Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/68

 

 

 

 

 

 

  2024            01            10                                       2024/ДШМ/68

 

 

        А.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Г,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Л.Д, Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч Л.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор А.Т-өд холбогдох ............................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

шүүгдэгч А.Т нь 2021 оны 6 сард ...... дүүргийн .... дугаар хороо, “У” гэх газарт байрлах “Х” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг ..... улсын дугаартай ........ загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ...... дүүргийн ..... дугаар хороо, “У” гэх газарт байрлах “Х” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг ....... улсын дугаартай ....... загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Ж.Б-д 2.901.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан, үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийн урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 24 хоногийг хорих ялд дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 3 жил, 2 сар, 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил, 2 сар, 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн ....... дугаар гэрчилгээг эзэмшигч Л.Д-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ болох 8.336.250 төгрөгийг шүүгдэгч А.Т-өөс гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч Л.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т жолоочийн эсрэг талын цонхоор надтай ярьсан. Бид хоёрыг хоёулаа явж байсан гэдгийг харсан. Хашааг ..... хажууд аваач гэсэн. ..... дүүрэгт хоёр сая хэдэн зуун мянган төгрөг тушаасан баримт хавтаст хэрэгт авагдсан. ...” гэв.

Шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч Л.Д-ы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. шүүгдэгч А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих ажиллагаануудыг хийсэн гэж үзэж байна. Гэрч, хохирогчийн мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн баримтуудаар А.Т-ийн үйлдэл нотлогддог. Прокуророос хэргийг зөв зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн, шатын шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Л.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

шүүгдэгч А.Т нь 2021 оны 6 сард .... дүүргийн ..... дугаар хороо, “У” гэх газарт байрлах “Х” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг ....... улсын дугаартай ..... загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр .... дүүргийн ... дугаар хороо, “У” гэх газарт байрлах “Х” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг ..... улсын дугаартай ....... загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Ж.Б-д 2.901.600 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж  үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Б-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед манай ажилтанд У амралтын газрынхан “танай хашааг ачиж байна” гэдгийг хэлээд надад мэдэгдсэн юм, ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би уг хашааг өөрийнхөө мөнгөөр хийлгэж байсан, миний эзэмшлийнх байгаа юм, надтай ямар нэгэн эд хөрөнгийн асуудалтай, маргаантай хэн нэгэн байгаагүй би хэн нэгэнд уг хашааг авч явах талаар ярьсан, зөөвөрлөх шаардлага байгаагүй. Би яг тоолоод үзэхэд 63 ширхэг хашаа алдагдсан байсан. ...” /1хх 35/,

гэрч Ч.Г-ын “...2021 онд нарийн цаг хугацааг нь санахгүй байна. Би .... дүүргийн ....дугаар хороо “У” амралтын газар байхад А.Т гэх залуу ..... улсын дугаартай ..... загварын цагаан өнгийн автомашинтай ирчихсэн манай амралтын хажуугийн хоосон дутуу бариад орхисон байсан хашааг ачиж байхаар нь би очиж уулзтал А.Т гэх залуу ганцаараа хашаа ачиж байсан тул ямар учиртай хүнийг нь асуухад “компани нь хашаа ачаад ир гэж явуулсан” гэхээр нь зургийг нь утсан дээрээ авчхаад яваад өгсөн. Тэгтэл нөгөө залуу над дээр өөрөө ирээд “ахаа ачихаа больсон шүү том автомашинаар ачуулна гэнээ” гээд хоосон давхиад явчихсан. ...” /1хх 51-52/,

гэрч Л.Д-ийн “...2021 оны намар би А.Т-өд өөрийнхөө автомашиныг түр өгөөд хэрэглэж байгаарай гэчихсэн байсан, ойр зуурын юмнууд зөөх, автомашинаар ажил төрөл л хийж байгаа гэж бодож байсан. Хэний ямар учиртай хашааг хаанаас ачсан талаар огт мэдэхгүй байна. ....улсын дугаартай ....... загварын автомашиныг би 2020 онд 6.500.000 төгрөгөөр худалдан авч байсан, миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. ...” /1хх 63/,

гэрч Ж.Б-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 27 минутад ...... дугаар утаснаас эрэгтэй хүн залгаад “юун цагдаа болчихов, захирал хашаа ав гэсэн үү дээ” гэж хэлсэн, тэгээд намайг цагдаад өгсөн гомдлоо авчих бид нар хашааг чинь маргааш байсан газарт нь авч очоод буулгана гэж хэлсэн. Над руу залгасан ...... дугаарыг би мэдэхгүй, бас ямар хүний дугаар юм бол гэж бодоод яриаг нь бичиж авах гэсэн боловч утсаа тасалчихсан. ...” /1хх 44-45/,

гэрч Б.Т-ын “...2021 оны намар яг он сарыг нь мэдэхгүй байна. .... дүүгийн .... дугаар хороо У байх амралт дээрээ байхад ойролцоо байдаг хашааны орчимд цагаан өнгийн ...... загварын автомашин ирээд зогсчихсон байсныг хараад манаач Г-д очоод хэлэх гэтэл байгаагүй учир утасдаж хэлсэн. ...” /1хх 54/,

гэрч Л.А-ын “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүргэн ах Т .... дугаарын утаснаас залгаад “хашаанд байгаа ...... загварын автомашиныг асаагаад бензин байна уу” гэж асуухаар нь очоод шалгаж үзтэл автомашин бензингүй байсан. Би хүргэн ах Т рүү буцаж залгаад бензингүй байгаа талаар хэлж хүргэн ах Т “Би чиний данс руу 50.000 төгрөг хийчихье. Чи түлш аваад хий гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн ..... загварын автомашиныг асаах гээд янзлах нэлээн юм болж байгаад асаах үед дансанд 50.000 төгрөг орж ирсэн мессеж ирсэн. Би хашаанаас ойролцоох шатахуун түгээх станцад очиж шилжүүлсэн. Бүх мөнгөөр нь түлш хийчхээд буцаад ирж хашаанд машиныг орхисон. Ахын ...... автомашин нь ...... гэсэн улсын дугаартай байсан. ...” /1хх 60/,

гэрч Ө.А-ийн “...Тухайн үед А.Т болон эхнэр А-ийн данс руу болон миний данс руу болон тэр хоёрын данс руу мөнгө орж гарсан асуудал байгаа, яагаад гэвэл бид нар хамтарч ажиллаж байсан учраас хэн нэгэндээ юм захих бас мөнгө хэрэг болсон үед харилцан шилжүүлж байсан болохоор яг хэдэн төгрөг шилжүүлж байсан талаар мэдэхгүй байна. А гэдэг нь миний нэрийг тэмдэглэж бичсэн байх, бусдаар надад өгөх мөнгө биш, Т надаар дамжуулж авсан мөнгө байх гэж би санаж байна. ...” /1хх 66-67/,

гэрч Т.П-ийн “...Би ерөөсөө А-ийн Т гэж хүнийг танихгүй. Би Т гэж хүн танихгүй, Т ч гэж танихгүй. Би У гэдэг газрыг хаана ч байдгийг мэдэхгүй, тэнд ямар нэгэн хашааны талаар ч надад мэдэх зүйл байхгүй. ...” /1хх 228-229/,

гэрч Б.Б-ын “...2023 оны 4, 5 сарын хавьцаа надтай өөрөө ирж уулзаж байсан хүн мөн байна, тэрнээс өмнө нь бол би уг хүнийг ерөөсөө харж байгаагүй уулзаж байгаагүй. Надтай уулзахдаа бол эхлээд манай найз С-ээр дамжуулж надтай уулзсан, тэгж уулзахдаа надад “хөгшин нь нэг У-ийн хашааны хэргээр ял авах гээд байгаа юм, чи “Х цамхаг” ХХК-ийн захирал Ж.Б-тай уулзаад намайг таньдаг байсан, тэгээд тэр хашааг нь зөөх талаар зөвшөөрсөн нэг албан бичиг аваад өгөөч, тэгэхгүй бол ял авчих гээд хэцүү байна.” гэж хэлээд гуйж байсан. ....” /2хх 100/,

гэрч А.С-ийн “...би П рүү “худлаа юм биш үү" гэхэд Ц ах “хашаагаа болиод буулгаад зөөж байгаа юм шиг болоод хамгаалалтаа буулгахаар нь буцаагаад барьчих” гэж хэлсэн. Тэгээд дараа нь хашаа барих Т болон ажил хийдэг хүмүүстэй нь тэр хашааг энэ хашаа байна шүү гэж зааж өгсөн, Х гэдэг компанийн хашаа байсан, хураалгаастай хашаа байсан, миний тооцоолсноор 200-300 орчим хашаа байсан юм. ...Би Т гэх хүнд энэ хашааг аваарай гэж хэлсэн юм байхгүй, тухайн үед Т гэх хүний жолоочоор нь явж байсан хүн гэж ойлгож байна. Тэрнээс биш хашааг аваад яваач гэж хэн нэгэнд хэлж захиалсан зүйл байхгүй. ...” /2хх 186-187/ гэх мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 95-98/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 137-139/, ХХК-ийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /2хх 75-82/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, зураг /2хх 91-94/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Т-ийг гэмт хэргийг түргэтгэх зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

шүүгдэгч А.Т-ийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр .... дүүргийн .... дугаар хороо, “У” гэх газарт байрлах ..... ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг ...... улсын дугаартай ...... загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Ж.Б-д 2.901.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч Л.Д “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолын хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд,  “Х” ХХК-ийн гаргасан гомдол /1хх 19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-27/, хохирогч Ж.Б-ийн /хх 35/,  гэрч Ч.Г-ын  /1хх 51-52/, гэрч Л.Д-ийн /1хх 63/, гэрч Ж.Б-ийн /1хх 44-45/, гэрч Б.Т-ын /1хх 54/, гэрч Л.А-ын /1хх 60/, гэрч Ө.А-ийн /1хх 66-67/, гэрч Т.П-ийн /1хх 228-229/, гэрч Б.Б-ын /2хх 100/, гэрч А.С-ийн /2хх 186-187/ мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 95-98/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 137-139/, ..............ХХК-ийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /2хх 75-82/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, зураг /2хх 91-94/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд эдгээр баримтуудыг үгүйсгэсэн няцаасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Харин шүүгдэгч А.Т нь 2021 оны 6 дугаар сард хохирогч Ж.Б-ийн өмчлөлийн ..... дүүргийн .... дугаар хороо, “У” гэх газарт байрлах “Х” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг ...... улсын дугаартай ...... загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч ачиж байхад нь гэрч Ч.Г нь яагаад ачиж байгааг тодруулснаар тухайн хулгайлах гэмт хэрэг таслан зогсоогдсон боловч дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дахин уг “Х” ХХК-ийн эзэмшлийн 63 ширхэг төмөр хашаа, 18 ширхэг шонг ...... улсын дугаартай ...... загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байхад шүүхээс хулгайн 2 үйлдлийг хамтатган Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн шүүх, шүүгдэгч А.Т-ийн урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 24 хоногийг хорих ялд дүйцүүлэн тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн 3 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 24 хоногийг хорих ялд дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 3 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай гэж зөрүүтэй бичснийг магадлалаар зөвтгөх боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч Л.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Т нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 92 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан, үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “...2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 24 /хорин дөрөв/ хоногийг хорих ялд дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 3 /гурав/ жил, 2 / хоёр/ сар, 24 /хоног дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 24 /хорин дөрөв/ хоногийг хорих ялд дүйцүүлэн тооцож нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 3 /гурав/ жил, 2 / хоёр/ сар, 24 /хоног дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-ийн өмгөөлөгч Л.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ