Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 214/МА2021/00002

 

Л.*******ын нэхэмжлэлтэй Ж.*******д

                                холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2021/00030 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Л.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.*******д холбогдох,  

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,  

Хариуцагч Ж.Сарангэрлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Ж.*******, түүний өмгөөлөгч Х.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд хандаж ******* овогтой *******ыг өөрийн хүү мөн эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хүү ******* миний хүү мөн болох нь тогтоогдсон. Ж.******* хүү *******ыг миний хүүхэд биш гэсэн яриа гарсныг би сонссон тул нэхэмжлэл гаргасан. Харин одоо миний хүү мөн болох нь тогтоогдсон тул хүү *******ыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна.

Ийм учраас хүү *******ыг эцэг Л.******* миний асрамжинд байлгахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Л.******* бид хоёр 1990 онд гэр бүл болж гэрлэлтээ 2014 онд цуцлуулсан. Нөхөр Л.******* нь байнга зодож, бензин цацан шатааж, тархи толгой хагалсан. Үүнээс хойш 2014 онд зодохоор нь цагдаад хандаж гэр бүлээ цуцлуулан хүүг өөрийн асрамжинд авч үлдсэн. Аав нь тэтгэлгийг 5 жилээр хийсэн байсан. Хоёр жил гаран тэтгэлэг өгөөгүй. Үүнээс болж миний хүү биш гэж хүү өөрийн биеэр ирж шинжилгээнд орсон. Сэтгэл их өвдсөн. Ангидаа миний хүү онц сурдаг. Дүү нартаа ээлтэй. Л.*******ын дүү залуу миний суусан нөхрийг эгчийн нь хуриман дээр зодсон. Ийм байдал нь шүүх журмын дараа очоод хүүгийн дэргэд зодох гэж хөөж айлын улс салгасан. Ах дүү нараа шүүх хуралд оролцоод өгөөч гэж гуйгаад л явсан. Миний хүү эрүүл мэндийн доголдолгүй аав, ээж, дүү нартайгаа сайхан амьдарч байна. Ийм учраас таньж мэдэхгүй ах, дүү, ээж нарын болон Л.*******ын асрамжинд өгөхөөс татгалзаж байна гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2021/00030 дугаар шийдвэрээр:

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү *******ын *******ын асрамжийг өөрчилж, эцэг Л.*******ын асрамжид шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ж.******* давж заалдах гомдолдоо: Хүүхдийн асрамж тогтоолгох Л.*******ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээд Б.Лхаеийламаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, шүүх хуралдаанд шинжээчээр оролцуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02710 дугаартай шүүгчийн захирамжаар Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилохдоо хуулийн дээрх заалтыг зөрчиж, шинжээч томилсон шүүгчийн захирамж, гарсны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шинжээч Л.Мөнхчимэгт хууль сануулж, гарын үсэг зуруулсан. Харин дүгнэлт гаргаж, шүүх хуралдаанд шинжээчээр орсон Б.Лхаеийламыг шүүхэд дуудаж шинжээчийн эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулах ажиллагаа хийгдээгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Г.*******ын өргөдлийг үнэн зөв гэсэн дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хурал болдог өдөр шүүхэд өгсөн тэр өргөдлийг хэзээ, хаана бичсэн. Өргөдлийг бичиж байх үеийн нөхцөл байдал тодорхойгүй, өөрөөр хэлбэл хэн нэгний оролцоо, нөлөөлөл байгаагүй гэх баримт, нотолгоо байхгүй байхад өргөдлийг хүүхдийн санал гэж дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэлээ болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Анх Ж.*******ийн нэхэмжлэлээр Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Их шаадайхан овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.*******ыг эх Ж.*******ийн асрамжид үлдээж, эцэг Л.*******аар Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэжээ. 

Гэтэл Л.******* нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Г.*******ийн эцэг мөн эсэхийг тогтоолгох тухай анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хүүхдийн асрамж тогтоолгох тухай гэж өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2009 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр төрсөн хүү Г.*******ыг эцэг Л.*******ын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүрийн тухай хуулийн холбогдох зүйл заалттай нийцжээ. 

 Хариуцагч давж заалдсан гомдолдоо: /... шүүх шинжээч Л.Мөнхчимэгт хууль сануулж гарын үсэг зуруулсан, шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон Б.Лхаеийламыг шүүхэд дуудаж шинжээчийн эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулах ажиллагаа хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн гэжээ./       Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар “Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч,.... гарын үсэг зуруулна.” гэснээс үзэхэд шүүх тухайн томилогдсон шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгөх нь хууль зүйн хувьд боломжгүй юм гэжээ. 

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  хүсэлтээр Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь 2020 оны 11 дугаар сарын 27-ний өдрийн  дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байна.

 

Дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эцэг, эхийн хүүхэддээ хандах хандлага, эцэг хүүхдийн харилцаа хүмүүжлийг тодорхойлох 3 оношилгоогоор үнэлгээ гаргасан байдлыг нь авч үзвэл “Гэр бүлийн харилцаа” судалгаанд эцэг Л.******* нь 4 үзүүлэлтэд өндөр, эх Ж.*******д  0 үзүүлэлт гарсан, хүүхдийн 2021 оны 01 дүгээр сарыг 06-ний өдөр ирүүлсэн санал зэргээс дүгнэхэд эх Ж.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3- заасан “ ...асрамж дэмжлэгтэй байгаа хүнийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагтай тусламж үзүүлээгүй... “ гэж үзэн тухайн хуулийн 73.3-т заасныг баримтлаж асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүй болгож, хүү Г.Данзанравжээпнрнглэйжамцын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр эцэг Л.*******ыг тогтоож, түүний асрамжинд үлдээх хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Б.Лхаеийламыг оролцуулсныг буруутгах үндэсэлэл тогтоогдоогүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байх тул дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ж.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх зүйтэй байна.   

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Хариуцагч Ж.*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 30 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 дүгээр зүйлийн 14.6,14.7” гэснийг “73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар 2014 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 242 дугаар шийдвэрээр хүү Г.*******ыг эх Ж.*******ийн асрамжинд өгсөнийг хүчингүй болгож,эцэг Л.*******ын асрамжинд үлдээсүгэй. ” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Ж.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд үлээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН 

                                   ШҮҮГЧИД                                     Д.МӨНХӨӨ                        

                                                                                          М.ХҮРЭЛБААТАР