Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

   2024       01         10                                          2024/ДШМ/04

 

 

О.Б-, Б.А- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Т.Баярмаа,

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл /цахимаар/,

Шүүгдэгч О.Б- /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Б-, Б.А- нарт холбогдох эрүүгийн 2240000430037 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч О.Б-, Б.А- нар нь ....................гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр "манай өвөлжөөний газар буулаа" гэх шалтгааны улмаас Ц.П-той маргалдан улмаар түүний нүүр, толгой, цээж хэсэгт цохих, өшиглөх зэргээр бүлэглэн зодсоны улмаас Ц.П-ийн биед дээд уруулын дотор салстын болон язарсан шарх, хамрын мурийлт, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд доод зовхины хэсэг, зүүн хацар шанаа хэсэг хамрын нуруу хэсэг, дээд уруулын хэсгүүдийн цус хууралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан "бүлэглэж" гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас шүүгдэгч О.Б-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч О.Б-, О.Б-ийн Б.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.А-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-, Б.А- нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, хохирогч Ц.П- нь өмгөөллийн хөлстэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана" гэж заасан байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ц.П-ийн хууль бус, буруутай ажиллагаа байгаагүй, харин эсрэгээрээ Ц.П-ийн эзэмшлийн өвөлжөөний газарт О.Б-, Б.А- нар нь зөвшөөрөлгүй бууж “манайх өвөлжөөн дээрээ буумаар байна” гэж хэлснийх нь төлөө хүч хэрэглэн бие махбодод нь халдах зорилготой Ц.П-ийн гэрийн гадаа машинтай ирж үгийн солиогүй бүлэглэн Ц.П-ийн аав, ээж, хүүхдүүдийнх нь нүдэн дээр Ц.П-ийг зодож бие махбодод гэмтэл учруулж, улмаар машиндаа тээвэрлэж ирсэн лоомоор Ц.П-ийг цохихоор бариад гүйж ирэхэд нь таслан зогсоож болиулсан байдаг ба Ц.П-ийн амь насанд аюултай үйлдэл хийхийг завдсан ноцтой үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Б.А- нь Ц.П-ийг удаа дараагийн үйлдлүүдээр зодож бие махбодод нь гэмтэл учруулахын зэрэгцээ тус балмад үйлдлээ цааш үргэлжлүүлэн төмөр лоомоор Ц.П-ийг цохих аюултай үйлдэл хийхэд нь лоомыг булаан авч таслан зогсоосон үйлдэл гаргасныг анхан шатны шүүх харгалзан үзэхгүй хөнгөн хохирол учруулсан гэх шууд гарсан хор уршигт нь хууль зүйн дүгнэлт хийж торгуулийн ял оногдуулсан, мөн шүүгдэгч О.Б- нь урьд өмнө хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж торгуулийн ял шийтгүүлж байсан ба дахин түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн эрүүгийн хариуцлага оногдуулах шударга ёсны зарчим хангагдаагүй байна” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Б-, Б.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн уг гэмт хэргийг шүүгдэгч нар нь бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-, Б.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, 6 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заасан байдаг.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт өөр төрлийн шийтгэл оноогдуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Энэ үндэслэлээ тайлбарлахдаа олон малтай, өмнө нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг хэлж байна. Шүүгдэгч О.Б- нь өмнө авсан ял шийтгэлээ эдлээд дууссан. Өмнө ял шийтгэл эдэлсэн гэсэн үндэслэлээр үйлдлийг хүндрүүлэх зүйл заалт байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдвэл оногдуулах ялыг хүндрүүлнэ гэсэн зүйл заалт байхгүй.

Өмгөөлөгчийн зүгээс прокурор, шүүхээс таслан зогсоосон үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэж байна. Хүний биед хөнгөн хохирол учирсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Яллах дүгнэлтэд тодорхой дурдагдсан. Шүүх дотоод итгэлийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Энэ нь шүүгчийн эрх хэмжээний асуудал учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч О.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай авсан газрын гэрчилгээ 000423347 дугаартай. Би энэ газрын гэрчилгээг багийн даргаас авч байсан. Манай хүү Дархан сумын 3 дугаар багын иргэн тул өвөлжөө, хаваржааны газар авах эрхтэй. С.Ц-гуай манай газар дээр өвөлжөөний гэрчилгээ гаргуулаад авсан байсан. Суманд очоод сумын Засаг дарга, багийн Засаг дарга, газрын харилцааны мэргэжилтнээс тодруулахад энэ гэрчилгээ яаж олгогдсоныг мэдэх хүн байгаагүй. Улсын бүртгэлээс гэрчилгээний дугаараар шүүлгэж үзэхэд С.Ц-гуай  “..........” гэх газар, мөн хүү Ц.П-ийнх нь өөр газар өвөлжөө хаваржааны газартай байсан. Маргаан болоод байгаа “.............” гэх газар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ газар дээрээс болж маргаан болох шалтгаан байгаагүй. Маргаан болсон газрын координатыг тогтоолгосон. Ямар нэгэн хувь хүн аж ахуйн нэгжийн бүртгэлгүй нь тогтоогдсон. 

Тухайн маргаан болоход үгийн зөрүүгүй зодоон болоогүй. Манай хашааг ачиж явчхаад намар хашаа шинээр барихад хашаан дээр гэр барьчхаад “манайх гэрчилгээтэй газраа буух гэж байна, танайх хашаагаа ав” гэж хэлсэн. Хоорондоо үл ойлголцоод байж байтал хүү нь ирээд зодоон эхлүүлсэн. Манай хүү намайг Ц.П-оос 2 удаа салгаж авахад Ц.П- болиогүй. Хүү маань намайг өмөөрөөд Ц.П-той зодолдсон. Хүүг маань машинд сууж байхад Ц.П- шургааг бариад урдаас ирэхээр нь манай хүү машинд байсан лоом аваад буугаад ирсэн. Би барьсан лоомыг нь аваад “боль” гэж хэлсэн.

2018 онд өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсанаар би тухайн үед хүнтэй маргаад хүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсандаа гэмшиж явдаг. Торгуулийн ял шийтгэлийг тухайн үед нь төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн бодитой шийдвэр гаргасан гэж бодож байна.

Хохирогчтой шүүх хуралдаанаас хойш эвлэрсэн. Манайх тухайн газрыг чөлөөлөөд Хэнтий аймгийн Дархан сумаас нүүгээд Дорнод аймгийн Халх голд нүүж ирсэн. Дахиж маргаан болох үндэслэл байхгүй гэж бодож байна. Тухайн айлыг хүндэтгэн үзээд байшин  саравч хороо нийлээд 100 гаруй сая төгрөгийн эд хөрөнгөө  орхиод нүүгээд ирсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч О.Б-, Б.А- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хА-лагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч О.Б-, Б.А- нар нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг "............." гэх газар хувийн таарамжгүй харилцаа буюу газар эзэмшихтэй холбоотой маргаанаас шалтгаалан хохирогч Ц.П-ийн эрх чөлөөнд халдаж бүлэглэн зодсоны улмаас хохирогчийн биед дээд уруулын дотор салстын болон язарсан шарх, хамрын мурийлт, зүүн нүдний алимын салст болон зүүн нүдний дээд доод зовхины хэсэг, зүүн хацар шанаа хэсэг хамрын нуруу хэсэг, дээд уруулын хэсгүүдийн цус хууралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ц.П-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...манайх 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Дархан сумын захиргаанаас Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг "............." гэх газарт өвөлжөөний газар авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм.

2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тухайн газартаа өвөлжих гээд аав, ээж болон эхнэрийн хамт гэрээ барьж байтал Хэнтий Баянмөнх сумын 1 дүгээр багийн харьяат О.Б- гэх залуу эхнэр, 2 хүүгийнхээ хамт ирээд манай гэрийг бариулахгүй “танай газар энэ биш” гээд над руу дайрч А- гэх хүү миний араас гараар боож унагаад О.Б- нь миний нүүр болон толгойн хэсэг, мөн элэг, цээж хэсэг рүү өшиглөж намайг зодсон. ....О.Б- манай аавыг өвөлжөөний газартаа буух гэлээ гэж бид нартай маргалдаж миний биед халдаж зодсон. Түүнээс биш О.Б-д бид нартай маргалдах шалтгаан байхгүй. ...Одоо миний зүүн нүд хавдаж битүүрсэн мөн толгой, чих хавдаж маш их хөндүүр байна. Мөн миний цээж рүү өшиглөсөн одоо хөндүүрлэж байна. О.Б- миний нүүр толгой цээж рүү гараараа цохиж өшиглөсөн. Хүү Б.А- нь миний араас боож унагах үед би ухаан алдсан байсан. Намайг ухаан алдаж унасан хойно О.Б-, хүү Б.А- 2 миний толгой цээж рүү өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 12-13 хуудас/,

- Хохирогч Ц.П-ийн 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би О.Б-, Б.А- нарт гомдолтой байна. Миний толгой хүчтэй өвдөж Улаанбаатар хотод очиж толгойн бас цээжний шинжилгээнүүд өгсөн. Цээжний шинжилгээнд ороход 150.000 төгрөг, тархи толгойны дүрс оношилгоонд ороход 140.000 төгрөг болсон. Бүх баримтууд нь байгаа. Бензин наашаа цаашаа явсан зардлуудын баримтууд нь байгаа учир нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 159-160 хуудас/,

- Гэрч С.Ц-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: "Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “..........” гэх газарт эхнэр, хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Би тухайн багийн нутаг "............." гэх газарт 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Дархан сумаас газар эзэмших эрхийн гэрчилгээтэй өвөлжөөний газар авч байсан юм. Одоо тухайн газраа өөрөө эзэмшдэг. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд манай өвөлжөөнийхөө газар өвөлжих гэрээ барьж байтал Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн харьяат малчин залуу О.Б- нь эхнэр, хүүхдүүдийн хамт ирж бидэнтэй маргалдсан. Манай өвөлжөөний газрыг “танай газар биш, та нар худлаа ярьж буулаа” гэх зэргээр дайрч манай хүү Ц.П-ийг О.Б- заамдаж аваад хүү А- гэгч араас нь боож газар унагаж, О.Б- манай хүүгийн нүүр рүү нь өшиглөж байхад хажуу талаас мөн О.Б-ийн 2 хүү нь цээж, элэг рүү өшиглөж зодсон. ...Би О.Б-ийг хүүгээсээ холдуулах гэж салгах хооронд манай хүүгийн нүүр, цээж рүү О.Б- 3 удаа өшиглөсөн, үүнийг эхнэр нь хараад зогсож байсан. Тэгээд А- гэх хүү нь сүх лоом машинаасаа гаргаж ирж бид нарыг ална гэж дайрахад О.Б- эхнэртэй хамт хүүгээ болиулж аваад явсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 14-15 хуудас/,

- Гэрч Б.С-н 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: "Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “.........” гэх газарт нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай хадам аав С.Ц-Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “..............” гэх газарт өвөлжөөний гэрээ барьж байхад Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн харьяат О.Б- гэх хүн эхнэр, хүүхдүүдийн хамт ирээд манай хадам аавыг тухайн газарт буулгахгүй манай газар, манай хүүхэд энэ газарт буух гэж байгаа юм гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд О.Б- манай нөхөрийг заамдаж авч боогоод 2 хүү нь урдаас нь цохиж манай нөхрийг газар унагаад О.Б- нүүр рүү нь өшиглөж байсан. Мөн тэр үед О.Б-н хүү Б.А- нь элэг бөөр рүү нь өшиглөж нийлээд зодсон. Тухайн үед манай хадам аав О.Б-ийг араас нь татаж салгасан. ...О.Б- 2 хүүгийн хамт нийлээд манай нөхрийн боож унагаад хөлөөрөө нүүр, цээж, толгой, элэг рүү нь өшиглөж мөн гараараа цохисон. Газар унасан байхад О.Б- нүүр рүү нь өшиглөж байхад 2 хүү нь хажуу талаас цээж, элэг бөөр рүү нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 16-17 хуудас/,

- Гэрч А.Ц-н 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “Би нөхөр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн харьяат С.Ц-гэдэг хүнтэй газрын маргаанаас болж манай нөхөр О.Б-, хүү Б.А- нь маргалдсан юм. ...Манай нөхөр О.Б- Ц.П-той зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед юу болсныг С.Ц-түүний эхнэр Ц.Болорцэцэг болон бэр нь хараад зогсож байсан. ...Ц.П- нь манай нөхрийг зодох гэж дайрхаар нь манай хүү Б.А- салгаж очиж дундуур нь орсон. Тэр үед Ц.П- манай хүүг “ална” гэж хөөгөөд дээр доороо орж зодолдсон. ...Манай хүү Б.А- Ц.П-той зодолдож, манай нөхөр О.Б- С.Ц-гуай 2 хоорондоо барицалдаж байгаад салсан.  ...Тухайн зодоон үүсэхээс өмнө Ц.П-ийн нүүр зүгээр байсан. Манай хүү Б.А-тай зодолдох үед тэр гэмтэл нь учирсан байх....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25-26 хуудас/,

Гэрч Ц.Б-н 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...миний араас О.Б- хоёр хүүхэд, эхнэртэйгээ ирсэн, гадаа машинтайгаа бууж ирэхээр нь С.Ц-мэнд мэдээд “О.Б-ээ чи ингэж болохгүй, чи зодолдох гэж байгаа юм шиг байна” гэсэн чинь “гэрчилгээгээ аваад ир” гэхээр нь би бэрийгээ “авдарт байгаа аваад ир” гэсэн. Би гэрчилгээгээ харуулъя, сумын засаг захиргааr дуудъя гээд яриад зогсож байтал О.Б- холхиж байгаад миний хүү Ц.П-ийг заамдаж аваад боосон, тэр үед О.Б-ийн том хүү А- хүзүүгээр нь ороож аваад арагш нь дараад доошоо унагаасан. Ц.П- дөрвөн хөллөөд байсан. Ц.П-ийг газар унагаад О.Б- нүүр рүү нь гурван удаа өшиглөсөн, тэр үед том хүү А- нь цээж рүү өшиглөсөн. Ц.П-ийг О.Б- боосон чигээрээ нүүр рүү өшиглөөд байсан. Ц.П- боолгоод хачин дуугараад царай нь хөхрөөд өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Ц.П- газар уначхаад босохгүй, нүүрнээс нь цус гараад байгаа харагдсан..." гэх мэдүүлэг /1 хавтатс хэргийн 27-30 хуудас/,

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №699 дугаартай:

1. Ц.П-ийн биед дээд уруулын дотор салстын язарсан шарх, хамрын мурийлт, зүүн нүдний алимны салст болон зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсэг, хамрын нуруу хэсэг, дээд уруулын хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 39-40 хуудас/,

- О.Б-ийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бол Ц.П-ийг гэдэс рүү нь 2 удаа тийрсэн. Өөр бол би биед нь халдаагүй” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 136 хуудас/,

- Б.А-ын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 145 хуудас/

 - Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /1 хавтаст хэргийн 7 хуудас/,

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хавтаст хэргийн 11 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Б-, Б.А- нарыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын бүлэглэн хохирогч Ц.П-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл зөв,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

8. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-, Б.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал /эрхэлдэг ажил хөдөлмөрийн онцлог/ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.А-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-, Б.А- нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд: Гэрч С.Ц-э, Ц.Б нар шүүгдэгч Б.А-ыг хохирогч Ц.П- руу лоом барьж дайрсан /1 хавтаст хэргийн 14, 29 хуудас / талаар мэдүүлдэг боловч хохирогч энэ талаар мэдүүлдэгтээ дурдаагүй, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар уг үйл баримт тогтоогдоогүй, хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгээс өмнө энэ талаар гомдол, хүсэлт гаргаагүй  байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Ц.П-ид хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 452500 төгрөгийн хохирлыг төлсөн /1 хавтаст хэргийн 248, 2 хавтаст хэргийн 1 хуудас/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/67 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                             Б.ДЭНСМАА