бүтээгдэхүүнийг шалаар хураасан, дотрын тасаг, эмэгтэйчүүдийн тасаг нь эм тариа хадгалах өрөөний хэм, чийгийг тогтмол хөтөлж, баримтжуулаагүй, эмийн хадгалалт түгээлтийн горим, стандартын мөрдөлтийг баримталж ажиллаагүй, ажлын байранд дахь ажил үүргийн хуваарийн дагуу яаралтай тусламжийн тухайн тасагт батлагдсан жагсаалт дахь эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдал хангалтгүй, хяналт тавиагүй, дотоод хяналт шалгалтаар эмийн чанар аюулгүй байдлыг үнэлэн ажиллаагүй гэх зөрчлийг илрүүлжээ.

2.2. Улмаар дээрх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудсаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч “Б.Ц, АНЭ”-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх үндэслэлээр 1000 нэгжээр торгох шийтгэлийг оногдуулжээ.

2.3. Шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэлийн 1,000,000 сая төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн данснаас Төрийн сангийн 100900000602 тоот дансанд бүрэн төлжээ.

2.4. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2025 оны 2 дугаар сарын 16-ны өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд тус аймаг дахь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Цод Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгор шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зөрчлийн ЭЭХХЗГ-СЭ/2025-01 дугаартай материалыг хянаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы Б.Цод холбогдох 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б би, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд тус аймаг дахь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Цод Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгор шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зөрчлийн ЭЭХХЗГ-СЭ/2025-01 дугаартай материалыг хянав.

"Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг тор орлон гүйцэтгэгч Б.Ц нь дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан" гэх зөрчилд Б.Цод Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт "Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.”, 2.3 дугаар зүйлийн 4. “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.” гэж заасныг тус тус зөрчиж төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй буюу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс чөлөөлж сахилгын шийтгэл оногдуулах байтал хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл оногдуулсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Цод Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

3.2 Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 34 тоот албан бичгээр ирсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэр бүхий иргэнээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр эм тариа худалдан авхуулж байгаа, эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж хүртээмж муу байна гэх гомдол, мэдээллийн дагуу холбогдох хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, орлогч, эмнэлгийн дотоод үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар стандартыг хариуцсан 6 албатай, 20 тасаг нэгжтэй, 323 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байсан.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 17.4-т "Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-д заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ", 16.7.2-т "эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлнэ" гэж зааснаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл болон түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага, дээрх 6 алба хэрэгжүүлдэг.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 42.1-д “Эрүүл мэндийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, шалгах, дүгнэх, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд энэ хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт хариуцсан алба хэрэгжүүлнэ" гэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 311 дүгээр тогтоол "Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-н 3.1-т "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-д өөрөөр заагаагүй бол дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж, ажилтан (цаашид "дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан" гэх) гүйцэтгэнэ" гэх заалтын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдал, дотоод хяналт хариуцсан 4 гишүүнтэй алба батлагдсан журам, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хэрэгжүүлэн тайлагнаж, дүгнэн, удирдлагыг мэдээллээр хангаж ажилладаг.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, эмзүйн тасгийг түүвэрлэн сонгож хяналт тавихад тасгуудын эм зүйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд тасгийн эмч, сувилагчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан өдөр тутам гүйцэтгэх ажил үүргийн биелэлт хангалтгүй, хариуцлагатай ханддаггүй, хөндлөнгийн хяналт тавиагүй байсан зөрчил дутагдлууд илэрч байсан нь байгууллагаас тавих дотоод хяналтыг сул гэж үзэн улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Мөн Монгол улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолын 1.3-т "Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-тай байна гэх заалтын хүрээнд журам, төлөвлөгөөтэй боловч тус тогтоолын 3.7.3-т "илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах" гэх заалт, 3.7.9-д "байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаарх мэдээллээр удирдлагыг хангах" гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлэн ажиллаагүй байна гэж үзэж Аймгийн нэгдсэн эмнэлгийн /РД: 9057072 Y-1370001117/ эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл болон аймгийн Засаг даргын тушаалын хүрээнд томилогдсон Аймгийн нэгдсэн эмнэлгийн Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цыг эмнэлгийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч мөн гэж үзэн Аймгийн Нэгдсэн эмнэлгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсэгт заасны дагуу хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дахь зүйлийн 1.2-т "дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг үндэслэн хуулийн этгээдэд 1,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах албан даалгавар хүргүүлсэн.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн дагуу захиргааны актыг хууль ёсны гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирсэн мэдээллийн дагуу 2 асуудлаар гомдол, мэдээлэл ирсэн. Нэгдүгээрт нэгдсэн эмнэлгийн эм, тариа тасалдаж,  эмчилгээ оношилгоо нь тасалдаж, хүртээмж муу байна. Хоёрдугаарт  эмнэлгийн тусламж үйлчилгээ болон хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдал алдагдаад байна гэсэн 2 гомдол дээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт орж нэгдүгээр асуудал болох эмийн тасалдал, хүртээмж дээр хяналтаа тавиад санхүүгийн асуудал нь эмнэлгийн удирдлагатай л шууд хамааралтай байна гээд зөрчил илрээгүй өнгөрсөн. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа чанар аюулгүй байдал хоёрдугаар асуудал болж орж ирсэн. Нийт эмнэлгийн 3 тасгийг сонгон авч, хяналтаа тавьсан. Тухайн эмнэлгийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал алдагдаж байгаа байдал их харагдаж байсан. Анхан шатны бүртгэл хангалтгүй. Дээрээс нь хугацаа дууссан зүйл дээрээ хяналт тавьдаггүй, хадгалалт түгээлтийн зохистой талууд нь алдагдсан. энэ зөрчил нь гэм буруутай нь хаана хаанаас үүдэлтэй байна гэж хяналтаа тавихад Эрүүл мэндийн хуулийнхаа дагуу дотоод хяналтын алба 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дотоод хяналтын алба, сувилахуйн алба, эмнэл зүйн тусламж үйлчилгээний алба гэсэн 3 алба хариуцлага алдсан нь харагдсан. Эмнэлэг хэдий дотоод хяналтын журамтай боловч тухайн журам дотроо эм зүйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал дээр тодорхой нарийн заалтууд байхгүй. Ерөнхийд нь чанар аюулгүй байдлыг хангах гэж  дахиж оруулсан боловч сувилагч, ажилтнуудад дотоод хяналтын албанаас тавьж байгаа хариуцлага сул. Дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудаа хийж гүйцэтгээгүй гэх зөрчил их гарч ирсэн. Нэгдсэн эмнэлгийг дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, мөрдүүлээгүй гэдэг асуудлаар хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгууль тавьсан. Нэгдсэн эмнэлэг нь өөрөө төлөөлөн удирдах зөвлөлийг Засаг даргатай зөвшилцөж, удирдлага хяналтаа тавьдаг. Б.Ц нь төлөөлөн удирдах зөвлөлөөс санал оруулсан түр орлон гүйцэтгэх албан тушаалтай байсан байх. Хуулийн этгээдээс гаргуулъя. Прокурорын дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Миний ажлын хариуцлага, хайнга байдал харагдаад байгаа. Анхны хэрэг байсан учраас зөрчлөө хуулийн этгээдээр тодорхойлоод явсан мөртөө арга хэмжээгээ шийтгэлийн хуудсан дээрээ бичвэрийн алдаа гаргасан нь миний буруу. Би буруугаа хүлээж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Б нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы “Б.Цод холбогдох 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан.

Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт буюу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн материал зэргийг шинжлэн судалж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Прокурор дүгнэлтийн үндэслэлээ ... төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй буюу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс чөлөөлж сахилгын шийтгэл оногдуулах байтал хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.”, 2.3 дугаар зүйлийн 4. “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.” гэж заасныг тус тус зөрчиж байна гэж дүгнэсэн.

2. Хариуцагчийн зүгээс ... Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл болон аймгийн Засаг даргын тушаалын хүрээнд томилогдсон Аймгийн нэгдсэн эмнэлгийн Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цыг эмнэлгийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч мөн гэж үзэн Аймгийн Нэгдсэн эмнэлэгт торгох шийтгэл оногдуулсан. Б.Цод иргэний хувьд торгох шийтгэл оногдуулаагүй, хуулийн этгээдийн хувьд торгох шийтгэл оногдуулсан гэж тайлбарлан прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрөн маргадаг.

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудасны[1] “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дэх заалтад холбогдогч гэх хэсэгт “Б.Ц, АНЭ” гэж бичин хүн, хуулийн этгээд гэх сонголтоос хуулийн этгээд гэсний доогуур зурж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу 1000 нэгж оногдуулсугай гэж тэмдэглэн шийтгэлийн хуудсыг Б.Цод гардуулжээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэсний, 1.2-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.” гэж тус тус заажээ.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн зөрлийн хэргийн материалыг бүхэлд нь шалгахад зөрчлийн хэрэгт “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоол хавсаргагдаагүй байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хууль ёсны төлөөлөгчөөр Б.Цыг тогтоосон тогтоол гаргаагүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслээд гаргасан.” гэж тайлбарладаг хэдий ч хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлгийн Ү-1370001117 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний[2] арын хуудаст хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл бүртгэгдээгүй байна. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй уг тохиолдолд эрх бүхий албан тушаалтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдсэн эмнэлгийг төлөөлөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүйгээр шууд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар томилогдсон Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цод холбогдогчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлгийг авснаас үзэхэд Б.Цод холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулсан гэж ойлгогдож байна. Зүй нь хэрэв Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Цыг тогтоосон эрх бүхий албан тушаалтны тогтоолыг үйлдэх шаардлагатай.

6. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудасны холбогдогч хэсэгт “Б.Ц, АНЭ” гэж бичсэн байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “АНЭ” гэдэг нь “Аймгийн нэгдсэн эмнэлэг” гэсэн үгний товчлол гэж тайлбарладаг ба шийтгэлийн хуудасны холбогдогч хэсэгт хүн, хуулийн этгээдийн нэрийг хамт бичсэн нь зөрчилд холбогдогчоор алийг нь тогтоож, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэж буй нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэжээ.

7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Прокурорын дүгнэлт нь шийтгэлийн хуудсан дээрээ Б.Ц гэдэг хувь хүн юм шиг харагдсан байгаа байдал гарч ирж байна. Би хуулийн этгээд гэж авчхаад хуулийн этгээдийнхээ онцлох регистрийн дугаар, хуулийн этгээдийн гэрчилгээний дугаарыг нөхөж бичнэ гэж байгаад нөхөж бичээгүй орхисон нь миний алдаа” гэж шийтгэлийн хуудсыг алдаатай бичсэнээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд шийтгэлийн хуудасны бичилтийн алдаанаас үүдэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг тор орлон гүйцэтгэгч Б.Ц нь дотоод хяналт шалгалтыг хангалтгүй зохион байгуулсан гэх зөрчилд Б.Цод Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт "Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн буюу хувь хүнд хуулийн этгээдийг торгох үнийн дүнгээр шийтгэл оногдуулж, хууль зөрчсөн, Б.Цод Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.”, 2.3 дугаар зүйлийн 4. “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.” гэж заасныг тус тус зөрчиж төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй буюу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс чөлөөлж, холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл оногдуулж хууль зөрчсөн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Иймд бичиглэлийн хувьд алдаатай, ойлгомжгүй бичигдэж, зөрчилд холбогдогчоор хүн, хуулийн этгээдийн алийг нь тогтоож Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д заасан торгох шийтгэлийг оногдуулж буй нь тодорхойгүй, Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д заасныг зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2, 2.3 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Бгийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Чы 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0725037 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш таван хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР    

 

 

 

[1] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас