| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0207/Э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч Б.Унарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Баясгалангийн У холбогдох эрүүгийн 1809000000120 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Унь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Замбала” дэлгүүртэй байрны автозогсоолд байсан иргэн У.Өлзийтогтохын эзэмшлийн 42-92 УНӨ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Умэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Автомашиныг авч явснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруутай.” гэв.
Шүүгдэгч Б.Унь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Замбала” дэлгүүртэй байрны авто зогсоолд байсан иргэн У.Өлзийтогтохын эзэмшлийн 42-92 УНӨ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө хүлээн мэдүүлсэн,
хохирогч У.Өлзийтогтохын “...машинаа авах гээд ортол миний машин байхгүй манаачаас нь асуухад мэдэхгүй, урд шөнө гарсан харуул түлхүүр хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-11/, гэрч О.Буянжаргал /хх-12/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.Уын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Ут холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч Б.Уыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах” санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ талаар шүүгдэгч Б.Унь маргаагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Унь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж хохирогч У.Өлзийтогтох нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэснийг хүсэлтийг прокурорын шатанд гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Баясгалангийн Уыг автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
Б.Унь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Унь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй Б.Унь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР